Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2023/0970

 

2023         12        13                                               128/ШШ2023/0970

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Роял нью кестл” ХХК  

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа, Г.Мөнхсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Лувсанданзанжанцан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамноров нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. “Роял нью кестл” ХХК-иас Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/744 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах “ шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд ирүүлжээ.

2. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/713 дугаар захирамжаар /хавсралтын 10 дахь хэсэг/ “Роял нью кестл” ХХК-д 1781101225 нэгж талбарын дугаар бүхий 39968.0 м.кв газрыг “орон сууц”-ны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж 000017040 дугаартай “Аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г  2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр олгожээ.

3. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/744 дугаар захирамжаар “Роял нью кестл” ХХК-ийг эзэмшил газраа 2 жил болон түүнээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.

4. “Роял нью кестл” ХХК-иас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 15 тоот албан бичгээр “..хүндэтгэн үзэх шалтгааны улмаас газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй тодорхой хугацаа өнгөрсөн... тул ..А/744 тоот захирамжийг хүчингүй болгож, 4 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг сэргээж өгнө үү” гэх хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад хандан гаргасан байна.

5. Үүнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай”   06/4970 тоот албан бичгээр “..гомдолд дурдсан захирамжийг хүчингүй болгох хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна” гэх хариуг нэхэмжлэгч компанид ирүүлжээ.

6. Ингээд “Роял нью кестл” ХХК-иас “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/744 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн Засаг даргад холбогдуулан 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхэд гаргажээ.

7. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “...Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны А/744 дүгээр захирамжаар ...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэг, 40.1.6 дахь хэсэгт...заасныг тус тус  үндэслэн “Роял нью кестл” ХХК-ийн эзэмшиж байсан Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны зориулалттай 4 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.

Манай компани тухайн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 га газарт орон сууцны хотхон барих төслийг хэрэгжүүлээд, хөрөнгө оруулалтыг татан, барилгын зураг төслийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, үйл ажиллагааны шаваа тавьснаар энэ оны 3 дугаар улиралд эхлүүлэхээр төлөвлөсөн байсан юм. Гэтэл, ийнхүү газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосноор урьд хийсэн олон ажлууд зогсож, их хэмжээний хөрөнгө санхүүгийн зардал гаргасан маань үргүй замхарч, хүнд байдалд ороод байна.

Дээрх Нийслэлийн Засаг даргын захирамжид үндэслэсэн хуулийн заалтуудыг судлан үзэхэд, газар эзэмшигчид газрын гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн талаар урьдчилан мэдэгдэх ёстой байхын зэрэгцээ газар эзэмшигч газрын тухай хууль болон газар эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн эсэх, хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөлүүдийг шалгах үүрэгтэй байжээ. Уг хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсны улмаас манай компанийн эрх ашиг шууд хөндөгдөж байх тул хүчингүй болгож өгнө үү.

Тухайн газар 2018 оноос хойш өөр этгээд давхцуулж газар олгосноос үүдэн маргаан үүсэж 3 шатны шүүхээр хянагдсан. Дээд шүүхийн тогтоолоор маргаан бүхий газар нь “Роял Нью кестл” ХХК-ийн эзэмших эрх бүхий газар байна гэдгийг тогтоогоод эцэслэгдэн шийдвэрлэгдсэн боловч маргаж байсан хүмүүсийн бетонон суурьтай хашаа нь үлдчихсэн. Бид газрыг чөлөөлж өгөөч, газраа зориулалтын дагуу ашиглаж, хөрөнгө оруулалт татан барилгын ажлаа эхлэх гэхээр болохгүй байна гэх хүсэлтийг газрын албанд, тухайн иргэдэд удаа дараа тавьсан. Үр дүнд нь бетон сууриа үлдээгээд төмөр хашаагаа аваад явсан. Одоо бетон суурь нь үлдээд зардал мөнгөний асуудал яригддаг. Нөгөө хүмүүс нь сүүлдээ утсаа авахаа болиод алга болсон. Газар бүрэн чөлөөлөгдөөгүй нөхцөл байдалтай байгаа.

Энэ хооронд бид ерөөсөө зүгээр суугаагүй. Гадаадаас хөрөнгө оруулалт авахаар олон удаагийн уулзалт хийж байсан. Үр дүнд нь Бүгд Найрамдах Солонгос улсаас хөрөнгө оруулалт татахаар болоход гол нөхцөл нь газрын асуудал чинь ямар нэгэн эрхийн зөрчилгүй байх ёстой гэсэн шаардлагыг бид нарт тавьж эхэлсэн. Энэ агуулгаар бид газрын алба болон холбогдох хүмүүст удаа дараа хүсэлт тавиад хөрөнгө оруулалт татахаар 3.5 тэрбум хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. Эрх бүхий байгууллагаар тухайн газар дээр барих барилгын зургаа хүртэл хийгээд үйл ажиллагаа явагдаж байсан. Үүнтэй холбоотой баримтаа нотлох баримтаар шүүхэд өгсөн. Мөн газрын алба руу нөхцөл байдлаа тайлбарлан хэлж байсан. Мөн ковидын нөхцөл байдал энэ хугацаанд таарсан. Өөрөөр хэлбэл Засгийн газрын шийдвэрээр 2020 оноос 2022 оны 2 сар хүртэл ковидын нөхцөл байдалтай гэнэтийн болон давагдашгүй нөхцөлийн улмаас барилгын салбар бүхэлдээ зогсонги байдалд орсон. Гэтэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6. “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” үндэслээд “Роял Нью кестл” ХХК-ний газар эзэмших эрхийг хүчингүй болгоод байгааг хуульд нийцэхгүй хэмээн үзэж байна” гэжээ.

8. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан  хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” А/208 дугаар захирамжаар Хан-Уул Дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 55000 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 2 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хугацааг сунгах тухай” А/951 дүгээр захирамжаар 55000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/713 дугаар захирамжаар Газар эзэмших эрхийн талбай хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай захирамжаар 55000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн.

Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай" А/744 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4 дэх хэсэг, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь хэсэгт зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн.

Дээрх захирамжийг Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт "газар төрийн хяналт, хамгаалалтад байх", 4.1.4 дэх хэсэгт "газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх", 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй", Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэлт, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.

Мөн зүйл, хэсэгт заасан "... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно гэж заасны дагуу тухайн иргэн газрыг бодитоор ашиглаагүй байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. “Роял нью кестл” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/744 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “2020, 2021 онуудад цар тахалтай үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан, эзэмшил газар дээр нь зөвшөөрөлгүй хашаа дамнуулан татаж газрыг чөлөөлж өгөхгүй байгаа, мөн хөрөнгө оруулалт татан төвлөрүүлж, барилгын зураг төсөл боловсруулж байсан байхад мэдэгдэх сонсгох ажиллагаа хийлгүйгээр газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэр гаргасан нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргасан.

            2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

            3. Нэхэмжлэгчээс маргаан бүхий газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх шалтгааныг эс зөвшөөрч, дараах байдлаар тайлбарлан холбогдох нотлох баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

3.1 Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимаас 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 02/452 дугаартай “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ”-г , “Роял нью кестл” ХХК -д олгосон байх ба уг гэрчилгээнд “... 2020 оноос 2021 онд ...нийслэл хотыг нийт 9 удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт тус тус шилжүүлж иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарласан байх бөгөөд, үй ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн байгууллагын жагсаалтад “Роял нью кестл” ХХК-ийн үйл ажиллагаа хамаарахгүй байна.

Иймд дээр дурдсан нөхцөл байдал үүсэх болсон шалтгаан нь “Роял нью кестл” ХХК-ийн хүсэл зориг, хяналтаас гадуур, урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Force majeure / мөн болохыг нотолж Force majeure /гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл/ болон Hardship /хүнд нөхцөл байдал/-ыг гэрчлэх журмын 1.2.1.4, 2.4 дэх хэсгийг үндэслэн “Роял нью кестл” ХХК-д энэхүү гэрчилгээг олгож байна” гэжээ.

3.2 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 292 дугаар захирамжийн “Роял нью кестл” ХХК-д холбогдох хэсэг нь нэхэмжлэгч нарын эзэмшлийн газартай давхацсан нь илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг иргэн А.Хашчулуу, Д.Алтанцэцэг нараас 2015 оны 07 дугаар сард гаргасан ба тус маргаан Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 297 дугаар тогтоолоор “нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж” буюу нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр дууссан.    

3.3 Нэхэмжлэгч “Роял нью кестл” ХХК нь иргэн Д.Алтанцэцэг, А.Хашчулуун нараас 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 22/15 тоот, 2022 оны 11 дүгээр  сарын 14-ний өдрийн 22/72 тоот албан бичгээр Улсын дээд шүүхийн 2018 оны 297 дугаар тогтоолыг биелүүлэн, эзэмших эрх бүхий 4 га газар дээрээ тавьсан бетонон суурийг яаралтай буулгаж, газрыг бүрэн чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч өдийг хүртэл тогтоолын биелэлт хангагдаагүй.

3.4 “Ти Эл Прожект” ХХК-тай “Барилгын ажлын зураг төсөл гүйцэтгэх” ЗТГ-2022/1109 дугаартай гэрээг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр,

3.5 Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ги Чон Сог /Ki Cheon  Seok/-тай “Зуучлалын үйлчилгээ үзүүлэх” 2103 дугаартай гэрээг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр,

3.6 “LIN VERMILION” LLC-тай ХӨ-2022/01 дугаартай “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тус тус байгуулсан.

3.7 2020 оноос 2023 хүртэлх хугацаанд газрын төлбөр төлсөн нийт 39 удаагийн төлбөрийн баримтыг гаргаж, шүүхэд ирүүлсэн.

4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 40.1.1 дэх хэсэгт “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;”, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх хэсэгт зааснаар газар ашиглагч “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”-ээр, 35.3.3 дахь хэсэгт зааснаар “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”-өөр тус тус заасан үүргийг газар ашиглагч биелүүлээгүй тохиолдолд газар ашиглах эрхийг цуцлахаар заажээ.

5. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10 дахь хэсэгт “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан

                        5.1. “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний, эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно,

                        5.2.  “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тус тус тайлбарлажээ.

6.  Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтаас үзвэл, захиргааны байгууллагаас хуулийн этгээдэд өмнө нь нэгэнт олгогдсон газар эзэмших эрхийг хүчингүй болгох тохиолдолд газар эзэмшигч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох, энэ нь газар ашиглагчийн үйл ажиллагаанаас шууд хамааралтай болох, түүнчлэн газрыг ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг эргэлзээгүйгээр шалган тогтоосон байх шаардлагатай байна.  

7. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбаруудаас үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээдийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газрын тухай хуульд тогтоомж, газрын гэрээнд заасан үүргээ зөрчсөн гэж үзэхээргүй байжээ.

8.  Тодруулбал хариуцагчаас Газрын тухай хууль тогтоомж, газрын гэрээнд заасан үүргээ удаа дараа зөрчсөн гэх үндэслэлийн тухайд, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр  сарын 17-ны өдрийн А/651 дүгээр захирамжаар “Роял нью кестл” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгаж буй, мөн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/713 дугаар захирамжаар нэгж талбарын дугаарыг өөрчлөн баталгаажуулж, 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдөр гэрээгээ шинэчлэн байгуулж буй шийдвэрүүдээс үзэхэд өмнөх газрын гэрээг дүгнэж, цаашид эзэмшүүлэх боломжтой  гэж үзсэн нь харагдана.

9. Газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд, 2015 оноос 2018 он хүртэл хугацаанд шүүхийн маргаантай буюу дээрх захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн байдалтай байсан ба маргаан шийдвэрлэгдсэн боловч тогтоолын биелэлт хангагдаагүй учир газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдалд байжээ.

10. Мөн тухайн хугацаанд холбогдох байгууллагуудтай гэрээ байгуулан хөрөнгө оруулалт татах, зураг төсөл боловсруулах зэрэг ажлуудыг хийж, газрын төлбөрөө хуулийн хугацаанд нь төлж барагдуулсаар байсан ба 2020-2021 онуудад дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас газар эзэмших гэрээнд заасан үүргээ биелүүлэх боломжгүй байсан нь хэрэгт авагдсан  дээрх баримтуудаар нотлогдож байна.

11. Иймд хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт “хуульд үндэслэх”, 4.2.5 дахь хэсэгт “...бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан  захиргааны үйл ажиллагааны зарчмуудыг, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

12. Мөн хариуцагч захиргааны байгууллага нь газар эзэмшигч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх шийдвэр гаргах тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасны дагуу мэдэгдэх сонсгох ажиллагааг явуулж, хуулийн этгээдэд тайлбар, санал гаргах үүрэгтэй.

13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдлийг “Роял нью кестл” ХХК-д  хүргүүлсэн, мэдэгдлийг хүлээж аваагүй гэх тайлбарыг гаргаж байгаа боловч энэ талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй тул дээр дурдсан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8 дахь хэсэгт “...нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж зааснаар шүүхийг буруутгах үндэслэлгүй.

14. Иймд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол ... шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж зааснаар нэхэмжлэгч “Роял нью кестл” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/744 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шүүх шийдвэрлэлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1 Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Роял нью кестл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/744 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үдээж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай .

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дугаар зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл бичгээр гарсан өдрөөс нь хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Л.ӨЛЗИЙЖАРГАЛ