Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 139

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэргийн индекс: 180/2017/0146/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                            Н.Э

Улсын яллагч                                       Т.Б

Шүүгдэгч                                               С.О нарыг оролцуулан

    

          Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх                                           хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жамба овогт Сугарсүрэнгийн Од холбогдох 1739001690044 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Сүхбаатар аймгийн Уулбаян суманд 1993 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, ах, эгч, дүү нарын хамт Хэнтий аймгийн Норовлин сумын Ангирт гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Жамба овогт Сугарсүрэнгийн О /РД: /

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.О нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны орой 17 цагийн үед Хэнтий аймгийн Батноров сумын 6 дугаар баг Бурант гэх газар Алтанзагас гэх айлын гадна Б.Нтой маргалдаж улмаар толгойн ар дагзны хэсэгт дурангаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.О нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны орой 17 цагийн үед Хэнтий аймгийн Батноров сумын 6 дугаар баг Бурант гэх газар Б.Нтой маргалдаж, толгойн ар дагзны хэсэгт дурангаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Нын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр манай найз Отгонбаяр, О хоёр мотоцикльтой ирсэн. Отгонбар О  хоерын найз нь Батноров суманд байдаг юм. Батноров сум руу миний машинтай О, Отгонбаяр, Хувьзаяа, Баярбаатар нар цуг явсан. Батноров суманд 16 цаг өнгөрч байхад очсон. Батноров сумын төв орж дэлгүүрээс хоёр шил архи худалдаж авсан....... Архи ууж байхдаа Норовлин сумын 2017 оны улсын баяр наадмын морины уралдааны талаар ярилцсан. Би энэ зун ухаа зүсмийн хязаалан насны үрээ Норовлин сумынхаа наадамд уралдуулж 13-т орсон гэж ярьсан юм. Тэгсэн чинь О намайг худлаа ярилаа гэж хэлсэн тэгээд машинд барьцалдаж авсан Баярбаатар, Хувьзаяа нар бид хоёрыг салгасан тэгээд машинаас буусан чинь миний араас толгойны дагз хэсэгт О нэг удаа цохьсон миний толгойгоос цус гарсан Батноров сумын эмнэлэгт очиж 4 оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 14-15 хуудас/

Гэрч Г.Хувьзаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ......”Архи уугаад сууж байхад Чой, Н хоёр хоорондоо маргалдаж байгаад машинаас буусан би машин дотроо үлдсэн. Би удалгүй машинаас буухад Чой Нын толгойг цохьсон гэж байсан. Нын толгойноос цус гараад байсан. Тэгээд Батноров сумын эмнэлэг орсон......” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 17 хуудас/

 

Гэрч Х.Баярбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: .....”Чой, Отгоо, Н, Хувьзаяа нар Тайга нэртэй 0.75 граммтай архиа машин дотор сууж байгаад хувааж уусан би бол архи уугаагүй. Н Чой хоёр архи ууж байхдаа маргалдсан тэгээд барьцалдаж авсан бид нар салгасан тэгээд машинаас буусан. Маншинд Хувьзаяа үлдсэн бусад нь буусан тэгтэл Чой бүсэндээ зүүсэн дурангаа гэрнээс нь гаргаж ирээд Нын толгой хэсэгт цохьсон. Нын толгойноос цус гараад байсан..” гэсэн мэдүүлэн /ХХ-18 хуудас/

 

Гэрч Т.Отгонбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ......”О өөрийнхөө бүсэнд байсан дуранг гэрнээс нь гаргаж ирээд Нын толгойн ар хэсэгт нэг удаа цохьсон. Нын толгойноос цус гарсан.....” гэсэн мэдүүлэг /ХХ-19 хуудас/

2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №107 дугаартай шүүх эмнэлгийн гаргасан шинжээчийн дүгнэлт. /ХХ-ийн 22 хуудас/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд..... /ХХ-ийн 7, 12 хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол...../ХХ-ийн 10 хуудас/

Сэжигтэн С.Огийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...“....Мориноос болж Н бид хоёр машин дотор хоорондоо маргалдсан. Тэгээд машинаас Отгонбаяр, Баярбаатар, Н бид дөрөв буусан. Хувьзаяа машин дотор суугаад үлдсэн. Н бид хоёр хэрэлдээд хоёр биенээ түлхсэн. Тэгтэл Баярбаатар, Отгонбаяр хоёр салгасан. Би Ныг цаашаа хараад явж байхад нь араас нь толгойд нь нэг удаа цохьсон. Нын толгойноос цус гарч байсан. Тэгээд Батноров сумын эмнэлэг рүү Баярбаатар, Хувьзаяа хоёр Ныг авч явсан ...“ гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 27 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.Огийн Б.Нын толгойн ар дагз хэсэгт цохиж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Шүүгдэгч энэ гэмт хэргийг шууд санаатай үйлджээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Нын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

Харин гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан дуранг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 

   ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Жамба овогт Сугарсүрэнгийн Ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ог 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар торгох ялыг 1 сарын хугацаанд төлж дуусгахыг шүүгдэгч С.Од даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 2 нүдний дуранг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч С.Од буцаан олгосугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Од авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                 Д.ГАНЗОРИГ