Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 00284

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч Л.Отгончимэг,

Хохирогч М.М,

Шүүгдэгч Б.Л, Г.Р нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Л, Ганхуягийн Р нарт холбогдох эрүүгийн 1738002080075 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Л, Г.Р нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн нутаг Сөртийн хөндий гэх газар хадам ээж М.Мг хэл амаар доромжилж, түүний зүүн гарын сарвуу хэсэг рүү өшиглөж, зүүн гарын булчин, баруун гарын эгэм хэсэг рүү гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Л, Г.Р нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн нутаг Сөртийн хөндий гэх газар хадам ээж М.Мг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Лын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”...Ээж Р руу дайрч байсан. Тэгэхээр нь та хоёр болиоч гэсэн чинь над руу шороо цацаад байсан. Тэгээд над руу уурлаад сүх бариад ирэхээр нь сүхийг булааж авсан. Бас хутга, хадаастай мод бариад хүрээд ирэхээр булааж аваад шидсэн. Тэгээд гэрт ороод сууж байтал ээж намайг цоожилсон. Ээжээс түлхүүрийг нь Р булааж аваад намайг гаргасан...Хадам ээжтэйгээ маргалдаж ийм зүйл болсонд харамсаж байна..." гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Г.Рын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Нөхрийнхөө куртикыг аваад машин руу хийх гээд явж байтал чам шиг янхан нөхрийнхөө куртикийг угааж өгөхгүй гээд миний нуруу руу цохисон. Ээж цохих гээд сүх, мод, хутга далайгаад байсан. Лыг гэрт ороод сууж байхад нь  ээж цоожилсон. Тэгэхээр нь би ээжээс түлхүүрийг нь булааж аваад Лыг гаргасан.... Ийм зүйл болсонд харамсаж байна..." гэх мэдүүлэг,

Хохирогч М.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Манай том хүү Банзрагчийн куртик нь орон дээр байж байхаар нь гадаа гаргаад тохсон. Тэгтэл манай бэр Р чи муу балай авгай яахаараа хүүхдийнхээ хувцасыг ад үзэж гаргаж хаядаг юм бэ гэхээр нь шороотой болохоор нь гаргаж тавьлаа, чи уугаагаад өгөхөд яадаг юм бэ гэхэд, чи өөрөө угаахад яадаг юм гээд гарлуу өшиглөсөн. Тэгтэл хажуунаас нь Л босож ирээд муу мэдрэл муутай авгай чи галзуу сэтгэцийн өвчтэй ш дээ харвасан гэдэг чинь худлаа гэх мэтээр доромжлоод гүйж ирээд намайг зодсон. Л зүүн гарын сарвуу хэсэг рүү өшиглөсөн, зүүн гарын булчин хэсэг рүү гараараа цохисон. Р зүүн хөлний өвдөгний доод хэсэг рүү өшиглөсөн, баруун гарын шуу хэсэг рүү гараараа цохисон...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч С.Алтангэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай ээж М бэр Ртай маргалдаад нуруу хэсэг рүү нь нэг удаа цохиж авч байсан. Тэгээд Р ухраад ээж хойноос нь хөөгөөд байсан. Энэ үед манай эхнэр хэрэлдээгүй зүгээр зогсож байсан. Хонь нийлэх гээд би яараад машинаа үлдээгээд мотоциклиор хонь руугаа явсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-17 дугаар хуудас/,

Гэрч С.Бадарчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай эхнэр Р, бэр Л, ээж М нар хоорондоо хэрэлдээд байсан. Тэгж байгаад Р, Л хоёр машинаа унаад гэрлүүгээ явсан. Би ч хонь руугаа явсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 18-19 дүгээр хуудас/,

Гэрч С.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өвсөндөө яваад орой ирэхэд ээж бэр Л, Р хоёр ирээд зодолдоод явлаа гэж хэлж байсан. Ээжийн баруун гарын долоовор хуруу нь бага зэргийн хөхрөөд тулсан гэж байсан. Өөр ил харагдах шарх байгаагүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 39-40 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Р.Ням-Осорын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 540 тоот

1. М.Мгийн биед гэмтэл тогтоогдлоо.

2. М.Мгийн биед баруун дал шуу, зүүн бугалга, сарвуу гуянд цус хуралт бүхий  гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй, гэмтлүүд нь нийлээд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

4.  Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэх дүгнэлт /ХХ-ийн 22 дугаар хуудас/,

Хохирогч М.М нь шүүгдэгч нартай сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 28-29 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Л, Г.Р нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1738002080075 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Б.Л, Г.Р нар нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 51, 56 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Л, Г.Р нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч М.М нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг  бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 1738002080075 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Б.Л,  Г. Р нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар, Г. Рыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч  Б.Л, Г.Р нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 1738002080075 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л, Г.Р нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР