Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 00288

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х О холбогдох эрүүгийн 1738000000054 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч О нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар баг Ар зуурын ам гэх газраас иргэн Ч.Жавзан-Оролмаагийн 4 тооны үхрийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар баг Ар зуурын ам гэх газраас иргэн Ч.Ж 4 тооны үхрийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Оын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "…Нэг айлын үхэр доороос бэлчээд гараад ирэхээр нь дөрвөн үхэр тасалж аваад Мөрөнрүү Хөх толгой өгсүүлээд туугаад явсан. Тэгээд гуна, үнээ хоёрыг нядлаад, нөгөө хоёр үхрийг нь унагааж дийлэхгүй байх гэж бодоод гаргаад туусан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 4-7 дугаар хуудас/,

      Хохирогч Ч.Ж мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”…Үхрээ бүртгээд үзсэн чинь улаан алаг монголын үнээ, хүрэн алаг 2 шар байхгүй байсан. Мөрөнд ирээд Дөл гэдэг дэлгүүрт ортол манай алдсан малын махыг нэг залуу зарж байсан. Тэр залуу шарын болон үнээний мах зарна гэж байсан... " гэх мэдүүлэг /ХХ-ийн 11-13 дугаар хуудас/,

        Гэрч С.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөөд иртэл манайд цагдаа нар ирсэн байсан. Юу болсон талаар О асуухад өчигдөр шөнө үхэр хулгайлж ирээд нядалчихсан юм гэсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 14-15 дугаар хуудас/,

        Гэрч Г.Лхагвадоржийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Отгонбат шөнө 2-3 цагийн үед намайг сэрээгээд ахтайгаа нийлээд 2 үхэр янзлаад өгөөч гэхээр нь гартал улаан үнээ, гэдсээрээ алаг шар хоёрыг холбоод уячихсан байсан. Тэр хоёр үхрийг нэг нэгээр нь грашинд оруулж нядалсан. Би өөрийнх нь үхрүүд юм бодсон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 19-21 дүгээр хуудас/,

       Гэрч Р.Цэцэгмаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...40 орчим насны доголон хүн монголын дундын бүтэн үхрийн мах аваад ороод ирсэн. Махыг нь хиллээд тэр залууд 500 гаран мянган төгрөг өгөх гээд байж байхад гаднаас үхрээ алдсан гээд нэг эмэгтэй орж ирээд наад мах чинь манай алдсан үхрийн мах байна гэж хэлсэн.  Би тэгэхээр нь мөнгөө өгөлгүй цагдаа дуудсан. Тэгээд үхрийн эзэн гээд байгаа эмэгтэйд махны мөнгийг нь өгч махыг худалдаж авсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-23 дугаар хуудас/,

  Хөрөнгийн үнэлэгээчний үнэлгээ  /ХХ-ийн 26 дугаар хуудас/, 

       Хохирогч Ч.Ж нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1738000000054 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын хооронд байгуулан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч О нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 39 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 3, 10-18 насны хүүхдүүдийн хамт амьдардаг, хөдөлмөрийн чадвар алданги 50 хувиар групт байдаг, өрх толгойлсон ганц бие эцэг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 1738000000054 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч О 2 /хоёр/  жилийн хугацаагаар тэнссүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

      4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Од хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Эрүүгийн 1738000000054 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.      

     6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР