| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 19080566011714 |
| Дугаар | 2020/ДШМ/197 |
| Огноо | 2020-02-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун, |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2020/ДШМ/197
2020 2 13 2020/ДШМ/197
Э.Эод холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Н.Батсайхан, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Р.Энх-Оюун,
нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Эын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 19080566011714 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Их монгол овгийн Э.Э, 1991 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагч Б.Уянгын хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дэнж-а3 гудамжны 15 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:УУ91020654/;
Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 371 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 4 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 246 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг журамлан Э.Эод энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жилийн хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 371 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялын зарим болох 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 14 жил хорих ялаар тогтоож, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 149 дүгээртэй шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус баримтлан Э.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 11 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 жил 3 сар 29 хоногийн хорих ялыг болон 100.000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг тус тус эдлүүлэхээр тогтоож, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 150 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийг журамлан Э.Эыг 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь болгон зүйлчилж, 2 жил 7 сар 9 хоногийн хорих ял болгон хөнгөрүүлж, үлдэх 6 жил 5 сар 6 хоногийн хорих ялаас чөлөөлсөн,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 544 дүгээртэй шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 1286 дугаартай шүүгчийн захирамжаар тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 544 дугаартай шийтгэх тогтоолоор ялтан Э.Эод оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас түүний эдлээгүй үлдсэн 296 цагийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, нийт 37 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Э.Э нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дэнж-а3 гудамжны 15 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Уянгыг зодож, эрүүл мэндэд нь “зовхи, шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд зулгаралт, бугалга, шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Их монгол овогт Э.Эыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эод 600 /зургаан зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эын цагдан хоригдсон 6 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар буюу 6 хоног×8 цаг=48 цагаар тооцож, түүнд оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Эод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тухайн өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Э давж заалдах гомдолдоо: “...2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Хаан банкнаас 35.000.000 төгрөгийг зээл авч, “Юуби дрем” Банк бус санхүүгийн байгууллагаас Хонда Инсаит загварын автомашиныг 10.800.000 төгрөгөөр зээлж авсан. 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр осолд орж, өвдгөндөө гэмтэл авч, одоог хүртэл ажилдаа явах боломжгүй байгаа. Иймд надад оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг миний биеийн байдлыг харгалзан үзэж мөнгөн торгууль болгон хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.
Прокурор Р.Энх-Оюун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.Э нь гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Д.Уянгад хүч хэрэглэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож, анхан шатны шүүх түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн. Шүүгдэгч Э.Э нь урьд 4 удаа ял шийтгэгдэж байсан ба хамгийн сүүлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл анги буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдэж 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан. Эрүүгийн хуулийн зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршдог. Гэтэл шүүгдэгч Э.Э нь дээрх ялуудыг эдэлж байхдаа урьд хийсэн үйлдлүүддээ гэмшээгүй, нийгэмшээгүй байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон гэм буруугийн шүүх хуралдааны үед ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлдэг гэсэн нотлох баримт байхгүй, эрүүл мэндийн хувьд осолд орсон өвчтэй гэсэн нотлох баримтууд хэрэгт авагдаагүй бөгөөд энэ талаар шүүгдэгч өөрөө шүүх хуралдааны үед гаргаж өгөөгүй. Тиймээс шүүгдэгч Э.Эын үйлдсэн гэмт хэрэг, түүний хувийн байдалд нь тохирсон ял буюу нийтэд тустай ажлыг 600 цагаар хийх ял шийтгэлийг оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “Гэр бүлийн хүчирхийлэл гэж ... хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилжээ.
Хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад Э.Э нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дэнжийн а-3-15 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Уянгыг зодож, эрүүд мэндэд нь “зовхи, шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд зулгаралт, бугалга, шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Уянгын “...Э.Э согтуу байсан ба гэртээ ороод газар унаад өгсөн. Тэгэхээр нь би ор засчихаад Э.Эыг “босоорой, орон дээрээ гарч унт” гээд өмссөн байсан малгайтай цамцных нь малгайнаас нь татах үед Э.Э сэрээд “яаж байгаа гичий вэ” гэж хэлээд нүүр рүү гараараа 2-оос 3 удаа цохиж аваад буцаад орон дээрээ гараад унтаад өгсөн. ...” /хх-16-23/,
Э.Эын яллагдагчаар өгсөн “...Би жаахан согтоод байсан учир газар хэвтээд унтаж байхад Б.Уянга миний өмссөн байсан малгайтай цамцнаас татаад намайг сэрээгээд “бос ор руугаа яв” гэж хэлсэн ба миний цамцны захаас татах үед миний хоолой жаахан шахагдаад бага зэрэг боогдохоор нь миний уур хүрээд “чи яагаад байгаа гичий вэ” гэж хэлээд Б.Уянгын нүүр рүү гараараа 3 удаа цохиод орон дээрээ гараад унтсан. Би өөрийн бурууг ойлгож, эхнэр Б.Уянгаас уучлалт гуйсан. ...” /хх-45-46, 50-53/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Б.Уянгын биед зовхи, шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд зулгаралт, бугалга, шуунд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” 13254 дугаартай дүгнэлт /хх-37-39/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-4-12/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-13-15/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.
Шүүгдэгч Э.Эын “...2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр осолд орж, өвдгөндөө гэмтэл авч, одоог хүртэл ажилдаа явах боломжгүй байгаа. Иймд надад оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг миний биеийн байдлыг харгалзан үзэж мөнгөн торгууль оногдуулж, хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад шүүгдэгч Э.Эыг биечлэн эдлэх ялыг тогтоогоогүй нь шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг хангаагүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэвэл Э.Э нь 6 хоног цагдан хоригдсон ба цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, түүнд оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч, нийт эдлэх ялыг 552 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоон шийтгэх тогтоолын 4 дэх заалтад зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Э.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эын цагдан хоригдсон 6 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар буюу 6 хоног×8 цаг=48 цагаар тооцож, түүнд оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцсугай” гэснийг, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь 6 хоног цагдан хоригдсон ба цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, түүнд оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч нийт эдлэх ялыг 552 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг
гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ