Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 25

 

Д.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00823/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч  О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар шийдвэртэй,

            Нэхэмжлэгч Д.М-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч Б.А-д холбогдох

"11.500.000 төгрөг гаргуулах” тухай   иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболдын давж заалдсан гомдлыг үндэслэн

          Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд, хариуцагч Б.А-, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.М- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2011 оны 08 сарын 10-ны өдөр иргэн Б.А-тай худгийн өрөмдлөгийн бизнес хамтран эрхлэхээр тохирч УКС-22 өрмийн машиныг худалдан авсан. Уг өрмийн машиныг авахад хүн тус бүр 11.500.000 төгрөг гаргаж, нийт 23.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Мөн вагончик 1.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Ийнхүү хамтран ажиллах болсон шалтгаан нь манай компани тусгай зөвшөөрөлтэй, миний өөрийн ажлын олон жилийн туршлага, нэр хүнд, Б.А-гийн зүгээс сайн гагнуурчин учир ажлаа аваад явах боломжтой гэж үзсэн юм.

Гэвч гар сэтгэл нийлээгүй учир ажиллах боломжгүй болж өрмийг миний бие өөр дээрээ байлгаж байсан. Гэтэл 2013 онд Б.А- намайг Цагдаагийн газарт өгч тэндээс УКС-22 өрмийн машиныг зарж борлуулсан мөнгийг хувааж авахаар бид тэр үед тохиролцоод салсан юм. Өрмийн машиныг зарагдтал Б.А- нь Дарханы төвд өөрийн дүүгийн хашаанд байлгахаар 2014 оны 06 сард надаас авсан юм.

Үүнээс хойш Б.А- холбоо тасарсан, утасдахаар утсаа авахгүй болсон. Сүүлд өрмийг Хүрээлэнгийн хашаанд хүргэсэн байсан ба 2015 оны 03 сарын 13-ны өдөр би төмсний бригадын гадаа очиход өрмийн машин байхгүй байсан. Манаачаас нь өрмийн машины талаар асуухад Б.А- 2015 оны 03 сарын 07-ны өдөр зарсан гэж хэлсэн. Тэгээд шууд Б.А-тай холбогдож өрмийн машины талаар ярихад “төмөрт тушаасан, байхгүй” гэж хэлсээр утсаа салгасан юм. Үүнээс хойш олон удаа холбогдох гэж оролдсон боловч холбогдох боломжгүй байсан.

Б.А- нь өрмийн машин зарснаас хойш маш удаан холбогдоогүйн зэрэгцээ төмрийн хогонд өгсөн гэж ярьж байгаа нь түүнийг миний оруулсан хөрөнгө болох 11.500.000 төгрөгийг хууль бусаар авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан учраас гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хугацаа өнгөрсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Дээрх шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамааралтай гэж үзвэл ерөнхий хугацаа буюу 10 жилийн хугацаагаар авч үзнэ.

Энэ бол хамтран ажиллах гэрээний үүргээ хэн нэгэн зөрчөөд байгаа гэхээсээ илүү хамтарч хөрөнгө оруулсан зүйл хамтран ажиллах гэрээ дуусгавар болсны дараа шууд өөрийн өмчлөлд аваад зарж борлуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, ашиг олоод байгаа гэдгийг ялгаатай авч үзэх нь зүйтэй гэжээ.

Хариуцагч Б.А- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Бид 2011 оны 05 дугаар сард анх хэлэлцэн тохирч 2011 оны 08 дугаар сард УКС-22 ОХУ-ын өрмийн машиныг худалдаж авсан.

Үүнийг авахад бид үнийг 50/50 хувиар хувааж авсан нь үнэн. Өрмийн машиныг аваад хотоос наашаа авч ирэх боломжгүй байсан учраас тэнд нь 2011 оны 08 дугаар сараас 11 сар хүртэл хотод 2 ажил олж хийсэн, ингээд 2 удаа ажил хийхэд надад ашиг өгөөгүй, 3 худаг гаргахад надад ашиг олдоогүй учраас хоёулаа болъё гээд, түүний дараа өрмийн машиныг Дарханд авч ирсэн, түүнээс хойш 2013 оны 07 дугаар сар хүртэл Д.М- машиныг авч яваад надад олдоогүй, 3 жил гаран надад олдоогүй, тэгээд аргагүй байдалд орж би Цагдаад өгсөн.

Талууд анхнаасаа Иргэний хуульд заасан хамтран ажиллах гэрээний дагуу ажилласан гэдэгтэй хэн аль нь маргахгүй байна. Хамтран ажиллах гэрээг бичгээр болон амаар байгуулж болдог. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн тайлбар хэлж байна. Тэгэхээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг үндэслэлээ тайлбарлаж чадсангүй гэж үзэж байна, хамтран ажиллах гэрээний дагуу энэ асуудал үүссэн.

Д.М- өрмийн машиныг 3 жил аваад алга болсон, тэгээд Цагдаа дээр уулзахад би өрмийн машинаар 3 жилийн хугацаанд хангалттай ашиг олсон, чи өр ширтэй байгаа бол өрмийн машиныг зарна уу байна уу чиний асуудал, чи очоод ав гэж хэлсэн байгаа, өөрөө ч мөн нэхэмжлэл дээрээ Б.А- авсан гэж бичсэн байгаа. Хэрэв үүргээ зөрчсөн гэж үзэж байгаа бол, хамтран ажиллах гэрээний дагуу үүргээ зөрчсөн гэж үзэх ёстой, түүнээс биш үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг асуудал яригдахгүй, тийм учраас ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгох гээд байна гэхээр нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэл дээрээ 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр би зарагдсан гэдгийг мэдсэн гэж хэлсэн, энэ нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлд заасан, 76.1,76.2-т хөөн хэлэлцэх хугацааг заасан байгаа, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан байгаа, тэгэхээр энэ 3 жилийн хугацаа нэгэнт өнгөрсөн. Д.М- 1 жил 4 сарын дараа буюу 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд хандсан байгаа, тэгэхээр гэрээний үүрэгтэй холбоотой 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар Б.А-д холбогдох 11,500,000 төгрөг гаргуулах тухай Д.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 -д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 198.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд давж заалдсан гомдолдоо:

            Дархан Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага бол анх УКС-22 загварын 2 өрмийг худалдаж авахад оруулсан 11.500.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Энэ нэхэмжлэлийн шаардлагад хамтран ажиллах гэрээний үүрэг, түүнтэй холбоотой ямар нэгэн шаардлага огт гаргаагүй.

Учир нь тус өрмийг худадан авч ажил эхлүүлсэн эхний ажлаасаа талууд хамтран ажиллах боломжгүй болох нь тодорхой болсон бөгөөд аль аль нь өрөм авахад оруулсан мөнгөө өрмийг зарж байж гаргаж авах тал дээр харилцан тохиролцсон. Өөрөөр хэлбэл 2011 онд талуудын хооронд байгуулагдсан гэх хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон. Гэрээ дуусгавар болсон энэ тохиолдолд гэрээний үүрэг гэх ойлголт огт яригдахгүй. Учир нь байгуулагдсан гэх хамтран ажиллах гэрээ анхнаасаа хэрэгжээгүй. Энэ тухайгаа талууд тухайн үед аль аль нь мэдсэн. Ингээд өрмийн машиныг зарж оруулсан мөнгөө гаргаж авах асуудал дээр санал нийлсэн бөгөөд харин хэн нь зарж мөнгийг нөгөөдөө гаргаж өгөх вэ гэдэг асуудал л маргааны үндэс болж байсан. Энэ талаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогддог. Гэтэл шүүх хэрэглэх ёсгүй хуулийн заалт буюу ИХ-ийн 75.2.1 дэх хэсгийг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн  гаргасан давж заалдсан гомдлыг  хангах нь зүйтэй.

             Нэхэмжлэгч Д.М- хариуцагч Б.А-д холбогдуулан 11.500.000 төгрөг  гаргуулахаар  нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч  маргасан  байна.

           Шүүх зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, гэрээний үүрэгтэй  холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх  3 жилийн хугацаа өнгөрсөн, хөөн  хэлэлцэх хугацаа  өнгөрсөн бол  үүрэг  гүйцэтгэгч  үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй  гэж дүгнэн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь   хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

             Хэргийн үйл баримтаас үзэхэд Д.М-, Б.А- нар  2011 оны  5 сард  хамтран ажиллахаар хэлэлцэн тохирч  2011 оны  8 дугаар сард  хүн бүр  11.500.000 төгрөг гаргаж, нийт 23.000.000 төгрөгөөр УСК-22 өрмийн машин худалдан авсан, Б.А-гийн санаанд  нийцээгүй тул  хамтран  ажиллах боломжгүй  гэж  үзээд  явсан, өрмийн машинаа Д.М-ад орхисон, 2013 оны 8 дугаар сард Д.М-тай  холбоотой гомдлыг Цагдаагийн газарт гаргаснаар, гомдлыг шалгаад эрүүгийн хэрэг  үүсгэхээс  татгалзсан, энэ үеэс өрмийн машиныг Б.А- авч явсан, ба  2015 оны  03 дугаар сарын 07-нд  27.000.000 төгрөгөөр худалдсан байна.

         Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын  үндэслэлийг өрмийн машин худалдан  авахад оруулсан мөнгийг шаардаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага нь  гэрээний үүрэгтэй холбоотой тул шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж   маргасан  байна.

            Өөрөөр хэлбэл талуудын  хооронд үүссэн маргаан нь хамтран ажиллах гэрээний  үүрэг, эсхүл үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн талаарх маргаан  болсон  байна.

           Харин шүүх зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан  гэж  дүгнэсэн нь зөв  хэдий ч гэрээгээр талууд  ямар эрх, үүрэг  хүлээсэн, гэрээ  дуусгавар болсон эсэхийг анхаараагүй, нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо холбогдох хуулийг буруу  хэрэглэсэн  алдаа гаргасан байх тул  давж заалдах шатны  шүүх  хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд  шийдвэрлэх боломжтой  гэж дүгнэлээ.

Талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний үүргийг тодорхойлж үзэхэд худаг, ус гаргах үйл ажиллагаа  эрхэлж, ашиг олох зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах  үүрэг хүлээсэн  нь  зохигчдын  хооронд Иргэний хуулийн  476 дугаар зүйлийн  476.1 дэх хэсэгт заасан  хамтран ажиллах гэрээ  байгуулагдсан байна, гэрээний дагуу хамтран ажиллах зорилгоо хэрэгжүүлэхийн тулд тэнцүү хэмжээгээр  мөнгөн хөрөнгөд  хүн тус бүр 11.500.000 төгрөг нийлүүлж, өрмийн машин худалдан авч  худаг, ус гаргах үйл ажиллагаа явуулж эхэлсэн боловч гэрээний талууд хамтран ажиллах зорилгодоо хүрэлгүй санаа, сэтгэл  нийлээгүй, 3 худаг гаргахад  ашиг олдоогүй  зэрэг  нөхцөл байдлаас  шалтгаалж  хамтын үйл ажиллагаагаа дуусгавар болгосон  нь  зохигчдын  тайлбараар  тогтоогджээ.

            Иргэний хуулийн  479 дүгээр зүйлийн  479.1 “Гэрээнд   хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг шууд заагаагүй тохиолдолд гэрээний талууд хамтын үйл ажиллагаанд хохирол учруулахааргүй бол хэдийд ч хамтран ажиллах гэрээнээс гарч болно”,  479.3 “Гэрээнд өөрөөр заагаагүй бол аль нэг тал гэрээнээс гарснаар  хамтын үйл ажиллагаа дуусгавар  болно”   гэж  заажээ.

            Хариуцагч Б.А- “...хотод  2 ажил олж хийсэн..., ...3 худаг гаргахад надад ашиг олдоогүй учраас хоёулаа больё...”, нэхэмжлэгч Д.М- “...гар сэтгэл нийлээгүй учир ажиллах боломжгүй болж...”, гэж тайлбар гаргаж  байгаа нь талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ 2011 оны 11 сард дуусгавар болсныг нотолж байна.

            Хамтран  ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилах  ёстой ч  Д.М-,  Б.А-  нар  нь  энэ талаар  харилцан  тохиролцоогүй  болохыг  дурдах нь зүйтэй.

Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон тул талуудад гэрээний үүдэлтэй   шаардах эрх мөн дуусгавар болно. Харин  хураамжид  төлсөн мөнгөө  нэхэмжлэх эрх нь Иргэний хуулийн  492 дугаар зүйлийн  492.1.1-д  зааснаар  үүсэх боломжтой.

            Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д  гэрээ дуусгавар болсны дараа аливаа нэг этгээд уг гэрээтэй холбоотой үндэслэлгүйгээр хөрөнгөжиж үлдсэн байх ойлголтыг зохицуулсан байдаг.

Хариуцагч Б.А- нь хамтран ажиллах гэрээ  дуусгавар болсноос хойш   2015 онд хамтран ажиллах гэрээний үндсэн дээр  бий болсон хөрөнгө болох УСК-22 өрмийн машиныг бусдад 27.000.000 төгрөгөөр худалдан ашиг олж, Д.М-ад өгөх ёстой 11.500.000 төгрөгийг өгөөгүй байх тул Б.А-г энэ хэмжээгээр үндэслэлгүйгээр  хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй, нэхэмжлэгчийн гаргасан  нэхэмжлэлийн шаардлагыг  бүрэн хангах  нь  зүйтэй  гэж  шүүх бүрэлдэхүүн  үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн  1 дэх заалтыг,

“Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д  заасныг баримтлан  хариуцагч Б.А-гаас 11.500.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч  Д.М-ад олгосугай”  гэж,

Тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас 198.950 төгрөг гаргуулж, Д.М-ад  олгосугай” гэж  тус тус  өөрчлөлт оруулж,  шийдвэрийн  бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн  59.3-т зааснаар Б.М-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198.950 төгрөгийг  төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                           

        

             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

                      АЛБАН ҮҮРГИЙГ  ТҮР ОРЛОН

                                      ГҮЙЦЭТГЭГЧ ШҮҮГЧ                                      О.НАРАНГЭРЭЛ

                                                         ШҮҮГЧИД                                      Л.АМАРСАНАА

                                                                                                                С.ЭНХЖАРГАЛ