Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2023/0879

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Н*******

Хариуцагч: Б******* дүүргийн ******* дарга,

Маргааны төрөл: Б******* дүүргийн ******* даргын 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/******* дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” захирамж хуульд нийцсэн эсэх газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч*******/цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болортуяа  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ж.Н*******аас Б******* дүүргийн ******* даргад холбогдуулан “Б******* дүүргийн ******* даргын 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/******* дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” захирамжийн Ж.Н*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Нэхэмжлэгчид Б******* дүүргийн ******* даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 5******* дугаар захирамжаар тус дүүргийн 20 дугаар хороонд иргэний ахуйн зориулалтаар 700 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

3.Ж.Н*******аас 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах тухай хүсэлт гаргасныг үндэслэн Б******* дүүргийн ******* даргын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/2******* дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар сунгасан байна.

4.Улмаар 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг Б******* дүүргийн Газар зохион байгуулалтын албатай байгуулжээ.

5.Харин Б******* дүүргийн ******* даргын 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/******* дугаартай захирамжаар Ж.Н*******ын газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгосон байна.

6.Нэхэмжлэгч Ж.Н******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

“Нийслэлийн Б******* дүүргийн засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний  өдрийн А/2******* тоот захирамжаар Б******* дүүргийн 33 дугаар хороо Шар хоолойн аманд 699 м.кв гэр орон сууцны зориулалттай газрыг 15 жилийн хугацаатай эзэмшихээр захирамж гарсан байдаг. Гэтэл Б******* дүүргийн засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/******* тоот захирамжаар газрын эзэмших эрхийн гэрчилгээг газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-г үндэслэж хүчингүй болгосон байдаг. Өмнөх шүүх хуралдаанд хариуцагч тал газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтын дагуу газраа хоёр жилийн хугацаанд ашиглаагүй гэдэг дээр маргахгүй гэж хэлсэн байдаг. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан газрын төлбөрөө төлөөгүй гэдэг үндэслэл дээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. Миний бие 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/2******* захирамжаар газар эзэмших гэрээ байгуулаад, газар эзэмших эрхийн гэрчилгээгээ 15 жилийн хугацаагаар сунгасан. Хавтаст хэрэг цугласан бичгийн нотлох баримтаар 2022 оны газрын төлбөрөө төлсөн байгаа. 2023 оны төлбөрийн тухайд 2516 төгрөгийн асуудал яригдаж байна. газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгагдсаны дараа иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ гэж байгаа. Газар эзэмшүүлэх гэрээний биелэлтийг жил бүрийн 06 дугаар сарын 25-ны өдөр тайлагнаж, газар эзэмшүүлэгч жил бүрийн 07 дугаар сарын 05-ны өдрийн дотор багтаан дүгнэнэ. Газар эзэмших гэрээг дүгнүүлээгүй, өмнөх гэрээний биелэлт, илэрсэн зөрчлүүдийн арилгах арга хэмжээ аваагүй, дахин давтагдвал газрын тухай хууль, тогтоомжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай саналыг холбогдох албан тушаалтанд уламжлан шийдвэрлүүлнэ. Миний газар эзэмших эрхийг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүчингүй болгосон. Газар эзэмшүүлэх гэрээг дүгнээгүй. Төлбөрийн асуудал болох 2516 төгрөгийн тухай яригдаагүй. Миний суурь эрхэнд халдаад, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоод асуудал үүсгээд явж байгаад гомдолтой байна. хариуцагчийн зүгээс миний эрхэнд халдахдаа захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй. Надад өөрт мэдэгдэлгүй нийтийн сүлжээнд нийтэлсэн байдаг, тэрийгээ сонсох ажиллагаа явуулсан гэж байгаа юм. Энэ захирамжаар 100 гаруй хүмүүсийн эрхэнд халдаж газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон. Б******* дүүргийн засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/******* тоот захирамжийн Ж.Н*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэв.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

“Тухайн иргэний хувьд газар эзэмшүүлэх гэрээ дүгнэсэн актын тухай ярьж байна. Гэрээг газар ашиглалтын төрөл дээр гэрээг дүгнэдэг. Газрын төлбөрийн талаар гэрээнд заалт байхгүй. газрын төлбөр татварын газраас иргэнд нэхэмжлэх очиж байгаа. Сонсох ажиллагааны хувьд захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасны дагуу сонсох ажиллагаа хийсэн. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.5-т заасан хэлбэрээр 2023 оны 04дүгээр сарын 04-ний өдөр сонсох ажиллагааг явуулсан. Тухайн сонсох ажиллагаатай холбоотой хариу тайлбарыг иргэд гаргасан байдаг. Иргэн Ж.Н*******ын хувьд хариу тайлбараа манай байгууллагад гаргаагүй байсан.  Газрын төлбөрийн хувьд газрын төлбөр төлөөгүй иргэн, аж ахуйн нэгж программаар харагддаг. Тэрний дагуу сонсох ажиллагаа явуулаад захиргааны акт гаргасан. Газрын төлбөр хэд байх нь чухал биш. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь заалт болон газар эзэмшүүлэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-т зааснаар газрын төлбөрөө хугацаанд нь төлөх ёстой гээд заасан байгаа. Газрын тухай хууль болон газрын гэрээгээ биелүүлээгүй гэж үзэж байгаа” гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

 Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Газрын тухай хуулийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн ******* дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гээд 40.1.5-т “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус хуульчилсан.

1.Б******* дүүргийн ******* даргын 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/******* дугаар захирамжаар нэхэмжлэгч Ж.Н*******ын тус дүүргийн Шар хоолойд байрлах 699 м.кв газрыг Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.Нэхэмжлэгч Ж.Н*******т Б******* дүүргийн ******* даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 5******* дугаар захирамжаар тус дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт Шар хоолойд 700 м.кв газрыг "иргэний ахуйн зориулалт"-аар 5 жилийн хугацаатай эзэмших эрх олгосныг үндэслэн газар эзэмших эрхийн 0005*******366 дугаар гэрчилгээг олгож, улмаар 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн "Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ" 01110-2014/11979 тоот гэрээг Б******* дүүргийн Газар зохион байгуулалтын албатай байгуулжээ.

3.Нэхэмжлэгчээс 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах тухай хүсэлт гаргасныг үндэслэн Б******* дүүргийн ******* даргын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/2******* дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг гэр бүлийн хэрэгцээний зориулалт"-аар 15 жилийн хугацаагаар сунгаж, улмаар 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн "Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ" 01110-2022/05067 тоот гэрээг Б******* дүүргийн Газар зохион байгуулалтын албатай байгуулжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “нэхэмжлэгчийг газрын төлбөрийг хугацаандаа төлөөгүй, газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй” гэж тайлбарлаж буй хэдий ч Б******* дүүргийн ******* даргын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/2******* дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг сунгасныг үндэслэн дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Газар эзэмшүүлэх гэрээ байгуулснаар газрын төлбөр төлөх үүрэг үүссэн байх тул энэ талаарх үндэслэлийг хүлээж авах боломжгүй.

Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно”, 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” 01110-2022/05067 тоот гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэж, 4.6-д “төлбөр төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хэтэрсэн хоног тутамд алданги төлөх” 6 дугаар зүйлийн 6.4-т “...эзэмших эрх бүхий газраа зориулалтын дагуу эзэмшээгүй болон газрын төлбөрөө хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авч газар дээрх эд хөрөнгийн эрхийн асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлэнэ. Мөн зохих зөвшөөрөлгүйгээр газрын хэмжээнд өөрчлөлт оруулсан нөхцөлд газар эзэмших эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авна”   гэж тус тус заасан.

5.Нэхэмжлэгчийг 2023 оны газрын төлбөр болох 2516 төгрөгийг хугацаанд нь төлөөгүй гэж буруутган газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй байна.

6.Учир нь иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнд зааснаар газрын төлбөр төлөгч нь төлбөр төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хэтэрсэн хоног тутамд алданги төлөхөөр зохицуулсан атлаа шууд нэхэмжлэгчийг газрын төлбөрийг хугацаандаа төлөөгүй гэж буруутгасан нь захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцээгүй гэж үзлээ.

7.Тодруулбал,Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална” гээд 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж тус тус заасан бөгөөд газар эзэмшигчтэй байгуулсан гэрээнд төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол сонгох зохицуулалт байхад шууд газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгож байгаа нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх зарчмыг зөрчсөн байна.

8.Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах;” гэж, мөн зарчмын хэрэгжилт нь мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж, 26.2 т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж зааснаар илрэх бөгөөд шийдвэр гаргахын өмнө оролцогчид урьдчилсан мэдэгдэж, оролцоог нь хангах, тайлбар, саналаа гаргах боломжоор хангах учиртай.

9.Харин нэхэмжлэгчийг газрын төлбөрийг хугацаанд төлөөгүй гэх үндэслэлээр Б******* дүүргийн ******* дарга 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/******* дугаартай захирамжаар Ж.Н*******ын газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгохын өмнө газар эзэмшигчид урьдчилан мэдэгдэж, оролцоог хангах үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

10.Хэрэг авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч 2014-2022 онуудын газрын төлбөр /23520 төгрөг/-ийг  2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр, 2023 оны төлбөрийг 2023 оны 1 дүгээр улирлын  төлбөр /2516 төгрөг/ 07 дугаар сарын 23-ны өдөр төлсөн болох нь Б******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 15/1558 дугаар албан бичгээр тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.

11.Нөгөөтэйгүүр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх зөрчлийн тухайд авч үзэхэд, Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10 дахь заалтад Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, мөн “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тус тус тайлбарлажээ.

12.Дээрх тайлбараас үзэхэд, аливаа иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгоход тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй байх, газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байх урьдчилсан нөхцөл хангагдсан байхыг шаардана.

13.Нэхэмжлэгч нь Б******* дүүргийн ******* даргын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/2******* дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг сунгуулснаас хойш 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дүүргийн Газар зохион байгуулалтын албатай газар эзэмших гэрээ байгуулсан байх бөгөөд энэ хугацаанаас хойш 1 жилийн дотор эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм.

14.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс "...2014 оноос хойш гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй нь сансрын зургаар тогтоогдсон..." гэж тайлбарлаж байх боловч хариуцагч Б******* дүүргийн ******* дарга 2022 онд газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, 2023 онд шинээр гэрээ байгуулснаар өмнөх захиргааны акт болон газар эзэмших гэрээний үйлчлэл дуусгавар болсон байх тул 2023 онд гэрээ байгуулснаас өмнөх цаг хугацаанд нэхэмжлэгчийг буруутгасан нь хуульд нийцээгүй байна.

15.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Б******* дүүргийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/******* тоот захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.       

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Н*******аас гаргасан “Б******* дүүргийн ******* даргын 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/******* дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” захирамжийн Ж.Н*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Б******* дүүргийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/******* дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.           

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ