Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2020/ДШМ/1471

 

                                                       Б.Ц-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд цахимаар:

прокурор Н.Түвшинбаяр,

шүүгдэгч Б.Ц , түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/808 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ц-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Ц-д холбогдох эрүүгийн 1809 04390 0266 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Ц, 5 удаагийн ял шийтгэлтэй,

Б.Ц  нь 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ПС молл” салбар дэлгүүрээс лангуун дотор байсан “Самсунг Галакси А-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Саммет компьютер технологи” ХХК-д бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улсын их дэлгүүрийн 1 дүгээр давхарт байрлах “Apple store” дэлгүүрээс “Macbook зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Номин трейдинг” ХХК-д бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Компьютер Ланд” худалдааны төвөөс компьютерийн дагалдах хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Ч.Булгантамирт бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Теди” төвийн 3 дугаар давхарт байх “Ай Си Би Си” ХХК-ийн “ITLAB” нэртэй дэлгүүрийн лангуунаас “Айфоне” утасны чихэвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Ц ий үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Б.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-г 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Ц ий цагдан хоригдсон 203 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Б.Ц ээс нийт 6.662.600 төгрөгийг гаргуулж, хохирогч “Саммит компьютер технологи” ХХК-д 1.269.900 төгрөг, хохирогч “Номин трейдинг” ХХК-д 4.399.900 төгрөг, хохирогч Ч.Булгантамирт 442.800 төгрөг, хохирогч “Ай Си Би Си” ХХК-д 550.000 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, Б.Ц д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Б.Ц  нь 409 дүгээр хаалттай ангид байх хугацаанд Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Нямгэрэл гэх эрүүгийн мөрдөгч ирж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр мэдүүлэг авсан. Үүнд: 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “Номин” худалдааны төвийн нэг давхараас “Lenovo маркийн зөөврийн компьютер болон 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр “Thinkpad” маркийн зөөврийн компьютер авсан. Иймээс миний бие тус хоёр үйлдлийг нэмж нэгтгүүлэн шийдвэрлүүлэхийг хүсэж байна. Мөн миний бие гомдол гаргахдаа ургийн овог болон биеийн байцаалтыг минь буруу бичиж төрийн албан хаагчийн хайхрамжгүй үйлдлээс болж хохирч байгаадаа харамсаж байна. Үүнд: Миний бие Б.Ц  Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “The west гэх пабад ээлжийн барменээр мөн Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөх асар” орон сууцны конторт туслах ажилтнаар ажил хөдөлмөр эрхэлдэг байхад “Ажилгүй” гэж тодотгосон. Мөн “Чухал амжилт” сургалтын төвд сантехникчээр мэргэжил эзэмшсэн байхад “мэргэжилгүй” гэж эрх зүйн байдлыг минь дордуулж засран хүмүүжиж байгааг минь нуун далдалж урьд өмнөх 2018 оны биеийн байцаалтаар минь шүүх хуралдаанд оруулсан.

2. Миний бие Б.Ц  урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр нэг үйлдлээр орж тус шүүх бүрэлдэхүүнд хандаж 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр Чингэлтэй дүүрэгт шалгагдаж байгаа эрх зүйн байдлыг минь харгалзан нэмж нэгтгүүлж өгнө үү гэж хүсэлт тавихад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг журамлан авч хэлэлцээгүй 1 үйлдлээр минь 6 сарын хорих ялаар шийтгэсэн.

3. Мөн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр урьд өмнө нь нэмж нэгтгээгүй 2018 оны хэргүүдийн нэг үйлдлээр ороход шүүх бүрэлдэхүүнд хандаж нэмж нэгтгүүлэхээр үйлдэл байгаа нэмж нэгтгүүлж эрх зүйн байдлыг минь харгалзан үзнэ үү гэж амаар болон бичгээр хүсэлт тавихад авч хэлэлцээгүй шийдвэрлэсэн.

4. Мөн 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн шүүх хурал хүртэл цагдан хорьж /9 сар/ ажил хөдөлмөр эрхлэхэд минь саад учруулж гэмт хэргийн хор уршгаа арилгаж, хохирол төлбөрөө барагдуулж эрх зүйн байдлаа дээрдүүлж шүүх хурлаар орох хүсэлтэй байгаагаа амаар болон бичгээр удаа дараа өгсөөр байхад шүүх хуралд хохирол төлбөртэй оруулж хөнгөрүүлэх нөхцөл байдлыг минь хязгаарласны улмаас өнөөх л 2018 оны нэмж нэгтгээгүй үйлдлүүдээр 1 жил 6 сарын хорих ял авсанд би үнэхээр их харамсаж байна. Мөн миний бие Б.Ц  удаа дараа шийдэгдээгүй, нэмж нэгтгээгүй үйлдлүүд дээрээ 1 жил 6 сарын хорих ял авч нэмж нэгтгүүлэх боломжтой байсаар байхад эрх зүйн байдлыг минь дордуулж хэд хэд яллаж шийтгүүлсэндээ үнэхээр их харамсаж гомдолтой байна. Иймд эрхэм шүүгчид танаа эрх зүйн байдлыг минь ахин бүү дордуулаач, анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг минь прокурорт буцааж нэмж нэгтгэн шалгуулж өгөхийг чин сэтгэлээсээ шударга шүүгчдээс хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа шүүгдэгч Б.Ц  дээрх хоёр үйлдлийг хэлсэн. Үйлдлүүдийн цаг хугацааг харахад нэгтгэж шийдвэрлэх боломжтой байсан харагдаж байна. Иймд шүүгдэгч Б.Ц ий гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. ...” гэв.

Прокурор Н.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Ц д холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхэд сүүлийн өөрийнх нь яриад буй хоёр үйлдэл илрээгүй байсан. Шийтгэх тогтоол гарахаас өмнө өөр үйлдэл байгаа эсэх нь мэдэгдээгүй. Шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тухайн үйлдлээ ярьж гомдолдоо дурдсан байсан. Иймд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах боломжтой. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Ц  нь 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ПС молл” салбар дэлгүүрээс лангуун дотор байсан “Самсунг Галакси А-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Саммет компьютер технологи” ХХК-д 1.269.900 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг,

2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улсын их дэлгүүрийн 1 дүгээр давхарт байрлах “Apple store” дэлгүүрээс “Macbook зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Номин трейдинг” ХХК-д 4.399.900 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг,

мөн 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Компьютер Ланд” худалдааны төвөөс компьютерийн дагалдах хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Ч.Булгантамирт 442.800 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг,

мөн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Теди” төвийн 3 дугаар давхарт байх “Ай Си Би Си” ХХК-ийн “ITLAB” нэртэй дэлгүүрийн лангуунаас “Айфоне” утасны чихэвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 550.000 төгрөгийн буюу бусдад нийт 6.662.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Золжаргалын “...Цагаан өнгийн хайрцагтай, хайрцгийг нь задлаагүй, лацтайгаа байсан шинэ “Samsung Galaxy A-8” загварын гар утас алга болсон байхыг би анх хараад ажилчдадаа хэлэхэд мэдэхгүй байсан. Хяналтын камер шүүхэд 16:15 цагт дэлгүүрээр үйлчлүүлж байсанхар саравчтай саарал өнгийн малгайтай, цагаан ханцуйтай хар хөх өнгийн нацист цамц өмссөн эрэгтэй хүн шилэн хоргоны хаалгыг онгойлгоод утсыг хулгайлж байгаа хяналтын 9 камерийн дүрс бичлэг байсан. ...” /1хх 34-35/,

гэрч Д.Нямдоржийн “...манай үүдний хэсэгт байрлах босоо шилэн лангуун дотроос Самсунг Галакси А-8 загварын гар утас алдагдсан байсныг хараад хяналтын камераа шалгаж үзтэл 20-25 орчим насны цагаан ханцуйтай, хөх энгэртэй нацист гэдэг куртик өмссөн, бараан өнгийн өмд, цагаан ултай хар хөх өнгийн пүүзтэй, нуруундаа үүргэвч үүрчихсэн эрэгтэй хүн хажуугийн лангуунаас плаш диск худалдаж авахдаа хажууд нь байсан лангуунаас гар утас хулгайлан авч гарч байгаа нь харагдаж байсан учраас цагдаагийн байгууллагад хандсан юм. ...” /1хх 36/,

хохирогч С.Мөнхбаярын “...Би 2018 оны 9 сарын 27-ны өдөр 21 цагийн үед Улсын их дэлгүүрийн 1 давхарын зүүн урд буланд байрлах “Apple store худалдааны тасагт үйлчлүүлсэн 3 хүнд Mac book-д программ суулгаж өгч байсан ба тэр 3 хүн надтай 1 цаг гаран удаж программыг суулгаж өгсөн. 3 хүн явсны дараа голын лангуунд байсан 4.199.990 төгрөгийн үнэтэй Mac book байхгүй байсан. Тэгээд би Их дэлгүүрийн хяналтын камерийн өрөө лүү орж камерийг шүүлгэж үзэхэд 21 цаг 41 минутын үед цагаан саарал малгайтай хар куртиктай хөх өнгийн даавуун өмдтэй, хөх өнгийн үүргэвчтэй хар өнгийн цагаан ултай пүүз өмссөн 18-20 см орчим насны эрэгтэй хүн Mac book-н цэнэглэгчийг салгаж аваад Mac book-г куртикны өвөрт хийж аваад Их дэлгүүрийн зүүн талын голын хаалгаар гараад явсан дүрс бичлэг байв. ...” /1хх 116/,

хохирогч Ч.Булгантамирын “...2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Компьютер ланд” худалдааны төвийн 3 давхарт 306 тоот лангуун дээр ажил дээрээ байж байтал гаднаас 20-25 орчим насны цагаан ултай хар өнгийн пүүз өмссөн, бараан жинсэн өмд өмссөн, дээгүүрээ нацист гэж нэрлэдэг цагаан ханцуйтай хар цээж бүхий куртик өмссөн байсан бөгөөд хар өнгийн үүргэвчтэй залуу орж ирсэн. ...хяналтын камераа шүүж үзэхэд 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр орж ирсэн үйлчлүүлэгч үүдний хэсэгт байрладаг шилэн лангууны дотор талын 3 дахь тавцан дээр байсан 3 ширхэг рамыг аваад вирусын программаар хааж баруун гараараа аваад зүүн гартаа дамжуулаад дараа нь зүүн халаасандаа хийж байгаа нь дүрс бичлэгт буусан байсан. ...” /1хх 178-179/,

хохирогч Б.Ичинноровын “... 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 12-16 цагийн орчим 23-24 орчим насны хар өнгийн саравчтай малгай, саарал өнгийн юүдэнтэй цамц, урдуураа хар өнгийн жижиг цүнх үүрсэн эрэгтэй хүн орж ирээд... надад 360.000 төгрөгийн хард дискээ шалгаад өгчих авъя гэж хэлээд кассны ардаас гарч ирээд цүнхээ онгойлгоод ухаж байгаад би гар утсаа 4 давхарт янзлуулж байгаад үлдээчихсэн байна гэж хэлээд гараад зүүн хойд зүг рүү гараад гүйгээд явсан. Ингээд буцаж ирээгүй юм. Миний хувьд 15 цагийн үед шилэн лангуун дотор байсан бараагаа харж байгаад 560.000 төгрөгийн үнэтэй Apple брэндийн Earpod нэртэй чихэвч байхгүй байгааг мэдсэн юм. Манайд 2 төрлийн чихэвч байсан ба нөгөө чихэвч нь 150.000 төгрөгийн үнэтэй чихэвч байсан юм. Яг зэрэгцүүлээд тавьчихсан байсан ба нэг нь байхгүй байгааг мэдсэн юм. Мөн тэр залуугийн үзсэн компьютерийн гар байсан лангууны дээд талын тавиур дээр байрлуулсан байсан юм. Би бодохдоо тэр залууг компьютерийн гар байрлуулахдаа зөрүүлээд чихэвч хулгайлан авсан байна гэж бодож байна. ...” /2хх 79-80/ гэх мэдүүлгүүд,

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 12-15/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 103-105, 162-173, 2хх 74-76/, хөрөнгийн үнэлгээ /1хх 51-52, 110-111, 148-149, 2хх 90-91/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1хх 107, 175/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 03/493 дугаартай дүгнэлт /1хх 40-50/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /2хх 86-88/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ц ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ц ий өөр, өөр цаг хугацаанд, бие даасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Түүнчлэн, Б.Ц д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэрэгт тохирсон төдийгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино... гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч Б.Ц ээс “одоо цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа үйлдлүүдийг нэгтгэн шийдвэрлэж өгнө үү” гэсэн утга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон анхан, давж заалдах шатны шүүх хуралдаанд Б.Ц ий өөр хэрэгт шалгагдаж байгаа талаарх нотлох баримт авагдаагүйн гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно. ...” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Ц ий хувьд өөр гэмт хэрэгт хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иймд шүүгдэгч Б.Ц ий гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/808 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ц ий гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ  

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР