Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 140

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэргийн индекс: 180/2017/0140/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                   А.У

Улсын яллагч                                       Т.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                       П.А

Шүүгдэгч                                               Н.Э нарыг оролцуулан

     

  Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх                                           хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Нын Эд холбогдох 1739001680024 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1992 оны 07 дугаар сарын 14-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 12-03 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Сум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 08-ны 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 4 жил 11 сарын хорих ялаар шийтгүүлж байсан   Боржигон овогт Нын Э /РД: / 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 

Шүүгдэгч Н.Э нь 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр  Хэнтий аймгийн Батноров сумын 1 дүгээр баг Буянт гэх газраас иргэн О.Гын эзэмшлийн 39-50 ХЭЗ улсын дугаартай улаан хүрэн өнгийн Даун маркийн мотоцикль, олгой хаймар, багаж түлхүүр, нассос, хар өнгийн жи мобайлын гар утас зэрэг эд зүйлийг хулгайлан бусдад 1.518.000 төгрөгний хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Э нь 2017 оны 08 дугаар сарын 10-нд Хэнтий аймгийн Батноров сумын 1 дүгээр баг Буянт гэх газар иргэн О.Гын эзэмшлийн 39-50 ХЭЗ улсын дугаартай улаан хүрэн өнгийн Даун маркийн мотоцикль, олгой хаймар, багаж түлхүүр, нассос, гар утас зэрэг эд зүйлийг залилан авч 1.518.000 төгрөгийн хохирол  учруулсан болох нь: 

 

Хохирогч О.Гын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгтэл тэнд гуанз гаргадаг Ариунбаяр гэдэг залуу ирээд мотоцилоор чинь яваад утсаар яриад ирье гэж гуйхаар нь за за та яриад ир гээд мотоциклоо өгсөн юм. Би 40-өөд минут болоод Ариунбаяр ахын машин дээр очтол мотоцикль байхгүй байхаар нь би асуутал Э чам руу очно гээд түлхүүрийг чинь аваад явсан гэхээр нь хаашаа явчихдаг байнаа гэж гайхаад хүлээж байсан. Тэр өдрөө болон маргааш нь ирээгүй. Дээлэнд ороолттой байсан миний жи мобайлын хар гар утас, сим карт, мөн ком орос түлхүүрүүд, 2 ширхэг орос олгой хаймар, 1 нассос алга болсон...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 15-16 хуудас/

Иргэний нэхэмжлэгч Б.Өийн мөрдөн байцаалтанд өгсөн: ......”...... 2017 оны 08 дугаар сарын 14-ны үед шиг санаж байна. Хэнтийгээс ирсэн гээд Э гэдэг залуу мотоцикль зарна гэж байгаа сураг сонсоод нэг өглөө уулзахад Э улаан өнгийн Даун гэдэг шинэвтэр мотоцикль унаж ирсэн. Тэгээд миний мотоциль байгаа юм энд ажил хийх гээд ирсэн бүтсэнгүй банкны зээлтэй, мөнгөний хэрэг гараад зарах гэж байгаа гэсэн. Тэгээд 500.000 төгрөгөөр зарахаар болж би бэлэн 500.000 төгрөг уг мотоцилийг худалдаж авсан. Би энэ хүнээс 500.000 төгрөг нэхэмжилж байна. Өөр санал хүсэлт байхгүй......” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 20-21 хуудас/

Гэрч О.Ариунбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ....”... 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр би утсаар ярих хэрэг гараад Гаас мотоцилийг нь гуйж унаад уул руу явж утсаар ярьчихаад машин дээрээ очиход нөгөө залуу нь хоол идээд сууснаа түлхүүрээ авъяа гэхээр нь худалдаж авсан гэж байсан болохоор өгчихсөн. Маргааш нь Г ирээд дугуй алга болчихлоо гээд байсан. Нөгөө залуу нь тэрүүгээр үзэгдээгүй ...” гэсэн мэдүүлэг /ХХ-22-23 хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл. /ХХ-ийн 5 хуудас/

Үнэлгээний комиссын шийдвэр. /ХХ-ийн 11 хуудас/

Сэжигтэн Н.Мөнх-Эрдэний мөрдөн байцаалтанд өгсөн: ...“....Би 2017 оны 07 дугаар сарын дундуур би Хэнтий аймгийн Батноров сумын нутаг Хутаг уул гэдэг газар байглийн өнгөт чулуу түүхээр очиж тэндээ ирж очин бараг 1 сар гаран болсон. Тэнд чулуу түүж байхдаа Г гэдэг залуутай танилцсан юм. Тэр үед Г нь улаан өнгийн маркийг нь мэдэхгүй байна, нэг хятад мотоцильтой байсан би тэнд чулуу түүж байхдаа мотоцилийг нь ойр зуур унаж хэрэглэдэг байсан. Тэгээд 2017 оны 08 дугаар дундуур, өдрийг нь мэдэхгүй хэлж мэдэхгүй байна. Нэг өдөр ээжтэйгээ утсаар ярих хэрэг гарсан юм. Тэгсэн Гын мотоцилийг тэнд тогооч хийж байсан нэг залуу нэрийг нь мэдэхгүй залуу унаж байхаар нь би тэр залууд утсаар яриад, Г руу хүргээд өгье гэж хэлээд мотоцилийг нь аваад тэр чигтээ Хэнтий аймгийн төв руу унаж ирсэн. Аймгийн төвд ирээд 2 хоноод Налайх руу явсан. Тэгээд мөнгөний хэрэг гараад унаж явсан мотоцилоо зарах гээд хүн амьтанаас сураглаж байгаад тоосгоны үйлдвэрт ажилладаг нэг хүнд 500.000 төгрөгөөр зарсан. Мөнгөө бэлнээр авсан. Налайх дүүрэгт архи дарс ууж байгаад мөнгөө дуусгасан..... Дээлэнд ороосон эд зүйлс байсан задлаж үзэхэд хар өнгийн гар утас, мөн түлхүүр багаж, олгой хаймар, нассос зэрэг байсн. Дээлийг нь би өмсөж байгаад сая баригдаж ирэхдээ Гад буцааж өгсөн, багаж түлхүүрээ Г авсан. Харин гар утсыг нь хаячихсан байсан.  ...“ гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 35-36 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н.Э-ийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүгдэгч Н.Э нь О.Гын мотоцикль болон бусад эд зүйлсийг нууц далд аргаар бус илээр, хуурч мэхлэх аргаар авсан болох нь Хохирогч О.Гын “...Ариунбаяр ахын машин дээр очтол мотоцикль байхгүй байхаар нь би асуутал Э чам руу очно гээд түлхүүрийг чинь аваад явсан гэхээр нь хаашаа явчихдаг байнаа гэж гайхаад хүлээж байсан...”, гэрч О.Ариунбаярын нөгөө залуу нь хоол идээд сууснаа түлхүүрээ авъяа гэхээр нь худалдаж авсан гэж байсан болохоор өгчихсөн. Маргааш нь Г ирээд дугуй алга болчихлоо гээд байсан. Нөгөө залуу нь тэрүүгээр үзэгдээгүй ...”, Шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнийн “...Гын мотоцилийг тэнд тогооч хийж байсан залуу унаж байхаар нь би тэр залууд Г руу хүргээд өгье гэж хэлээд мотоцилийг нь аваад тэр чигтээ Хэнтий аймгийн төв рүү унаж ирсэн. Аймгийн төвд ирээд 2 хоноод Налайх руу явсан. Тэгээд мөнгөний хэрэг гараад унаж явсан мотоцилоо 500.000 төгрөгөөр зарсан. Налайх дүүрэгт архи дарс ууж байгаад мөнгөө дуусгасан...” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байна. Иймээс аймгийн прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх зүйтэй   байна.

Шүүгдэгч энэ гэмт хэргийг шууд санаатай үйлджээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Гад 1.518.000 төгрөгний хохирол учирсан боловч хохирогч нь мотоциклиос бусад эд зүйлээ авсан гэж мэдүүлж байгаа ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож 39-50 ХЭЗ улсын дугаартай улаан хүрэн өнгийн Даун маркийн мотоциклийг хохирогчид буцаан олгох, шүүгдэгч Н.Ээс 500.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Өэд олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

 

   ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Боржигон овогт Нын Э-ийг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнийг 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эд оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн 39-50 ХЭЗ улсын дугаартай улаан хүрэн өнгийн Даун маркийн мотоциклийг хохирогч О.Гад буцаан олгосугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Н.Ээс 500.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Өэд олгосугай.

6. Энэ хэрэгт эд баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай. 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Эд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ