Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 118/ШШ2022/0014

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа даргалан, шүүгч Л.Тунгалаг, Ч.Цэнд-Очир нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.Улаанхүү

Хариуцагч: 1. Увс аймгийн Дотоод аудитын хороо

        2. Увс аймгийн Засаг дарга

нарын хоорондын төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулж, төрийн албанаас халах тухай маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Улаанхүү, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Загиржав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Увс аймгийн Дотоод аудитын хорооны 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 33 дугаартай тогтоолын Орон нутгийн өмчийн газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 сарын 28-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/112 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урЬд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах.

2. Нэхэмжлэлийн үндэслэл: Нэхэмжлэгч М.Улаанхүү нь  анх Увс аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/142 дугаар захирамжаар тус аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2020 оны 12 сарын 28-ны өдрийн Б/112 дугаар захирамжаар төрийн албанаас халагдсан байна.

Б/112 дугаар захирамжид Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь хэсэг болон Дотоод аудитын хорооны 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 33 дугаартай тогтоолыг үндэслэжээ.

Дотоод аудитын хорооны дээрх 33 дугаартай тогтоолыг Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны  03 сарын 17-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 сарын 23-ны өдрийн 337 дугаар магадлалаар уг шийдвэрийг хэвээр үлдээсэн бөгөөд шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Нэхэмжлэгчээс Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг болон 39 дүгээр зүйлийн 39.1.2-д заасан "албаны эрх мэдлээ хэтрүүлэх"-ийг хориглоно гэснийг зөрчөөгүй, төрийн жинхэнэ албан хаагчид хориглосон ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй тул хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хэмээн үзэж дээрх захирамж, тогтоолыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

3. Нэхэмжлэгч нь Дотоод аудитын хорооны 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 33 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах  шаардлага бүхий нэхэмжлэлийг Увс аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан байна. Харин Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/112 дугаар захирамжийн талаар Төрийн албаны зөвлөлд гомдлоо гарган 2021 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 01/398 дугаар албан бичгээр гомдлыг шийдвэрлэхээс татгалзсан хариу авснаар дээрх захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж,Увс аймгийн Засаг даргад холбогдуулан 2020 оны Б/112 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагыг гаргажээ.

4. Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад Дотоод аудитын хорооны 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 33 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах  шаардлагаасаа татгалзаж байгаагаа илэрхийлсэн бол Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/112 дугаар захирамжийг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж маргаж байна. Үүнд:

1/ Ажлаас халах гол үндэслэл болгон маргаан бүхий захирамжид заасан Дотоод аудитын хорооны 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 33 дугаартай тогтоолыг шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Б/112 дугаар захирамжаар ажлаас халсан нь үндэслэлгүй

2/ Орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байхдаа хуульд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчөөгүй, албаны эрх мэдлээ хэтрүүлээгүй, энэ талаарх зөрчил баримтаар тогтоогдоогүй

3/ Хариуцагчаас ажлаас халах шийдвэрийг гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй, төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахад баримтлах холбогдох журмыг зөрчсөн

4/ Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалд хуульд заасны дагуу томилогдсон тул уг албан тушаалын шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй гэж үзжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/112 дугаар ажлаас халах тухай захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүргээ биелүүлээгүй мөн хуулийн 37.1.2-д “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” мөн хуулийн 37.1.7-д төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх гэсэн нийтлэг үүргийг зөрчсөн, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-д заасан албаны эрх мэдлээ хэтрүүлэх  гэсэн төрийн жинхэнэ албан хаагчид хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж үзээд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-д зааснаар М.Улаанхүүд ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан.

Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/112 дугаар ажлаас халах тухай захирамж гаргах үндэслэл болсон Увс аймгийн Дотоод аудитын хорооны 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоол нь Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 5 дугаар шийдвэрээр хүчингүй болж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. М.Улаанхүүгийн үүргээ зөрчиж, хориглосон үйл ажиллагаа явуулсан гэдэг нь Увс аймгийн Дотоод аудитын хорооны 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор тогтоогдсон гэж хариуцагчийн зүгээс үзсэн байдаг. Маргаан бүхий 33 дугаар тогтоолыг шүүхээс хүчингүй болгосон. М.Улаанхүүг төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчиж, хориглосон үйл ажиллагаа явуулсан гэдгийг шалгаж нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй ба зөрчил гаргасан гэдэг нь өөр бусад нотлох баримтаар тогтоогдоогүй. М.Улаанхүүгийн хувьд 2016 онд төрийн албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт орж тэнцээд Увс аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/142 дугаар захирамжаар ажил албан тушаалд томилогдсон. 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч болсон.

Увс аймгийн Засаг дарга 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/112 дугаар ажлаас халах тухай захирамж гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй гэж үзэх үндэслэл байгаа. М.Улаанхүүд 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдэл ирүүлсэн. Тухайн мэдэгдэлд хариу тайлбар ямар хугацаанд гаргах болон сонсох ажиллагааг хэзээ хаана хэрхэн зохион байгуулах талаар мэдэгдээгүй. 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нь баасан гариг байсан ба ирэх долоо хоногийн 1 дэх өдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ажлаас халах тухай маргаан бүхий захирамж гаргасан. Тухайн өдөр хоногийг харвал сонсох ажиллагаа явуулаагүй гэдэг нь нотлогдон тогтоогдож байна. Сонсох ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах ёстой байтал нэгэнт гарсан шийдвэрийг дуулгах төдий байдлаар явуулах ёсгүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д сонсгол зохион байгуулах, саналыг бичгээр авах, биечлэн уулзах, утсаар санал авах, цахим хэлбэрээр санал авах, төлөөлөгчөөр дамжуулан санал авах, бусад хэлбэрээр зохион байгуулна гэж хуульд заасан байдаг. Хэзээ хаана сонсох ажиллагааг явуулах талаар мэдэгдэлд дурдаагүйгээс гадна 5 дахь өдөр мэдэгдэл өгөөд дараа долоо хоногийн 1 дэх өдөр ажлаас халах захирамж гарч байгаа тул сонсох ажиллагаа явуулаагүй гэж үзэж байна. Уг ажиллагааг явуулсны үндсэн дээр оролцогчийн эрх ашгийг хөндөх болон эс хөндөх талаар шийдвэр гаргах ёстой байсан. Мэдэгдэл ирүүлснээр сонсох ажиллагааг явуулсан гэж үзэх боломжгүй.

Төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг зөрчиж, хориглосон үйл ажиллагаа явуулсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байгаа учраас нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/112 дугаар ажлаас халах тухай захирамж хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Батбаяр нарт холбогдох, Б.Ганболдод холбогдох, Ю.Сайнжаргал нарт холбогдох, Тэс дулааны станц болон Улаангомын 2-р Дулааны станцтай холбоотой шийтгэх тогтоолуудыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Ю.Сайнжаргал нарт болон Батбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэгт Орон нутгийн өмчийн газар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдож, тендер зохион байгуулахтай холбоотой асуудлаар гэм буруутай этгээдүүд нь хуулийн дагуу эрүүгийн хариуцлагаа хүлээсэн. Орон нутгийн өмчийн газар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон учир төрд учирсан хохирол бүрэн төлж барагдсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн шийтгэх тогтоолд М.Улаанхүүг зөрчил гаргасан эсвэл төрийн албаны үүргээ зөрчсөн гэдэг зүйл байдаггүй. Гэм буруутай этгээдүүд нь тендер зохион байгуулахдаа хууль бусаар тендер зохион байгуулсан гэх албан тушаалын гэмт хэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлагыг гэм буруутай этгээдүүд хүлээсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... Батбаяр, Сайнжаргал нарт шийтгэх тогтоолоор ял оногдуулсныг М.Улаанхүүд холбогдуулж М.Улаанхүүг зөрчил гаргасан гэж үзээд байгаа юм бол Орон нутгийн өмчийн газар тухайн хэргүүд дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдож явж байсныг юу гэж үзэх вэ, зөрчил гаргасан гэж үзсэн юм бол тендер зохион байгуулсан эрүүгийн хэрэг эцэслэн шийдэгдэх хүртэл, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хүлээх ямар шаардлага байсан юм бэ, Хоёрдугаарт тухайн тендерийн үйл ажиллагаанд гомдол мэдээллийн дагуу Авлигатай тэмцэх газар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгээд шалгаад явж байсан, тухайн цаг хугацаанд Орон нутгийн өмчийн газар хохирогчоор тогтоогдоод тайлбараа өгөөд явж байсан нөхцөл байдал тогтоогддог. Гэмт хэрэг шалгагдах үеэс нь тендер хууль бус байсан гэдэг асуудал яригдаж эхэлсэн. Тэгвэл үүнийг сахилгын хэргээ үүсгээд шалгах боломж байсан. Тэгэхээр энэ асуудал М.Улаанхүүтэй холбоогүй учраас тухайн үед сахилгын хэрэг үүсгэж шалгаагүй юм болов уу гэсэн зүйлийг нэмж хэлье гэв.

6. Хариуцагч Дотоод аудитын хорооны дарга Ч.Чимэд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Увс аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Б.Ганболдыг төрийн өмч хөрөнгийг шамшигдуулахад орон нутгийн өмчийн газраас хяналт тавиагүй гэдэг үндэслэлийг хорооны хурлын гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэсэн тул тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

7. Увс аймгийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Загиржав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмнөх анхан болон давж заалдах шатны шүүхүүд дээр гаргасан тайлбар, санал тайлбараа дэмжиж оролцож байна. Нэхэмжлэгч талаас сонсох ажиллагааг хангалтгүй хийсэн, 33 дугаар тогтоолоор хариуцлага ногдуулсан, гомдол мэдээллийг Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журамд заасны дагуу хүлээн авч холбогдох ажиллагааг хийгээгүй гэх тайлбаруудыг гаргаж байна. 33 дугаар тогтоол үнэхээр хууль бус байсан юм бол Биеийн тамир, спортын газрын дарга Ганболд яагаад Эрүүгийн хуулиар ял эдэлсэн юм. Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 25.4 дэх заалтуудыг зөрчөөд магадлал хийгдээгүй байхад Орон нутгийн өмчийн газрын дарга тухайн тендерийг зарлаад сонгон шалгаруулалт хийчихсэн, мөн Таван тэсийн элч орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, дээрээс нь Орон нутгийн өмчийн газрын дарга хүн байгууллагыг удирдаж байх явцдаа хууль бусаар зах зээлийн үнээс хэд дахин өндөр үнээр трактор худалдаж аваад ашигласан, Дулааны 2 дугаар станц гэх орон нутгийн өмчит үйлдвэрийн газар худалдаж авсан ажиллагаанд оролцсон  нэг нь ял эдэлж байгаа. Ер нь шүүхээр тогтоогдсон зүйлүүд дээр гомдол мэдээллийг шалгаж байж шийтгэл ногдуулах эсэхээ шийдэх байсан мэтээр өмгөөлөгч буруу тайлбар хэлж байна. Нэгэнт шүүхийн шийдвэр эцэслэн гарчихсан. Нэхэмжлэгч өөрийн ажлын байрны чиг үүргийн дагуу хариуцсан ажлууддаа хяналт тавих ёстой байтал энэ үүргээ биелүүлээгүйгээс удирдлагад ажиллаж байсан албан хаагч нарт ял шийтгэл оногдуулсан байна гэж үзэж М.Улаанхүүг ажлаас чөлөөлсөн.. Сонсох ажиллагаа явуулсан талаар ярилаа. Орон нутгийн өмчийн газар нь Засаг даргын Тамгын газрын байранд байрладаг. Засаг дарга мэдэгдэл гардуулахаар М.Улаанхүүг удаа дараа дуудсан ярьсан боловч М.Улаанхүү уулзалгүй байж байгаад 2020 оны 12 дугаар сарын 25-ны 5 дахь өдрийн үдээс хойш очиж уулзсан байдаг. Тус уулзалтын ажиллагаа дээр М.Улаанхүүгийн хийж хэрэгжүүлж байсан ажилтай холбогдуулж гарсан зөрчлүүдийн талаар тодорхой тайлбарлаж хэлсэн нь сонсох ажиллагааны тэмдэглэл дээр байгаа ...Шүүхийн шийтгэх тогтоол байгаа. Таван тэсийн илч, Дулааны 2 дугаар цахилгаан станцын ажиллагаатай холбоотой шүүхийн шийдвэр, тогтоолууд байгаа. Хүүхдийн эмнэлэг, бусад худалдан авах ажиллагааны хувьд нэхэмжлэгч тайлбарлахдаа Засаг дарга солигдоод ажлаас халсан гэж тайлбарлаж байсан. Түүнээс хойш гарч ирсэн зөрчлүүд байгаа. Ер нь урьд энэ талаар мэдээлэл авахаар хандаж байсан боловч нууцын зэрэглэлтэй гээд мэдээллээр хангахгүй байсан асуудал байдаг ...Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын худалдан авалт хийгдсэн ажил нь 2019, 2020 онд шийдэгдсэн асуудал. Тэгэхээр үүнд сахилгын шийтгэл ногдуулах хугацаанд нөлөөлөхгүй байх. Дараагийн асуудал нь Ганболд фургон автомашин зарсан асуудал байгаа. Энэ нь М.Улаанхүүг ажлаас халагдахаас өмнө дотоод аудитаас зөрчил гаргасан байна гэж үзээд цагдаагийн байгууллагад шилжүүлсэн үйл баримт байдаг. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах талаар өмгөөлөгч тайлбар гаргаж байна. Энэ зөрчлийг шалган шийдвэрлэхдээ шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй, орон нутгийн байгууллагын шалгаад шийдчихсэн шийдвэртэй асуудал байсан. Дараагийн асуудал нь 50-н ортой хүүхдийн эмнэлгийн асуудалд би буруугүй гэж нэхэмжлэгч ярьж байна. Хамгийн гол асуудал нь орон нутгийн өмчийн газар тэр компанитай гэрээ байгуулахдаа 2 лифтийг хасаж гэрээ байгуулсан юм бэ, энэ таны хариуцлагагүй үйл ажиллагаа шүү дээ. Сахилын шийтгэл ногдуулахдаа хууль ёсоор тогтоогдсон, шүүхийн шийдвэр гарсан байхад дахиж шалгаж тогтоох боломжгүй. Шүүхийн шийдвэр эцсийнх байдаг... М.Улаанхүү хууль бусаар сонгон шалгаруулалт явуулсан асуудал яригдаж байсан боловч ажил олгогчийн зүгээс хариуцлага тооцоогүй өнгөрсөн асуудал байгаа. Шинэ Засаг дарга 2020 оны 12 сард томилогдоод сахилгын зөрчлийг илрүүлээд сахилгын шийтгэл ногдуулсан асуудал байгаа... Дээрээс нь нэмж тайлбарлахад 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 87 дугаартай магадлалын 2.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарт тулгуурлан:

Нэхэмжлэгч М.Улаанхүүгээс “Увс аймгийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын хорооны 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 33 дугаартай тогтоолын Орон нутгийн өмчийн газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, Увс аймгийн Дотоод аудитын хороонд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 сарын 28-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/112 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан тус аймгийн орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах тухай үлдсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Увс аймгийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын хорооны 2020 оны 12 сарын 23-ны өдрийн “Дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын дүнгийн тухай” 33 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэхэмжлэгч М.Улаанхүү нь дээрх маргаан бүхий захиргааны акт нь Увс аймгийн Биеийн тамир спортын газрын санхүүгийн үйл ажиллагаа, төсвийн хөрөнгийн зарцуулалтын байдалд хийсэн дотоод аудит, хяналт, шалгалт хийсэн тайланд үндэслэж гарсан тул Орон нутгийн өмчийн газрын дарга надтай холбоотой албаны эрх мэдлээ хэтрүүлсэн гэх алдаа зөрчил тусгагдаагүй, миний чиг үүрэгтэй хамааралгүй гэх үндэслэлээр уг тогтоолыг хууль бус гэж анх маргасан байна.

Дотоод аудитын хорооны 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолыг иргэн Б.Ганболдын нэхэмжлэлээр Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр бүхэлд нь хүчингүй болгосон байна.

Уг шийдвэрийг хэргийн оролцогчийн гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянаад 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 337 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.2-д заасан “давж заалдах журмаар гомдлыг хянан хэлэлцээд ...гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гараагүй” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн 05 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсон нь Увс аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 106 дугаар албан бичиг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Хүсэлтийг хүлээн авахаас татгалзах тухай” 304 дүгээр тогтоол зэргээр нотлогдож байна.

 Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр маргаан бүхий захиргааны акт болох Дотоод аудитын хорооны 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолыг нэгэнт хүчингүй болгож шийдвэрлэсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч М.Улаанхүү нь уг тогтоолтой холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа шүүх хуралдаан дээр татгалзаж байна.

Нэхэмжлэгчийн уг татгалзал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан “...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрх” -ийн хүрээнд байна.

Мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 109 дүгээр зүйлийн 109.1-д “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэжээ.

Иймд нэхэмжлэгч М.Улаанхүүгээс “Увс аймгийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын хорооны 2020 оны 12 сарын 23-ны өдрийн “Дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын дүнгийн тухай” 33 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, Дотоод аудитын хороонд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

3. Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 сарын 28-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/112 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Маргаан бүхий захиргааны акт болох уг 2020 оны Б/112 дугаар захирамжаар М.Улаанхүүг сахилгын зөрчил гаргасан нь Дотоод аудитын хорооны Дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын дүнгийн тухай 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор тогтоогдсон хэмээн үзэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 48 дугаар зүйлийн 48.1.3, 48.3 дахь заалтуудыг үндэслэн Увс аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалаас халахаар шийдвэрлэжээ.

Уг захирамжид дурдсан тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн заалтуудыг тодруулж үзвэл:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны/-ийн 29 дүгээр зүйлийн 29.2-д “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ: 37.1.1.Монгол Улсын үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх; 37.1.2.өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх; ...37.1.7.төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх; 39 дүгээр зүйлийн 39.1.2.албаны эрх мэдлээ хэтрүүлэх; 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна: ...48.1.3 төрийн албанаас халах, 48.3-д ”Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна” гэж тус тус заасан байна.

Маргаан бүхий Б/112 дугаар захирамжийг гарснаас хойш Монгол Улсын Их Хурлын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйл /Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах/-ийг өөрчлөн найруулснаар захирамжид дурдсан “төрийн албанаас халах” сахилгын шийтгэлийн төрлийг заасан “48.1.3” гэсэн заалтыг 48 дугаар зүйлийн “48.1.4”  болгон, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулах тухай “48.3” гэсэн заалтыг “48.4” болгон зүйл хэсгийн дугаарыг тус тус өөрчилсөн байгааг энд дурдах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий 2020 оны Б/112 дугаар захирамжид дурдсан Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлтэй холбоотой заалтууд өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж буй зохицуулалтаар зүйл хэсгийн дугаарууд “48.1.4”, “48.4” болж өөрчлөгдсөн байх ба харин уг зүйл хэсгийн зохицуулалтын агуулгууд өөрчлөгдөөгүй болно.

4. Нэхэмжлэгч тал “Ажлаас халах үндэслэл болгосон Дотоод аудитын хорооны 2020 оны 33 дугаар тогтоолыг шүүхээс хүчингүй болгосон тул Орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байхдаа хуульд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн, албаны эрх мэдлээ хэтрүүлсэн гэх зөрчил тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй, уг зөрчлийг гаргасан эсэхийг хууль, журамд заасны дагуу шалгаж тогтоогоогүй, сонсох ажиллагаа явуулаагүй, мөн Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалд анх хуульд заасан журмын дагуу томилогдсон тул дээрх маргаан бүхий захиргааны акт хууль бус” хэмээн  маргаж байна.

5. Хариуцагч тал “М.Улаанхүү нь Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалд зохих ёсоор томилогдоогүй, уг албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалттай биелүүлээгүй, хуулиар хүлээлгэсэн төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг хангаж ажиллаагүй, албаны эрх мэдлээ хэтрүүлсний улмаас хэд хэдэн барилгын зураг төсөвт магадлал хийгдээгүй байхад үнэлгээний хороо байгуулж, барилгын ажлын зөвшөөрөл гаргуулсныг дотоод аудитын хорооноос шалгаж тогтоосон,  төсвийн байгууллагуудаас бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд зохих хяналт тавиагүйн улмаас төсөвт хохирол учруулсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, төрийн албанаас халах шийдвэрийг гаргахын өмнө М.Улаанхүүгээс тайлбар авч, сонсох ажиллагаа хийсэн” гэх зэргээр тайлбарлаж байна.

6.  Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 10.3, 12.1.8-д заасан төрийн жинхэнэ албан тушаалд хамаарахаар байх ба 48 дугаар зүйлийн 48.9-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг журмаар зохицуулахаар байна.

Монгол Улсын сайд,Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 сарын 04-ний өдрийн 36, 32 дугаартай тушаалаар “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ыг баталжээ.

Журмын 6.1-д “албан хаагч удаа дараа сахилгын зөрчил гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна” гэж заасан байна.

Маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч М.Улаанхүүг “удаа дараа сахилгын зөрчил гаргаж, шийтгэл хүлээсэн” гэх үндэслэлээр ажлаас халаагүй, энэ үндэслэлээр талууд маргаагүй тул хариуцагчаас тайлбарлаж буй М.Улаанхүүг ажлаас халах үндэслэлүүд нь дээрх журмын 6.1 дэх “төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүйд тооцох үндэслэл”-д хамаарч буй эсэх талаар шүүх дүгнэж хэргийг шийдвэрлэхээр байна.

Дээрх журмын 2.2-д “албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж ,албан тушаалтан шалган тогтооно”, 2.4-д Шалгагч дараах ажиллагааг гүйцэтгэнэ: 2.4.1.гомдол,мэдээллийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор тухайн албан хаагчаас бичгээр тайлбар гаргуулах, 2.4.2 шаардлагатай бол гомдол гаргагчтай уулзаж тайлбар,тодруулга авах, 2.4.3 шаардлагатай мэдээ, мэдээллийг цуглуулах, 2.4.4 гаргасан зөрчлийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээг тогтоох, 2.4.5 цуглуулсан мэдээ, баримтад дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаар заажээ.

Мөн журмын 2.6-д “шалгалтаар албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдсон гэж үзвэл шалгагч үндэслэл, холбогдох баримт материалыг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулж тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зуруулна” гэжээ.

7. Дээрх зохицуулалт болон хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэвэл хариуцагч нь хууль, журмаар тогтоосон төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах зохицуулалтыг зөрчиж, М.Улаанхүүг Увс аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын ажил, албан тушаалаас үндэслэлгүйгээр халсан байна.

Өөрөөр хэлбэл журамд заасан ажиллагаануудыг гүйцэтгээгүй, нэхэмжлэгч М.Улаанхүүгээс гаргасан гэх сахилгын зөрчлүүдийг нэг бүрчлэн бүрэн дүүрэн шалгаж, баримтаар тогтоолгүйгээр түүнд сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус байна.

Хариуцагч нь М.Улаанхүүд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж, хариу тайлбар авсныг “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-д нийцсэн ажиллагаа гэж үзэхээргүй байна.

Хариуцагчаас дурдсан зөрчил нэг бүрийн талаар авч үзэж дүгнэвэл:

8. М.Улаанхүү нь Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалын тусгай шаардлагыг хангаагүй, хуулийн дагуу томилогдоогүй гэх үндэслэлийн тухайд:

Маргаан бүхий захиргааны акт болох 2020 оны Б/112 дугаар захирамжид дурдсан Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан зохицуулалтаас харахад “...энэ хуулийн 37 дугаар зүйл /төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг/, 39 дүгээр зүйл /төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл/-д заасныг зөрчсөн тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчид халах сахилгын шийтгэлийг ногдуулахаар байна.

Тодруулбал, дээрх зохицуулалтаас харахад нэхэмжлэгч М.Улаанхүүг Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалд анх томилсон нөхцөл буюу тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй гэх үндэслэл нь төрийн албанаас халах үндэслэлд хамаарахгүй байхад хариуцагч Увс аймгийн Засаг даргаас уг үндэслэлийг ажлаас халах нэг үндэслэл болгосныг зөвтгөх эрх зүйн үндэслэлгүй байна.

Харин энэ үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн  23 дугаар зүйлийн 23.2, 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд анх томилоход харгалзан үзэх шалгуур байна.

Нэхэмжлэгч М.Улаанхүүгийн тухайд 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч байх ба Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 12 сарын 13-ны өдрийн 13 дугаартай тогтоолоор түүнийг томилуулахаар нэр дэвшүүлснээр Увс аймгийн Засаг даргын 2016 оны 12 сарын 16-ны өдрийн Б/142 дугаар захирамжаар тус аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалд анх томилогдон маргаан бүхий захиргааны акт гарах хүртэл буюу 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл уг албан тушаалын үүргийг 4 жил орчим хугацаанд гүйцэтгэсэн байна. /Хэргийн 1дүгээр хавтасны 19 дэх, 2 дугаар хавтасны 8-14 дэх хуудсанд/

Төрийн албаны тухай хуульд заасан шаардлага, болзлыг хангасан эсэхийг харгалзалгүйгээр хариуцагч Увс аймгийн Засаг даргаас холбогдох захиргааны актаар М.Улаанхүүг анх дээрх удирдах албан тушаалд томилсон эсэхэд дан ганц нэхэмжлэгчийг буруутгаж, энэ үндэслэлээр түүнийг төрийн албанаас халах боломжгүй юм.

Нэхэмжлэгч М.Улаанхүү нь уг маргаан бүхий албан тушаалын чиг үүргийг 4 жил орчим хугацаанд гүйцэтгэсэн байх тул түүнийг төрийн жинхэнэ албанаас халах асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан үндэслэлүүдийг харгалзан шийдвэрлэх нь зүйтэй байна.

9. Орон нутгийн өмчийн газрын даргын 2017, 2018 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг зохих ёсоор үнэлүүлж, албажуулаагүй, 2019, 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайланг Засгийн газрын 2019 оны 37, 38 дугаар тогтоолоор батлагдсан журамд заасны дагуу үнэлж дүгнэсэн баримт байхгүй гэх тухайд:

Төсвийн шууд захирагч болох Орон нутгийн өмчийн газрын даргын 2017, 2018 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг тайлагнах, үнэлж дүгнэх асуудал тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдахаар байна.

Уг хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ”, 19.3-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага тогтооно” гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тушаалаар “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшнийг үнэлж дүгнэх журам”-ыг баталжээ.

Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.17-д зааснаар аймгийн Засаг дарга нь төсвийн ерөнхийлөн захирагч бол, 16 дугаар зүйлийн 16.4.18-д зааснаар Орон нутгийн өмчийн газрын дарга нь төсвийн шууд захирагч байна.

Дээрх журмын 2.1-д “Төсвийн шууд захирагч нь гэрээнд заасан хугацаанд төсвийн ерөнхийлөн захирагчид тухайн оны гэрээний биелэлтийг тайлагнаж, дараа оны гэрээний төслийг чанартай боловсруулж, урьдчилан хүргүүлэх үүрэгтэй”, 2.3-д “Төсвийн ерөнхийлөн захирагч нь Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу төсвийн жил эхлэхээс өмнө гэрээнд заасан хугацаанд төсвийн шууд захирагчийн тухайн оны гэрээний биелэлтийг дүгнэж, дараа оны гэрээ байгуулах үүрэгтэй” гэж зааснаас үзэхэд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны үр дүнгийн гэрээний биелэлтийг тайлагнаж үнэлж дүгнэх нь хоёр талын хамтын үүрэг байна.

Орон нутгийн өмчийн газрын даргын 2017, 2018 онуудын үр дүнгийн гэрээг нэхэмжлэгч М.Улаанхүүгээс тайлагнасан байх ба Увс аймгийн Засаг даргаас уг гүйцэтгэлийг тус тус үнэлж дүгнээд 97.1, 94.3 гэх үнэлгээ өгсөн нь Орон нутгийн өмчийн газрын төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээний биелэлтийн 2017, 2018 оны тайлан /хэргийн 2 дахь хавтасны 108-119 дэх хуудсанд/-гийн баримтаар нотлогдож байх тул дээрх онуудын үр дүнгийн гэрээг дүгнүүлж, үнэлгээг баталгаажуулах үүргээ нэхэмжлэгчээс биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд уг үндэслэлээр түүнийг ажлаас халсныг зөвтгөх боломжгүй.

2018 оны үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээний хэсэгт Увс аймгийн Засаг дарга болон М.Улаанхүү нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Харин  2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийн хуудсанд М.Улаанхүү гарын үсгээ зурж баталгаажуулаагүй байх ба энэ нь ямар шалтгаантай байсан эсэх талаар хариуцагчаас шалгаж тогтоогоогүй бөгөөд гэрээний биелэлтийн тайлан, үнэлгээний хуудсанд тийнхүү гарын үсэг зурж баталгаажуулаагүй үйлдэлд дан ганц нэхэмжлэгч М.Улаанхүүг буруутгаж, шууд ажлаас халах үндэслэл болгож байгааг зөвтгөх боломжгүй гэж үзлээ.

Орон нутгийн өмчийн газрын 2019, 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнах, үнэлж дүгнэх асуудал 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн 2017 оны Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдахаар байна.

Уг хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Төсвийн шууд захирагч тухайн жилийн Төсвийн тухай хуульд заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийг зохион байгуулах зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулан баталж, жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хэрэгжүүлнэ”, 55.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж, жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хэрэгжүүлнэ” гэж заажээ.

Дээрх заалтын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 37 дугаар тогтоолоор “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам"-ыг, 38 дугаар тогтоолоор “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн мэргэшлийн түвшинг үнэлэх журам"-ыг тус тус баталсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3-д “Төсвийн байгууллагын төсвийн шууд захирагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг харьяа байгууллагын үйл ажиллагааны үр дүнгээр үнэлнэ” гэж заасан тул Увс аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байсан төсвийн шууд захирагч болох нэхэмжлэгч М.Улаанхүүгийн тухайд байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг дээрх 37 дугаар тогтоолоор баталсан журам”-ын дагуу гаргаж, үнэлүүлэхээр байна, харин 38 дугаар тогтоолоор баталсан журам түүнд хамааралгүй байна.

Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журмын 2.1-д зааснаар гүйцэтгэлийн төлөвлөгөөг тухайн жилийн 1 дүгээр сарын 1-ээс 12 дугаар сарын 31-ны өдрийн хооронд хэрэгжүүлж, 4.5.2-д зааснаар төсвийн шууд захирагч байгууллагын тайланг дараа оны 1 дүгээр сарын 10-ны дотор төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэхээр заажээ.

Дээрх зохицуулалтыг үндэслэн дүгнэхэд нэхэмжлэгч М.Улаанхүүг Орон нутгийн өмчийн газрын 2020 оны гүйцэтгэлийн тайланг гаргаж өгөөгүй гэх үндэслэлээр 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/112 дугаар захирамжаар ажлаас халахаар шийдвэрлэсэн нь эрх зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл дээрх хууль, журамд заасны дагуу 2020 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлж дуусаагүй, тайлагнах хугацаа болоогүй байхад нэхэмжлэгчийг буруутгаж, сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу байна.

Харин нэхэмжлэгч М.Улаанхүү нь Орон нутгийн өмчийн газрын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнаж, 91.4 гэсэн үнэлгээтэйгээр дүгнүүлсэн нь холбогдох тайлан болон Увс аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын 2019 оны ажил дүгнэсэн үзүүлэлт гэх баримт /хэргийн 2 дахь хавтасны 85-93, 153 дахь хуудсанд/-аар тогтоогдож байгаа тул түүнийг 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнаагүй, үнэлүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд тайлангийн үнэлгээний хуудсыг зохих ёсоор гаргаж албажуулаагүйд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй.

Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журмын 4.5.2-д зааснаар төсвийн шууд захирагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж, баталгаажуулах үүрэг нь төсвийн ерөнхийлөн захирагч буюу хариуцагч Увс аймгийн Засаг даргад өөрт нь хамааралтай байна.

10. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.7-д заасныг зөрчсөн гэх бусад үндэслэлийн тухайд:

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд Төрийн албан хаагчаас хүлээх нийтлэг үүргийг зааж өгсөн ба 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-д “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.7-д төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх гэжээ.

М.Улаанхүүгээс Увс аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалын тодорхойлолтод заасан тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд худалдан авах ажиллагааг зохион байгуулах, иргэн, хуулийн этгээдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь Таван тэсийн илч ОНӨААТҮГ-ын 2018-2019 онуудын санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтаар болон Дулааны 2 дугаар станц, Биеийн тамир, спортын газар гэх байгууллагуудын удирдах албан тушаалтан, ажилтнуудаас  төсвийн хөрөнгийг завших, албаны эрх мэдлээ урвуулах гэмт хэрэг үйлдэж, улсад их хэмжээний хохирол учруулсан болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолуудаар тогтоогдсон хэмээн хариуцагч тал маргаан бүхий захирамжийн үндэслэлийг тодруулан тайлбарлаж байна.

Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалын тодорхойлолтоос харахад тус албан тушаалтан нь

1/ Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/49 дүгээр тогтоол /Хэргийн 1 дэх хавтасны 89-90 дэх хуудсанд/-оор Биеийн тамир спортын газрын хөрөнгөд бүртгэлтэй 18 600 000 төгрөгийн өртөгтэй /худалдан борлуулах доод үнэлгээ 1 000 000 төгрөгөөр тогтоогдсон/ УАЗ-220692-033 маркийн 3799УВА улсын дугаартай автомашиныг дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэсэн байхад М.Улаанхүү нь уг хөрөнгийг Орон нутгийн өмчийн газарт шилжүүлэн авч, хяналтаа тогтоогоогүйгээс тус газрын дарга Б.Ганболдоос хувьдаа завших нөхцөлийг бүрдүүлж, улсад хохирол учруулсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгаж ажлаас халах үндэслэл болгосон нь дараах дүгнэлтээр хууль бус байна.

Нэхэмжлэгч М.Улаанхүү нь дээрх Хурлын шийдвэрийг биелүүлэхээр уг автомашиныг шилжүүлж өгөх талаар Увс аймгийн Биеийн тамир, спортын газраас удаа дараа шаардаж байсан нь Орон нутгийн өмчийн газрын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 147, 8 дугаар сарын 24-ний өдрийн 163, 11 дүгээр сарын 18-ны өдрийн 188 дугаар, Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/1914 дүгээр албан бичгүүд /Хэргийн 1 дэх хавтасны 46, 2 дахь хавтасны 3-5 дахь хуудсанд/-ээр тогтоогдож байх тул түүнийг Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалын тодорхойлолтод заасан зорилгын хүрээнд хэрэгжүүлэх 1 болон 3 дугаар зорилтод заасан “Орон нутгийн үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомж бодлогыг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, тайлагнах”, “нутаг дэвсгэрийн хэмжээнд худалдан авах ажиллагааг зохион байгуулах, иргэн хуулийн этгээдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах” чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/137 дугаар шийтгэх тогтоолоос харахад Биеийн тамир, спортын газрын даргаар ажиллаж байсан Б.Ганболд нь Орон нутгийн өмчийн газраас тавьсан шаардлагыг биелүүлэх албаны үүргээ хэрэгжүүлэлгүй, албан тушаалын байдлаа урвуулан, өөртөө давуу байдал үүсгэн, УАЗ-220692-033 маркийн 3799 УВА улсын дугаартай автомашиныг ашиглан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж, ял шийтгэгдсэн  байх боловч уг үйл баримт нь маргаан бүхий захиргааны акт болох 2020 оны Б/112 дугаар захирамжаас хойш гарсан тул уг баримтыг Орон нутгийн өмчийн газрын дарга М.Улаанхүүг сахилгын зөрчлөөр ажлаас халах үндэслэлийг нотолсон баримт гэж үзэх үндэслэлгүй байна.

2/  Увс аймгийн Дотоод аудитын хорооноос 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд Таван тэсийн илч ОНӨААТҮГ-ын 2018-2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгээд 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаар тогтоолын нэг дэх заалтаар тус газрын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах, жил бүрийн санхүүгийн тайланд хөндлөнгийн аудит хийлгэж гүйцэтгэх захирлын гэрээг дүгнэж байхыг Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгожээ. /Хэргийн 1 дэх хавтасны 47-53 дахь хуудсанд/

М.Улаанхүү нь Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/11 дүгээр тогтоол, Таван тэсийн илч ОНӨААТҮГ-ын ТУЗ-ын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор тус зөвлөлийн даргаар томилогдсон байна. /Хэргийн 1 дэх хавтасны 20-23 дахь хуудсанд/

Мөн өдрийн 02-р тогтоолоор баталсан ТУЗ-ын ажиллах журмын 3.7, ажиллах хуваарьт зааснаар үндсэн хөрөнгө авах, хөрөнгө зарцуулах, их хэмжээний болон ашиг сонирхлын зөрчилтэй хэлцлүүдийг хурлаар хэлэлцэхдээ ажлын хэсэг байгуулан нарийвчлан судалж, санал дүгнэлт гаргасны үндсэн дээр шийдвэр гаргах, дотоод ажлыг удирдах, зохион байгуулах, хяналт тавих, төсвийг захиран зарцуулах эрх хэмжээтэй байна.

Уг үүргээ хэрэгжүүлээгүйгээс Таван тэсийн илч ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал Ц.Батбаяр нь тус байгууллагын хөрөнгөөр худалдан авахдаа гүйцэтгэлийг хүлээж авах комисс шаардлага хангахгүй механизм буюу Эксковатор-Бульдозер-погрузчик худалдан авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн болох нь Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоол, Увс, аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 17 дугаар магадлалаар тогтоогдсон байна.

Хариуцагчаас дээрх шийдвэрийг үндэслэн М.Улаанхүүг ажлаас халахдаа Таван тэсийн илч ОНӨААТҮГ-ын хөрөнгийг хамгаалах, хяналт тавих үүргээ биелүүлээгүй зөрчлийг гаргасан гэж үзсэн байх ба уг үүрэг нь М.Улаанхүүгийн тухайд Орон нутгийн өмчийн газрын даргын чиг үүрэгт хамаарахаас илүүтэй тус хуулийн этгээдийн Төлөөлөн Удирдах зөвлөл, зөвлөлийн даргын чиг үүрэгт хамааралтай байх тул уг үндэслэлээр М.Улаанхүүг Орон нутгийн өмчийн газрын даргын хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь эрх зүйн үндэслэлгүй байна.

3/ Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/97 дугаар шийтгэх тогтоолоор Ю.Сайнжаргал нарын нэр бүхий этгээдүүд эрүүгийн хариуцлага хүлээж, ял шийтгүүлсэн байх ба Эрүүгийн хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-д “Хяналтын шатны шүүхийн тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй” гэж заасны дагуу   дээрх шийтгэх тогтоол нь Монгол Улсын дээд шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 635 дугаар тогтоол гарснаар хүчин төгөлдөр болжээ.

Уг эрүүгийн хэрэгт холбогдсон гэх Ю.Сайнжаргал нь Увс аймгийн Дулааны хоёрдугаар цахилгаан станц, дулаан шугам сүлжээ ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тохиолдолд захиалагч бүх тендерээс татгалзана” гэж заасныг, мөн зүйлийн 30.4.1-т “тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгааныг судалж, тендерийн баримт бичгийн агуулгад шаардлагатай өөрчлөлт оруулж нээлттэй тендер шалгаруулалт явуулах” гэж заасныг тус тус зөрчиж 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр “Хотгор шанага” ХХК-аас 36’000’000 төгрөгөөр хувьдаа худалдаж авсан 74-66 УНЧ улсын дугаартай Вейбен трак загварын тээврийн хэрэгслийг Увс аймгийн Дулааны хоёрдугаар станц, дулааны шугам сүлжээ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн П.Дамдинсүрэнгээр дамжуулан нийлүүлж өөртөө давуу байдал бий болгон 95’000’000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаар шийтгүүлжээ.

Шүүхийн шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсгийн 18 дахь хэсгийн агуулгаас харахад Увс аймгийн Дулааны хоёрдугаар цахилгаан станц, дулаан шугам сүлжээ ОНӨААТҮГ-т нүүрс тээвэрлэх шаланз нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгох сонгон шалгаруулалтыг зарласны дагуу тус газрын захирал Ю.Сайнжаргал нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/38 дугаар тушаалаар Үнэлгээний хороог байгуулж,  даргаар ерөнхий инженер Г.Амартүвшин, нарийн бичгийн даргаар борлуулалтын менежер С.Дашсамбуу, гишүүдээр нягтлан бодогч Г.Наранмандах, нярав Ц.Ганжав, инженер Э.Цэвээнчимэд нарыг томилсон байгаагаас харахад уг сонгон шалгаруулалтын ажиллагааг аймгийн Орон нутгийн өмчийн газрын шууд оролцоогүйгээр зохион байгуулж явуулсан байна.

Уг орон нутгийн өмчит дээрх хуулийн этгээдийн хөрөнгөөр бараа худалдан авах ажиллагаанд Орон нутгийн өмчийн газрын дарга М.Улаанхүүгээс албан тушаалын тодорхойлолт /Хэргийн 2 дахь хавтасны 126 дугаар хуудсанд/ дахь “орон нутгийн өмчийн үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомж, бодлогыг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, тайлагнах”, ”нутаг дэвсгэрийн хэмжээнд худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах, иргэн хуулийн этгээдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах” гэсэн 1, 3 дугаар зорилтуудыг хэрэгжүүлж, зохих хяналтаа тавьж, арга зүйгээр хангаж ажиллаагүйгээс гэмт хэрэг үйлдэгдэж, орон нутгийн өмчид хохирол учруулах  нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж хариуцагчаас маргаан бүхий захиргааны актын нэг үндэслэл болгон тайлбарлаж байна.

Орон нутгийн өмчийн газрын даргаас уг худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулж явуулах ажиллагааны аль үе шатанд хэрхэн ямар байдлаар хяналтаа тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж чадаагүйг нэг бүрчлэн тогтоож, уг гэмт хэрэг үйлдэгдэх болсонд нэхэмжлэгчийн ямар үйл ажиллагаа, эс үйлдэхүй ямар шалтгаант холбоотой болохыг хариуцагч баримтаар нотолж чадаагүй байна гэж шүүх үзлээ.

11. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-д заасныг зөрчсөн гэх үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч М.Улаанхүү нь Увс аймгийн Өлгий сумын спорт цогцолборын болон Зүүнговь сумын сургуулийн спорт заалны барилгын ажлын зураг, төсөв хийгдээгүй байхад Орон нутгийн өмчийн газрын даргын албаны эрх мэдлээ хэтрүүлж, үнэлгээний хороо байгуулан сонгон шалгаруулалтыг явуулж, Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 25.4-д заасныг зөрчиж барилгын зөвшөөрөл олгуулсан, захиалагчийн шаардлагад нийцээгүй Увс аймгийн Улаангом сумын 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилга болон дунд оврын автобус, суудлын автомашин  хүлээж авсан зөрчил гаргасан нь ажлаас халах үндэслэл болсон хэмээн хариуцагч үзжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас харахад дээрх барилгын ажлуудын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагаа 2019 онд явагдсан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-д “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад дор дурдсан этгээд захиалагч байна: 45.2.2.аймаг, нийслэлийн Засаг дарга нь тухайн орон нутагт худалдан авах бараа, ажил, үйлчилгээний хувьд” гэж зааснаар дээрх ажлуудын захиалагч нь Увс аймгийн Засаг дарга байх ба захиалагч нь мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.9, 29 дүгээр зүйлийн 29.1, 46 дугаар зүйлийн 46.1.3-д заасны дагуу үнэлгээний хороог байгуулж, уг үнэлгээний хорооны үнэлгээг үндэслэж, ажил гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээтэй байна.

Нэхэмжлэгч, хариуцагч талууд дээрх ажлуудын гүйцэтгэгчийг шалгаруулах сонгон шалгаруулалт зарлагдаж зохион байгуулагдсан эсэх талаар маргаагүй ба зөвхөн барилгын ажлын зураг, төсөвт магадлал хийгдээгүй байхад уг сонгон шалгаруулалтыг явуулж, барилгын ажлын зөвшөөрөл олгуулсан эсэх, мөн захиалагчийн тавьсан шаардлагад нийцээгүй бараа, ажлыг хүлээн авсан эсэх талаар маргаж байна.

1/ Увс аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/305 дугаар захирамжаар Увс аймгийн Өлгий сумын Спорт цогцолборын барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог, 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/328 дугаар захирамжаар Увс аймгийн Зүүнговь сумын сургуулийн спорт заалны барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/71 дүгээр захирамжаар Улаангом сумын хүүхдийн эмнэлгийг барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог  тус тус байгуулсан байх ба үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд Орон нутгийн өмчийн газрын дарга М.Улаанхүү томилогдоогүй байна. /Хэргийн 1 дэх хавтасны 43, 44 дэх хуудсанд/

Барилгын тухай хуулийн 25.2-д “Магадлалыг дараах зураг төсөлд хийнэ: ...25.2.5 ....улс, орон нутгийн төсөв, ...хөрөнгөөр барих барилга, байгууламжийн төсөв, нэгдсэн төсөв”, 25.4-д “Энэ хуулийн 25.2, 25.3-т заасан зураг төсөлд магадлал хийлгээгүй бол барилгын ажлын зөвшөөрөл олгохыг хориглоно”, 26 дугаар зүйлийн 26.1-д “...барилга байгууламжид дараах төрлөөр барилгын ажлын зөвшөөрөл олгоно: 26.1.1.барилга байгууламжийг шинээр барих” гэж зааснаас харахад шинээр барих барилга, байгууламжийн тухайд заавал зураг, төслийн магадлал хийгдэхээр байх ба 37 дугаар зүйлийн 37.1.10-д зааснаар “барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгэж, холбогдох зардлыг хариуцах” нь захиалагчийн чиг үүрэгт хамааралтай байна.

Мөн хуулийн 27, 28, 35 дугаар зүйлүүдэд зааснаар барилгын ажлын зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгох бөгөөд барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр, барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт зэрэг баримтуудыг үндэслэж олгохоор байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас харахад Увс аймгийн Засаг даргаас Зүүнговь сумын сургуулийн спорт заалны барилгын ажлын гүйцэтгэгчээр сонгон шалгаруулж, гэрээ байгуулах эрхийг Ундарга петролиум ХХК-д, Өлгий сумын Спорт цогцолборын барилгын ажлын гүйцэтгэгчээр сонгон шалгаруулж, гэрээ байгуулах эрхийг Баатарцагаан ХХК-д олгохоор тус тус шийдвэрлэж, ажил гүйцэтгэх гэрээг баталгаажуулсан нь 2019 оны 07 дугаар сарын 16, 09 дүгээр сарын 09-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1/998, 08 дугаар сарын 29-ний өдрийн 1/1288 дугаар албан бичиг, Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, зөвлөмж зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /Хэргийн 2 дахь хавтасны 37-84 дүгээр, 3 дахь хавтасны 36-89 дэх хуудсанд/

Барилгын хөгжлийн төвийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2167/2020, 2168/2020 дугаартай Магадлалын нэгтгэсэн дүгнэлт /Хэргийн 2 дахь хавтасны 198, 224 дүгээр хуудсанд/ болон Увс аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 30 дугаартай албан бичиг /хэргийн 2 дахь хавтасны 156 дахь хуудсанд/-ээс харахад Увс аймгийн Өлгий сумын Спорт цогцолборын, Зүүнговь сумын сургуулийн спорт заалны барилгын ажлуудын зураг, төслийн магадлалыг тендер сонгон шалгаруулалт явагдаж,ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, барилга баригдсанаас хойш хийгдсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа хэдий ч уг нөхцөлөөр дан ганц нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй.

Дээр дурдсан хуулийн зохицуулалтаас харахад барилгын ажлын зураг төсвийг хийлгэх, холбогдох баримтуудыг хянаж, барилгын зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэх нь аймгийн Засаг даргад олгогдсон эрх хэмжээ байх ба Орон нутгийн өмчийн газрын дарга М.Улаанхүүгээс өөрт олгогдоогүй уг эрхийг хэрэгжүүлсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

 Өөрөөр хэлбэл, М.Улаанхүүгээс дээрх зөрчлийг үйлдсэн гэх үндэслэлийг  хариуцагч баримтаар нотолж чадахгүй байна.

Увс аймгийн Өлгий сумын Спорт цогцолборын барилгын болон Зүүнговь сумын сургуулийн спорт заалны барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахтай холбоотой баримтыг Увс аймгийн Орон нутгийн өмчийн газар болон хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх шаардан гаргуулсан ба тэдгээр баримт дотор Орон нутгийн өмчийн газрын даргын шийдвэрээр барилгын ажлын зөвшөөрөл олгосон ямар нэгэн баримт байхгүй байна.

Харин хэрэгт авагдсан Увс аймгийн Өлгий сумын Спорт цогцолборын барилгын ажлын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн БЗ-87/2019 дугаартай,  Зүүнговь сумын сургуулийн спорт заалны барилгын ажлын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн БЗ-86/2019 дугаартай зөвшөөрлийн гэрчилгээнд уг зөвшөөрлийг олгосон албан тушаалтныг Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга хэмээн тодорхойлж Б.Бат-Ерөөлтийн гарын үсгээр баталгаажуулсан байх тул нэхэмжлэгчийг албаны эрх мэдлээ хэтрүүлэн барилгын  зөвшөөрөл олгосон гэж үзэх үндэслэлгүй байна. /Хэргийн 3 дахь хавтасны 100 дахь хуудсанд/

Иймд М.Улаанхүүгээс Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг тухайлбал, 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахих” зарчмыг үл мөрдөж бусдад давуу байдал олгосон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

2/ Увс аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/71 дүгээр захирамжаар Улаангом сумын хүүхдийн эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулжээ.

 Үнэлгээний хорооны даргаар Засаг даргын орлогчийг томилсон байх ба Орон нутгийн өмчийн газрын дарга М.Улаанхүүгийн тухайд уг бүрэлдэхүүнд томилогдоогүй байна.

Үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ЭМЯ/201902026 дугаартай зөвлөмжийн дагуу Увс аймгийн Засаг даргаас Цонбон тоосго ХХК-ийг сонгон шалгаруулж, 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын ажил гүйцэтгэх тухай 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн гэрээг баталгаажуулсан нь уг гэрээ болон Үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэл, зөвлөмж, Увс аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 1/443 дугаар албан бичгээр тогтоогдож байна. /Хэргийн 2 дахь хавтасны 74-90 дэх хуудсанд/

Барилгын хөгжлийн төвийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1880/2018 дугаар магадлалын ерөнхий дүгнэлтээс харахад Хүүхдийн эмнэлгийн барилгын ажлын зураг, төслийн магадлал уг ажлын сонгон шалгаруулалтаас өмнө хийгджээ.

Дээрх барилгын ажлын гүйцэтгэлийн тухайд захиалагчийн шаардлагад нийцээгүй буюу лифтгүйгээр барилгыг хүлээж авсан гэх үндэслэлээр М.Улаанхүүг сахилгын зөрчил гаргасан гэж хариуцагч үзэж байгаа бөгөөд уг үйл баримттай холбогдуулан 43 секундийн дуу, дүрсний бичлэг бүхий дискийг шүүхэд гаргаж өгчээ.

Уг дискэнд шүүхээс үзлэг хийж 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлж авсан ба уг бичлэгт ямар нэгэн барилгын ажлын сонгон шалгаруулалтын талаарх Нэгдсэн эмнэлгийн дарга асан Д.Доржготов гэх хүний дүрс, яриа товч бичигдсэн бөгөөд уг бичлэгээр М.Улаанхүүгээс сахилгын зөрчил гаргасныг нотлогдсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Цонбон тоосго ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ болон Барилгын хөгжлийн төвийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1880/2018 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлт, түүний хавсралтад Хүүхдийн эмнэлгийн барилгын төлөвлөлт, угсралтын талаар тодорхойлохдоо лифттэйгээр барих талаар огт тусгагдаагүй, мөн Үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэлээс харахад барилгыг лифттэйгээр барих нөхцлөөр Цонбон тоосго ХХК-д давуу эрх олгож, сонгон шалгаруулсан тухай тусгагдаагүй байх бөгөөд уг барилгын ажлын гүйцэтгэлийг дан ганц Орон нутгийн өмчийн газрын дарга М.Улаанхүү хүлээж авсан гэдгийг нотлох баримт байхгүй байна.

Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлд зааснаас харахад барилгын ажлын гүйцэтгэлийг хүлээн авч, ашиглалтад оруулах комиссыг аймгийн Засаг дарга томилж ажиллуулахаар байх боловч энэ талаар баримт байхгүй бөгөөд комиссын бүрэлдэхүүнээр хүлээх үүргийг дан ганц М.Улаанхүүд хамаатуулж, дээрх барилгуудын ажлын гүйцэтгэлийг зохих ёсоор хүлээж аваагүй гэх үндэслэлээр дан Орон нутгийн өмчийн газрын дарга М.Улаанхүүг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл комиссын бүрэлдэхүүнээр гүйцэтгэх үүргийг дан ганц нэхэмжлэгчид хамаатуулж түүнийг сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн нь эрх зүйн үндэслэлгүй байна.

3/ 2018 онд Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт суудлын автомашин болон дунд оврын автобус нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагаа явагдсан байх ба аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/158 дугаар захирамжаар үнэлгээний хороог байгуулж, хорооны даргаар М.Улаанхүүг томилсон байна. /Хэргийн 1 дэх хавтасны 60 дахь хуудсанд/

Увс аймгийн Засаг даргаас Үнэлгээний хорооны 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хурлын тэмдэглэл, зөвлөмжийн дагуу Үүрэг нуурын богч ХХК-ийг сонгон шалгаруулж, суудлын автомашин болон дунд оврын автобус нийлүүлэх тухай 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн гэрээнүүдийг баталгаажуулсан байна. /Хэргийн 1 дэх хавтасны 56-85 дахь хуудсанд/

Уг гэрээнүүдийн 5.2.2-д “Захиалагч нь автомашиныг техникийн тодорхойлолт, чанар, стандартын шаардлага хангаж буй эсэхэд холбогдох инженер болон бусад байгууллагаар шалгуулсны дараа хүлээж авна” гэж заасан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.6-д зааснаар гэрээний үүргийн биелэлтэд чанар болон гүйцэтгэлийн хяналт тавих нь захиалагчийн үүрэг байх бөгөөд уг үүргийг биелүүлээгүй гэх нөхцөлөөр дан ганц Орон нутгийн өмчийн газрын даргыг  буруутгах боломжгүй.

Түүнчлэн дээрх суудлын автомашин болон дунд оврын автобус  нь шаардлага хангахгүй талаар хариуцагчаас бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй, Орон нутгийн өмчийн газрын дарга М.Улаанхүү нь тийнхүү шаардлага хангаагүй автомашиныг хүлээж авсан гэх зөрчлийг шүүхэд баримтаар нотолж чадахгүй байна.

Шүүхээс дээрх үндэслэлтэй холбоотой баримтуудыг гаргуулахаар хариуцагчаас хангалттай шаардсан болно.

Иймд нэхэмжлэгч М.Улаанхүүгээс дээрх сахилгын зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

12. Дээрх дүгнэлтүүдээр хариуцагч Увс аймгийн Засаг дарга нь хууль, журмаар тогтоосон төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах зохицуулалтыг зөрчиж, нэхэмжлэгч М.Улаанхүүг тус аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын ажил, албан тушаалаас үндэслэлгүйгээр халсан байна гэж үзлээ.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халагдахгүй байх баталгааг зөрчсөн бөгөөд маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/112 дугаар захирамжийг хүчингүй болгож, М.Улаанхүүг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

Маргаан бүхий захиргааны актын үндэслэлд дурдсан сахилгын зөрчлүүдийг нэхэмжлэгч М.Улаанхүүгээс үйлдсэн гэх үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасан сахилгын зөрчилд шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааны талаар энэ хэрэгт дүгнэх шаардлагагүй гэж үзсэн болно.

13. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын тухайд:

Маргаан бүхий Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/112 дугаар захирамж нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй болох нь дээрх дүгнэлтүүдээр нэгэнт тогтоогдож байгаа тул ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна”, 41 дүгээр зүйлийн 41.3-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар  зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэлх хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасны дагуу сарын хуанлид заасан ажлын өдрүүдийг үндэслэн нэхэмжлэгч М.Улаанхүүгийн ажилгүй байсан хугацааг 2020 оны 12 дугаар сарын сарын 28-ны өдрөөс тооцож, түүнийг орон нутгийн өмчийн газрын даргын ажлыг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэлх хугацаанд ногдох нөхөн олговрыг тооцож олгохыг хариуцагчид даалгуулахаар байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана“ гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчид олгох дээрх олговрыг Увс аймгийн засаг даргын Тамгын газраас гаргуулах нь зүйтэй байна.

14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэж заажээ. 

Нэхэмжлэгч М.Улаанхүү нь нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсан бөгөөд үлдсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхээс хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 70 200 төгрөгийг төлсөн баримт хэрэгт авагдсан байгаа болно.

15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар энэ хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж байгаа ба мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “ Захиргааны хэргийг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд гурав хүртэл иргэдийн төлөөлөгч оролцуулна” гэж заажээ.

Дээрх хуульд заасны дагуу иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор сонгогдсон Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн иргэн Б.Баярмаад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцож чадахгүй болсон талаараа шүүхэд баримт ирүүлээгүй ба түүний оролцоогүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан санал, тайлбарыг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д “ Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно...” гэж заасны дагуу шүүх хуралдаан явагдсан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч М.Улаанхүүгийн “Увс аймгийн Дотоод аудитын хорооны 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 33 дугаартай тогтоолын Орон нутгийн өмчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, Увс аймгийн Дотоод аудитын хороонд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 37.1.1, 37.1.2, 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 48 дугаар зүйлийн 48.1.3, 48.9, 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 сарын 28-ны өдрийн Б/112 дугаар захирамжийг хүчингүй болгож, М.Улаанхүүг Увс аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

3. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн 41.3,  Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1,  Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч М.Улаанхүүгийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Увс аймгийн Засаг даргад даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Улаанхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч Увс аймгийн Засаг даргаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Улаанхүүд олгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Н.АМАРЗАЯА

ШҮҮГЧ                                  Л.ТУНГАЛАГ

ШҮҮГЧ                                  Ч.ЦЭНД-ОЧИР