Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/836

 

 

 

 

 

 

    2021            9             21                                        2021/ДШМ/836

 

А.Нд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ганчимэг,

шүүгдэгч А.Нн өмгөөлөгч Ц.Мандал,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/887 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Ганчимэгийн бичсэн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 43 дугаартай прокурорын эсэргүүцэлд үндэслэн шүүгдэгч А.Нд холбогдох 2006 00000 2548 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.

Цоохор Адуут овгийн Аын Н, 2003 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, дүүгийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

А.Н нь 2020 оны 9 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 13 дугаар гудамжны 261 тоотод оршин суух иргэн П.Ягийн эзэмшлийн “Баян-Улаан” нэртэй хүнсний дэлгүүрийн хаалгыг хадаасны лоомоор хөшиж онгойлгон хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, нэвтэрч хиам, кимчи, тамхи, бэлэн гоймон зэрэг эд зүйлс хулгайлахыг завдсан,

мөн 2020 оны 9 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 13 дугаар гудамжны 261 тоотод оршин суух иргэн П.Ягийн эзэмшлийн “Баян-Улаан” нэртэй хүнсний дэлгүүрийн хаалгыг хадаасны лоомоор хөшиж онгойлгон хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, нэвтэрч хиам, кимчи, тамхи, бэлэн гоймон зэрэг эд зүйлс хулгайлахыг завдаж байсан гэмт үйлдлийг таслан зогсоох явцад хохирогч Л.Нгийн зүүн гарын тохой, зүүн гарын сарвуу дээрээс хазаж, мөн А.Нн хөлөөс чирэгдэж гарахдаа хаалганы төмөрт зүүн хөлийн гуяны гадна хэсэгт зүсүүлсний улмаас түүний биед бугалга, нуруунд зулгаралт, духанд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газар: А.Нн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Цоохор Адуут овогт Аын Нг хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах, хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах завдах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч А.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан, шүүгдэгч А.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, хорих ялын төрөл, хэмжээг 1 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар тогтоож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг үндэслэн, шүүгдэгч А.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасныг үндэслэн, шүүгдэгч А.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг өршөөн хасаж, хорих ялыг эдэлсэн тооцож, шүүгдэгч А.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 282.000 төгрөг нөхөн төлсөн, хохирог П.Я, Л.Н нар нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэг битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн лоом нэг ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор Н.Ганчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.12-т “...шүүгдэгчийн энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулна” гэж зохицуулсан байна. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч А.Нн үйлдсэн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн, шүүхээс ял оногдуулж, оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. А.Н нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Я, Л.Н нарт гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг бүрэн төлж барагдуулсан, өөрийн үйлдсэн гэм буруугаа бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал тогтоогдсон байх ба энэ нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1-т заасан шаардлагыг хангасан гэж дүгнэхээр байна. Түүнчлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дугаарыг 2020/ШЦТ/877 гэж цаг хугацааг ташаарч бичсэн байгааг дурдах нь зүйтэй байна. Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг зөрчсөн, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн зүйл, хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/877 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэв.

            Шүүгдэгч А.Нн өмгөөлөгч Ц.Мандал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэлтэй холбоотой тусгайлан гаргах санал байхгүй. Мөн шийтгэх тогтоолын дугаар нь 2021 он гэж бичигдэх байсныг 2020 он гэж буруу бичигдэж техникийн шинжтэй алдаа гарсан байна. Энэ техникийн шинжтэй алдааг засуулах нь зүйтэй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч А.Н нь 2020 оны 9 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 13 дугаар гудамжны 261 тоотод оршин суух иргэн П.Ягийн эзэмшлийн “Баян-Улаан” нэртэй хүнсний дэлгүүрийн хаалгыг хадаасны лоомоор хөшиж онгойлгон хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, нэвтэрч хиам, кимчи, тамхи, бэлэн гоймон зэрэг эд зүйлс хулгайлахыг завдсан,

мөн 2020 оны 9 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 13 дугаар гудамжны 261 тоотод оршин суух иргэн П.Ягийн эзэмшлийн “Баян-Улаан” нэртэй хүнсний дэлгүүрийн хаалгыг хадаасны лоомоор хөшиж онгойлгон хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, нэвтэрч хиам, кимчи, тамхи, бэлэн гоймон зэрэг эд зүйлс хулгайлахыг завдаж байсан гэмт үйлдлийг таслан зогсоох явцад хохирогч Л.Нгийн зүүн гарын тохой, зүүн гарын сарвуу дээрээс хазаж, мөн А.Нн хөлөөс чирэгдэж гарахдаа хаалганы төмөрт зүүн хөлийн гуяны гадна хэсэгт зүсүүлсний улмаас түүний биед бугалга, нуруунд зулгаралт, духанд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч П.Ягийн “...Унтаж байхад гадаа юм дуугараад байхаар нь нөхрийг “хамт гарч харъя” гэхэд нөхөр араас нүцгэн гарч ирсэн. ...Дэлгүүрийн гадна талаас харахад урд талын хаалгыг хөшиж онгойлгоод дотор нь хулгайч байж байсан. ...Нөхрийн гарын хазыг миний өөдөөс гарч ирэх гээд байхаар нь би хаалгыг дараад дийлээгүй. ...Гараад ирэхээр нь цамцнаас нь бариад авахад миний гарыг хазсан. Нөхөр хулгайчийн хөлөөс зүүгдээд гарч ирсэн. ...Дэлгүүрээс эд зүйл алдагдаагүй. Хар өнгийн цүнхэнд хийгээд тавьсан байсан. Авч гарч амжаагүй. ...” /хх 16-18/,

хохирогч Л.Нгийн “...Унтаж байхад эхнэр “гадаа юм дуугараад байна, гарч харъя” гээд гарахад ... дэлгүүрийн хаалгыг гаднаас хөшиж онгойлгосон байхаар нь хөшсөн хэсгээр нь ороход нэг хүн байж байхаар нь би араас нь тэврэхэд миний зүүн гарын алганы ар, баруун гарын тохойноос хэд хэдэн удаа хазаад зугтаад хаалгаар гарах гэж байхаар нь би бариад автал намайг чирээд хаалганы хөшсөн хэсгээр гарсан. Би гарахдаа зүүн гуя, баруун гуяны ар хэсгээр хаалганы хадаасанд урчихсан. ...Миний зүүн гарын тохой, зүүн гарын сарвуу дээрээс хазсан. ...Тэр хаалгаар мөлхөөд гарах гээд зүтгэхээр нь би хөлөөс нь чирэгдэж байгаад хаалгаар гарсан. Гарах үед би хаалганы төмөрт зүүн хөлийн гадна хэсгээ зүсүүлсэн. ...Өөрөөр цохиж зодуулаагүй. ...” /хх 22-23, 130/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн “...Л.Нгийн биед зүүн гуя, зүүн бугалгад шарх, зулгаралт, зүүн тохой, зүүн сарвуунд шарх, баруун бугалга, нуруунд зулгаралт, духанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна. ...” гэх 10295 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 35-36/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 03/, хэргийн газарт үзлэг хийсэн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-9, 13, 28-30/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс А.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах, хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлахыг завдсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөн шүүгдэгч А.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан, шүүгдэгч А.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, хорих ялын төрөл, хэмжээг 1 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар тогтоож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасныг үндэслэн, шүүгдэгч А.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг өршөөн хасаж, хорих ялыг эдэлсэнд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэв.

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгч А.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг үндэслэн, шүүгдэгч А.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, уг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

 

Учир нь, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж, 12 дугаар зүйлийн 12.12-т “...шүүгдэгчийн энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулна” гэж тус тус хуульчилсан байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Харин прокурор Н.Ганчимэгийн бичсэн эсэргүүцлийн “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дугаарыг 2020/ШЦТ/877 гэж цаг хугацааг ташаарч бичсэн...” гэсэн заалтыг хангах шаардлагагүй, хэрэгт авагдсан шийтгэх тогтоолд эсэргүүцэлд заагдсан зөрчил илрээгүй байна.

 

Учир нь, хавтас хэргийн 161 дэх хуудаст авагдсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шийтгэх тогтоолын тэмдэглэлийн огноо, хавтас хэргийн 170 дугаар хуудаст авагдсан Шийтгэх тогтоолын огноо хоорондоо тохирч байх тул цаг хугацааг ташаарч бичсэн гэж үзэхээргүй байна.

 

Иймд прокурор Н.Ганчимэгийн бичсэн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 43 дугаартай прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар зүйлийн 02-ны өдрийн 2020/ШЦТ/887 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/887 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Шүүгдэгч А.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.” гэснийг “2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч А.Нн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгосугай.

 

  1. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Н.Ганчимэгийн бичсэн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 43 дугаартай прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангасугай.

 

  1. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                        Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Д.МЯГМАРЖАВ