Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2023/0871

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, шүүгч Ө.Болорчимэг, шүүгч Д.Халиуна нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “О*******” ХХК,

Хариуцагч: Х******* газар,

Гуравдагч этгээд: “Б*******” ХХК,

Маргааны төрөл: Х******* газрын орлогч даргын Ч.Б*******ийн оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 08/2******* дугаар албан бичиг хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э*******, иргэдийн төлөөлөгч Д.Б******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болортуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.“О*******” ХХК-аас Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч даргад холбогдуулан “Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч даргын оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцлах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.“О*******” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай 5 дугаартай захирамжаар Б дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 599м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхтэй болсон.

3.Нэхэмжлэгчид Хот байгуулалт, хөгжлийн газраас 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн МЗХ2018/ дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар олгож, загвар зургийг боловсруулан тэнхлэгээрээ 23.4/13.2м хэмжээтэй, зоорьтой 5 давхар үйлчилгээний барилгын загвар зургийг баталж, Барилгын хөгжлийн төвөөс оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 671/ дугаартай магадлалын дүгнэлт, оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 344/ дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгожээ.

4.Нэхэмжлэгч “О*******” ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

1/ оны 09 дүгээр сарын 01-ний өдөр сонсох ажиллагаа явуулж, “О*******” ХХК-ийн барилгын ажлыг 09 дүгээр сарын 01-ний өдрөөс зогсоож, барилгын зөвшөөрлийн гэрчилгээг цуцлахаар шийдвэрлэсэн болно” гэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2. “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” хэмээн заасныг зөрчсөн байна. Сонсох ажиллагааг захиргааны аливаа шийдвэр гаргахаас өмнө хийдэг бөгөөд сонсох ажиллагаа нь захиргааны байгууллагад үр нөлөөтэй, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр гаргах боломжийг олгодог. Шийдвэр гаргахаас өмнө холбогдох талуудыг сонсох нь шийдвэр гарснаас хойш гардаг сөрөг үр дагаврыг бууруулах боломжтой.  Гэтэл дээрх хуулийн энэ зохицуулалтыг зөрчиж, оны 09-р сарын 01-ний өдөр сонсох ажиллагаагаа хийгээд, мөн тэр өдрөө буюу 09-р сарын 01-ний өдрөөсөө барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцална гэсэн нь манай компанийн эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа төдийгүй урьдаас цуцлах санаа зорилготой байсныг харуулж байна.

2/Мөн уг албан бичиг буюу шийдвэр нь өөрөө оны 08 дугаар сарын 31-ний өдрийн огноотой атлаа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мөн оны 08-р сарын 31-ний өдрийн огноотой албан бичгийг үндэслээд байгаа нь мөн л анх гомдол гаргасанБ*******” ХХК-ийн захиалгатай байсан эсхүл урьдаас манай компанийн зөвшөөрлийг цуцлах санаа зорилготой байсныг дахин батлаад байна.

3/Манай компанийн хувьд оны 07-р сарын 27-ны өдөр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгээ авсан бөгөөд яг өөрийн эзэмшлийн газрын кадастрын зураг дотроо, өчнөөн тэрбумын хөрөнгө мөнгө гарган, барилгаа барьж байсан. Гэтэл өчнөөн тэрбумын хөрөнгө оруулалт хийсний дараа Хот байгуулалт, хөгжлийн газар дөнгөж сар гаран хугацааны өмнө “өөрөө” олгосон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгээ цуцалж, манай компанийг олон тэрбум төгрөгөөр хохироож байна. Ингэж өөрсдөө олгосон зөвшөөрлөө сар гаран хугацааны дараа цуцлах байсан бол анхнаасаа яах гэж зөвшөөрөл олгож, хүмүүсийн өчнөөн тэрбум төгрөгийг энэ барилга руу оруулсан бэ? Анх манай газрын кадастрын зураглал дээр барилга барихад асуудалгүй гэж үзээд өөрсдөө зөвшөөрөл олгосон

4/Мөн Хот байгуулалт, хөгжлийн газрын уг шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дугаар зүйлийн 40.2. “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна”, 40.2.5. “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” гэсэн заалтыг зөрчсөн буюу бичгээр гаргасан захиргааны актын шаардлагыг хангаагүй, хэнд хаана гомдол гаргах болон хугацааг зааж өгөөгүй” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х******* газрын орлогч даргын Ч.Б*******ийн оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцлах” тухай шийдвэрийг хүчингүй болгуулах. Уг шийдвэрийг албан бичгээр манай байгууллагад мэдэгдсэн. Ингэхдээ оны 09 дүгээр сарын 1-ний өдөр сонсох ажиллагаа явуулж “О*******” ХХК-ийн барилгын ажлыг сонсох ажиллагаа явуулсан өдрөөсөө зогсоогоод, барилгын ажлын зөвшөөрлийг цуцлахаар шийдвэрлэсэн болон гэж бичсэн байгаа. Энэ нь захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасан захиргааны акт батлан гаргах буюу хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий тайлбар, санал гаргах боломж олгоно. Мөн оролцогчоос тайлбар авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гэж заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл сонсох ажиллагаа захиргааны шийдвэр гаргахаас өмнө хийдэг. Сонсох ажиллагаа нь захиргааны байгууллагад үр нөлөөтэй, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр гаргах боломжийг олгодог. Гэтэл шийдвэр гаргахаас өмнө холбогдох талуудад сонсох ажиллагаа хийгээгүй. Шийдвэр гаргаснаас хойш гарч болох сөрөг үр дагаврыг бууруулахыг зориогүй. Улмаас захиргааны байгууллагын шийдвэрт иргэдийн итгэлийг нэмдэг сайн талтай үйл ажиллагаа огт хийгээгүй орхигдуулсан. оны 09 дүгээр сарын 01-ний өдөр сонсох ажиллагаагаа хийгээд, мөн өдрөө барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцалж, манай байгууллагын эрх ашгийг ноцтой зөрчсөн. Мөн захиргааны байгууллагын уг шийдвэр оны 08 дугаар сарын 31-ний өдрийн огноотой байгаа. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын оны 08 дугаар сарын 31-ний өдрийн огноотой албан бичгийг үндэслэж шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл хоёр төрийн байгууллага тухайн өдрөө бичгээ хоорондоо солилцоод шийдвэр гаргаж байгаа юм. Шийдвэр гарсан огноо зөрч байгаа, сонсох ажиллагаа хийгдээгүй. Гол үндэслэл нь Барилгын тухай хуулийн 11.3-т заасан хүрээлэн буй орчин хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулж болзошгүй нөхцөл байдалд байна гэснийг үндэслэсэн. Гуравдагч этгээд болох “Б*******” ХХК-д ямар аюул учруулаад, хохирол учраад байгааг тодорхой заагаагүй байдаг. Дараагийн үндэслэл нь норм, дүрэмд заасан хэмжээнээс ойртуулсан гэдэг яг ямар хэмжээтэй байж байгаад ямар болсныг тодорхой заагаагүй. Энийг тодруулах үндэслэлээр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх рүү буцаасан байдаг. Ийм үндэслэлээр Барилгын ажлын зөвшөөрлийг цуцалсан байдаг. Манай байгууллагын хувьд оны 07 дугаар сарын 21-ний өдөр барилгын ажлын зөвшөөрлөө аваад 3-4 тэрбум төгрөг зарцуулсан. Үүнээс болж хөрөнгө оруулагч нар нь хоорондоо маргалдаад, хувьцаа эзэмшигч нь Монголын улсын хилээр орж ирж чадахгүй байгаа. Мөн хөрөнгө оруулагч нарын хооронд эрүүгийн хэрэг үүсээд манай байгууллагад их хэмжээний хохирол учраад, таван давхар барилга зүгээр балгас болоод хаягдаж байгаа юм. Төрийн байгууллагаас зөвшөөрөл олгоод тэрийгээ байгууллага их хэмжээний хөрөнгө мөнгөө зарцуулан үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байхад 1 сарын дараа  барилгын ажлын зөвшөөрлийг нь цуцалж байгаа юм. Төрөөс хувийн хэвшилдээ ингэж хандаж болохгүй байх гэж бодож байна. Захиргааны байгууллагаас гаргасан уг шийдвэр нь захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлага хангасан байна. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заана гэснийг огт заагаагүй байгаа. Норм, дүрэмд заасан хэмжээнээс ойртуулсан гэдэг дээр Барилгын хөгжлийн төвийн дүгнэлт гарсан байгаа. Энэ дүгнэлтэд анх батлагдсан барилгын ажлын зургаасаа зөрүүгүй байна гэж гарсан. “Б*******” ХХК-ийн нарны тусгалын хувьд асуудал учруулах нөхцөл байдал байхгүй гэж гарсан. Орон сууц олон нийтийн барилгын гал эсэргүүцлийг хангах 6 метрийн зайг баримтлаагүй гэсэн байна. Манай хоёр барилга үйлчилгээний зориулалттай зөвшөөрөл авсан 5 давхар барилга байгаа. “Б*******” ХХК-ийн барилга мал эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг. Үйлчилгээний зориулалттай барилга байгаа. Энэ нь орон сууц, олон нийтийн барилга биш байгаа. Гал тэсвэрлэлтийн журамтай холбоотой Онцгой байдлын газраас шүүхээс дүгнэлт гаргуулсан. Онцгой байдлын газар галын машин чөлөөтэй орж, гарна гэж дүгнээд, зураг хавсаргаад өгсөн байгаа.

Ийм учраас манай байгууллагын эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч даргын оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Барилгын ажлын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцлуулах тухай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баян зүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр баригдаж байгаа “О*******” ХХК-ийн 5 давхар барилгад хяналт, хэмжилт хийхэд 2018 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн МЗХ2018/ дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар 2019 онд батлагдсан загвар зургийг зөрчиж барилгын 2 дугаар давхраас дээш  A,D тэнхлэгийн дагуу консул хийсэн. Мөн зэргэлдээ орших “Б*******” ХХК-ийн хүсэлтийг үндэслээд манай байгууллагаас барилгын ажлыг түдгэлзүүлэх тухай актыг гаргасан байдаг. Энэ актын үндэслэл нь мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт, шинжилгээ хийсэн дүгнэлт, гуравдагч этгээдээс гаргасан гомдлыг үндэслэсэн. Ингэхдээ Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах: барилга байгууламж хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр төлөвлөгдөн баригдаж, хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө болон амьтан, ургамалд аюул учруулахгүй байх заалтыг хангахгүй байгаа. Мөн мэргэжлийн хяналтын байгууллагаас ирүүлсэн оны 08 дугаар сарын 19-ний өдрийн дугаар албан бичиг, барилгад хийсэн хяналт, шинжилгээ, гуравдагч этгээдээс ирүүлсэн гомдол зэргийг үндэслэж барилгын ажлын зөвшөөрлийг цуцалсан. Барилгын хөгжлийн яамнаас гаргасан шинжээчийн дүгнэлтэд загвар зураг болон бодит нөхцөл байдал хоёр тэг тэнхлэгийн хувьд зөрүүгүй байна гэж дүгнэсэнтэй эсрэг байр суурьтай байна” гэв.

6.Гуравдагч этгээд шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

1/”О*******” ХХК нь тус барилгын үйл ажиллагааг оны 04 дүгээр сараас эхлэн явуулж эхэлсэн бөгөөд тухайн үед барилгын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа мэт ойлголтыг бидэнд өгсөн. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд оны 07 дугаар сарын 27-ны өдөр авсан болох нь тогтоогдож байна.

Үүнээс гадна “М” ХХК нь оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ХА21\0401 тоот албан бичигт М3Х2018/ тоот Архитектур төлөвлөлтийн даалгавар гарсны дагуу барилгын суурийн ажил явагдаж байгаа гэсэн байх бөгөөд бид энэхүү даалгаврыг хүлээн авахад Хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчөөс саналыг авах ёстой байсан бид аливаа санал өгөөгүй мөн энэхүү баримт бичгүүдийг бидэнд хүргүүлэх эсвэл танилцуулахыг шаардсан боловч өнөөдрийг хүртэл танилцуулаагүй мөн албан бичигт Архитектур төлөвлөлтийн даалгаварт өөрчлөлт оруулахаа дурдаад барилгын зай талбайд өөрчлөлт оруулна гэсэн байна үүнийг бид зөвшөөрөхгүй, барилга хоорондын зам хэмжээг зөрчсөн байгаа энэ зөрчлийг арилгаагүй, арилгахыг мэдэгдэх гэсэн боловч хүлээн авахаас татгалзаж холбогдохгүй байсан.

2/Мөн барилгын ажлыг шөнийн цагаар том оврын тээврийн хэрэгслээр ажил гүйцэтгэж (тээврийн хэрэгсэл явах автозам байхгүй газар) байгаа бөгөөд хүнд даацын машинаар шороо тээвэрлэж явснаас үүдэн тус барилгын төслийн ойр орчмын Элэг эмнэлэг, Амгалан амаржих эмнэлэг, Татварын газар, Прокурорын газар зэрэг байгууллагуудын бохир, цэвэр усны хоолой байрлах хэсэгт шороо нурж бөглөрсөн цаашид энэхүү асуудал байнга давтагдаж бусдын эд хөрөнгө болон үйл ажиллагаанд саад учруулах эрсдэл үүссэн, суурьшлын бүс болон түүнтэй залгаа үйлдвэр, аж ахуй бүсийн эдэлбэр газарт тээврийн хэрэгслийн гарааш, ил зогсоол төлөвлөх мөн явган зам, гарц орцыг орон сууц, олон нийтийн барилга хооронд галын болон эрүүл мэндийн яаралтай түргэн тусламжийн тээврийн хэрэгслүүд зорчих боломжтой төлөвлөх ёстой байдаг мөн нийтийн эдэлбэр газар болох ногоон байгууламж, авто зогсоол, явган хүний зам зэргийг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй зэрэг зөрчлүүд бий болсныг удаа дараалан мэдэгдсэн. Ийнхүү барилгын ажил гүйцэтгэж байгаа компанид манай компанийн барилгатай хэт ойртуулж барьснаар манай компанийн ажилчдын нар үзэх эрх болон эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул учруулж болохуйц нөхцөл байдал бий болоод байна.

Энэ талаар бид Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандахад тус барилгын үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомж, норм, дүрмийг зөрчсөн болох нь тогтоогдсон” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай байгууллагын зүгээс захиргааны байгууллагаас барилгын ажлын зөвшөөрлийг нь цуцалсан акт гаргасан нь зөв гэж үзэж байна. Барилгын ажлын зөвшөөрлөө аваагүй байхдаа 04 дүгээр сард барилгын ажлаа эхлүүлсэн. Хууль ёсны дагуу барилгын ажлаа явуулна гэж зөвшөөрөл авсан. Гэтэл манай байгууллагын барилгад хэтэрхий ойрхон, эд хөрөнгөд хохирол учруулахаар нөхцөл байдалд байгаа. Хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талын зүгээс гурван үндэслэл хэллээ.

1/Захиргааны ерөнхий хуулийн 26.1-т заасныг зөрчсөн.

2/ “Б*******” ХХК-д ямар аюултай нөхцөл байдал учраад байгаа вэ? гэдэг тодорхойгүй гэж байна.

3/Ямар хэмжээгээр барилга хоорондын зай ойртсон талаар захиргааны актад тусгаагүй гэж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасныг зөрчөөгүй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 26.1-т Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгохоор заасан.

Тухайн үед Хот байгуулалт, хөгжлийн газраас гуравдагч этгээд болон “О*******” ХХК-ийг дуудаад, тайлбар аваад санал, тайлбар гаргах боломжийг олгосон. Тэр үед “О*******” ХХК-ийн зүгээс инженер нь ирсэн байсан. Улсын дээд шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХД20200306 тогтоолоор энэ маргаантай холбоотой хууль хэрэглээг тайлбарласан. “О*******” ХХК нь барилгын ажлын зураг, барилгын норм, дүрэм, журмыг зөрчиж барилга барьсан нь мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт, сүүлд гарсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон. Нэгэнт барилгын стандартад баримтлах норм, стандартыг зөрчсөн байхад нэхэмжлэгчийн гаргаж байгаа үндэслэлээр захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна. Захиргааны актын үндэслэсэн зохицуулалт болоод барилгын үйл ажиллагаанд баримтлах зарчим яаж хэтрээд байна гэхээр тухайн барилга хоорондын зайг ойртуулснаар “Б*******” ХХК-ийн эдийн засгийн үнэлгээ унах жишээний хохиролтой, бодит аюулын хувьд галын аюулын үед галын машин орох боломжгүй гэх мэт аюул учрах эрсдэл байна. Захиргааны актад барилга хоорондын хэмжээ ямар хэмжээтэй ойртсон талаар авагдаагүй гэж байна. Хавтаст хэрэгт 1 дүгээр хавтас 11 дэх хуудаст авагдсан маргаан бүхий захиргааны актын хэсэгт тодорхой болгоод мэргэжлийн хяналтын байгууллагаас ирсэн албан бичгийг хавсаргасан байна. Ийм байдлаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн гэдэг нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

7.Иргэдийн төлөөлөгч шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж бодож байна. Барилгын тухай хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Гуравдагч этгээдээс оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 173 тоот албан бичгээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт, оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 183 тоот албан бичгээр Б дүүргийн Мэргэжлийн хяналтын газарт, оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 182 тоот албан бичгээр Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газарт тус тус гомдол гаргасан.

2.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын оны 08 дугаар сарын19-ний өдрийн 02-02/2366 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн барилгад холбогдуулж, зөрчлийн хэрэг нээсэн тул барилгын зураг төсөл, барилгын ажлын зөвшөөрөл олгохгүй байхыг мэдэгджээ.

3.Мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 02-02/2532 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцалж хариуг оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ирүүлэхийг мэдэгдсэн байна.

4.Улмаар Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч даргын  оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 08/2******* тоот албан бичгээр нэхэмжлэгчийг Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 11 дүгээр зүйлийн 11.1.3-д тус тус заасныг зөрчсөн гэх үндэслэлээр оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 344/ дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцалжээ.

Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно”, 11 дүгээр зүйлийн 11.1.3-д “хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах: барилга байгууламж хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр төлөвлөгдөн баригдаж, хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө болон амьтан, ургамалд аюул учруулахгүй байх” гэж тус тус заасан.

5.Барилгын хөгжлийн төвийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1/2458 тоот албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд “2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн МЗХ2018/ дүгээр архитектур төлөвлөлтийн даалгавар, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 онд батлагдсан загвар зургаас байршлын болон тэнхлэгийн зөрүүгүй, нэхэмжлэгчийн барилга нь гуравдагч этгээдийн барилгаас хөндлөн талын баруун талын булангаас 3.7 м/гадна талын засал хийгдээгүй үндсэн хийцээс/, зүүн талын булангаас 6.3 м зайтай, Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм /БНбД 30-01-04/-ын заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1 дүгээр хүснэгтэд гал тэсвэржилтийн заавал мөрдөх норм ба дүрмийн шаардлага хангаагүй” /6 метр байхаас 3.7 метр байгаа/ гэж,

6.Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 278-ны өдрийн 005/02 дугаар дүгнэлтэд Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм /БНбД 30-01-04/-ын заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1 дүгээр хүснэгтийг мөрдөнө гэж тус тус дүгнэсэн.

7.Дээрхээс дүгнэвэл хариуцагчаас нэхэмжлэгчийн оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 344/ дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцалсан нь хуульд нийцжээ.

8.Учир нь гал тэсвэржилтийн зэргээс хамаарч барилга хоорондын зайг зайлшгүй мөрдөх учиртай бөгөөд энэ нь болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

9.Хэдийгээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 02-02/2532 тоот албан бичигт “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10-ын 2.5 дахь Орон сууцны барилга хоорондын орон сууц, олон нийтийн хоорондын байршлын зайн ойролцоо хэмжээ барилгын тууш урт талуудын хооронд 2-4 давхар бол 15м байна гэсэн заалтын шаардлагыг хангаагүй” гэж дүгнэсэн, шинжээч нарын дүгнэлт дээрх дүгнэлтээс зөрүүтэй байгаа хэдий ч энэ нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

10.Мөн нэхэмжлэгчийн барилга нь архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургаас байршлын болон тэнхлэгийн зөрүүгүй хэдий ч заавал мөрдөх дүрэмд заасан хэмжээнээс ойрхон /6 метр байхаас 3.7 метр / байгаа нь бусдын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд аюул учруулж болзошгүй байна. Энэ нь Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.-д “Барилгын үйл ажиллагааг доор дурдсан норм, нормативын баримт бичгээр зохицуулна”, 5.2-т “Барилгын үйл ажиллагаанд энэ хуулийн 5.1.1-д заасан барилгын норм, дүрмийг заавал, 5.1.2-т заасан баримт бичгийг сонгож мөрдөнө” гэж заасантай нийцэхгүй.

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нөгөөтэйгүүр Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 08/2407 тоот албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн байх тул түүний сонсох ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгээгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

Мөн иргэдийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж бодож байна. Барилгын тухай хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой гэж дүгнэлт гаргасныг дурдах нь зүйтэй байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 11 дүгээр зүйлийн 11.1.3-д тус тус заасныг баримтлан “О*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х******* газарт холбогдох тус газрын орлогч дарга Ч.Б*******ийн оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 08/2******* дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.   

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид тус бүр урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ

                                ШҮҮГЧ                                   Ө.БОЛОРЧИМЭГ

                                 ШҮҮГЧ                                    Д.ХАЛИУНА