Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 128/шш2023/0916

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б.Ж*******,

Хариуцагч:Б*******,******* яамны Т******* дарга,

Маргааны төрөл: Б*******,******* яамны т******* даргын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/1******* дугаар тушаал хуульд нийцсэн эсэх төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ж*******, түүний өмгөөлөгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Болортуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Б.Ж*******гаас Б*******,******* яамны т******* даргад холбогдуулан “Б*******,******* яамны Т******* даргын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/1******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, Б.Ж******* намайг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэл гаргасан.

2.Б*******,******* яамны Т******* даргын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/1******* дүгээр тушаалаар нэхэмжлэгч Б.Ж*******г тус газрын Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын******* боловсрол, дэд бүтэц хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилжээ.

3.2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тус яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргаас Хяналт, шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газарт хандан “...мэргэжилтэн Б.Ж******* газрын даргаас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй, албан бичгийн боловсруулалт хангалтгүй, хугацаатай албан бичгүүдийн хугацаа хэтэрсэн, цаг тухайд нь шийдвэрлээгүй, Хэнтий аймагт хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлуудын явцын байдал, нэмэлт гэрээг сунгах ажлууд удаашралтай, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар аймгуудтай тодорхой ажил хийгээгүй, хил орчмын******* маршрутыг батлуулах ажлыг огт хийгээгүй, мөн авто зам дагуух түр буудаллах цэг... зэрэг ажлын хариуцлага алдсан зөрчлүүдийн талаарх хүсэлт гаргасны дагуу хяналт шалгалтыг явуулж, 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн танилцуулгаар нэхэмжлэгчийг төрийн албанаас халах саналыг хүргүүлсэн.

4.Улмаар Б*******,******* яамны т******* даргын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/1******* дугаар тушаалаар “иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, хариутай албан бичгийг хууль журмын дагуу шийдвэрлэдэггүй, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг бүрэн хэрэгжүүлээгүй, Хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөж ажиллаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

5.Нэхэмжлэгч Б.Ж******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

1/Миний бие ажиллаж байх хугацаандаа ямар нэг хууль, дүрэм, журам зорчоогүй, Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ чанартай гүйцэтгэж ирсэн. Гэтэл 2023 оны 05 дугаар сарын 15-ны намайг ажиллаа хийж байхад гэнэт дуудан ажлаас халах сахилгын шийтгэл ноогдуулж байгаа талаар хэлж гарын үсэг зуруулсан, ямар учиртай талаар асуухад Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.М******* чамд холбогдуулан гомдол гаргасан, чи иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн оргодол, гомдол, хариутай албан бичгийг хууль журмын дагуу шийдвэрлэдэггүй, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөж ажиллаагүй, удирдлагаас өгсөн Үүрэг даалгаврыг биелүүлээгүй нь тогтоогдсон, одоо зайл гэж хэлсэн.

2/Би хариуцсан ажлын хүрээнд ирсэн өргөдөл, гомдол, албан бичгийг хуульд заасан хугацаанд хариуг нь өгч тухай бүр шийдвэрлэж байсан, ажлын буюу албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллаж байгаа, удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг тухай бүрд нь бүрэн биелүүлэн ажиллаж байна. Яг ямар асуудал үүссэн талаар тодорхой мэдээлэл авах, тодорхой нотлох баримт гарган тайлбар хийх гэсэн боловч хүлээж аваагүй.

3/Б*******,******* яамны Т******* даргын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/1******* дугаартай тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “Мэргэшсэн, тогтвортой байх”, 7.1.7-д “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 47 дугаар зүйлийн 47.1.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн/, 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд оороор заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль хохирлыг ногдуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “үл ялгаварлан гадуурхах”, 5.1.3-т “дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох”, Төрийн жинхэнэ Албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1.4.2-т “сахилгын шийтгэл зөрчлийн шинж байдалд тохирсон байх”, 1.4.5-т “хууль зүйн үндэслэлтэй байх”, 1.6-д “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна” зэрэг хууль болон холбогдох журмын заалтыг ус тус зөрчин хууль бусаар дарамт, шахалт үзүүлж, зохиомол байдлыг зориуд бие болгон зөрчил дутагдал гаргаагүй байхад, зорчил гаргасан гэж хууль бусаар, хууль журмын алтыг зориуд буруу тайлбарлан хэрэглэж, Төрийн албан хаагч, иргэн миний Үндсэн Хуулиар хамгаалах эрх, үүргийг зорчин хууль зүйн үндэслэлгүй үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан ажлаас халах үндэслэлд хамаарахгүй байна” гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “17 дахь жилдээ ажиллаж байгаа. 2023 оны 05 сарын 15-ны өдөр үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан. Манай албаны дарга болон хяналт үнэлгээ шинжилгээний газар энэ хүнтэй хамтарч ажиллах боломжгүй байна ажил явахгүй байна гэх мэт хэдэн хэдэн тайлбарыг өгсөн байсан. Тухайн албаны дарга маань өөрөө төрийн албанд нэг өдөр ч ажиллаж үзээгүй шаардлага хангахааргүй хүн байдаг. Манай алба 7-8 орон тооны хүн ажиллах ёстойгоос 3-хан орон тоотой ажиллаж байсан. 2 албан хаагч нь төрийн албаны шалгалтаа өгч ном ёсоороо ажиллаж байгаа тэрний нэг нь би байсан. Нэг албан хаагч нь******* хөгжлийн төвөөс түр ажиллаж байсан. Төрийн албанд ажиллах бүх шаардлага хангасан хүн нь би байсан. Би ачаалал өндөр ажиллаж байсан. Сарын тайлан, 7 хоногийн тайлан, засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, мөрийн хөтөлбөрийн биелэлт, 2050 бодлогын биелэлт, урт хугацааны бодлогын биелэлт гэх мэт...дээр нь дэд бүтцийн томоохон ажлууд, орон нутагтай хамтарч ажиллах зэрэг бүх ажлыг би хийж гүйцэтгэдэг байсан. Мөн намайг ажлаас хоцордог цагтаа ирдэггүй гэсэн байсан. Манай байгууллага Яармаг руу нүүж очихдоо гэр хол байдаг болохоор ажлын цагийн хувьд уян хатан байна та нар хэдийд ирж байх вэ гэхэд бид 10 цагт очиж байхаар тохирсон.Хөдөө гадаа томилолтоор их явдаг байсан. Хөдөө явахгүйгээр дотоод ажлыг би ганцаараа манлайлан ажиллаж байсан. Б гээд хамт ажилладаг охин гадаад харилцаандаа илүү анхаарч хариуцаж ажилладаг байсан. Манай яамны бодлогын бүх ажил дээр би ганцаараа сууж ажилладаг байсан. Дэд бүтцийн томоохон ажлуудын тэмдэглэл хөтлөх, уулзалт хийх, сарын тайлангуудыг хийх, орон нутагтай сургалт зөвлөгөөн хийх, сайд тамгын газруудтай зочлох жилийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөө боловсруулах гээд нэг биеийг мянгантаа хувааж ажиллаж байсан. Оройдоо 8-10 цаг хүртэл сууж ажилладаг байсан. Манай яамны орой сууж ажилладаг дарга намайг ажлаас халагдаад явахад ямар сонин юм бэ? Чи бид хоёр л энд сууж орой болтол ажилладаг байсан гэж гайхаж байсан. Ж******* сайдтайгаа очиж уулзах хэрэгтэй гэж хэлдэг байсан. Би хэлсэн юм үнэнээрээ шүүгдэх байлгүй дээ. Би эцсээ хүртэл ажиллаа ийм шийдвэр гаргасан байна. 2023 оны 05 сарын 15-ны өдөр үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан. Ажил байдлын тодорхойлолтоос өөр ажлууд нэхэгддэг байсан. Гэнэт ажлаас чөлөөлөгдсөн болохоор Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өмнөх хурал дээр нэхэмжлэлийн үндэслэлээ дэлгэрэнгүй тайлбарласан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Байгаль орчны яамны 2023 оны 05 сарын 16-ны өдрийн Б/1******* дугаартай Төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулах тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж маргаж байгаа. Уг тушаалын хууль зүйн үндэслэл нь Төрийн албаны тухай хууль, хөдөлмөрийн тухай хууль, төрийн жинхэнэ албан хаагчийн сахилгын шийтгэл ногдуулах журам, хөдөлмөрийн дотоод журмаа үндэслэсэн байгаа. Төрийн албаны тухай хууль болон хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтууд ойлгомжтой заалтууд, гол асуудал нь хөдөлмөрийн дотоод журам, төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах журмаар процессын шинжтэй асуудал зохицуулсан. Хяналт шалгалтаараа зөрчилтэй байна уу үгүй юу гэдгийг тогтоох ёстой б************** яамны дотоод хяналт шалгалт, аудитын газрын шалгалтын тайлан тодорхойгүй тайлан. Ж******* бол шийдвэр гаргах хэмжээний хүн биш зүгээр мэргэжилтэн албан бичиг боловсруулдаг, даргын өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэдэг. Гэтэл шийдвэр гаргаагүй гэж, албан бичгүүдийг хугацаанд нь явуулаагүй, хугацаа хэтрүүлсэн гэсэн байна. Энэ хугацаа хэтрүүлэх шалтгаан нөхцөл нь юу байсныг шалгалтаар тогтоогоогүй. Яамны зөвлөх хурал зохион байгуулсан тэрэнд Б.Ж******* оролцоогүй тийм учраас чамайг хална гэдэг агуулгатай нөхцөл байдал байна. Зөрчил гаргасан байж болно. Гэхдээ гаргасан зөрчил нь ямар хор уршигт хүргээд байгаа вэ, ямар шинж байдалтай вэ? гэдгийг тогтоох ёстой тэгж байж сахилгын шийтгэлийн агуулга, хүн хүний байдлыг нь сонгох шалгуур нь харагдана. Гэтэл Ж*******г шууд төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах журам дээр тухайн зөрчлийн шинж байдлыг нь тогтоох хуулийн заалттай. Манай үйлчлүүлэгч өмнө сахилгын зөрчил гаргаж байгаагүй, хугацаа хэтрүүлэх нь төрийн албанаас халах шийтгэл оногдуулах ноцтой зөрчил мөн үү? Даргын үүрэг даалгавар биелүүлээгүй гэж байна. Яг ямар хугацаатай үүрэг даалгавар өгсөн бэ? гэдэг тодорхойгүй. Ажлаас хоцорсон гэдэг нь тогтоогдоогүй. Ажлын цаг уян хатан байна гэж тохирсон гэдэг өөрийнх нь ярьж байгаагаар. Б.Ж*******д сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож, урд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгэж өгнө үү. Ж******* төрийн албанд энэ чиглэлээр 17 жил ажиллаж байгаа, орон нутгаас эхлээд яам хүртэл дэвшин ажиллаж байгаа нь төрийн албаны тухай хуульд заасан мэргэшсэн тогтвортой байх зарчмын дагуу ажиллаж байгаа ийм хүн. Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн нь хэн нэгний хувийн ашиг сонирхол байна гэж үзэж байна.

 Б************** яамны т******* даргын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/1******* дугаартай Б.Ж*******д сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Байгаль орчны яамны хөдөлмөрийн дотоод журам болон Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах журам, Хөдөлмөрийн тухай хууль бусад хууль, тогтоомжоор Б/1******* дугаартай тушаалын үндэслэл тогтоогдохгүй байна. Б.Ж*******гийн хөдөлмөр эрхлэх явцдаа гаргасан зөрчил, дутагдал нь хэрэв зөрчил дутагдал байна гэж үзвэл заавал ажлаас халах хэмжээний зөрчил, дутагдал мөн эсэхийг нарийн тодорхойлоогүй. Тухайн хэр хэмжээ, хэмжээ хязгаар, хохирол, хор уршгийг нарийн тодорхойлоогүй хэт ерөнхий байдлаар асуудалд хандсан. Хөдөлмөр эрхлэгч хүний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхийг дордуулсан шийдвэр байна. Уг захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/Тус яамны Т******* даргын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/1******* дугаар тушаал нь Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хуульд нийцсэн болно. Тодруулбал, Б.Ж******* нь Б*******,******* яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дотоодын аялал жуулчлал, үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа газрын даргаас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэггүй, албан бичгийн боловсруулалт хангалтгүй, хугацаатай албан бичгүүдийн хугацаа хэтэрсэн зэрэг ажлын хариуцлага алдсан зөрчлүүд нэмэгдсээр байгаа талаар тус газрын даргаас Хяналт, шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газарт хүсэлт гаргасан.

2/Улмаар тус яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хяналт шалгалт хийсэн ажлын тайлангаар Б.Ж*******г иргэн хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, хариутай албан бичгийг хууль журмын дагуу шийдвэрлэдэггүй, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг бүрэн хэрэгжүүлээгүй, хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөж ажиллаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй болох нь тогтоогдсон.

3/Б.Ж*******гийн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 37.1.16, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15, 16 дугаар зүйл, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 43 дугаар зүйл, Б*******,******* яамны хөдөлмөрийн дотоод журмын 3.2.2, 4.18 дахь заалтыг биелүүлээгүй зөрчсөн үйлдэлд нь Төрийн албан тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна", 48.1.4-т заасан “Төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулсан болно” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б************** яамны Т******* даргын 2023 оны 05 сарын 16-ны өдрийн Б/1******* дугаар тушаалаар Б.Ж*******г тус яамны Аялал жуулчлал бодлого зохицуулалтын газрын дотоод аялал жуулчлал үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн. Ажлаас халагдах сахилгын шийтгэл ногдуулсан. Ажлын байрны тодорхойлолт заасан чиг үүрэг,байгууллагын дотоод журамд заасан чиг үүргийг биелүүлээгүй нь тус яамны хяналт шинжилгээний үнэлгээ, дотоод аудитын газрын 2023 оны 05 сарын 15-ны өдрийн хяналт шалгалт хийсэн ажлын тайлангаар тогтоогдсон. Б.Ж******* нь иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хугацаанд нь шийдвэрлэдэггүй хугацаа хэтрүүлдэг, албан тушаалын чиг үүргийг бүрэн хэрэгжүүлдэггүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй болох нь тухайн хяналт шалгалтын тайлангаар тогтоогдож байгаа. Уг тайланг үндэслээд маргаан бүхий захиргааны акт гарсан. Төрийн албаны тухай хууль, иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль, архив албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, б************** яамны дотоод журам бусад хууль тогтоомжийн дагуу гарсан учраас Б/1******* дугаар тушаалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, гэрч нарын мэдүүлэг зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

1.Тус яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргаас Хяналт, шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газарт 2023 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр хүсэлт гаргасны дагуу хяналт шалгалтыг явуулж, 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн танилцуулгаар нэхэмжлэгчийг төрийн албанаас халах саналыг хүргүүлжээ.

2.Улмаар Б*******,******* яамны т******* даргын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/1******* дугаар тушаалаар “иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, хариутай албан бичгийг хууль журмын дагуу шийдвэрлэдэггүй, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг бүрэн хэрэгжүүлээгүй, Хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөж ажиллаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн  37.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ” гээд 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 37.1.16-д “Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах”, 48 дугаар зүйлийн 48.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гээд 48.1.4-д “төрийн албанаас халах” гэж тус тус заажээ.

3.Хяналт шалгалтаар нэхэмжлэгчийг өргөдөл, гомдол, албан бичиг шийдвэрлэх хугацааг 2-30 хоног хэтрүүлсэн, хийгдэж буй ажил, хүлээгдэж буй үр дүнгээр шийдвэрлэлтийг хаасан, сайдын зөвлөхийн товлосон уулзалтад очоогүй, мөн өдөр ажлыг 4 цаг тасалсан гэжээ.

4. Б*******,******* яамны т******* даргын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/385 дугаар тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хууль болон энэхүү журмын 3.2-т заасан үүрэг, хориглосон үйл ажиллагааг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй, хугацаатай албан бичиг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцроосон, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн, ажлын байран болон ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, түүнчлэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагаас хоцорсон, ажил тасалсан, ажлын цагийг хангалтгүй ашигласан, архив, бичиг хэргийн журам зөрчсөн тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, анх болон давтан үйлдсэнийг харгалзан тохирох сахилгын шийтгэл ногдуулна”, 8.7-д “дараах зөрчлийг ноцтой зөрчилд тооцно” гээд ноцтой зөрчлийг жагсаалтаар журамлажээ.

5.Гэтэл нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчил тухайн ноцтой зөрчлүүдийн алинд нь ч хамаарахааргүй байна.

6.Хэдийгээр дээрх журмын 8.7.5-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил олгогчид урьдчилан мэдэгдэлгүйгээр ажлын нэг ба түүнээс дээш өдөр тасалсан” гэж заасан хэдий ч нэхэмжлэгч нь тухайн өдөр ажлыг 4 цаг тасалсан байх тул ноцтой зөрчилд хамаарахааргүй байна.

7.Харин нэхэмжлэгчийг өргөдөл, гомдол, албан бичиг шийдвэрлэх хугацааг 2-30 хоног хэтрүүлсэн, хийгдэж буй ажил, хүлээгдэж буй үр дүнгээр шийдвэрлэлтийг хаасан гэх зөрчил нь Монгол улсын сайд, засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 1.4.2-т заасан “сахилгын шийтгэл зөрчлийн шинж байдалд тохирсон байх” зарчимд нийцээгүй байна.

8.Учир нь нэхэмжлэгчээс ажлын ачаалал их, тус хэлтсийн орон тоо бүрэн бус, ажлын байрны тодорхойлолтод зааснаас өөр ажил хийж гүйцэтгэхийг шаардсан гэж тайлбарласан, Б*******,******* яамны т******* даргын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/73 дугаар тушаалаар албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, томилсон байх бөгөөд тус яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газраас 3 албан тушаалтанг чөлөөлж, 2 дугаар хавсралтаар нэхэмжлэгчийг тус газрын Аялал жуулчлалын үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр дангаар нь томилжээ.

9.Шүүхээс уг тушаалд өөрчлөлт оруулсан эсэх, иргэн хуулийн этгээдээс нэхэмжлэгчид холбогдуулж гомдол гаргасан байсан эсэхийг тодруулахаар 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/8438 тоот албан бичгээр нотлох баримт шаардсан боловч хариуцагчаас шүүхийн тогтоосон хугацаанд нотлох баримтыг, тайлбарын хамт ирүүлээгүй болно.

10.Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч нь ажлын ачааллаас бол иргэдээс ирүүлсэн санал, өргөдөл гомдлыг хугацаа хэтрүүлж шийдвэрлэсэн байх магадлалтай бөгөөд тухайн нөхцөл байдлыг нарийн тогтоогоогүй, 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хяналт шалгалтын танилцуулгад дэлгэрэнгүй дурдаагүй байна.

11.Зүй нь тухайн өргөдөл, гомдол, хүсэлт, санал нь нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийн хуваарьт хамаарах эсэх, шийдвэрлэх боломжтой хугацаа байсан эсэх, тухайн шийдвэрлэлт нь бусад эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэрээс хамаарсан эсэхийг тогтоох учиртай.

12.Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь 2022 оны ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх хуудсаар 80 буюу /сайн/ үнэлэгдсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчил нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт хамаарах эсэх, тухайн өргөдөл, гомдол, хүсэлт, саналыг шийдвэрлэх боломжит хугацаа / ажлын ачаалал/ байсан эсэх, өмнө нь тухайн зөрчилтэй холбоотой сахилгын шийтгэл ногдуулж байсан эсэх, зөрчил тогтоогдсон тохиолдолд зайлшгүй Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлд хамаарах эсэхийг тодруулж дахин шинэ акт гаргах шаардлагатай байх тул маргаан бүхий захиргааны актыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.11-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4-д заасныг тус тус баримтлан Б.Ж*******гийн нэхэмжлэлтэй Б*******,******* яамны т******* даргад холбогдох Б*******,******* яамны т******* даргын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/1******* дугаар тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нөхцөл байдлыг сайтар судалж дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 2 (хоёр) сарын хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Б*******,******* яамны т******* даргын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/1******* дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 5.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

          ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ