Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 24

 

О.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/01108/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  01 дүгээр сарын 15-ны өдрийн 88 дугаар шийдвэртэй,

            Нэхэмжлэгч О.Д-гийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч “Д- З- Б-” ХК-д холбогдох     

"Ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дагиймаагийн давж заалдсан гомдлыг үндэслэн

           Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Д-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дагиймаа, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч О.Д-  шүүхэд гаргасан нэхэмжлэл  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс Дархан Зочид буудлын ерөнхий менежерээр ажилд ороод 2018 оны 11 дүгээр сарын 01-ээс тус буудлын гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байтал 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ямар нэгэн үндэслэлгүйгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үед ажлаас халсан учир гомдолтой байна.

 “Д- З- Б-” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 02 тоот тогтоолыг хүчингүй болгож ажилд эргүүлэн тогтоож,

ажилгүй байсан хугацаа буюу 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны цалинг “Д- З- Б-” ХК-иас гаргуулж, нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Д- З- Б-” ХК шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.Д- Дархан зочид буудлын гүйцэтгэх захирлаар нэг жилийн хугацаанд ажиллаж байхдаа дараах зөрчлүүдийн улмаас ажлаас халагдсан.

Гол шалтгаан нь: Санхүүгийн зөрчил болон ёс суртахууны удаа дараагийн зөрчил гаргаж ажлаас халагдсан.

Ёс суртахууны хувьд “Д- З- Б-” ХК-ийн ТУЗ-ийн дарга болон ажилчдаас авсан саналаар ТУЗ-тэй байгуулсан гэрээний 3.1.2-т үйлчлүүлэгч болон ажилчидтай зөв боловсон харьцах гэсэн үүргээ удаа дараа зөрчин ажилчидтай байнга ёс суртахуунгүй харьцдаг, хамт олныг нэгтгэн багаар ажиллах үүргээ нэг жилийн хугацаанд биелүүлээгүй. Дархан зочид буудлын бүх ажилчдаас буюу 21 хүнээс авсан санал асуулгын дүнгээр 70 хувь нь удирдлагатайгаа хамт ажиллахад хүндрэлтэй, 66 хувь нь харилцааны соёлгүй гэж хариулсан. Энэхүү асуудлаар удаа дараа ТУЗ-ийн дарга сануулга даалгавар бичгээр болон утсаар өгч байсан.

 Мөн удирдах төвшний ажилтнууд гүйцэтгэх захиралтайгаа хамт ажиллах боломжгүй тул өөрсдөө ажлаас халагдах хүсэлтийг ТУЗ-ийн даргад хүргүүлж байсан. Зочид буудал ресторанаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчидтэй харилцааны соёлгүй харьцсан гэсэн гомдлууд ТУЗ-ийн дарга болон ТУЗ-ийн гишүүдэд ирж байсан. Санхүүгийн зөрчил ТУЗ-ийн гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээний 3.3-т заасан үүргээ удаа дараа зөрчсөн.

Үүнд: О.Д- нь өөрийн нэр дээр хувийн данс нээж “Д- З- Б-” ХК-ийн орлогыг өөрийн дансанд байршуулж, орлого зарлагын гүйлгээг дур мэдэн хийж байсан. Компанийн ТУЗ-ийн дарга санхүүгийн алба, нягтлан бодогч, кассын нярвын зөвшөөрөлгүйгээр орлого зарлагын гүйлгээ хийж дур мэдэн худалдан авалт хийдэг байсан нь санхүүгийн баримтууд болон дансны хуулгуудаар тогтоогдсон. Мөн О.Д- нь ээлжийн амралтын тушаалгүйгээр, өөрөөр хэлбэл ТУЗ-ийн зөвшөөрөлгүйгээр, дур мэдэн амарсан.

Үүнд: ээлжийн амралттай байх хугацаандаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан гэх боловч тухайн үед бичгээр баримт ирүүлээгүй гэсэн дээрх зөрчлийн улмаас ажлаас халагдсан байгаа. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 88 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.Д-г “Д- З- Б-” ХК-ний гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч “Д- З- Б-” ХК-иас ажилгүй байсан хугацааны цалин 4.421.085 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Д-д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан 2019 оны 09 дүгээр сарын 30-аас 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны цалингийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “Д- З- Б-” ХК-нд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дагиймаа давж заалдсан гомдолдоо:

Тус шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Үүнд: О.Д- нь тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа ёс суртахууны болон санхүүгийн зөрчил удаа дараа гаргаж, ТУЗ-ийн гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээ, Хөдөлмөрийн гэрээ, Компанийн хөдөлмөрийн дотоод журмыг тус тус зөрчсөний улмаас ажлаас халагдсан бөгөөд дээрх зөрчлүүд нь санхүүгийн баримт болон дансны хуулгуудаар нотлогддог.

1. О.Д- нь ээлжийн амралт авах тухай хүсэлтээ ТУЗ-ийн даргад ирүүлээгүй. мэдэгдээгүй өөрөө өөртөө тушаал гаргаж ээлжийн амралтын олговроо шилжүүлэн авсан байдаг. Ээлжийн амралттай байсан хугацаандаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан гэж лист авчирч өвчтэй байсан хугацааны олговроо нийгмийн даатгалын сангаас авсан байдаг.

2. О.Д- нь байгууллагын орлого зарлагын гүйлгээг өөрийн нэр дээр хувь данс нээн нягтлан бодогч, тооцооны нярав, ТУЗ-ийн зөвшөөрөлгүй, баримтгүйгээр худалдан авалт хийж. бэлтгэн нийлүүлэгчтэй үгсэн хуйвалдаж, барааны үнийг дундаас нь нэмж ашиг унаган албан тушаалаа урвуулан ашиглаж мөнгө завшсан ноцтой зөрчил гаргасан нь санхүүгийн баримтуудаар тогтоогдсон. Түр томилох тухай тогтоолоор Отгон овогтой Д-г үүрэгт ажлаас нь чөлөөлж. Компанийн гүйцэтгэх захирлаар Лхагважав овогтой Ариунзаяаг түр орлон гүйцэтгэгчээр 2019.10.01 -ны өдрөөс эхлэн томилсон тогтоолуудыг хүргүүлэн Отгон овогтой Д-д гардуулан өгч гарын үсэг зуруулсан байдаг.

3. Гэтэл анхан шатны шүүх тус тогтоолуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. ТУЗ-ийн дарга ТУЗ-ийн гишүүдэд санал хүргүүлэн гишүүд саналын хуудсаар саналаа өгсөн бөгөөд ТУЗ-ийн дарга гишүүдийн саналын хуудасны дүнг үндэслэн ажлаас халах №01 тоот тогтоол дээр гарын үсэг зурсан бөгөөд ТУЗ-ийн №02 тоот тогтоолоор гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчийг томилсон тухай тогтоолууд гарсныг хоёр тогтоолоор ажлаас халсан гэсэн үндэслэлээр О.Д-г ажилд нь эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг олгох тухай шүүхийн шийдвэр гаргасан нь хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан мөн ажлаас халах тухай тогтоол хир үндэслэлтэй байна гэдгийг нотлох баримттай хамтатган шинжлэн судлахгүйгээр зөвхөн ТУЗ-ийн тогтоолын дугаар буюу №01тоот, №02 тоот хоёр тогтоол гарснаар ажлаас хоёр тогтоолоор халсан гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

“Хариуцагч нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө” гэж заасны дагуу тухайн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгснийг шүүгч нотлох баримтаар үнэлээгүй нь хэт нэг талыг барьсан өрөөсгөл шийдвэр гаргасан нь хэргийн бусад оролцогчдын эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.    

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх  хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд хөдөлмөрийн  эрх зүйн харилцаанаас үүссэн  маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох  зохицуулалтын дагуу  хянан шийдвэрлэсэн байна.

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийг зөрчөөгүй  учир хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй  орхив.

            Нэхэмжлэгч  О.Д- “Ажилд эгүүлэн  тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг хариуцагч “Д- З- Б-” ХК-д холбогдуулан  гаргасныг, хариуцагч эс зөршөөрчээ.

            “Д- З- Б-” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Д-г  ажлаас чөлөөлсөн “Д- З- Б-” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн  01 тоот тогтоолд  Монгол улсын компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8 Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.4, 40.1.5 дах хэсгийг мөн өдрийн  02 тоот тогтоолд Монгол улсын компанийн тухай хуулийн  76 дугаар  зүйлийн 76.1.8 дах заалт,  2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн  ТУЗ-ийн гишүүдийн эчнээ санал хураалтын дүнг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

            “Д- З- Б-” ХК \ажил олгогч\ О.Д- \ажилтан\ нарын хооронд  2018 он 10 дугаар сарын  31-нд хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. \хэргийн  66 дугаар тал\.

Уг гэрээгээр ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан сахилгын зөрчил гаргавал  ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тохиролцсон нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцжээ.

            О.Д-г гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн тогтоолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 д заасныг баримталсан нь түүнийг сахилгын зөрчил болон эд хөрөнгө хариуцсан ажилтны хувьд ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл эс үйлдэл гаргасан гэж үзэхээр байна.

Энэ тохиолдолд ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл болсон үйл баримт  буюу сахилгын зөрчил, итгэл алдсан үйлдэл эс үйлдлийг тогтоосон байх шаардлагатай.

Ийнхүү тогтоосон ажилтны гэм буруутай үйлдэл эс үйлдэл нь гэрээний нэг тал болох ажил олгогчид гэрээ буюу хуульд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах шалтгаан болох юм.

Ажилтан ажлаас халсан ажил олгогчийн шийдвэрийн талаар гомдол гаргасан тохиолдолд ажил олгогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууьд заасны дагуу өөрийн татгалзлыг өөрөөр хэлбэл тогтоол шийдвэрийнхээ бодит болон хууль зүйн үндэслэлийг шүүхэд нотлох үүрэгтэй.

Тухайлбал ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ямар зөрчлийг хэзээ хэрхэн гаргасныг шалган тогтоосон, эд хөрөнгө хариуцсан этгээдийн хувьд түүний мэдэлд олгосон эд хөрөнгөтэй холбоотой ажил олгогчийн итгэл алдсан ямар буруутай үйлдэл хэзээ хийсэн нь хэрхэн яаж тогтоогдсон гэх зэрэг үйл баримтыг хөдөлмөрийн гэрээг цуцлахаас өмнө шалгаж тогтоосон байх бөгөөд шүүхэд маргаан үүссэн тохиолдолд түүнийгээ шүүхэд ирүүлж татгалзлаа нотлох ёстой.

Хэрэгт ийм баримтуудыг гаргаж өгөөгүй байхаас гадна 2019 оны 12 сарын 20 ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талын өмгөөлөгч  нь шүүхэд шинээр нотлох баримт бүрдүүлүүлэх хүсэлт тавьж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтдээ “...гүйцэтгэх захирал байгууллагын эд хөрөнгө болон санхүү хариуцсан албан тушаалтан санхүүгийн зөрчил гаргасан байж болзошгүй байна энэ нь ажлаас чөлөөлөх зарим хуулийн үндэслэл болох магадлалтай... хүсэлттэй холбоотойгоор нотлох баримт гаргуулж гэдэг нь 1 дүгээрт эмнэлэгт хэвтсэн нь эргэлзээтэй гээд байгаа, өөрөө гэртээ засвар хийж байсан гэдэг ... 2 дугаарт  гүйцэтгэх захирал мөнгө санхүү эд хөрөнгө захиран зарцуулах эрхтэй субъект байдаг, тэгээд эрх бүхий энэ субъект  өөрийнхөө эрх мэдлийг хэтрүүлээд  байгууллагын эд хөрөнгө мөнгө санхүүг хууль бусаар зарцуулсан ийм нөхцөл байдлууд яригддаг. Энэ тохиолдолд ажлаас халах Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалт яригддаг тийм нөхцөл байдал байна уу үгүй юу гэдгийг нотлох баримтыг авч байж үнэлэлт дүгнэлт хийж мэтгэлцэх боломжгүй тийм учраас хүсэлтийг хангаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж шийдвэрлүүлж байжээ.

Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай тогтоолд ажилтны, гаргасан сахилгын болон санхүүгийн зөрчлийн талаар тодорхой дурьдаагүй тул хэрэгт баримтаар гаргаж өгсөн болон шүүхээр бүрдүүлүүлсэн нотлох баримтуудыг маргааны зүйлд хамааралтай, ач холбогдолтой талаас нь дүгнэх хууль зүйн боломжгүй байна.

Мөн ажилтныг ажлаас халсан тогтоолын ажлаас халах шалтгааны 1.1, 1.3, 1.4 зэрэгт заасан нь ажилтантай байгуулсан контрактын эсхүл үр дүнгийн гэрээг дүгнэхтэй холбоотой контрактын гэрээг цуцлахад ач холбогдолтой үндэслэлүүд байх тул тухайн шүүхээр хэлэлцэж байгаа маргааны зүйлд  ач холбогдолгүй байна.

Үүнээс үзэхэд ажил олгогчийн гаргасан тогтоолыг үндэслэл бүхий байна гэж үзэх боломжгүй юм. 

Компанийн  тухай хуулиар гүйцэтгэх захирлын албан тушаал нь компаний зохион байгуулалтын бүтцэд орж улсын бүртгэлийн газарт бүртгэгддэг албан тушаалтан юм.

Дээрх албан тушаалтныг ажиллуулахдаа ямар гэрээ байгуулж ажиллахыг зарчмын хувьд компани дүрмээрээ зохицуулах боломжтой. Тухайн компанийн дүрмийн 7.28.8-д ТУЗ-ийн эрх хэмжээнд” компанийн гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээний нөхцөл, олгох шагнал, урамшуулал хариуцлагын хэмжээг  тогтоох” гэж заасан боловч түүнтэй ямар төрлийн гэрээ байгуулах талаар тодорхойлоогүй байна.

Компанийн тухай хуулийн  83 дугаар зүйлийн 83.6 болон 83.7 дахь хэсэгт зааснаас үзэхэд компаний төлөөлөн удирдах зөвлөл нь гүйцэтгэх захирлаар ажиллах хүнтэй хөлсөөр ажиллах гэрээ 84 дүгээр зүйлийн 84.1, 84.5 -д зааснаас үзэхэд хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулж болохоор байна.

Хэрэгт авагдсан төлөөлөн удирдах зөвлөлийн гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээ түүний зорилгыг авч үзвэл контрактын гэрээний агуулгатай байх бөгөөд уг гэрээнд  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7-д заасан контракт цуцлах үндэслэлүүдийн талаар тодорхой тохиролцжээ.

Хариуцагч тал шүүхэд гүйцэтгэх захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ирүүлсэн бөгөөд талууд хөдөлмөрийн гэрээг байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хууль болон Компанийн тухай хуулийг зөрчөөгүй, Иргэний хуулийн гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцэж байна. Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан цуцалсан нь шүүхэд маргааны  зүйл болсон тул уг гэрээнд заасан үндэслэлийн талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр  зөв байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 88 дугаар шийдвэрийг  хэвээр үлдээж,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн  162.4-т заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 155.887 төгрөг төлснийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                                     

 

                    ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

                              АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

                                           ГҮЙЦЭТГЭГЧ  ШҮҮГЧ                            О.НАРАНГЭРЭЛ

                                                               ШҮҮГЧИД                            Л.АМАРСАНАА

                                                                                                            С.ЭНХЖАРГАЛ