| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2024/00208/И |
| Дугаар | 140/ШШ2024/00279 |
| Огноо | 2024-07-08 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 140/ШШ2024/00279
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ..... багт оршин суух ...... овогт .......ийн нэхэмжлэлтэй,
Бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох болон ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М........ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Я.... шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 1964 онд Завхан аймгийн .... суманд төрсөн. Миний цэргийн батлах үнэмлэхийн нэрийг ........ гэж буруу бичсэн байсан. Миний иргэний бүртгэлийн лавлагаа болон иргэний үнэмлэх бусад бичиг баримтууд ........ гэсэн бүртгэлтэй явдаг. Тухайн үеийн хариуцлагагүй хүмүүсийн буруу бичсэн алдаанаас болж миний эрх ашиг зөрчигдөж байна.
Мөн би 1987 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн ........нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилтнаар ажиллаж байсан бөгөөд энэ талаарх баримтаа архиваас шүүлгэхэд баримт олдохгүй байна.
Иймд намайг ...... гэж бичигдсэн ......... дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь ...... миний бие мөн болохыг, 1987 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн .. нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилтнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэ нь бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох болон ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө байлцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийж өгөхийг хүссэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэм нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдал тогтоолгох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар эрх олгосон ямар нэгэн баримт бичиг нь /иргэний үнэмлэх/-д бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Я.... нь нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал болон бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Тэрээр .... нэрээр Батлах хамгаалах яамны сайдын 1984 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ....... дугаар тушаалаар Завхан аймгаас 1984 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, Барилгын цэргийн ....... дугаар ангид алба хааж, мөн сайдын 1987 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ..... дугаар тушаалаар 1987 оны 6 дугаар сарын 22-ны өдөр цэргийн алба хаасан болох нь Батлан хамгаалах яам батлах хамгаалахын төв архивын 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ....... тоот лавлагаагаар нотлогдон тогтоогдож байна.
Харин уг лавлагаанд түүнийг ...... гэж ташаарч бичсэн болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл болон Завхан аймгаас 1984 онд цэргийн жинхэнэ албанд татагчдын анкетад Цэргийн батлахын дугаар ....., ...........настай... гэх баримтаар тогтоогджээ.
.......... иргэний үнэмлэхийн төрсөн он, сар, өдөр болон төрсний бүртгэлийн лавлагааны төрсөн он, сар, өдөр нь 1982 оны 5 дугаар сарын 6-нд олгосон цэргийн батлахад бичигдсэн төрсөн, он, сар, өдөртэй тохирч байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг үнэн зөв гэж үнэлж дээрх ........ гэж бичигдсэн........дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь ......... мөн болохыг тогтоож шийдвэрлэх үндэстэй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Я..... нь 1987 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн ......нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилтнаар ажиллаж байсан болох нь 1987 оны 7 дугаар сарын 15-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн нэхэмжлэгчийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1/А/ маягт, уг баримтын 14-т ....... нэгдэл, Байнгын бригад, усалгаачин 1987 он ХААТР-7 /А/ маягт, уг баримтын 10-т Яруу сум туслах үйлдвэрт нормчин гэх хэсэг,
Завхан аймгийн Архивын тасгийн 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/...... дугаартай лавлагаа зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох болон ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
гэрч С.........гийн өгсөн мэдүүлгийн: Я......нь 1984 онд цэргийн албанд Улаанбаатар хотод Барилгын .... дугаар ангид хуваарилагдан 1987 оны 6 дугаар сард халагдаж ирсэн санагдаж байна. Цэргээс ирээд Завхан аймгийн .......нэгдлийн туслах бригадад усалгаачин, барилгачин, ер нь янз бүрийн л ажил хийдэг байсан. Хувьчлал явагдтал ямар ч байсан 1990 он хүртэл ажилласан. ........ гэдэг нь ..........гуайн төрсөн аав нь буюу ...... өвөө нь байгаа юм. ........ гуай тусдаа гараагүй аавынхаа хамт амьдардаг байсан юм... гэх хэсэг,
гэрч Ж.......... өгсөн мэдүүлгийн: ...Я.............бид хоёр нэг жил буюу 1984 онд цэргийн албанд Улаанбаатар хотод Барилгын ......... дугаар ангид хуваарилагдан 1987 оны 7 дугаар сард халагдаж ирцгээж байсан. Онжавууд, нэг нутгийнх болохоор нэг нэгнийгээ сайн мэднэ. Цэргээс ирээд Завхан аймгийн ...... нэгдлийн туслах бригадад усалгаачин, барилгачин, ер нь янз бүрийн л ажил хийдэг байсан. Хувьчлал явагдтал ямар ч байсан 1990 он хүртэл ажилласан. .....гэдэг нь .....гуайн төрсөн аав нь буюу Г.... өвөө нь байгаа юм. Янжин гуай тусдаа гараагүй аавынхаа хамт амьдардаг байсан юм... гэх мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.
Харин ......т цэргийн батлах нээхдээ түүний овгийг ..... нэрийг ээжийнх аав буюу өвөө болох ..... гэсэн нэрээр бичсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон дээр авагдсан баримтууд, гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Я......н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх заалтыг баримтлан 1982 оны 5 дугаар сарын 6-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн ....... дугаартай ......... гэж бичигдсэн цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь ....... мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ....1987 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн .... нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилтнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Я..........йн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ