Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/835

 

 

 

 

 

 

    2021            9             21                                        2021/ДШМ/835

 

 

Э.Стэд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Алтанцэцэг,

шүүгдэгч Э.Стийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/422 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Сайнбилэгтийн өмгөөлөгч Д.Энхтунгалагийн гаргасан давж заалдах гомдол, дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 36 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Э.Сайнбилэгтэд холбогдох 2110000000474 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.

Шарнууд овгийн Эгийн Сайнбилэгт, 1991 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “...” ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1407 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 451 нэгж буюу 451.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн;

Шүүгдэгч Э.Ст нь 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр фэйсбүүк цахим сүлжээнд “1 өрөө байр түрээсэлнэ” гэж зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч П.Угоос 1.300.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газар: Э.Стийн үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Шарнууд овогт Эгийн Стийг зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Стийг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Стийн эдлэх 6 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүнд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Стээс нийт 1.300.000 төгрөгийг гаргуулж, хохирогч П.Уд олгохоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч П.Стийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн гэм бурууд маргахгүй байна. Түүнд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү. Э.Стийн ар гэрийн зүгээс хохирогчид учирсан 1.300.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн тул гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. ...” гэв.

            Дээд шатны прокурор О.Алтангэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “...2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн зорилт нь “...коронавируст халдварын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах...” бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт шүүгдэгч Э.Стэд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял хамаарч байхад түүнийг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэж, эрх зүйн байдлыг дордуулсан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ст нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, тодорхой оршин суух хаягтай байдал нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж байна. Өршөөл үзүүлэх тухай хуульд гэмт хэрэг үйлдсэн этгээд нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тохиолдолд өршөөл үзүүлэхээр заасан байхад тухайн этгээдийн эд хөрөнгө, хувийн байдлаас шалтгаалан учирсан хохирлыг нөхөн төлөх боломжгүй гэж дүгнээд хуулийг ялгамжтай байдлаар хэрэглэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрхийг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.  

Прокурор  Б.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн ялыг зөрчих эрх хязгаарлах ялаар солино гэсэн заалтад шүүгдэгч Э.Сайнбилэгтэд оногдуулсан 6 сарын хугацаатай хорих ял нь хамаарч байхад түүнийг биечлэн эдлүүлж байгаа нь түүний эрх зүйн байдлыг дордуулж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Сайнбилэгт нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн тодорхой оршин суух хаягтай байдал нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 14 дэх заалтад заасан шаардлагыг хангаж байна. Өршөөл үзүүлэх тухай хуульд гэмт хэрэг үйлдсэн этгээд нь хохирлоо нөхөн төлнө гэдгээ илэрхийлсэн тохиолдолд өршөөл үзүүлэхээр заасан байхад тухайн этгээдийн эд хөрөнгө хувийн байдлаас шалтгаалан учирсан хохирлыг нөхөн төлөх боломжгүй гэж дүгнэж хуулийг ялгамжтай байдлаар хэрэглэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрхийг зөрчиж байна. Иймд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 422 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Э.Ст нь 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр фэйсбүүк цахим сүлжээнд “1 өрөө байр түрээсэлнэ” гэж зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч П.Угоос 1.300.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч П.Угийн “...Тэгээд 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр “UB таун” хотхоны “Fliez” нэртэй ресторан буюу миний ажил дээр тэр эрэгтэй ирээд гар утаснаасаа байрны зураг харуулаад “одоо байгаа хүмүүсээ гаргаад чамайг оруулчихъя, одоо мөнгөө өгчих” гэхээр нь Гацуурт нэртэй хүнсний дэлгүүрийн дотор байрлах Хаан банкны АТМ-аас 1.250.000 төгрөгийг өөрийнх нь гэх Хаан банкны 5622050754 данс руу нь шилжүүлээд “би одоо хэзээ байрандаа орох вэ” гэхэд “наадмын дараа ороорой” гэж хэлээд явсан. Үүнээс хойш огт холбогдохгүй байж байгаад 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр 90201089 дугаараас над руу залгаад “ахад нь яаралтай мөнгө хэрэгтэй байна, хөдөө явж байна, машин эвдэрчихлээ, хотод очоод буцаагаад өгье, тэгэхэд байрандаа ороорой” гэж хэлэхэд нь 100 айлын барилгын материалын Хаан банкны АТМ-аас өмнөх данс руу нь 50.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш 3 хоног хүлээгээд залгахад “манай байрны хүмүүс гарахгүй байна” гэх мэтээр худлаа хэлээд байхаар нь “би мөнгөө авъя” гэхэд “за, за, өгчихнө” гэж хэлээд алга болсон. ...” /хх 7-8/,

гэрч Ж.Гандилхавжаагийн “...Тэгсэн чинь 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр байх наадмын үеэр Угийн ажил дээр нэг залуу ирээд “байрны урьдчилгааны мөнгө авах хэрэгтэй байна” гээд түүнтэй уулзаад түүнийг дагуулаад АТМ рүү яваад түүнээс 1.250.000 төгрөгийг авсан байсан. ...” /хх 16-17/,

шүүгдэгч Б.Стийн яллагдагчаар өгсөн “...Тэгээд надад тухайн үед мөнгө хэрэг болоод Утой Зайсанд байрлах ажил дээр нь орж уулзаад “мөнгөө эхлээд өгчих” гэж хэлээд 1.250.000 төгрөгийг түүнээс аваад түүнээс хойш холбоотой байж байгаад Уг “бэлэн байж бай” гэж хэлээд хүлээгээд байж байтал 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр явчихсан юм. Тэгээд маргааш нь бас Угоос 50.000 төгрөгийг зээлсэн. ...” /хх 30-31/ гэх мэдүүлгүүд,

хохирогч П.Угоос Э.Стэд 1.300.000 төгрөг шилжүүлсэн талаарх “Хаан банк”-ны дансны хуулга /хх 60-61/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс Э.Стийг зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөн шүүгдэгч Э.Стийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэн, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаагүй тул өршөөлд хамруулах боломжгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 36 дугаартай “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх тухайн үеийн нөхцөл байдлыг зөв үнэлсэн байх учир прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй юм.

Хэдийгээр анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх үед шүүгдэгч Э.Ст нь учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байсан боловч давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхийн өмнө шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг нь хохирол төлсөн баримт, хохирогч П.У нь хохирлыг хүлээж авсан, гомдол саналгүй гэсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн тул 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан гэж үзэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Стэд оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 36 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Стийн өмгөөлөгч Д.Энхтунгалагийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/422 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 36 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Стийн өмгөөлөгч Д.Энхтунгалагийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/422 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Стэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 131 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан ялын дээрх хугацаанд шүүгдэгч Э.Стийг Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Э.Ст зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.   

            5. Шүүгдэгч Э.Ст нь энэ өдрийг хүртэл 49 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг цагдан хорих байраас нэн даруй сулласугай.

            6. Шүүгдэгч Э.Ст нь хохирогч П.Уд 1.300.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

7. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.МӨНХӨӨ

                                 ШҮҮГЧ                                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.МЯГМАРЖАВ