Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 129/ШШ2024/00311

 

 

 

                                                   

 

                                                    

                              

 

                                                          

 

 

 

 

                                     129/ШШ2024/00311

   

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                              

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: А аймгийн Ц сумын А багт оршин суух М овгийн Ч.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Мал маллаж байснаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Ч.Б

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн

                                                                                                                                                                                                                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

1. Хүсэлт гаргагч Ч.Б нь мал маллаж байснаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

 

 Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

 

Миний 1993, 1999 оны малын А данс архиваас гарсан. Бусад оны малын А данс архивын тасгаас гараагүй учраас Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөл намайг 1995-1997 онд мал маллаж байсан байдлыг тогтоох боломжгүй гэж шийдвэрлэсэн. Би малчин нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор А аймгийн Ц суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл мал маллаж байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Иймд миний А аймгийн Ц суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хувийн мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Ч.Б-н 1993, 1999 оны малын А данс архивын тасгаас гарсан. Бусад хугацааны малын А данс нь архивын тасгаас гараагүй. Ч.Б нь мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд гаргасан. Тус зөвлөл Ч.Б-н 1998-2000 онд мал маллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэсэн. 1995-1997 онд мал маллаж байсан байдлыг нотлох баримтгүй учраас дээрх хугацаанд Ч.Б-н мал маллаж байсан байдлыг тогтоох боломжгүй гэж шийдвэрлэсэн. 1990-2000 онд ажил хөдөлмөр эрхлэж байгаагүй иргэдэд 1990-2000 онд ажилласан жил нөхөн тооцож олгож байсан. Энэ үед Ч.Б нь 1990-2000 онд ажилласан жил нөхөн тооцуулсан. Ч.Б 1995-2000 онд ямар нэгэн байгууллагад ажиллаж цалин хөлс авч, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж байсан мэдээлэл бүртгэгдээгүй гэв.

 

3. Хүсэлт гаргагчаас:

- Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Засаг даргын 2024 оны 6 сарын 13-ны өдрийн 165 тоот тодорхойлолт

- хүсэлт гаргагчид холбогдох 2013 оны 4 сарын 17-ны өдрийн 011500534 дүгээр малчин мэргэжлийн үнэмлэх

- Б.П, Б.Б, Б.Г, Б.У нарын төрсний бүртгэлийн гэрчилгээ

- Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 5 сарын 28-ны өдрийн 32/17 дугаар албан бичиг

- Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 4 сарын 22-ны өдрийн 03/09 дүгээр тогтоол

- Хүн ам, орон сууцны 1989, 2000, 2010 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 6 сарын 13-ны өдрийн 03-02/3468, 03-02/3469, 2024 оны 6 сарын 14-ний өдрийн 03-02/3493 тоот лавлагаа/

- АО69051010 регистрийн дугаартай Ч.Б-н 1993, 1999 оны мал тооллогын баримт /Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 6 сарын 18-ны өдрийн 574 дүгээр лавлагаа/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Хүсэлт гаргагч Ч.Батбаярын хүсэлтээр Д.Г, Д.А нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

5. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу

- Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 6 сарын 26-ны өдрийн 03/316 тоот тодорхойлолт

- Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Засаг даргын 2024 оны 6 сарын 26-ны өдрийн 177 тоот тодорхойлолт

- Ч.Б-т холбогдох 1997 оны Алтан-Овоо багийн хүн амын бүртгэл

- нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, шимтгэл төлсөн, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 6 сарын 26-ны өдрийн 01/535 дугаар лавлагаа зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч Ч.Б нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор А аймгийн Ц суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 сарын 31-ний хугацаанд мал маллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Засаг даргын 2024 оны 6 сарын 13-ны өдрийн 165 тоот тодорхойлолт, хүсэлт гаргагчид холбогдох 2013 оны 4 сарын 17-ны өдрийн 011500534 дүгээр малчин мэргэжлийн үнэмлэх, Б.П, Б.Б, Б.Г, Б.У нарын төрсний бүртгэлийн гэрчилгээ, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 5 сарын 28-ны өдрийн 32/17 дугаар албан бичиг, Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 4 сарын 22-ны өдрийн 03/09 дүгээр тогтоол, хүн ам, орон сууцны 1989, 2000, 2010 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 6 сарын 13-ны өдрийн 03-02/3468, 03-02/3469, 2024 оны 6 сарын 14-ний өдрийн 03-02/3493 тоот лавлагаа/, АО69051010 регистрийн дугаартай Чоймпогийн Батбаярын 1993, 1999 оны мал тооллогын баримт /Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 6 сарын 18-ны өдрийн 574 дүгээр лавлагаа/, Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 6  сарын 26-ны өдрийн 03/316 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Засаг даргын 2024 оны 6 сарын 26-ны өдрийн 177 тоот тодорхойлолт, Ч.Б-т холбогдох 1997 оны Алтан-Овоо багийн хүн амын бүртгэл, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, шимтгэл төлсөн, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 6 сарын 26-ны өдрийн 01/535 дугаар лавлагаа, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Д.Г, Д.А нарын мэдүүлгээр тус тус дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3. Ч.Б-г 1995-1997 онд малчнаар ажилласнаар тооцох боломжгүй гэж Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөл тус тус шийдвэрлэжээ.

 

Хүсэлт гаргагч Ч.Б нь 1995-1997 онд мал маллаж байснаа тогтоолгохоор Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд тус тус хандаж шийдвэрлүүлсэнийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх талаар хуульд заасан журмыг хэрэглэсэн гэж үзнэ.

 

Хүсэлт гаргагчийн 1995 оноос 1997 онд мал маллаж байсан талаарх нотлох баримт төрийн байгууллагад хадгалагдаагүйн улмаас дээрх үйл баримтыг шүүхээр тогтоолгохоор хүсэлт гаргасан нь онцгой ажиллагааны журмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг төрөл болох эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг сэргээн тогтоолгох хүсэлт юм.

 

4. Хүсэлт гаргагч Ч.Б-н мал маллаж байсан талаар тодорхойлсон “М овгийн Ч.Б нь 1995-1997 онд тус сумын А багт мал маллан амьдарч байсан нь үнэн болно” гэсэн А аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 6 сарын 26-ны өдрийн 03/316 тоот тодорхойлолт, “Тус багийн иргэн М овгийн Ч.Б нь 1995-1997 онуудад мал маллаж байсан малчин” гэсэн Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Засаг даргын 2024 оны 6 сарын 26-ны өдрийн 177 тоот тодорхойлолт, “Ч-н Б 8 дугаар анги төгссөн, малчин” гэж бүртгэгдсэн Ч.Б-т холбогдох 1997 оны Алтан-Овоо багийн хүн амын бүртгэл, гэрч Д.Г-н “Ч.Б 1986 онд 8 дугаар анги төгсөөд Социализмын зам нэгдэлд мал маллаж байгаад цэргийн албанд татагдсан. Яг хэдээс хэдэн онд цэргийн алба хаасныг нь мэдэхгүй. Цэнхэр сумын Социализмын зам нэгдэл 1990 онд хувьчлагдсаны дараа Ч.Б 1992 оноос одоог хүртэл Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багт нутаглаж, хувийн малаа маллаж байгаа. Энэ хугацаанд Ч.Б Цэнхэр сумын Алтан-Овоо багаас өөр тийшээ шилжиж байгаагүй, мал маллахаас өөр ажил эрхэлж байгаагүй. Ч.Б нь эхнэр Г хүүхдийнхээ хамт мал малладаг юм. Эднийх 200 гаруй малтай байх” гэх мэдүүлэг, гэрч Д.А-н “Б-н аав Ч-той Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд хамт мал маллаж байсан. Б-г багаас нь мэддэг. Б Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд мал маллаж байсан. Тэгээд тус нэгдэл хувьчлагдсаны дараа Ч.Б Цэнхэр сумын Алтан-Овоо багт нутаглаж 1993 оноос одоог хүртэл хувийн малаа маллаж байна. Батбаяр нь одоо эхнэр Д.Г-н хамт малаа малладаг. Эднийх 4 хүүхэдтэй. 3 хүүхэд нь хотод байдаг. Нэг хүүхэд нь аав, ээжтэйгээ хамт амьдардаг юм. Б-х Цэнхэр сумын Алтан-Овоо багаас шилжиж байгаагүй, мал маллахаас өөр ажил хийж байгаагүй. Ч.Б үхэр, адуу, хонь, ямаа нийлсэн 250 гаруй толгой малтай” гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр Ч.Б-н А аймгийн Ц суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 сарын 31-ний хугацаанд мал маллаж байсан нь тогтоогдож байна.

 

Иймд Ч.Б-н А аймгийн Ц суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 сарын 31-ний хугацаанд мал маллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

5. Хэрэгт авагдсан Ч.Б-т холбогдох 2013 оны 4 сарын 17-ны өдрийн 011500534 дүгээр малчин мэргэжлийн үнэмлэх, Б.П, Б.Б, Б.Г, Б.У нарын төрсний бүртгэлийн гэрчилгээ, хүн ам, орон сууцны 1989, 2000, 2010 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 6 сарын 13-ны өдрийн 03-02/3468, 03-02/3469, 2024 оны 6 сарын 14-ний өдрийн 03-02/3493 тоот лавлагаа/, 1993, 1999 оны мал тооллогын баримт /Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 6 сарын 18-ны өдрийн 574 дүгээр лавлагаа/ зэрэг баримт нь хүсэлт гаргагчийн мал маллаж байснаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул үнэлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                                                     

                                                                        ТОГТООХ нь:                                   

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар М овгийн Ч.Б-н А аймгийн Ц суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 сарын 31-ний хугацаанд мал маллаж байсныг тогтоосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

           3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.БАЙГАЛМАА