Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2023/0934

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э ХХК 

Хариуцагч: Х яам 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нарын хоорондын “Х яамны 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн хххх тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, Э ХХК-ийн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Э ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагаа “Хууль зүй, дотоод хэргийн яамны 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн хххх тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, Э ХХК-ийн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Х яаманд даалгах” гэж тодорхойлжээ.

2.Нэхэмжлэгч Э ХХК нь төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүсэлт гаргаж, 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн хххх дугаартай албан бичгээр “хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй тул буцаан хүргүүлж байна” гэх хариуг авч, шүүхэд 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргажээ.

            3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Э ХХК нь 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүсэлт гаргаж, хүсэлтдээ Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт заасны дагуу төлбөрт таавар, бооцоот тоглоом эрхлэх тусгай зөвшөөрлийг олгож өгнө үү гэх агуулгаар холбогдох баримтын хамт гаргасан. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2023.06.06-ны өдөр хххх тоот албан бичгээр хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр буцаасан. Зөвшөөрлийн тухай хууль, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2; Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2; Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т тус тус төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхэлж олсон орлогоос татвар авахаар хуульчилж, энэхүү орлого нь хууль ёсны байхаар хуульчилсан байна. Ийм учраас хүсэлтийг шийдвэрлэхгүй буцааж байгаа нь өөрөө Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна гэж үзэж байна. Энэ хүсэлтийг ямар нэгэн байдлаар шийдвэрлэх нь хууль бус байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

          Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д зааснаар захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх зарчмыг баримтлах ёстой. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд өргөдөл гомдолд үндэслэл бүхий хариу өгөхийг заасан. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд өргөдөл гомдлыг буцаахыг хуульчилсан. Энэ үндэслэл тогтоогдохгүй байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

          4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус компаниас Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүсэлт гаргах тухай 2023.05.26-ны өдрийн хххх дугаартай албан бичгийг ирүүлсэн байдаг. Тус компаниас ирүүлсэн хүсэлтийг хүлээж авч танилцаад төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг олгохгүй тухай Хариу хүргүүлэх тухай 2023.06.06-ны хххх дугаар албан бичгийг хүргүүлсэн. Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т тус тус заасныг үндэслэж гаргасан. Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах журмыг нарийвчлан зохицуулах шаардлагатай байгаа тул албан бичигтээ энэ тухайгаа тодорхой дурдаж хүргүүлсэн байдаг.

          Зөвшөөрлийн тухай хуулиар үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй болон орчиндоо аюултай зарим төрлийн үйл ажиллагааг эрхлэх, байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглахад эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тэдгээрийн бүртгэл, хяналт, түүнчлэн зөвшөөрлийн ангилал, жагсаалтыг тогтоохтой холбогдох нийтлэг харилцааг зохицуулах бөгөөд Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэхийг заасан. Энэ хүрээнд тухайн байгууллагаас ирсэн албан бичгийг хүлээж аваад холбогдох шаардлагыг дурдаад хүсэлтэд хариу өгсөн.

          Монгол Улсын Засгийн газар болон Хууль зүй дотоод хэргийн сайд эрхлэх асуудлын хүрээнд хууль тогтоомж, бодлого шийдвэрийг төслийг боловсруулах, хууль зүйн салбарын стратеги бодлого, төлөвлөлтийг оновчтой тодорхойлох бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, дотоод аудит хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дүгнэлт гаргах, асуудал эрхэлсэн хамтарсан үйл ажиллагаанд зохион байгуулалт хийх түүний үндсэн чиг үүргийг тодорхойлох байгууллага учраас энэ үүргийнхээ хүрээнд төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход нарийвчилсан зохицуулалт шаардлага байгааг дурдахад хуулийн төслийг өргөн барьсан байгаагаа хариу бичигтээ дурдсан. Энэ чиг үүргийнхээ хүрээнд хуулийн төслийг боловсруулах зайлшгүй шаардлага гарсан. Хуулийн үзэл баримтлал бүх нийтэд нээлттэй. Манай сайт дээр ч байгаа. Төлбөрт таавар, бооцоот тоглоомын тухай хуулийн үзэл баримтлал гээд гарч ирнэ. Сүүлийн үед цахим орчинд бооцоот тоглоом, бусад бооцоот спорт тоглоом их дэлгэрсэн. Хохирогчид их гарч байгаа. Нарийвчлан зохицуулах шаардлага байгаа үүднээс тус яамнаас Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийг олгох нь Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хамаарна. Энэ газраас 2016 оноос хойш энэ төрлийн тусгай зөвшөөрлийг олгоогүй. Гол шалтгаан нь энэ төрлийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах, үүнтэй холбоотойгоор гарч байгаа гэмт хэрэг, хохирол зэргийг тооцоод, зайлшгүй шаардлага байгаа учраас дээрх хариуг өгсөн. Иймд хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс нэхэмжлэгч Э ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.  

2.Нэхэмжлэгч Э ХХК нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд “төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэж” 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хххх тоотоор хандсан, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн хххх дугаартай албан бичгээр “Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх” гэдэгт ямар төрөл, ангиллын үйл ажиллагаа хамаарах, бусад ижил төрлөөс ялгагдах онцлог, энэхүү үйл ажиллагааг эрхлэн явуулах журам зэргийг нарийвчлан зохицуулах шаардлагатай байгаа бөгөөд тус яамнаас энэхүү зохицуулалтыг тусган, Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны тухай хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна. Иймд дээр дурдсан төслийг хэлэлцэн, нэг мөр шийдвэрлэх хүртэл Таны хүсэлтийг буцаан хүргүүлж байна” гэх хариуг өгчээ.

3.Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулахаас гадна энэ харилцаанд хамаарах хууль тогтоомжууд байна. Тухайлбал:

3.1 Зөвшөөрлийн тухай хуулиар нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй, тодорхой нөхцөл, нарийн мэргэжил шаардах аж ахуйн зарим үйл ажиллагааг эрхлэхэд тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй - болгохтой холбоотой харилцааг зохицуулах бөгөөд "төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа"-г тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээр, энэ төрлийн тусгай зөвшөөрөл нь хууль зүйн чиглэлд хамаарахаар уг хуулийн 15 дугаар зүйлийн 15.5.8-д, энэ чиглэлийн тусгай зөвшөөрлийг холбогдох төрийн захиргааны холбогдох төв байгууллага буюу Хууль зүй, дотоод хэргийн яам олгохоор 7 дугаар зүйлийн 7.1- д заажээ.

3.2 Мөн тусгай зөвшөөрлийг олгохдоо үйл ажиллагааны төрөл, хугацаа, үйлчлэх хүрээ, тусгай зөвшөөрлөөр эрхлэх аж ахуйн үйл ажиллагаанд тавигдах нөхцөл шаардлагыг заахаар мөн хуулийн 4 дүгээр зүйлд, тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелүүлж байгаад хяналт тавьж, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэхээр 10, 13, 14 дүгээр зүйлүүдэд зохицуулсан байна.

3.3 Түүнчлэн Иргэний хуулийн 486 дугаар зүйлийн 486.3-т хонжворт сугалаа, түүнтэй төсөөтэй бусад тоглоом нь эдгээрийг төрөөс зөвшөөрсөн тохиолдолд л шаардах эрхийг бий болгохоор, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход улсын тэмдэгтийн хураамж хураахаар, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны үйл ажиллагаанаас олсон орлого нь үйл ажиллагааны орлогод хамаарч аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдохоор, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны хонжворын орлого нь хувь хүний орлогын албан татвар ногдох бусад орлогод хамаарахаар, Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа тусгай зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн биет нэгж, тус үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд онцгой албан татвар ногдуулахаар тус тус заажээ.

3.4 Ийнхүү Зөвшөөрлийн тухай хуулиар энэ төрлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг Хууль зүй, дотоод хэргийн яам олгохоор, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлж болохыг зохицуулснаас гадна дээрх бусад хуулиудаар энэ төрлийн харилцааг хууль тогтоомжийн хүрээнд эрхэлж олсон орлого нь хуулиар зөвшөөрөгдсөн орлого байхаар зохицуулалтууд байх тул Хууль зүй, дотоод хэргийн яам нь төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх гэдэгт ямар төрөл, ангиллын үйл ажиллагаа хамаарах, бусад ижил төрлөөс ялгагдах онцлог, энэхүү үйл ажиллагааг эрхлэн явуулах журам зэргийг нарийвчлан зохицуулах шаардлагатай, тус яамнаас энэхүү зохицуулалтыг тусган Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны тухай хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн, уг төслийг хэлэлцэн, нэг мөр шийдвэрлэх хүртэл тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзан буцааж байгаа нь үндэслэлгүй байна.

4.Иймд хууль тогтоомжийн зохицуулалт шаардлагатай гэж үзэн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, хүсэлтийг буцааж шийдвэрлэсэн үндэслэл няцаагдаж байх бөгөөд хуульд нийцээгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.7, 106.3.12 дахь заалтад заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зөвшөөрлийн тухай хуулийн  5.2 дугаар зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн  11.4 дэх заалтыг тус тус баримтлан Э ХХК-аас Х яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн хххх тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, Э ХХК-ийн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Х  яаманд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х  яамнаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                Д.ЧАНЦАЛНЯМ