Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 158/ШШ2023/0053

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* овогт *******ийн *******,   

            Хариуцагч: ******* аймгийн ЗДТГазрын Санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч О.******* нарын хоорондын “улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 007488604 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагатай маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.*******, хариуцагч нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Н.******* нь ******* аймгийн ЗДТГазрын Санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч О.*******д холбогдуулан “улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 007488604 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
  2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “
    1. Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч нь нотолбол зохих зүйлийг нотлоогүй,  
    2. Хуульд заасан нотлох баримт, тайлбар гаргах боломж олгоогүй,
    3. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дутуу явуулсан нь хүний эрхийг ноцтой зөрчсөн” гэж тодорхойлсон. 
  3. Хариуцагч нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч О.******* нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан дараах тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Үүнд:”
    1.  Төрийн аудитын байгууллагаас ирүүлсэн албан бичгийн дагуу зөрчлийн хэрэг нээсэн,
    2. Нэхэмжлэгч нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан сонгуулийн зардлын тайлангаа Төрийн аудитын байгууллагад хүргүүлээгүй зөрчил нь тогтоогдсон,
    3. Төрийн аудитын байгууллагаас ирүүлсэн албан бичгээр дээрх зөрчил нь тогтоогдсон тул тодруулга, тайлбар аваагүй,
    4. Сонгуульд нэр дэвшигч нь хуульд заасан үүргийг хэрэгжүүлэх, хариуцлага хүлээх чадвартай, хариуцлагаа бүрэн мэдэж нэр дэвших ёстой гэж үзэж байна” гэжээ.

Шүүх хуралдаанд:

  1. Нэхэмжлэгч тайлбартаа: “Миний бие 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ******* аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуульд нэр дэвшсэн. Тухайн үед 2 нэр дэвшигч сонгуульд оролцсон. Нөхөн сонгуульд би ялалт байгуулсан. Сумын ******* ******* намын хорооны ажилтан ******* 7 дугаар сарын дундуур надтай холбогдоод сонгуулийн зардлын тайландаа аудитын дүгнэлт  гаргуулаад намын хороонд өгөөрэй гэж хэлсэн. Тэр үед хувийн аудитын байгууллагад баримтаа хүргүүлээд дүгнэлт ирээгүй байна. Ирэхээр нь өгье гэсэн. Тэгсэн чинь сумын намын хорооноос нэгдсэн журмаар нэр дэвшигч нарын материалыг хүргүүлдэг гэсэн. Дүгнэлт 8 дугаар сарын эхээр ирсэн. Дүгнэлтийг ирэхээр нь сумын намын хороонд өгсөн. Сумын намын хорооноос нэгдсэн журмаар дүгнэлтийг хүргүүлдэг гэж ойлгоод орхисон. Гэтэл 10 дугаар сарын 04, 05-ны үед ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс шуудангаар мэдэгдэл ирсэн. Энэ нь ямар  учиртай талаар О.******* нягтлангаас асуусан. Гэтэл хувийн аудитын дүгнэлтээ төрийн аудитын байгууллагад хүргүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн тул Зөрчлийн тухай хуульд зааснаар ийм заалттай гэсэн. Тэгээд би өөрийн биеэр О.******* мэргэжилтэнтэй ирж уулзсан. Би аудитын байгууллагын дүгнэлтээ гаргуулсан. Ийм байж болохгүй. Ямар нэгэн байдлаар хэн нэгэнд хохирол учруулаагүй. Дүгнэлтийг хүлээн авах  боломжгүй юу гэж асуухад. Боломжгүй. Дүгнэлтээ хугацаа хоцроосон байна гэсэн. Зөрчлийн тухай хуульд зааснаар хувь хүнийг 10,000 нэгж, хуулийн этгээдийг 100,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна гэсэн. Би бие дааж нэр дэвшээгүй. Намаас нэр дэвшсэн. Гэтэл яагаад намд хариуцлага тооцохгүй байна вэ? гэсэн. Гэтэл намд 100,0000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль оногдуулна. Харин хувь хүнд 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулна. Тиймээс зөөлрүүлээд ийм шийдвэр гаргасан гэж хэлсэн. Би тухайн үед намаас санал болгосны дагуу нэр дэвшсэн гэж хэлсэн. 10 дугаар сарын 12-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн тухай тогтоолыг ирүүлсэн. 16-ны өдөр шийтгэлийн хуудсаа ирж ав гэсэн. 16-ны өдөр  ирж мэдүүлгээ өгсөн. Надаас мэдүүлэг авахдаа эрх, үүрэг танилцуулаагүй. Шийтгэлийн хуудас гардуулж өгөхөөр нь би гарын үсэг зурахгүй байж болох уу гэж асуусан. Тэгсэн чинь та гарын үсгээ зурахгүй бол шүүхээс албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэнэ. Шийтгэлийн хуудсаа гардаж аваад дараа нь шүүхэд гомдол гаргах боломжтой. Энэ хэргийг шүүхээс яаж шийдэгдэхийг харъя гэсэн. Шийтгэлийн хуудас бичигдэх ёстой, торгох ёстой гэж хэлж байсан. Түүнээс биш сумын намын хороо эсхүл би өөрөө тайлангаа хүргүүлэх ёстой байсан талаар надаас асууж тодруулаагүй. Тэгээд би шийтгэлийн хуудсаа гардаж аваад шүүхэд гомдол гаргасан. Надад өмгөөлөгч авч болно гэж хэлж байсан. Тэр үед өмгөөлөгч авах боломж байгаагүй. Улсын байцаагч процессийн алдаа байгаа. Бид энэ хэргийг шийдвэрлэх туршлага байхгүй тул яаж шийдэгдэхийг мэдэхгүй байна. Тиймээс шүүхээс яаж шийдэхийг харъя бидэнд туршлага болно гэж хэлсэн нь надад гомдолтой байна. Үйл ажиллагааны явцаа сайн судлаагүй байж шууд тулгаад шийтгэлийн хуудас бичсэн. Би өрх толгойлсон эмэгтэй. Их хэмжээний зээл төлдөг. Аав, ээжийгээ асардаг. 10,000,000 төгрөг нь миний 2 жилийн хөдөлмөр юм. Хөдөө амьдардаг тулдаа зардал багатай байдаг. Би хэн нэгэн хүнд хохирол учруулаагүй байхад 10,000,000 төгрөгөөр торгоно гэж байгаад гомдолтой байна. Тиймээс шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү”гэв.
  2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: “Тухайн зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар тусгай журмаар явагдаж шийдвэрлэгдэнэ. Хуульд зааснаар тусгайлан гомдлоор үүсгэх хэрэг маргаан юм. ...Захиргааны ерөнхий хуульд захиргааны байгууллагын талаар тодруулж өгсөн. Уг хуулийн 5.4 дүгээр зүйлд зааснаар нийтийн эрх зүйн асуудлаар бие даан, өөрийн нэрийн өмнөөс дангаар захиргааны шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар тусгайлан олгогдсон албан тушаалтныг захиргааны байгууллага гэнэ. Эрх бүхий албан тушаалтан нь уг заалтад зааснаар захиргааны байгууллага мөн байна. Энэ тохиолдолд захиргааны байгууллагаас тус хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу захиргааны акт гаргасан. ... шийтгэлийн хуудас нь захиргааны акт мөн байна. ...Эрх бүхий албан тушаалтнаас шийдвэр гаргахдаа захиргааны акт хэлбэрээр гаргана. Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно. Татан оролцуулсан этгээд нь ******* байна. Оролцогч нь тус хуулийн 15 дугаар зүйлд заасан эрхийг эдэлнэ. Эрх бүхий албан тушаалтнаас тухайн процесс явагдаж байх үед Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг баримтлах ёстой байсан. Ингэж байж шийдвэр гаргана. Гэтэл холбогдогчоос 1 цагийн дотор мэдүүлэг аваад хэргийн материал танилцуулсан. Энэ оролцогчид хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломж олгоогүй. Хуульд зааснаар мэдээлэл авах, баримт хуулбарлан авах, шийдвэр гарахаас өмнө нотлох баримт гаргаж өгөх эрхтэй. Гэтэл энэ эрхийг эдлүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. ... Хуульд захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй гэж заасан. Бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй нь адаглаад сонгууль хэдний өдөр болсон гэдгийг тодруулаагүй. Аудитын дүгнэлт хүргүүлэх хугацаа хэтэрсэн бол хэд хоног хэтэрсэн. Дүгнэлтийг хүргүүлэх нь сумын намын хорооны үүрэг байсан уу эсхүл *******ийн үүрэг байсан уу?. Үүнийг тодруулах шаардлагатай байсан. Мөн захиргааны байгууллага нотлох баримтыг үнэлэх, цуглуулах үүргийг хүлээнэ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлд үүнийг тусгайлан зааж өгсөн. Энэ үүргийг хэрэгжүүлж ажиллаагүй нь тухайн захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Нотлох баримт цуглуулах буюу тус хуулийн 25 дугаар зүйлд заасныг мөн ноцтой зөрчсөн. Хуульд заасан зохицуулалтыг эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчсөн. Сонсох ажиллагаа явуулаагүй. Гуравдагч этгээд, гэрчүүдээс тайлбар мэдүүлэг аваагүй. Холбогдох нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй. Оролцогчийн хүсэлтээр зайлшгүй шаардлагатай баримтыг гаргуулан авах үүргээ хэрэгжүүлээгүй. Хуульд сонсох ажиллагааг заавал явуулахаар заасан. Эрх бүхий албан тушаалтан өөрөө захиргааны байгууллага мөн. Захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг заавал явуулна. Энэ захиргааны байгууллагаас урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Төрөөс шийдвэр гаргахдаа иргэнийг сонс гэдэг зохицуулалтыг хуульд оруулж өгсөн. ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн талаар нэхэмжлэлд дурдсан байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдийг зөрчсөн. 1.13 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсгийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн хэргийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Нотолгооны эх сурвалжийг тодорхой заагаагүй. Хуулийн дагуу нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй. Хуулбар хувь баримт хэрэгт хавсаргасан байдаг. Эрх бүхий албан тушаалтан Төрийн аудитын газрын 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн албан бичгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримт болгосон, ...холбогдогчид боломж олгоогүй. Үүнээс болоод холбогдогч ийм хэмжээний гомдол тээж явж байна. Холбогдогч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх эрхтэй. Энэ зохицуулалтыг хэрэгжүүлээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд холбогдон оролцож байгаа этгээдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь тайлбарлан өгч, хэргийн материалд баримтыг хавсаргана. Гэвч энэ ажиллагааг хийгээгүй. Хэрэгт энэ талаар баримт байхгүй. Холбогдогчоос мэдүүлэг авахдаа зөвхөн мэдүүлэг авах ажиллагаанд оролцож байгаа этгээдийн эрх, үүргийг тайлбарласан. Энэ нь холбогдогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг бүхэлд нь тайлбарлан өгсөн гэж үзэхгүй. Түүнийг эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн гэж үзээд шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн холбогдогчийн хувийн байдлыг тодруулаагүй. Аливаа хэргийг хянан шийдвэрлэхдээ холбогдож байгаа этгээдийн хувийн байдлыг тодруулах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол хүчин зүйл байдаг. Хэргийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх, зөрчлийг арилгах хугацаа олгох нөхцөл байдал байдаг. Энэ хугацааг олгоогүйгээс зөрчлийг арилгах боломжтой эсэхийг шийдэх боломж олгоогүй. 10,000,000 төгрөгийг хэсэгчлэн төлөх боломжийг олгоогүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байна. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан Сонгуулийн хууль зөрчсөн гэдгийг ойлгоогүй, би агуулгын хувьд тайлбарласан гэж байна. Эрх бүхий албан тушаалтан ийм ойлголтоор холбогдогчийг 10,000,000 төгрөгөөр торгох боломжгүй. Сонгуулийн тухай хууль  зөрчсөн гэдэг нь 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Сонгуулийн тухай хууль гэж шууд ойлгогдож байна. Үг үсгийн зөрүүгүй байна. Сонгуулийн тухай хуулийн аймаг, нийслэлийн сонгуультай холбоотой хэсэг нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүчин төгөлдөр биш болсон. Хүчин төгөлдөр биш хуулийг барьсан уу гэдгийг эрх бүхий албан тушаалтан магадлагаа гаргаж тодруулах ёстой. Үүнийг эрх бүхий албан тушаалтан өөрөө мэдээгүй. Холбогдогчид тайлбарлаж өгөх үүрэг нь байгаа. Аймаг, нийслэлийн сонгуулийн тухай хуулийг агуулгын хувьд 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар адилтган шийдвэрлэх боломжгүй юм. Зөрчлийн тухай хуулийн тайлбар байгаа. Энэ зүйлд заасан Сонгуулийн хууль гэдэгт Сонгуулийн автоматжуулсан системийн тухай, ******* Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай, ******* Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг ойлгоно гэж заасан. Энэ тайлбарын дагуу зөрчлийн хэргийг нээх ёстой. Шууд Зөрчлийн тухай хуульд 17.1 дүгээр зүйлд зааснаар зөрчлийн хэрэг нээж тодорхойлж хэлж өгөөгүй нь зөрчил болж хувирсан. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг тэгж ойлгож болно гэвэл 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар нам, эвсэл нь санал авах өдрөөс хойш 45 хоног, нэр дэвшигч 30 хоногт багтаан сонгуулийн зардлын тайлгаа төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ гэж заасан. Хуульд цэг, таслал болгон 1 агуулгыг илэрхийлдэг. 30 хоногийн дотор дүгнэлтийг хүргүүлнэ гэсэн зохицуулалт байхгүй. 30 хоногт багтаан хувийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулна гэж байна. Таслалын хойно 30 хоног дотор гэж тайлбарлаж болох боловч хуулийн техникийн хувьд таслал болгон 1 агуулгыг илэрхийлнэ. Таслалын өмнө 30 хоног гэж байна. Хувийн аудитын байгууллагаар 30 хоногт дүгнэлт гаргуулна гэж байна. Харин Төрийн аудитын байгууллагад дүгнэлтээ 30 хоногт багтаан өгнө гэж байхгүй байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар санал хураалт дууссанаас хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 10.1-д заасан зардлын зарцуулалт, гүйцэтгэлийн тайланг аймаг, нийслэлийн сонгуулийн хороо гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх бөгөөд Сонгуулийн ерөнхий хороо тайланг нэгтгэж, 60 хоногийн дотор Төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ гэж заасан. Төрийн аудитын байгууллагад дүгнэлт хүргүүлэх хугацаа таслалын хойно байна. 30 хоног нь таслалын өмнө байна. Хувийн аудитын байгууллагаар 30 хоногт багтаан дүгнэлт гаргуулна. Харин Төрийн аудитын байгууллагад зардлын тайлангаа хүргүүлэх зохицуулалт нь хугацаа заагаагүй байна гэж тайлбарлаж болно. Харин шийтгэлийн гол үндэслэл нь төрийн аудитын байгууллагад дүгнэлт хүргүүлэх хугацаа хэтрүүлсэн гэж байна. Ямар хугацаагаар хэтрүүлснийг тодруулаагүй. Тиймээс шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
  3. Хариуцагч тайлбартаа: “Нэхэмжлэгчтэй 1 удаа биечлэн уулзаж түүнээс мэдүүлэг авсан. Хувийн байгууллагаар сонгуулийн зардлын тайландаа аудит хийлгэсэн гэж байна. Тухайн үед ******* мэдүүлэг өгөхдөө дүгнэлтээ төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ гэдгийг ойлгоогүй. Аудит л хийлгэх ёстой гэж ойлгосон. Сумын намын хорооноос дүгнэлтээ төрийн аудитын байгууллагад хүргүүлдэг гэж хэлээгүй. Намын хороондоо дүгнэлтээ гаргаж өгөөд уг байгууллага нь цаашаа холбогдох байгууллагад өгнө гэдэг талаар мэдүүлэг өгөхдөө яриагүй. Мэдүүлэг авсан тэмдэглэлд түүнд эрх, үүргийг нь нэг бүрчлэн уншиж өгч танилцуулсан. Тэгээд гарын үсгийг нь зуруулсан. Сонсох ажиллагаа хийгээгүй. Оролцогчийн эрхийг хангаагүй гэж байна. ******* аймгийн Төрийн аудитын байгууллагаас 9 дүгээр сарын 27-ны өдөр манай байгууллагад албан бичиг ирүүлсэн. Тэгээд *******тэй 10 дугаар сарын 03-ны өдөр холбогдоод ийм албан бичиг ирсэн ба ирж мэдүүлэг өгөх шаардлагатай байна гэж хэлсэн. Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу 2-3 удаа утсаар холбогдож хэзээ ирэх талаар асуусан. 7 хоногийн дараа очих боломжтой гэсэн. Энэ хугацаа нь хэргийг шийдвэрлэх 14 хоногийн хугацаанд багтаж байсан. 16-ны өдөр холбогдогчоос мэдүүлэг аваад шийтгэврийн хуудсаа гардуулан өгсөн. ******* нь намаас нэр дэвшсэн гэж байна. Үүнтэй холбоотой Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн заалтыг үндэслэсэн. Заалт дээр нам, эсвэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлангаа 30 хоногийн дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ гэж байна. Энэ талаар Төрийн аудитын байгууллагаас тодруулсан. Тэгтэл энэ хүн нэр дэвшигчээрээ сонгуулийн зардлын тайлангаа хүргүүлэх ёстой байсан гэсэн. Энэ хүнийг сонгуульд нэр дэвшигч гэж үзэж байгаа. Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэхээр албан бичиг ирүүлсэн. Үүний дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг үндэслэсэн. Холбогдогчид 14 хоногийн хугацаандаа өмгөөлөгч авах эрхтэй гэдгийг хэлсэн. Төрийн аудитын байгууллагаас ирүүлсэн албан бичгийг нотлох баримт болгосон. Энэ байгууллагаас нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хугацаандаа ирүүлээгүй тул зөрчлийг шийдвэрлэ гэсэн албан бичиг ирүүлсэн. Уг албан бичиг нь хангалттай нотлох баримт юм. Шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулахдаа хэсэгчлэн төлөх асуудлыг тодруулаагүй. 10,000,000 төгрөгийг 15 хоногт төлүүлэхээр шийдвэрлэсэн гэж байна. Холбогдогчоос торгуулийг хэсэгчлэн төлөх боломжтой эсэхийг асуугаагүй. 15 хоногт шууд төлөхөөр шийтгэлийн хуудсаа бичсэн. Нэр дэвшигчийн сонгуульд ялсан эсэх, сонгуульд оролцсон эсэхтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй гэж байна. ******* Ардын намаас нэр дэвшсэн ******* нь сонгуулийн зардлын тайлангаа Төрийн аудитын байгууллагад хугацаа хоцроож ирүүлсэн гэж үзээд шийтгэлийн хуудсаар хариуцлага тооцсон. Ямар хуулийг үндэслэсэн бэ?. Эрх бүхий албан тушаалтнаас магадлагаа гарах ёстой байсан гэж байна. Магадлагаа гаргаж хавсаргаагүй. Мөн хэрэгт прокурорын хяналтыг хэрэгжүүлээгүй гэж байна. Холбогдогчид шийтгэлийн хуудсаа гардуулаад зөрчлийн хэргийн материалаа прокурорт хүргүүлсэн. Прокурор зөрчлийн хэргийг хянаад тэмдэглэгээ хийсэн байгаа. Тиймээс прокурор энэ хэрэгт хяналт тавьж ажилласан. Зөрчлийн тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 25 дугаар зүйлд зааснаар сонгуулийн зардлын тайлангаа холбогдох байгууллагад ирүүлээгүй бол иргэнийг 10,000 нэгж, хуулийн этгээдийг 100,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалттай. Хуульд өөр заалт байхгүй. Сонгуулийг орон нутгийн, нөхөн, Улсын их хурлын, Ерөнхийлөгчийн гэж ялгамжтай зааж өгөөгүй. Нэхэмжлэгчийн сонгуулийн зардлын тайлан нь зардал гараагүй тайлан байсан. Тэгэхдээ сонгуулийн зардал гарсан эсэх талаар хуульд тодорхой заагаагүй. Зардал гарсан эсэхээс үл хамааран зардлын тайлангаа 30 хоногт холбогдох байгууллагад хүргүүлэх үүрэгтэй гэж заасан. Хугацаа хоцорсон тайланг тухайн байгууллага хүлээж авахгүй. Хэрэв хугацаа хоцорсон бол зөрчил үйлдсэн гэж үзэхээр заасан. Зөрчил арилгасан гэж үзэх хуулийн зохицуулалт байхгүй. Тиймээс Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэлийн хуудас оногдуулсан” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгч Н.******* нь ******* аймгийн ЗДТГазрын Санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч О.*******д холбогдуулан “улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 007488604 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ “хариуцагч нь захиргааны шийдвэр гаргахдаа оролцогчид сонсох ажиллагаа хийгээгүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийг зөрчиж, нотолбол зохих зүйлийг нотлоогүй, урьдчилан дүгнэлт хийж нотлогдож байгаа эсэхээс үл хамаарч шийтгэл оногдуулсан нь хүний эрхийг ноцтой зөрчсөн” гэж;

3. Хариуцагч талаас “зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан хугацаанд хуулийн дагуу явуулсан ба нэхэмжлэгчийн зардлын тайлангаа төрийн аудитын байгууллагад хүргүүлээгүй зөрчил нь тогтоогдсон тул шийтгэл оногдуулсан” гэж маргажээ.

4. Маргааны үйл баримтын талаар:

     4.1.Нэхэмжлэгч Н.******* нь ******* аймгийн сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуульд ******* ******* намаас нэр дэвшиж, бүртгүүлжээ. /хэргийн 46 дугаар тал/   

     4.2.******* аймгийн Төрийн аудитын газраас 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 425 дугаартай “Зөрчил шилжүүлэн, шийдвэрлүүлэх тухай” албан бичиг /хэргийн 40 дүгээр тал/ -ийг аймгийн ЗДТГазрын санхүү төрийн сангийн хэлтэст хүргүүлснээр эрх бүхий албан тушаалтан 2023 оны 10 дугаар сарын 9-ний өдөр зөрчлийн хэрэг нээж, прокурорт танилцуулан дугаар авсан байна. /хэргийн 39 дүгээр тал/

     4.3. Ийнхүү зөрчлийн хэрэг нээн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, зөрчил үйлдсэн гэх иргэн Н.*******т 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 007488604 дугаарын шийтгэлийн хуудсаар “сонгуулийн зардлын тайлангаа төрийн аудитын байгууллагад хуульд заасан хугацаанд ирүүлээгүй” үндэслэлээр шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

     4.4.Нэхэмжлэгчээс дээрх нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд маргаан үүсгэжээ.  

5.Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 /төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага/-д заасан захиргааны байгууллагад харьяалагдаж, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч этгээд бөгөөд шийдвэр гаргах ажиллагаанд Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зарчим, шаардлагын дагуу үйл ажиллагаагаа явуулж, шийдвэр гаргах үүрэгтэй.

 Нэхэмжлэгчийн хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар маргаан үүсгэсэн хариуцагчийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 07488604 дугаартай шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан захиргааны актын шинжийг агуулсан гэж үзэж, уг шийтгэл оногдуулсан шийдвэр хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэлээ.

6. Нэхэмжлэгч талаас сонгуулийн зардлын тайланд хувийн аудитын байгууллагаар аудит хийлгэж, уг тайланг нэр дэвшүүлсэн намын хороонд хүргүүлсэн ба намын хорооноос Төрийн аудитын байгууллагад хүргүүлээгүй зөрчил гарсныг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан ба харин уг зөрчилд шийтгэл оногдуулахдаа нотлох баримт гаргаж өгөх, өөрийн эрх ашгийг хамгаалах, өмгөөлөгч авах, шаардлагатай баримтыг цуглуулаагүй зэрэг бусад ажиллагааг хийлгэх ямар ч боломж олгоогүй гэж мэтгэлцэж байна. 

7. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна: 1.1. тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх; ...” гэж тус тус заасан.

8. Эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдсэн эсэхийг шалгахаар Зөрчлийн хэрэг нээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа дээрх хуулиудад заасан бодит нөхцөл байдал болон нотлох баримтыг хуульд заасан хэлбэр шаардлагыг ханган цуглуулах, үнэлэх ажиллагааг хийх эрхийг хуулиар зөвшөөрсөн. Гэтэл маргаан бүхий шийтгэлийн хуудсаар хариуцлага хүлээлгэсэн зөрчил нь нотлох баримтаар бүрэн тогтоогдсон гэж дүгнэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг нээснээс хойш нотлох баримт цуглуулах үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэж дүгнэлээ.

9. Тухайлбал: нэхэмжлэгч өөрийн сонгуулийн зардлын тайланд хувийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулсан гэх Зөрчлийн хэрэгт авагдсан “Хараат бус аудитын дүгнэлт” /хэргийн 47-48 дугаар тал, Зөрчлийн хэргийн 9-10 дугаар тал/ нь он, сар, өдөргүй, дүгнэлтийн задаргаа хийгдээгүй зэрэг нь дүгнэлт хэзээ гарч, хэдийд нэхэмжлэгчид хүргэгдсэнийг тодорхойлох боломжгүй байна.   

10. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д “...нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ” гэж заасан байх ба нэхэмжлэгч хуульд заасан дүгнэлтийг гаргуулахаар хувийн аудитын байгууллагад 30 хоногт багтаан тайлангаа хүргүүлсэн эсэх, тухайн аудитын байгууллагаас хэд хоногийн хугацаанд дүгнэлтийг гаргасан зэрэг баримт байхгүй байгаа нь зөрчил үйлдэгч хуульд заасан боломжит хугацаанд тайлангаа хүргүүлсэн эсэхэд дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.

11. Мөн Зөрчлийн хэрэгт зөрчилд холбогдогчийн оролцсон гэх орон нутгийн нөхөн сонгуулийн санал хураалт хэзээ болсон, уг сонгуульд нэхэмжлэгч оролцсон эсэх, нэхэмжлэгч нь хувийн аудитын байгууллагын дүгнэлтийг нэр дэвшүүлсэн намын хороонд хүргүүлсэн эсэх талаарх баримт авагдаагүй байхад санал авах өдрийг хэдэн сарын хэдний өдрөөс тооцож, хуульд заасан 30 хоног өнгөрсөн гэж үзсэн нь ойлгомжгүй байна.  Дээрх нөхцөл байдал болон Зөрчлийн хэргийн эх баримтад авагдсан баримтууд нь холбогдогчийг зөрчил үйлдсэн гэдгийг хангалттай нотолж чадахгүй байна.

 12. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг хуульчилсан ба 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тус тус заажээ.

13. Хариуцагчаас зөрчил үйлдсэн гэх холбогдогчийг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр түүний гар утсаар холбогдон ирэхийг мэдэгдэж, дуудсан байх бөгөөд холбогдогч /нэхэмжлэгч/ 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр биечлэн ирж, тайлбар мэдүүлэг өгсөн байх ба хариуцагчаас мөн өдрөө түүнийг хэргийн материалтай танилцуулан, шийтгэл оногдуулсан шийдвэрийг гаргасан байна. Энэ нь дээрх хуульд заасны дагуу улсын байцаагчаас гарах шийтгэл оногдуулсан шийдвэр буюу захиргааны акт гаргахаас өмнө холбогдогчоос тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй гэж үзнэ. Учир нь зөрчлийн хэрэгт холбогдсон этгээд уг зөрчил гарсан нөхцөл байдал болон өөрийн эрх ашгаа хамгаалах тайлбар, нотлох баримт санал гаргах боломжит хугацаагаар эрх бүхий албан тушаалтан хангах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл холбогдогчийг ямар зөрчлийн хэрэгт холбогдсон болон уг зөрчлийг гаргах болсон шалтгаан нөхцөлийг тодруулах зорилгоор түүнээс нотлох баримт, тайлбар гаргаж өгөх хангалттай хугацааг олгосон байх шаардлагатай. Гэтэл дуудан ирүүлж тайлбар мэдүүлэг авсан өдрөө шууд хариуцлага оногдуулж байгаа нь түүний эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм.

14. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж заасан.

15. Хариуцагчаас Зөрчлийн хэрэгт авагдсан 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 425 дугаартай албан бичгийг холбогдогчийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт гэж маргажээ.

Гэвч уг албан бичиг нь зөрчлийн талаарх мэдээлэл агуулсан шинжтэй байх ба хариуцагч Зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол /хэргийн 39 дүгээр тал/ -доо тухайн баримтыг “...425 дугаартай гомдол, мэдээллийг шалгаад ...” гэх агуулгаар тусгасан байгаа нь хариуцагчийн дээрх тайлбарыг няцааж байна.

16. Нэхэмжлэгч талаас “зөрчлийн хэрэг нээж байгаа тогтоолд Сонгуулийн хуулийн аль зохицуулалтыг зөрчсөн талаар тодорхойгүй, өөрөөр хэлбэл Сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль хоёр чинь өөр хуулиуд байтал сонгуулийн хууль зөрчсөн гэх агуулгаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй” гэж мэтгэлцэж байх боловч Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйл /Сонгуулийн хуулийг зөрчих/-ийг өөрчлөн найруулсан 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” ******* улсын хуулийн тайлбар хэсэгт “Энэ зүйлд заасан Сонгуулийн хууль гэдэгт ...,Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай,...хуулийг ойлгоно” гэжээ. Энэ нь хариуцагчаас зөрчил үйлдэгчид хариуцлага хүлээлгэх Зөрчлийн хуулийн холбогдох заалтыг буруу баримталсан гэж үзэхгүй тул  нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.      

17. Харин хариуцагч нь шийтгэл оногдуулсан шийдвэрийг гаргахдаа захиргааны шийдвэр гаргах ажиллагааны зарчмыг баримтлаагүй, хамаарал бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, оролцогчийн эрхийг хангаагүй нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнэн маргаан бүхий захиргааны акт болох ******* аймгийн ЗДТГазрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 007488604 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.    

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн 26.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “******* аймгийн ЗДТГазрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 007488604 дугаартай шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгосугай.   
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МӨНХЖАРГАЛ