Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 00282

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгч Б.Л нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л холбогдох эрүүгийн 1738002930097 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Л нь согтуугаар 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумаас Мөрөн сум руу явж байх замдаа иргэн С.Ц маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Л нь согтуугаар 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумаас Мөрөн сум руу явж байх замдаа иргэн С.Ц маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Л мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Ц миний дээгүүр алхаж гарсан. Тэгэхээр нь амьд хүний дээгүүр гишгээд байхдаа яадаг юм бэ гэхэд май гөлөг минь гэхээр нь би машинаас буугаад нүүрлүү нь гараараа нэг удаа цохисон...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг,

Хохирогч С.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Л намайг дээгүүр нь алхаж гарлаа гээд хамар хэсэгрүү гараараа цохисон. Нүүрлүү хөлөөрөө өшиглөсөн...Хохирол 400.000 төгрөг авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 10-14 дүгээр хуудас/,

Гэрч Ө.Батдалайгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг Батлхагва ах аваад машины урд хэсэгрүү очоод юм яриад байж байтал Ц-ыг Л зодсон байсан. Юунаас болж зодолдсоныг нь мэдээгүй. Ц хамраас цус гоожсон байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-17 дугаар хуудас/,

Гэрч Б.Нямдаваагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Л дээгүүр гишгэлээ гээд Цв руу уурласан чинь Ц май гээд салаавч өгсөн. Тэгтэл Л Цэдэнжавын хамар хэсэг рүү нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 18-19 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Батлхагвын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Батдалайг машинаас буулгаад юм ярьж байгаад очсон чинь Ц хамраас цус гоожсон байж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 20 дугаар хуудас/,

Гэрч Ш.Оюунбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Цэдэнжав машинаас буухдаа Л дээгүүр гишгээд буусан юм шиг байгаа юм. Тэгэхээр нь Лхагва-Очир уурлаад Ц нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 21 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Р.Ням-Осорын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 616 тоот

1. С.Ц биед гэмтэл тогтоогдлоо.

2. С.Цбиед хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт бүхий гэмтэл учирсан байна.

3. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /ХХ-ийн 28 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1738002930097 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Б.Л нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 33 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Л нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Л нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байх тул түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч С.Ц нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 1738002930097 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч  Л хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Л 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч  Б.Л нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 1738002930097 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР