Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 00285

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч М.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О холбогдох эрүүгийн 1738000750085 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч М.О нь 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3-8-19 тоотод өөрийгөө Төрбат гэж танилцуулан Хөвсгөл аймгийн Арбулаг сумын иргэн Н.Г “Даюун” маркийн мотоциклийг залилан авч 1.500.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.О нь 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3-8-19 тоотод өөрийгөө Төрбат гэж танилцуулан Хөвсгөл аймгийн Арбулаг сумын иргэн Н.Г “Даюун” маркийн мотоциклийг залилан авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч М.О мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "…Би Ганзоригтой архи ууж байхдаа өөрийгөө Төрбат гээд танилцуулаад та мотоциклио түр өгчихөөч би айлд оччихоод ирье гэж хэлэхэд тэг, тэг гэсэн. Тэгээд би мотоциклийг нь аваад Дурсамж нэртэй бүжгийн газарт очсон. Тэнд бүжиглэж байгаад гарч ирэхэд мотоцикль маань алга болсон байсан...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна…" гэх мэдүүлэг,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 12-14 дүгээр хуудас/,

       Хохирогч Н.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...Төрбат гэж өөрийгөө танилцуулсан залуу чиний мотоциклиор хальт айл  руу яваад ирье гээд миний мотоциклийг унаж яваад тэр чигээрээ ирээгүй. Би О нэртэй өөрийгөө Төрбат гэж танилцуулсан залуугийн царай зүсийг хараад танина. Би гомдолтой байна. Би алдсан мотоциклио нэхэмжилж байна... " гэх мэдүүлэг /ХХ-ийн 18-22 дугаар хуудас/,

        Гэрч Э.Санжаасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…Төрөө гэдэг залууг хайхад Тосонцэнгэл сумын Ачмаг нуурын зүүн талд гэр нь байдаг ээж нь Жаргалсайхан гэж нэртэй хүн байна лээ. М.О гэдэг нэртэй залуу гэсэн..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 23 дугаар хуудас/,

Эд зүйл үнэлсэн тайлан /ХХ-ийн 26 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1738000750085 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

       Шүүгдэгч М.О хохирол 1.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Г олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь урьд 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 257 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, /ХХ-ийн 36-45 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч М.О ял шийтгэл оногдуулахдаа өмнөх Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 257 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 2 жил 4 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулах нь зүйтэй байна.

      Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчийн 3 удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан үзэж түүний хорих ял эдлэх дэглэмийг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

     1. Шүүгдэгч О залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 257 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сарын ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 10 /арав/ сарын хугацаагаар тогтоосугай.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О оногдуулсан 2 /хоёр/ жил 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

      5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч М.О 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1 дүгээр багт оршин суух  Г т олгосугай.

      6. Эрүүгийн 1738000750085 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ХҮРЭЛБААТАР