Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 133

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:180/2017/0130/Э

 

          Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

     Нарийн бичгийн дарга                    Д.М

     Улсын яллагч                                         Ц.Ц

     Шүүгдэгчийн өмгөөлөгч         П.А

     Шүүгдэгч                    Д.Б нарыг оролцуулан                             

     

        Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Д.Б-д холбогдох 201623000122 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

      Монгол улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1969 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булагийн 2-6 тоотод оршин суух хаягтай, 1990 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн 278.3, 157.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, 1998 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3, 131.2, 127.2 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар, 2002 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4, 123.1, 127.2, 131.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар, 2009 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн Д.Б /РД: 

      Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 Шүүгдэгч Д.Б нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багт оршин суух Г.Уртнасангийн гэрээс 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хууль бусаар нэвтрэн орж их гарын хуучин мөнгөн аяга, хүрэн торгон гадартай хурган доторхой эрэгтэй дээл, цэвэр мөнгө 52 гр, 3 ширхэг шүр, мөнгөн гинж, 6 ширхэг мөнгөн товч, хар мөнгөн товч 10 ширхэг, 3 ширхэг эртэний зоос, ногоон өнгөтэй оюу 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлсан болох нь: 

 

Хохирогч Г.У-ийн: ... 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр орчимд Сүхбаатар аймгийн Онгон сумын 90 жилийн ойн баяр наадам болж би наадамд яваад ирэхэд манай зуны улиралд амьдардаг модон амбаараас эд зүйлс алдагдсан байсан. ... гэх мэдүүлэг. /4-5хуу/

 

Эд зүйлийн үнэлгээ. /хх-ийн 6хуу/

 

Шүүгдэгч Д.Б-ийн сэжигтнээр өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байх, би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг Чулуутын байр шинэ баригдсан хөл бөмбөгийн талбайд хойд талд хамгийн урд талын нүүрний эгнээ рүү хойд талаас нь хашааг давж ороход модон амбаар буюу зуны цагт хүмүүс амьдраад байдаг сууц байсан. Харин баруун талын хананы доод хэсэгт салхивч байхаар нь салхивчийг нь нээгээд дотогш орж модон авдарнаас нь мөнгөн аяга, үстэй дээл, шүр, мөнгөн товч зэрэг байхаар нь авсан гэх мэдүүлэг. /хх-ийн 8хуу/ зэрэг баримтуудаар, 

 

Мөн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Бага Дөрөлжийн 7-01 тоотод оршин суух И.Очир-Эрдэнийн гэрээс 2016 оны 01 дүгээр сард хурган дотортой дээл, 14 инчийн зурагт, ТВ станц, хүүхдийн куртик зэргийг хулгайлсан болох нь:

 

Хохирогч И.О-ий: ... 2016 оны 01 сард хөдөө яваад ирсэн чинь манай гэрт хулгай орж хурган дотортой дээл, 14 инчийн зурагт, хүүхдийн эрэгтэй куртик алдагдсан байсан. Гэрийн хаалганы цүүг мулталсан байсан. ... гэх мэдүүлэг. /1хх-ийн 16-17хуу/

 

Эд зүйлс түр хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл. /1хх-ийн 13-14хуу/

 

Гэрч Ш.Б-ийн: ... 2016 оны 01 сарын сүүлээр гэртээ байж байхад Д.Баатарсүх ганцаараа орж ирээд Улаанбаатар явах гэсэн чинь зардлын мөнгө байдаггүй гээд гуйгаад дээл байгаа гээд байсан. Тэгэхээр нь 30000 төгрөг түүнд өгч явуулсан. Үлдээсэн дээлийг нь үзэлгүй шууд амбаартаа хийсэн. ... гэх мэдүүлэг. /хх-ийн 19-20хуу/

 

Шүүгдэгч Д.Б-ийн сэжигтнээр болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ... Гэрийн хойд талын авдарнаас хурган дотортой цэнхэр өнгөтэй эрээн дээл, 14 инчийн зурагт, станц, хүүхдийн куртик, эмэгтэй хүний гутал авсан. ... гэх мэдүүлэг. /1хх-ийн 25хуу/ зэрэг баримтуудаар,

 

Төв аймгийн Баянсумын 3 дугаар баг Дашгайн 3-01 тоотод оршин суух иргэн С.Ц-йн гэрээс 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Дарьганга хийцийн 12 цагаантай мөнгөн тоногтой эмээл хулгайлж 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Т.Ц-ийн: ... 2016 оны 03 дугаар сарын 30-ны шөнө манай гэрт хулгай орж Дарьганга хийцийн 12 цагаан мөнгөн тоногтой эмээл алдагдсан байсан. ... Би эмээлээ авлаа надад гомдол санал байхгүй гэх. ... мэдүүлэг. /2хх-ийн 103-104хуу/

 

Эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл. /2хх-ийн 105хуу/

Эд зүйлийн үнэлгээ. /хх-ийн 50хуу/

 

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ... Би Төв аймгаас хулгайлсан эмээлийг ... хотод аваачиж зарсан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар,

 

 Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг 7-04 тоотод оршин суух иргэн М.Ванчиндоржийн гэрээс 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө 9 лан 8 цэнгийн мөнгө орсон дунд гарын мөнгөн аяга хулгайлж 700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Б-н: ... Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Бумбатын 7-04 тоотод оршин суудаг. 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө 7 цаг өнгөрч байхад гэрт нэг танихгүй хүн орж ирээд юм асуухгүй суугаад байсан. Манай эхнэр бид хоёр нас өндөр болохоор юм харахгүй хэн орж ирсэн талаар сайн мэдэхгүй. Орой унтах үедээ мөнгөн аягаа хулгайд алдсанаа мэдсэн. ... гэх мэдүүлэг. /1хх-ийн 78хуу/

 

Д.Б-ийн сэжигтэнээр мэдүүлсэн: ... Би 2016 оны 01 сард Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд ээж дээрээ очсон бөгөөд архи уугаад хулгай хийснээ санахгүй байна. Өглөө гандан хийдийн зүүн талд хашаандаа том ачааны машинтай 5 ханатай монгол гэртэй айлын хаалга нь онгорхой байхаар нь ороод ширээн дээр нь их гарын мөнгөн аяга байхаар нь аваад гарсан. ... дараа нь тухайн айлыг хэнийх болохыг судалсан чинь Балж гэж дууддаг Балжинням гэх настай өвгөн байдаг гэсэн ... гэх мэдүүлэг. /1хх-ийн 83хуу/ зэрэг баримтуудаар,

 

2016 оны 04 дүгээр сарын 02-ноос 4-ны хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өргөөгийн 3А-17 тоотоос иргэн М.Х-ийн самсунг 32 инчийн хар телевизор хулгайлж 312.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч М.Х-ийн: ... 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гэртээ ирэхэд гэрийн хаалга бага зэрэг онгорхой байсан. Тэгэхээр нь гэр рүү орж үзэхэд гэрийн баруун хойд талд байсан хар өнгийн самсунг брэндийн 32 инчийн зурагт маань байхгүй байсан. ... гэх мэдүүлэг. /2хх-ийн 66хуу/

 

Гэрч Д.Э-ийн: ... 2016 оны 04 дүгээр сарын дундуур Д.Б гэх хүн ирээд хямдхан хавтгай дэлгэцтэй зурагт авах уу, хүүхдийн сургалтын төлбөр нэхэгдээд байна гээд надаас 60000 төгрөг аваад явсан. Д.Б надад мөнгөтэй болвол зурагтаа эргүүлж авна гэж хэлсэн гэх мэдүүлэг. /2хх-ийн 68хуу/

 

Эд зүйлийн үнэлгээ. /2хх-ийн 72хуу/ зэрэг баримтуудаар,

 

2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийтийн 10-12 тоотод оршин суух А.О-ын гэрээс 40 инчийн lG брэндийн хар өнгийн телевизор хулгайлж 360.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч А.О-ын: .. Манайх Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийтийн 10-12 тоотод байдаг юм. 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Мөрөн сум руу явсан. Тэгээд 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 11 цагийн үед 40 инчийн lG брэндийн зурагт маань байхгүй байсан гэх мэдүүлэг. /2хх-ийн 94хуу/

 

Эд зүйлийн үнэлгээ. /2хх-ийн 98хуу/

 

Шүүгдэгч Д.Б-ийн сэжигтэнээр өгсөн: ... 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийтийн 10 дугаар эгнээний 16 тоот хашаанд байх 4 ханатай гэр байсан. Архи уучихсан согтуу байсан бөгөөд гэрийнх нь хаалгыг эвдэж хавтгай дэлгэцтэй 1 ширхэг зурагтыг аваад гарсан. Үүрээр сэрсэн чинь зурагт байхгүй байсан. ... гэх мэдүүлэг /2хх-ийн 22хуу/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн 6 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байхад үйлдсэн үйлдэл байх ба шинээр батлагдан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байдаг ба 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна.

 

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй эрүүгийн хуулинд баривчлах ял байхгүй болсон тул шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь дээрх 6 үйлдэлээс Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг 7-04 тоотод оршин суух иргэн Балжинямын гэрээс 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө 9 лан 8 цэнгийн мөнгө орсон 700.000 төгрөгийн үнэтэй мөнгөн аяганы хохирлыг төлж барагдуулаагүй байх тул үүнийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Балжиннямд олгох үндэслэлтэй байна. 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

                                                            ТОГТООХ НЬ:

  

1. Шүүгдэгч Д.Б-ийг иргэн Г.У-ийн гэрээс 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хууль бусаар нэвтрэн орж их гарын хуучин мөнгөн аяга, хүрэн торгон гадартай хурган дотортой эрэгтэй дээл, цэвэр мөнгө 50гр, 3 ширхэг шүр, мөнгөн гинж, 6 ширхэг мөнгөн товч, хар мөнгөн товч 10 ширхэг, 3 ширхэг эртний эдлэлийн зоос, ногоон өнгөтэй оюу 2 ширхэг зэргийг хулгайлж 3170000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Дөрөлж 7-1 тоотод оршин суух И.О-ий гэрээс 2016 оны 01 сард хурган дотортой дээл, 14 инчийн зурагт, ТВ станц, хүүхдийн куртик зэргийг хулгайлж 960.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Төв аймгийн Баян сумын 3 дугаар баг Дашгайн 03-01 тоотод оршин суух иргэн С.Ц-йн гэрээс 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Дарьганга хийцийн 12 цагаантай мөнгөн тоногтой эмээл хулгайлж 15.000.000 төгрөгийн хохирол,

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг 07-04 тоотод оршин суух иргэн М.В-йн гэрт 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө 9 лан 8 цэнгийн мөнгө орсон дунд гарын мөнгөн аяга хулгайлж, 700000 төгрөгийн хохирол,

 

2016 оны 04 дүгээр сарын 02-ноос 4 сарын хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өргөөгийн 3А-17 тоотоос иргэн М.Х-н самсунг 32 инчийн хар телевизор, хулгайлж 312000 төгрөгийн хохирол, 

 

2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 3 дугаар сарын 30-ны хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийтийн 10-12 тоотод оршин суух А.О-н гэрээс 40 инчийн LG брэндийн хар өнгийн телевизор хулгайлж 360000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, нийт 20502000 төгрөгийн хохирол учруулж давтан олон удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Д.Б-г 06 сар баривчлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын баривчлах ялаас чөлөөлсүгэй.

 

4. Шүүгдэгч нь 131 хоног цагдан хоригдсон, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Б-с дунд гарын мөнгөн аяганы үнэ болох 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Б-д олгосугай.

 

  6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА