Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/838

 

 

 

 

    2021            9             21                                        2021/ДШМ/838

А.Нд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гансүлд,

шүүгдэгч А.Нгийн өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр, Б.Билгүүн,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1326 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Мөнгөншагайн бичсэн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 50 дугаартай эсэргүүцэлд үндэслэн шүүгдэгч А.Нд холбогдох 1902 00640 0023 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.

Хүрэн азарга овгийн Аын Н, 1969 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймагт төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, Нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга ажилтай, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

А.Н нь Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус байгууллагын нярав Д.Дд “Кассын орлогын мөнгөнөөс байгууллагад шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, нэн яаралтай хэрэгцээтэй байгаа зүйлсийг авах учраас орлогод битгий аваарай” гэсэн чиглэл өгч, “Чи миний хий гэснийг л хий, илүү дутуу юм яриад яваад байвал ажлаас чинь чөлөөлнө” гэж эрхшээлдээ автуулж, байгууллагын мөнгөн хөрөнгийн кассаас 2016 оны 8 дугаар сараас 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр:

1. 2016 оны 8, 9 дүгээр сарын орчим шөнийн цагаар нярав Д.Дг гэрээс нь жолооч Б.Болдбаатараар авахуулж, байгууллагын кассын орлогоос бэлэн 2.000.000 төгрөгийг гаргуулан авсан,

2. 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр нөхөр Ц.Амарсайханы эрхлэн үйл ажиллагаа явуулдаг “Мираж” рестораны ажилтан Д.Дарьхүүгийн Хаан банк дахь 5007723142 тоот дансанд 440.000 төгрөгийг нярав Д.Дгаар шилжүүлэг хийлгэсэн,

3. 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн үед нөхөр Ц.Амарсайханы эрхлэн үйл ажиллагаа явуулдаг “Мираж” рестораны 0162, 0172, 1081 дугаартай тооцооны хуудаснуудыг нярав Д.Дд гарган өгч, тухайн тооцооны хуудасны дагуу 468.700 төгрөгийг бэлнээр авсан,

4. 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Америк сургууль /American school/-д суралцдаг төрсөн хүү А.Жамъяангаравын сургалтын төлбөрт 3.000.000 төгрөгийг тус сургуулийн 404197752 тоот банкны харилцах дансанд нярав Д.Дгаар шилжүүлэг хийлгэсэн,

5. 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн лаборатори хариуцсан улсын байцаагч ажилтай Д.Уранчимэгт төлөх ёстой өөрийн хувийн өөр болох 783.000 төгрөгийг нярав Д.Дгаар олгуулсан,

6. 2017 оны хавар жолооч Б.Болдбаатараар дамжуулан нярав Д.Дгаас 1.000.000 төгрөгийг бэлнээр авсан,

7. 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр С.Долгорсүрэн гэх хүний 5030298913 тоот банкны харилцах дансанд “Нгаас гэрээний үнэ” гэсэн утгаар 500.000 төгрөг шилжүүлсэн тухай баримтыг нярав Д.Дд гарган өгч, кассын орлогоос 500.000 төгрөг бэлнээр авсан,

8. 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр С.Отгонбаяр гэх хүний 5720599825 тоот банкны харилцах дансанд “Нгаас гэрээний үнэ” гэсэн утгаар 500.000 төгрөг шилжүүлсэн тухай баримтыг нярав Д.Дд гарган өгч, кассын орлогоос 500.000 төгрөгийг бэлнээр авсан,

9. 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 490.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 50.000 төгрөгийг тус тус иргэн Ц.Лхагвасүрэнгийн 5898072501 тоот дансанд “Мал эмнэлгийн хонины мөнгө” гэсэн утгаар нярав Д.Дгаар шилжүүлэг хийлгэсэн,

10. 2017 оны 10 дугаар сарын 13-ны  өдөр дуучин Н.Амгалангийн тайлан тоглолтын 20 ширхэг билетийн үнэ болох 500.000 төгрөгийг Хаан банк дахь 5030071288 тоот дансанд “Дгаас” гэсэн утгаар шилжүүлэг хийлгэсэн зэрэг үйлдлээр гарган авч, өөртөө, бусдад давуу байдал бий болгож, Нийслэлийн мал эмнэлгийн газарт 9.731.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газар: А.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоожээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүгдэгч А.Нгийн үйлдлийг яллах дүгнэлтэд дурдсан боловч хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гаргаж өгсөн баримтуудаас үзэхэд 2016 оны намар Нийслэлийн мал эмнэлгийн газартай хамтран ажилладаг байгууллагуудын дунд нөхөрсөг уулзалт спортын тэмцээн болсон эсэх, болсон бол дээрх уралдаан тэмцээнд оролцсон ажилчдын хоол ундыг “Мираж” ресторанаас авсан эсэх, мөн 2017 оны 8 дугаар сард Нийслэлийн мал эмнэлгийн газар “Хүрээ цам” даншиг наадамд тодорхой чиг үүргийг хэрэгжүүлж оролцсон эсэх, оролцсон бол ажилчдын хоол хүнсэнд зориулж 2 хонь авч хэрэглэсэн эсэх, түүнчлэн дуучин Амгалан Нийслэлийн мал эмнэлгийн газарт урлагийн тоглолт хийж байсан эсэх, түүний тоглолтын билетийн мөнгийг шилжүүлсэн гэх цаг хугацаанд буюу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шүүгдэгч А.Н тухайн ажил албан тушаалд ажиллаж байсан зэргийг бусад гэрчүүдээс мэдүүлэг авч нотлох баримтыг цуглуулах замаар нэг мөр шалгаж тогтоох нь зүйтэй. Гэмт хэрэг үйлдэх болсон сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоож, улмаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх дээрх зөрчлийг арилгасны эцэст шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шүүх хянаж, прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэж, А.Нд холбогдох эрүүгийн дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаахаар шийдвэрлэжээ.

      Прокурор Б.Мөнгөншагай бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан ба уг хэргийн хувьд яллах дүгнэлтэд тусгагдсан яллагдагч А.Нгийн 2016 оны 8, 9 дүгээр сарын орчмоос 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хоорондох 10 удаагийн үргэлжилсэн үйлдлийн хүрээнд явагдана.

Дээрх хугацаанд Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Шар хөтөл” дэх мал эмнэлгийн хяналтын цэг дээр ажил үүрэг гүйцэтгэж байсан Нийслэлийн мал эмнэлгийн газрын эмч, ажилчдын гэрчээр өгсөн мэдүүлэг болон гэрч Д.Дгийн мэдүүлгээр тухайн хяналтын цэгт орсон тээврийн хэрэгслийн ариутгалын орлогыг нярав Д.Дд бэлэн хэлбэрээр тушаадаг байсан үйл баримт тогтоогдсон.

Хяналтын прокурор Г.Батбаярын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1902006400023 дугаартай тогтоолоор Аын Нг Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Нийслэлийн мал эмнэлгийн газрын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр “Шар хөтөл” дэх мал эмнэлгийн хяналтын цэгийн 2016, 2017 оны тээврийн хэрэгслийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн хураамжийн орлого болох 36.466.692 төгрөгийг байгууллагын мөнгөн хөрөнгийн кассаас бэлнээр авч өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан хэмээн буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан гэрч Ш.Эрдэнэхүүгийн “Шар хөтөл”-ийн малын хяналтын цэгийн 2016, 2017 оны тайлангийн хуулбар хувийг би танд авч ирж өгсөн, эх хувь нь байхгүй. Мөн хяналтын цэг дээр тээврийн хэрэгсэлд ариутгал хийж байсан бүртгэлийн дэвтрүүд нь байхгүй, тухайн үедээ буюу 2016, 2017 онд бүртгэлийн дэвтэр нь хөтлөгдөөд явдаг байж байгаад дууссан тэгээд байгууллагын архивт өгнө гээд өгч чадахгүй постны ширээний шүүгээнд харагдаад байдаг байсан. Гэтэл тэнд хоногоор үүрэг гүйцэтгэж байсан зарим нэг нь ямар зүйлд хэрэглэдэг байсныг мэдэхгүй дэвтрийн голоос нь урж тастсаар байгаад бараг байхгүй шахуу болгочихсон байсан сүүлдээ тэгээд харагдахаа больсон” гэсэн мэдүүлгээр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр “Шар хөтөл” дэх мал эмнэлгийн хяналтын цэгийн 2016, 2017 оны тээврийн хэрэгслийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн хураамжийн орлогод нийт хэдэн төгрөг төвлөрсөн болохыг нотлох бүртгэлийн дэвтэр нь устсан нөхцөл байдал тогтоогдож, 2016, 2017 онд байгууллагын мөнгө- хөрөнгийн касст Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр “Шар хөтөл” дэх мал эмнэлгийн хяналтын цэгээс хэдэн төгрөгийн орлого оруулсныг тогтоох боломжгүй нөхцөл байдал бий болсон.

Мөн мал эмнэлгийн хяналтын цэгийн ахлагч, малын их эмч Ш.Эрдэнэхүүгийн бичсэн Нийслэлийн мал эмнэлгийн газрын “Шар хөтөл” дэх мал эмнэлгийн хяналтын цэгийн 2016, 2017 оны үйл ажиллагааны тайланд тусгаснаар дээрх онуудад нийт 51,364,000 төгрөгийн орлого төвлөрүүлж Нийслэлийн мал эмнэлгийн газарт тушаасан талаар тайлагнасан байх боловч уг тайлангийн эх сурвалж болох ариутгалын бүртгэлийн дэвтэр устсан, мөн тухайн бичмэл тайлан нь тайлан бичсэн болон танилцсан хүний гарын үсэг, байгууллагын тамга, тэмдэггүй, албан бус хэлбэртэй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Иймд “Шар хөтөл” дэх мал эмнэлгийн хяналтын цэгийн 2016, 2017 оны тээврийн хэрэгслийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн хураамжийн орлогод нийт хэдэн төгрөг төвлөрсөн болохыг нотлох анхан шатны санхүүгийн. баримт бичиг байхгүй тул яллагдагч А.Нг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Нийслэлийн мал эмнэлгийн газрын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр “Шар хөтөл” дэх мал эмнэлгийн хяналтын цэгийн 2016, 2017 оны тээврийн хэрэгслийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн хураамжийн орлого болох 36,466,692 төгрөгийг байгууллагын мөнгөн хөрөнгийн кассаас бэлнээр авч өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан хэмээн буруутгах үндэслэлгүй тул эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж, байгууллагын нярав Д.Дд цугларсан бэлэн мөнгөний орлогыг байгууллагын касст төвлөрүүлэлгүйгээр өөртөө авсан болон бусдад шилжүүлсэн гэх 10 үйлдэлд А.Нг буруутгаж яллагдагчаар татсан.

Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 276 дугаар тушаалаар батлагдсан “Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам”-ын 2.6 “Төсвийн байгууллага үндсэн болон туслах үйл ажиллагаа (бусад орлого)-наас орох орлогыг мөнгөн касстаа бэлнээр хүлээн авч энэхүү орлогыг /түүнийг шууд захиран зарцуулах эрхгүй/ ажлын дараагийн өдөрт багтаан кассын нярав Төрийн сан дахь бүртгэлийн дансанд тушаана” гэж заасан ба шүүгдэгч А.Н нь үйл ажиллагаанаас олсон орлогыг албан хэрэгцээнд болон онцгой тохиолдолд захиран зарцуулах эрхгүй, зарцуулах тохиолдолд кассын Төрийн сан дахь бүртгэлийн данснаас зохих журмын дагуу гаргуулан авч зарцуулахаар байна.

Мөн гэрч Т.Хишигбэгз нь “...Мөнгөн хөрөнгийн орлогыг өдөр тутамд төсөвт дансанд тушааж байх ёстой, байгууллагын кассаас бэлэн мөнгө авч хувийн хэрэгцээнд зарцуулна гэсэн ойлголт угаасаа байхгүй” гэж мэдүүлсэн байна.

Шүүгдэгч А.Н нь дээрх журмыг зөрчиж “Шар хөтөл” дэх мал эмнэлгийн хяналтын цэгийн тээврийн хэрэгслийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн хураамжийн орлогоос 2,594,992 төгрөгийг байгууллагын үйл ажиллагааны зардалд буюу “Шар хөтөл” болон “Хэрлэнгийн гүүр”-ний цэгийн цахилгааны төлбөрт, 3,000,000 төгрөгийг байгууллагын эзэмшлийн тээврийн хэрэгслийн засварт, 500,000 төгрөгийг өмгөөллийн хөлсөнд тус тус зарцуулсан боловч тухайн мөнгөн хөрөнгийг байгууллагын үйл ажиллагааны зардалд зарцуулсан болох нь тогтоогдож байх тул тухайн үйлдлүүдийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн болно.

Мөрдөн шалгах ажиллагаагаар “Шар хөтөл”-ийн хяналтын цэгт 2016, 2017 онд хэдэн төгрөгийн орлого төвлөрсөн болохыг нотлох санхүүгийн анхан шатны баримт байхгүй, ариутгал хийсэн тухай бүртгэлийн дэвтэр устсан, “Шар хөтөл”-ийн хяналтын цэгийн 2016, 2017 оны үйл ажиллагааны тайлан нотлох баримтын шаардлага хангахгүй, тайланд тусгагдсан орлогын дүнг нотлох анхан шатны баримт бичиг устсан зэрэг нөхцөл байдлаар орлогын хэмжээг тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн, мөн А.Н нь ариутгалын орлогыг кассын орлогод бүртгэхгүй байх үүргийг нярав Д.Дд өгч бэлнээр болон дансаар шилжүүлэн авч байсан тул “Шар хөтөл”-ийн хяналтын цэгт ажилласан ажилчид байгууллагын няравт ариутгалын орлого гэж нийт хэдэн төгрөг тушаасан болохыг тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Гэтэл шүүхээс “Шар хөтөл”-ийн ариутгалын орлогын хэмжээг тогтоох, үүнээс байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан мөнгөн хөрөнгийн хэмжээг шалгаж тогтоох шаардлагатай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Мөрдөн байцаалтын явцад яллагдагч А.Нгаас 2020 оны 01 дүгээр сарын 17, 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр тус тус яллагдагчаар мэдүүлэг авсан, яллагдагч А.Н нь 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 7 заалт бүхий хүсэлт, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр яллагдагч А.Нгийн өмгөөлөгч Д.Цолмонгоос 4 заалт бүхий хүсэлтийг прокурорт гаргасан ба эдгээр мэдүүлэг, хүсэлтүүдэд А.Нгаас байгууллагын ажлын байрны засварын ажилд хувиасаа мөнгө зарцуулсан талаар огт дурдаагүй байна.

Мөн мөрдөгчөөс 2020 оны 02 дугаар сарын 28, 2020 оны 06 дугаар сарын 20, 2020 оны 09 дүгээр сарын 11, 2020 оны 10 дугаар сарын 12, 2020 оны 12 дугаар сарын 17, 2020 оны 02 дугаар сарын 24-ны өдрүүдэд нийт 6 удаа хэргийг шүүхэд шилжүүлэх тухай санал гаргаж, яллагдагч А.Нд хэргийн материал танилцуулж хэргийг прокурорт шилжүүлсэн байх ба яллагдагч болон түүний өмгөөлөгчөөс 2013 онд өөрийн хувийн зардлаар байгууллагын засварын ажлыг хийж гүйцэтгэсэн ба уг мөнгөө байгууллагын бэлэн мөнгөний орлогоос гаргуулж авсан талаар шалгуулах тухай хүсэлтийг огт гаргаж байгаагүй.

Харин прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш 2013 онд өөрийн хувийн зардлаар Нийслэлийн мал эмнэлгийн газрын ажлын байранд засвар хийсэн хэмээн 72 хуудас баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Шүүхэд гаргаж өгсөн дээрх баримттай танилцахад 2013 онд Нийслэлийн мал эмнэлгийн ажлын байранд А.Н нь хувийн зардлаар засвар хийсэн болохыг нотлох санхүүгийн анхан шатны баримт огт авагдаагүй байна.

Шүүгдэгч А.Н нь анхан шатны шүүх хуралдааны үеэр Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын ажил үүргээ гүйцэтгэж байсан ба цагаатгах талын нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэг, 16.10 дугаар зүйлд заасан журмын дагуу гаргаж өгөх бүрэн боломжтой байсан боловч үндэслэл бүхий нотлох баримт гаргаж өгөөгүй байхад шүүхээс яллагдагчийн мэдүүлэгт дурдсан асуудлыг шалгах шаардлагатай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

2016 онд Нийслэлийн мал эмнэлгийн газартай хамтран ажилладаг байгууллагуудын дунд спортын тэмцээн уралдаан болсон нь А.Нгаас шүүхэд гаргаж өгсөн тэмцээний удирдамж болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрч Д.Дгийн өгсөн мэдүүлгээр тогтоогдсон боловч тухайн тэмцээн уралдаанд оролцсон тамирчдын хоол ундыг “Мираж” ресторанаас аваагүй болохыг Нийслэлийн мал эмнэлгийн газрын ажилчдын гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрч Д.Дгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдсон.

Нийслэлийн мал эмнэлгийн газар 2017 онд “Хүрээ цам” даншиг наадамд тодорхой чиг үүргийг хэрэгжүүлж оролцсон тухай баримт хэрэгт авагдаагүй, харин 2017 оны Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр наадамд тодорхой чиг үүрэг хэрэгжүүлж оролцсон болох нь тогтоогдсон ба шүүгдэгч А.Н нь Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын албан үүргийг гүйцэтгэж байгаагийн хувьд 2017 онд “Хүрээ цам” даншиг наадамд тодорхой чиг үүрэг хэрэгжүүлж, ажилчдын хоол хүнс, бусад зардалд зардал гаргасан талаарх баримтыг гаргаж өгөөгүй. Мөн гэрч Д.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ тухайн цаг хугацаанд огт хонь аваагүй ба А.Н нь “Мал эмнэлэг хонины мөнгө” гэсэн утгаар мөнгө шилжүүлэх үүрэг өгсөн талаар мэдүүлсэн.

Дуучин Н.Амгалан нь Нийслэлийн мал эмнэлгийн газарт урлагийн тоглолт хийж байгаагүй болох нь Нийслэлийн мал эмнэлгийн газрын ажилчдаас авсан гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон ба түүний тоглолтын билетийн үнийг шилжүүлсэн гэх 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр А.Н нь тухайн ажил албан тушаалд ажиллаж байсан болох нь гэрч Э.Мягмарсайханы “...Намайг 2016 оны 10 дугаар сард нягтлангаар ажилд ороход Аын Н гэдэг хүн даргаар ажиллаж байгаад 2017 оны 11 дүгээр сард ажлаа өгсөн” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Алтантуяагийн “...Н даргын өрөөнд намайг байж байхад А.Н дарга нярав Дд хандаж дуучин Амгалан 100 ширхэг билет авч борлуулж өгөөч гэхээр нь 20 ширхгийг авлаа тэр мөнгийг нь гаргаж өгөөрэй дандаа биш нэг удаа юм чинь гэж хэлж байсныг би сайн санаж байна” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Амгалангийн “...Би 2016 оны 11 дүгээр сард “Ардын дуундаа жаргалтай” бие даасан тоглолтоо хийсэн. Тэрний өмнө Нтай уулзаж хэдэн ширхэг тоглолтын билет өгөөд ажилчдаа үзүүлээч гэсэн хүсэлтийг тавьсан. Билетийг бол зүгээр өгөөгүй төлбөрийг дараа нь авахаар тохиролцсон юм. ...1 жил орчмын дараагаар миний ХААН банкны дээрх данс руу 500,000 төгрөгийг шилжүүлсэн байсан. ...Н өөрөө залгаад найзаа нөгөө мөнгийг чинь хийчихсэн шүү гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, уг асуудлаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Ц.Гансүлд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Н нь Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргаар ажиллаж байхдаа сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 276 дугаар тушаалаар батлагдсан “Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам”-ын 2.6 “Төсвийн байгууллага үндсэн болон туслах үйл ажиллагаанаас орох орлогыг мөнгөн касстаа бэлнээр хүлээн авч энэхүү орлогыг /түүнийг шууд захиран зарцуулах эрхгүй/ ажлын дараагийн өдөрт багтаан кассын нярав Төрийн сан дахь бүртгэлийн дансанд тушаана” гэж заасныг зөрчсөн. Энэ журамд зааснаар төрийн үйл ажиллагааны үндсэн болон туслах үйл ажиллагаанаас олсон орлогыг төрийн санд тушаах ёстой байсан. Ингэж тушаасны дараа төрийн сангаас орж ирсэн мөнгийг захиран зарцуулах эрхтэй байсан. Гэтэл нь А.Н нь үйл ажиллагаанаас олсон орлогыг албан хэрэгцээ болон онцгой тохиолдолд захиран зарцуулах эрхгүй. Хэрэв захиран зарцуулж байгаа бол төрийн сангийн бүртгэлийн данснаас зохих журмын дагуу гаргуулан авч зарцуулахаар байсан журмыг зөрчсөн. Шүүхээс анхан шатны баримтыг гаргуулан авч үүнд дүгнэлт хийх шаардлагатай гэж хэргийг буцаасан. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаагаар 2016, 2017 онд хэдэн төгрөгийн орлого төвлөрсөн болох санхүүгийн анхан шатны баримт байхгүй. Ариутгал хийсэн тухай бүртгэлийн дэвтэр устсан. Шар хөтлийн хяналтын цагийн 2016, 2017 оны үйл ажиллагааны тайлан нотлох баримтын шаардлага хангахгүй баримт нь устсан зэрэг нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагаагаар Нийслэлийн мал эмнэлгийн газрын ажилтан албан тушаалтан нарын гэрчээр өгсөн мэдүүлэг болон бусад гэрч нарын мэдүүлэг мөн нийслэлийн мал эмнэлгийн газрын нярваар ажиллаж байсан Дгаас гаргаж өгсөн анхан шатны санхүүгийн баримт. Дгийн гэрчээр өгсөн мэдүүлэг түүнээс гаргаж өгсөн баримт мэдээллээр хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд А.Н болон тэдгээрийн өмгөөлөгч нараас 2013 онд өөрийн хөрөнгөөр Нийслэлийн мал эмнэлгийн газарт засвар үйлчилгээ хийсэн талаар баримтыг гаргаж өгсөн. Гэтэл энэ баримтаар А.Н хувийн зардлаар засвар хийсэн болохыг нотлох санхүүгийн анхан шатны баримт огт авагдаагүй. 2016, 2017 онд Нийслэлийн мал эмнэлгийн газартай хамтран ажилладаг байгууллагын дунд спортын арга хэмжээг зохион байгуулсан. Энэ арга хэмжээнд “Мираж” рестораны хоол хүргүүлсэн. Мөн 2017 онд “Хүрээ цам” даншиг наадамд хонь гаргуулсан. Дуучин Амгалан Нийслэлийн мал эмнэлгийн газарт урлагийн тоглолт үзүүлсний төлөө тухайн хөрөнгийг зарцуулж байсан талаар мэдүүлдэг боловч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Уг асуудлаар шүүхээс нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах талаар дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1326 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Нгийн өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэргийг бодитой шалгаж тогтоогоогүй гэх үндэслэлээр санал хүсэлт гаргаж байсан боловч хэрэгсэхгүй болгож шүүх хуралдааныг эхлүүлсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэг гарсан бодит шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй хэргийг нэг мөр шийдэх боломжгүй гэж үзэж анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарсан. 2013 онд өөрийн нөхрөөс мөнгө зээлж Нийслэлийн мал эмнэлгийн газарт 13.000.000 төгрөгөөр засвар хийсэн. Энэ талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэлсэн боловч тоохгүй шүүх хуралдааныг хийсэн. Эдгээр нөхцөл байдлыг шүүх нөхөн тогтоох боломжгүй гэж үзэж хэргийг буцаасан. Шүүгчийн захирамжийг үндэслэлтэй, прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Нгийн өмгөөлөгч Б.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1326 дугаартай шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэж байна. Шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан яллах цагаатгах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэсэн шаардлагыг мөрдөн байцаагч болон прокурор хангаж ажиллаж чадаагүй гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй. Прокурор сангийн сайдын гаргасан журмыг зөрчсөн гэж А.Нг буруутгасан. Гаргаж өгсөн баримтыг шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн учир үндэслэлгүй гэж прокурор тайлбарласан. Гэтэл энэ баримтыг хэзээ гаргаж өгсөн болох нь ач холбогдолтой биш тухайн хэрэгт хамааралтай эсэх нь ач холбогдолтой гэж үзэж байна. Тухайн гаргаж өгсөн баримт нь хэрэг ач холбогдолтой. Спортын арга хэмжээ болсон цаг хугацаанд Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргаар ажиллаж байсан эсэхийг тогтоох шаардлагатай. Тухайн нөхцөл байдлыг тогтоосноор хэргийн зүйлчлэлд тухайн хувийн хэрэгцээндээ зарцуулж байсан эсэх дээр ач холбогдолтой дүгнэлт хийх боломжтой. Тухайн албан тушаал дээр ажиллаж байсан эсэхийг гэрчийн мэдүүлгээр тогтоох нь хууль ёсны эх сурвалж болж чадахгүй. Тухайн албан тушаал дээр ажиллах байсан эсэхийг холбогдох тушаал болон гэрээгээр тогтоох ёстой. Шүүгдэгчийн зүгээс мөрдөгчөөс татгалзсан гэтэл энэ асуудлыг шийдээгүй. Мөрдөгчийн үеэл нь А.Нгийн албан тушаалд хувийн ашиг сонирхолтой. Эдгээр нөхцөл байдлыг тогтоосны дараа яллах дүгнэлтэд өөрчлөлт оруулах шаардлагатай. Шинэ болон хуучин эрүүгийн хуулийн үйлчлэх хугацаанд үргэлжилсэн үйлдэл байна. Яллах дүгнэлтэд 9.731.700 төгрөгийн хохирол учирсан гэж заасан. Хуучин Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бол 9.792.000 төгрөгийн хохиролтой байх жишээтэй байна. Аль хуулиар яллагдагчаар татах эрүүгийн хэрэг үүсгэх бэ гэсэн эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “...2016 оны намар Нийслэлийн мал эмнэлгийн газартай хамтран ажилладаг байгууллагуудын дунд нөхөрсөг уулзалт спортын тэмцээн болсон эсэх, болсон бол дээрх уралдаан тэмцээнд оролцсон ажилчдын хоол ундыг “Мираж” ресторанаас авсан эсэх, мөн 2017 оны 8 дугаар сард Нийслэлийн мал эмнэлгийн газар “Хүрээ цам” даншиг наадамд тодорхой чиг үүргийг хэрэгжүүлж оролцсон эсэх, оролцсон бол ажилчдын хоол хүнсэнд зориулж 2 хонь авч хэрэглэсэн эсэх, түүнчлэн дуучин Амгалан Нийслэлийн мал эмнэлгийн газарт урлагийн тоглолт хийж байсан эсэх, түүний тоглолтын билетийн мөнгийг шилжүүлсэн гэх цаг хугацаанд буюу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шүүгдэгч А.Н тухайн ажил албан тушаалд ажиллаж байсан зэргийг бусад гэрчүүдээс мэдүүлэг авч нотлох баримтыг цуглуулах замаар нэг мөр шалгаж тогтоох нь зүйтэй. ...” гэсэн үндэслэлүүдийг зааж шүүгдэгч А.Нд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж эрх зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

Уг гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш хийгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг дутуу тогтоосон, өөрөөр хэлбэл нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан асуудлаар мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийх нь зүйтэй гэж үзэв.

Нотлох баримтын хүрэлцээтэй байдал гэдэг нь хэргийг шүүхээр хэлэлцэж, шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ бол нотлох баримтын хүртээмжийн дараачийн шат болох нотлох баримтын хангалттай байдал нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хэмжээ хязгаар бөгөөд шүүх нотлох баримтын хүрэлцээтэй байдал бүрдсэн үед хэргийг хэлэлцэж, нотлох баримтын хангалттай байдалд үндэслэн хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоох нь шүүхээс хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэр гаргахад чухал нөлөө үзүүлдэг.

Мөн гэмт хэргийн объектив тал нь гэмт үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас бий болох нийгэмд аюултай хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо, гэмт хэрэг үйлдсэн арга, газар, цаг хугацаа, нөхцөл байдал зэргийг багтаасан гэмт хэрэгт зайлшгүй байх бүрэлдэхүүн хэсэг юм.

Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг онцлогтой.

Энэ хүрээнд гэмт үйлдлийн төрөл, аргыг зөв тодорхойлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн зүйлчлэл, гэм буруу, ялын тохироо, хохирлын асуудлыг зөв тогтоож шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Мөнгөншагайн бичсэн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 50 дугаартай “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Байнгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1326 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Мөнгөншагайн бичсэн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 50 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч А.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ