| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
| Хэргийн индекс | 128/2018/0884/З |
| Дугаар | 128/ШШ2023/0959 |
| Огноо | 2023-12-11 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2023/0959
2023 12 11 128/ШШ2023/0959
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ш.Д
Хариуцагч: Б дүүргийн ******* даатгалын хэлтэс хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамноров нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Иргэн Ш.Д нь Б дүүргийн ******* даатгалын хэлтэст холбогдуулан “Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор гаргасан өргөдөлд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоон олгохыг Б дүүргийн нт даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.
2. Нэхэмжлэгч нь 55 нас, 8 сартай бөгөөд Ц байгууллагад 21 жил, 8 сар, Прокурорын байгууллагад 11 жил, 6 сар, улсад нийт 33 жил, 2 сар, 27 хоног ажилласан байна.
3. Улмаар Ш.Дыг тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасных нь дагуу Монгол улсын ******* прокурорын “Прокурорыг ажлаас чөлөөлж, буцалтгүй тусламж олгох тухай” 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /х.х-н 19/
4. Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт “Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба ...55 нас хүрсэн эрэгтэй ...прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс тэтгэвэрт гарах хүсэлтээ Б дүүргийн ******* даатгалын хэлтэст 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргасан байна.
5. Харин хариуцагч Б дүүргийн ******* даатгалын хэлтсээс түүнд “Ш*******ийн Д /ЧМ*******022917/ нь Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасны дагуу тэтгэвэр тогтоолгох боломжтой боловч ******* даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуультай зөрчилдөж байгаа тул ажилласан жилийг тооцох боломжгүй” гэсэн хариуг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар албан бичгээр мэдэгджээ. /х.х-н 20/
6. Мөн “Прокурорын байгууллагын хуульд заасан тэтгэврийн насны заалт нь ******* даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заагдаагүй зөрчилдөж байгаа тул иргэний асуудлыг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг ******* даатгалын газраас 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 03/******* тоот албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгджээ. /х.х-н 21/
7. Иймд иргэн Ш.Д нь Б дүүргийн ******* даатгалын хэлтэст холбогдуулан “Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор гаргасан өргөдөлд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоон олгохыг Б дүүргийн нт даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргажээ.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан үндэслэлдээ: Ш*******ийн Д би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэг /Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба ...55 нас хүрсэн эрэгтэй... прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно.../-ийн заалтын дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ Нийслэлийн Б дүүргийн ******* даатгалын хэлтэст гаргасан.
Миний бие 19******* оны 02 дугаар сарын 29-ны өдөр төрсөн, одоо 55 нас 8 сартай бөгөөд Ц байгууллагад 19******* оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 21 жил 08 сар 12 өдөр, Прокурорын байгууллагад 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 11 жил 6 сар 15 хоног, улсад нийт 33 жил 2 сар 27 хоног ажилласан байна.
Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь заалт, ******* даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 /Цэргийн алба хаагчийн цэргийн алба хаасан 1 жилийг 1 жил 6 сар иргэний байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож, ******* даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоож болно./ -дахь хэсгийн болон холбогдох бусад заалтын хүрээнд өндөр насны тэтгэврийг 2023 оны 10 дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн тогтоож өгөх хүсэлтийг Нийслэлийн Б дүүргийн ******* даатгалын хэлтэст 2023 оны 10 дугаар сарын 04-ны өдөр гаргасан.
Тус ******* даатгалын хэлтэс нь хүсэлтийг хянаж үзээд: ******* даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 4.1 дэх хэсгийн заалтын хүрээнд тэтгэвэр тогтоолгох шалгуурыг хангаагүй буюу 60 нас хүрээгүй тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн.
Иймд ******* даатгалын хэлтсийн "хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй" талаарх хариуг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор гаргасан өргөдөлд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоон олгохыг Б дүүргийн нт даалгуулан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
9. Хариуцагч Б дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б дүүргийн 22 дугаар хорооны иргэн Ш*******ийн Д нь нэхэмжлэлдээ прокуророор 11 жил 6 сар 15 хоног, улсад нийт 33 жил 2 сар 27 хоног ажилласан. "Прокурорын тухай" хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь "Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно" гэсэн заалтыг үндэслэн тэтгэвэр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байна. "******* даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай" хуулийн заалтад прокуророор ажилласан нөхцөлөөр нас харгалзахгүй тэтгэвэр тогтоох заалт байхгүй тул Ш.Дт ажилласан хугацаагаар 55 наснаас өмнө өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Талууд нэхэмжлэгчийн ажилласан байдал болон шимтгэл төлсөн жил, нас, тэтгэврийн хэмжээний талаар маргаагүй, харин Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэг болон ******* даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг хэрхэн тайлбарлаж хэрэглэх, тодруулбал Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт "55 насанд хүрсэн эрэгтэй.. прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно" гэж заасан атлаа ******* даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар уг асуудлыг нарийвчлан зохицуулаагүйгээс уг маргаан үүсжээ.
Прокурорын тухай хууль нь прокурорын албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг нарийвчлан зохицуулсан материаллаг хууль бөгөөд уг хуулиар “... 55 насанд хүрсэн эрэгтэй... прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох” субьектив эрхийг баталгаажуулсан ба уг хуулийн заалт хүчин төгөлдөр байна.
******* даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль нь иргэний тэтгэвэр, тэтгэмж авах болзол, нөхцөл, олгох журмыг хуульчилсан процессын шинжтэй хууль бөгөөд уг хуулиар өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны ерөнхий босгыг 60 нас байхаар, зарим тохиолдолд иргэн өөрөө хүсвэл 50, 55 наснаас өнөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх үүсэхээр хуульчилжээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн...заалтыг хэрэглэнэ” гэж заасны дагуу илүү нарийвчлан зохицуулсан материаллаг хууль буюу Прокурорын тухай хуулийн заалтыг хэрэглэх нь зүйтэй байна.
Тодруулбал, ******* даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “...60 нас хүрсэн бол” гэх нөхцөл нь хуульд заасан зарим тохиолдолд “өөр байж болох”-оор заасан, даатгуулагч “өөрөө хүссэн” тохиолдолд “50 нас”, “55” нас”-наас эсхүл нас харгалзахгүй өндөр насны тэтгэвэр тогтоолгох хуулийн заалтын агуулга нь даатгуулагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, иргэний эрхийг хангах агуулгатай байх тул материаллаг бусад хуулиар эрх нь нээгдсэн даатгуулагчийн “өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох” эрхийг ******* даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар “хориглосон” гэж үзэхгүй буюу өндөр насны тэтгэвэр тогтоох харилцаа, үйл ажиллагааг журамласан процессын хуулиар материаллаг хуулиар иргэнд олгогдсон эрхийг үгүйсгэх боломжгүй юм.
Мөн маргааны үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгийн "55 насанд хүрсэн эрэгтэй прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно" гэх зохицуулалтын дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлтээ гаргасан байх бөгөөд Улсын ерөнхий прокурорын тушаалаар энэ зүйл, хэсгийг болон Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь "тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлнө" гэсэн заалтыг баримтлан түүнийг төрийн албанаас "өндөр насны тэтгэвэр тогтоолгох" үндэслэлээр чөлөөлсөн, ингэснээр түүнд мөн өдрөөс тэтгэвэр тогтоолгох эрх болон үр дагавар үүсжээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ш.Дын 2023 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн "Тэтгэвэр тогтоолгох хүсэлт"-ийг хариуцагч Б дүүргийн ******* даатгалын хэлтсээс "...******* даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д заасантай холбоотой зохицуулалт байхгүй..." хэмээн нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдөл материалыг хүлээн авч шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдож байх тул ******* даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд "өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн олгохоор" зааснаар нэхэмжлэгч Ш.Дын тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан 2023 оны 10 дугаар сарын 04-ны өдрөөс эхлэн түүнд өндөр насны тэтгэвэр тогтоон олгохыг хариуцагч Б дүүргийн ******* даатгалын хэлтэст даалгахаар шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Дын Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор гаргасан өргөдөлд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоон олгохыг Б дүүргийн ******* даатгалын хэлтэст даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Б дүүргийн ******* даатгалын хэлтсээс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл бичгээр гарсан өдрөөс нь хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ