Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 22

 

Д- У- А- Н- Д- Х-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/1160/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  01 дүгээр сарын 16-ны өдрийн 97 дугаар шийдвэртэй,

            Нэхэмжлэгч Д- У- А- Н- Д- Х-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч “Э- С-” ХХК-д холбогдох

"Нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алданги нийт 21.602.436 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дөлгөөний давж заалдсан гомдлыг үндэслэн

           Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мандахбаяр, прокурор Б.Сүрмандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дөлгөөн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Д- У- А- Н- Д- Х- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мандахбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Э- С-” ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд заасныг зөрчин нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөлгүй 2016 оны 09 дүгээр сараас эхлэн өр үүсгэж 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 14.401.624 төгрөгийн шимтгэлийн өр үүсгэсэн байна.

“Э- С-” ХХК нь нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн өрөө төлөхгүй байгаа нь тухайн байгууллагад ажилладаг даатгуулагчдын тэтгэвэр тэтгэмж авах эрх зөрчигдөж байгаа тул Нийгмийн даатгалын хэлтэс /байцаагч/-ийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлүүлэх талаар удаа дараа шаардлага тавьж, шат дараалсан арга хэмжээнүүдийг авч ажилласан боловч өр авлагыг барагдуулахаар тодорхой арга хэмжээ авахгүй өнөөдрийг хүрлээ. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасны дагуу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэл 14.401.624 төгрөг, үүнд ногдох алданги 7.200.812 төгрөг болж байна.

Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өр бүгд 21.602.436 төгрөгийг “Э- С-” ХХК-иас яаралтай гаргуулж нийгмийн даатгалын сан болон даатгуулагчдыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Э- С-” ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дөлгөөн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д- У- А- Н- Д- Х-ийн нэхэмжлэлтэй “Э- С-” ХХК-д холбогдох Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 14.401.624 төгрөг, түүнд ногдох алданги 7.200.812 төгрөг, нийт 21.602.436 төгрөг гаргуулах гэх шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс дээрх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсгийг үндэслэн дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч Д- У- А- Н- Д- Х-ийн нэхэмжлэлд дурдсан нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 14.401.624 төгрөгийг “Э- С-” ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрч нөхөн төлөхөө илэрхийлж байна. Харин алданги болох 7.200.812 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 97 дугаар шийдвэрээр:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгчийн шаардсан нийгмийн даатгалын шимтгэлийн үндсэн өр 14.401.624 төгрөгийг хариуцагч “Э- С-” ХХК нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар хариуцагч “Э- С-” ХХК-аас алданги 7.200.812 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д- У- А- Н- Д- Х-т олгож,

Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э- С-” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 229.958 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дөлгөөн давж заалдсан гомдолдоо:

            Дархан Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч хариуцагч давж заалдах гомдлыг гаргаж байна.

  1. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй талаар:

Тус иргэний хэргийн нөхцөл байдлын хувьд Хариуцагч “Э- С-” ХХК нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай “Хүүхэд залуучууд соёл, спорт, үйлчилгээний цогцолбор, усан бассейн байгуулах /Архангай/” тухай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан. Уг ажлын хөлсийг “Э- С-” ХХК нь авч чадахгүй байх бөгөөд үүнээс шалтгаалан манай компани нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болж гэрээгээр тохирсон үнэ хөлсийг авч чадаагүйгээс компанид эдийн засгийн ярвигтай байдал үүсэж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй болоод удаан хугацаа өнгөрөөд байна. Энэ талаар албан бичиг явуулж байсан. Мөн энэ байдлыг шүүхэд учирлан тайлбарласан боловч шүүх хүндэтгэн үзэх шалтгаан гэж авч үзэлгүй хэт нэг талыг баримтлан алдангийг хасалгүй хэргийг шийдвэрлэсэн хариуцагчийн зүгээс гомдолтой байна.

  1. Шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлага хангаагүй талаар:

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт шүүх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна. Дээрх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт үндэслэсэн хуулийн гол үзэл санаа нь нэхэмжлэлтэй холбоотой ямар нэгэн маргаан байхгүй бол шүүх нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж болох тухай хуулийн зохицуулалт юм. Гэвч хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас 7.200.812 төгрөгийг буюу алдангийг хүлээн зөвшөөрөөгүй байхад шүүх хууль ёсны шаардлага хангаагүй шийдвэр гаргасан байна.

Иймд Дархан Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй үлдээв.

            Нэхэмжлэгч Д- У- А- Н- Д- Х-ээс хариуцагч  “Э- С-” ХХК-д холбогдуулан Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 14.401.624 төгрөг,  алданги 7.200.812  төгрөг нийт  21.602.436  төгрөг  гаргуулахаар нэхэмжилжээ.

            Хариуцагч “Э- С-” ХХК “...шимтгэлийн өр болох 14.401.624 төгрөгийг   хүлээн зөвшөөрч нөхөн төлөхөө илэрхийлж  байна. Харин алданги болох 7.200.812  төгрөгийг хүлээн  зөвшөөрөхгүй ...”  гэжээ.

            Нийгмийн даатгал нь иргэн болон төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь, тэрчлэн  даатгуулагч нас барахад түүний асрамжид байсан хүмүүст хууль тогтоомжид заасан  тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулга бүхий нийгэм, эдийн засгийн  арга хэмжээ  мөн. 

Ажил олгогчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл нь нийгмийн даатгалын сангийн орлогын  эх үүсвэрийн  бүрдэл  болдог  байна.

  “Э- С-” ХХК нь нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын  шимтгэлийг төлөлгүй 2016 оны  09 дүгээр сараас эхлэн өр үүсгэсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард  төлбөл зохих  нийгмийн даатгалын  шимтгэлийг  нийгмийн даатгалын  төрөл бүрээр энэ хуулийн  15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан  хувь хэмжээгээр сар бүр тооцож,  тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэснийг  зөрчиж 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 14.401.624 төгрөгийг  төлөөгүй байна. Энэ талаар  зохигч талууд маргаагүй болно.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын  алданги гаргуулах хэсгийг эс зөвшөөрч  Соёл, спорт, аялал жуулчлалын яам “Э- С-” ХХК-ийн  хооронд ажил гүйцэтгэх   гэрээг  2013 онд  байгуулж  2017, 2018, 2019  онуудад сунгасан  гэрээнүүдийг \хэргийн 49, 51, 52, 53  дугаар тал\ Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны 11\10103 тоот албан бичиг \хэргийн 54 дүгээр тал\ -ийг  нотлох баримтаар ирүүлсэн байна.

Энэхүү нотлох баримтууд нь хариуцагчид хуулиар оногдуулсан нийгмийн  даатгалын шимтгэлийг хугацаандаа төлөөгүйн хариуцлага болох алдангийг төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

Талуудын хооронд  үүссэн маргааны эрх зүйн харилцаа нь Нийгмийн даатгалын тухай  хуулиар зохицуулагдсан бөгөөд маргааны зүйл нь уг хуулиар оногдуулсан алдангийн  талаар байх тул алдангийг оногдуулахдаа хууль зөрчсөн эсэх талаар  мэтгэлцэх  боломжтой.

Гэтэл хариуцагч “Э- С-” ХХК нь Ажил гүйцэтгэх гэрээний захиалагч тал  мөнгө төлөх үүргээ биелүүлээгүйг нэхэмжлэлд дурдсан үйл явдалтай хамааруулж  байгааг хүлээн авах  боломжгүй  болно.

Иймд  хариуцагчийн “...алдангийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэсэн үндэслэлээр  гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг  хэрэгсэхгүй болгож, харин  нэхэмжлэлийн  шаардлагын зарим хэсгийг хангахдаа хууль  буруу хэрэглэсэн гэсэн гомдлыг хүлээн авч, уг алдааг засаж, шүүхийн шийдвэрт  дараах өөрчлөлт оруулах  боломжтой  гэж  дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 97 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэгийн  1 болон  2 дахь  заалтыг,

“Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 17 дугаар зүйлийн  17.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасныг баримтлан  “ЭБО  сервис” ХХК-иас  нийгмийн даатгалын шимтгэлийн өр 14.401.624 төгрөг, алданги 7.200.812 төгрөг  нийт  21.602.436  төгрөгийг гаргуулж, Д- У- А- Н- Д- Х-т олгосугай” гэж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр гэхдээ 3, 4 дугаарыг 2,3 гэж  дугаарлаж  өөрчлөлт  оруулсугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн  59.3-т заасныг баримтлан  хариуцагчаас гомдол гаргахдаа төлсөн 130.164 төгрөгийг төрийн  сангийн  орлогоос шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                                     

 

                    ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

                              АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

                                           ГҮЙЦЭТГЭГЧ  ШҮҮГЧ                            О.НАРАНГЭРЭЛ

                                                               ШҮҮГЧИД                            Л.АМАРСАНАА

                                                                                                            С.ЭНХЖАРГАЛ