Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 258

 

Ш.Ж нарын нэхэмжлэлтэй, НЗД, МХЕГ, НМХГ тус тус

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                   Г.Банзрагч

                                                  Д.Мөнхтуяа

                                                  Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:                        Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:           Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “...Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаар захирамжийн Д.П-д, 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/893 дугаар захирамжийн Л.Д-т холбогдох хэсгийг хүчингүй болгохыг даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт холбогдуулан “Их-Эргэлт” ХХК-ийн арьс ширний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь зогсоох тухай захиргааны акт гаргахыг даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох”

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0005 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2018/0196 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид, нэхэмжлэгч Ш.Ж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Гарьд, гуравдагч этгээд Д.П-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Баасандорж, өмгөөлөгч Б.Ганболд, гуравдагч этгээд Л.Д итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонсүрэн, түүний өмгөөлөгч Г.Баатарсүрэн, гуравдагч этгээд Их Эргэлт ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайсүрэн нар,

Гуравдагч этгээд Д.П итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Баасандорж, гуравдагч этгээд Л.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Баатарсүрэн нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27ы өдрийн 128/ШШ2018/0005 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7, 10.12.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Г.Ө, П.Ц нарын Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нийслэлийн Засаг даргын 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаар захирамжийн Д.П-д, 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/893 дугаар захирамжийн Л.Д-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгохыг даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан гаргасан “Их-Эргэлт” ХХК-ийн арьс ширний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь зогсоох тухай захиргааны акт гаргахыг даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.2-т заасныг тус тус баримтлан Ш.Ж ын Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нийслэлийн Засаг даргын 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаар захирамжийн Д.П-д, 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/893 дугаар захирамжийн Л.Д-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгохыг даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан гаргасан ...Их-Эргэлт ХХК-ийн арьс ширний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь зогсоох тухай захиргааны акт гаргахыг даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2018/0196 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0005 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Гуравдагч этгээд Д.П-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Баасандорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2018/0196 дугаар магадлалд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу хэргийн оролцогчдын хооронд үүссэн харилцааг зохицуулсан хуулийн заалт байхад шүүхүүд хэргийг хянан шийдвэрлэхдээ уг заалтыг хэрэглээгүй, давж заалдах шатны шүүх Ш.Ж  нарын Нийслэлийн засаг даргын 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаар захирамжийн Д.П-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын хүрээнд үүссэн гуравдагч этгээд Д.П- гэм буруутай эсэх тухай үйл баримтын талаар дүгнээгүй, шийдвэрлээгүй орхисон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

4. Нийслэлийн засаг даргын 2003 оны 283 дугаар захирамжаар 287 иргэн аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсны дотор иргэн Д.П-гийн газар эзэмших эрх баталгаажсан, мөн 55 иргэн аж ахуйн нэгж байгууллагад хамаарах захиргааны актуудын холбогдох заалтуудыг хүчингүй болсонд тооцсон байна. Эдгээр 342 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд тухайн захирамжийн Д.П-д холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагыг захиргааны хэргийн шүүхэд гаргасан Ш.Ж , Г.Ө, П.Ц нар хамрагдаагүй байна. Иймээс эдгээр нэр бүхий иргэд газрын эрх зүйн харилцаанд өөрсдийн хүчингүй болгох шаардлагад хамаарсан 283 дугаар захирамжийг гаргасан захиргааны байгууллагын үйл ажиллагаанд оролцогч биш байна.

5. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/551 дүгээр захирамжаар Г.Өын, мөн оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дүгээр захирамжаар иргэн П.Цийн тухайн байршилд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар газар эзэмших эрхийг баталгаажуулжээ. Гэтэл 283 дугаар захирамжийн Д.П-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан эдгээр хүмүүс тухайн шаардлага гаргах болсон үндэслэлээ “Д.П- нь агуулахын зориулалттай барилга барьсан ...энэ барилга нь ямар нэгэн зөвшөөрөлгүй баригдсан, газар эзэмшүүлэх гэрээнд заасан зориулалтаар газрыг ашиглаагүй хотын төвд орон сууцны дунд ...химийн бодис хадгалах зориулалттай агуулах барьж түүнийгээ ашиглаж байгаа” гэж тодорхойлжээ.

6. Энэ нь хуурмаг буюу бодит байдалд нийцээгүй үндэслэл бөгөөд энэ тухай Д.П-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны 08 дугаар сарын 08-наар огноолон анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа дэлгэрэнгүй бичсэн юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлага гаргасан хүмүүсийн төлөөлөгч Ш.Ж аас энэ талаар асуухад энэхүү үндэслэлийг бодит байдалд нийцээгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн хариу өгдөг.

7. Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан шаардлагын үндэслэлд 283 дугаар захирамжийн улмаас өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар тодорхойлоогүй байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны үед мөн тодорхойлоогүй юм.

8. Эдгээр үйл баримтын талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн аль аль нь дүгнэлт хийгээгүй бөгөөд анхан шатны шүүх 283 дугаар захирамжийн Д.П-д холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх үүнийг шийдвэрлээгүй орхигдуулсан байна. Ш.Ж  нар захиргааны хэргийн бодит нөхцөл байдлын талаар худлаа мэдүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагад хамаарсан захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа, түүний улмаас тэдний Газрын тухай хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй талаар тодорхойлж чадаагүйн зэрэгцээ ийм бодит боломж байхгүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон юм.

9. Иймд, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

10. Гуравдагч этгээд Л.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Баатарсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2018/0196 дугаар магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасныг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна.

11. Давж заалдах шатны шүүх Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0005 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлээ тайлбарлахдаа “...шүүх маргааны үйл баримт болсон дээрх үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүйг нотлох баримтыг цуглуулах, уг үйлдвэрийн үйл ажиллагаа нь ойр орчмын оршин суугчдын эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлж байгааг нотлох холбогдох баримтуудыг цуглуулж, үнэлж дүгнэх нь зүйтэй байна...” гэжээ.

12. Гэвч нэхэмжлэлийн шаардлага эхнээсээ, сүүлд нэмэгдүүлсэн шаардлага ч мөн адил хариуцагч байгууллагууд болох Нийслэлийн Засаг дарга, Мэргэжлийн Хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрыг хууль тогтоомж зөрчиж захиргааны акт гаргасан, эсхүл эс үйлдэхүй гаргасан, түүний улмаас нэхэмжлэгчдийн эрх ашиг хохирсон тухай асуудлаар маргаагүй. Харин гуравдагч этгээд иргэн Л.Д-, “Их Эргэлт” ХХК нь хууль зөрчсөн эсэх талаар л маргаж байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын захиргааны хэргийн шүүхэд хандах болсон үндэслэл нь, шүүх хуралдааны явцад гаргаж байсан тайлбар, хүсэлтүүд нь ч захиргааны байгууллага албан тушаалтны үйл ажиллагаа бус иргэний үйл ажиллагаатай холбоотой асуудлаар л тус шүүхэд хандсан байсан. Тэгтэл ийм хэрэг дээр захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд маргаан хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсний эцэст нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

13. Хариуцагч байгууллагууд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид дараах утга бүхий хариуг өгсөн байдаг. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар “нэхэмжлэгчийн гаргасан гомдолд заасан хугацаанд дүгнэлт гаргах боломжгүй” тухай, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар “шүүхийн шатанд маргаантай байгаа асуудал дээр шийдвэр гаргах боломжгүй” тухай, нийслэлийн Засаг дарга “өмнө нь шийдвэрлэсэн асуудлаар дахин шийдвэр гаргахгүй” тухай тодорхой хариуг бичгэн хэлбэрээр өгсөн байдаг. Тиймээс гуравдагч этгээдийн үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүйг нотлох, энэ талаар нэмэлт баримт цуглуулах шаардлагагүй юм.

14. Нөгөө талаас нэхэмжлэгч нь хариуцагчийн ямар эс үйлдэхүй байгаа учраас акт гаргахыг даалгах, ямар эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох гэж байгаа талаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлоогүй. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүйн талаар хэрэгт ач холбогдолгүй баримтыг шүүх цуглуулах боломжгүй, тийм баримт байхгүй юм.

15. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой асуудлаар нотлох баримт гаргуулах хүсэлт ч гаргаагүй. Тиймээс эл хэсэгт хийсэн давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт нь үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүхийн дүгнэсэн шиг “хариуцагч нийслэлийн Засаг дарга хууль зөрчиж, орчны төлөвлөгөөнд нийцэхгүй газар олгосон” талаар талууд маргаагүй. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд энэ талаар огт дурдаагүй. Харин иргэн Л.Д- газар эзэмших эрхээ зориулалтын дагуу ашиглахгүй байгаа учир газар эрхийг нь цуцлах ёстой л гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлээ ч ингэж тайлбарласан. Гэтэл дээрх асуудлыг тодруулах шаардлагатай байжээ гэж тус шүүх дүгнэн, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлтэй холбон тайлбарласан нь үндэслэлгүй байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд л хэргийг шийдвэрлэх, нотлох баримтыг цуглуулах ёстой.

16. Мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаар “арьс, шир боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа” нь тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаанд хамаардаггүй бөгөөд харин бусад хууль тогтоомжоор үйл ажиллагаагаа явуулахдаа мөрдөж ажиллах үүргийг биелүүлсэн талаарх баримтуудаа бид нотлох баримтаар гаргаж өгсөн. Тиймээс тус шүүхийн хийсэн тусгай зөвшөөрөлтэй эсэхийг тодруулаагүй гэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй юм.

17. Шинжээч томилуулах хүсэлтийн тухайд уг хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч өмнө нь гаргаж байсан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хэрэгт нотолгооны ач холбогдолгүй байна гэж үзээд хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэвч нэхэмжлэгч энэ хүсэлтээ дахин шүүх хуралдааныг хойшлуулах зорилгоор гаргасан. Гэтэл энэ тухай давж заалдах шатны шүүх “шинжээч томилуулах талаар өмнө хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ” гэж дүгнэсэн хэрнээ ишлэл хэсэгтээ “шинжээч томилуулах хүсэлтийг шүүх өмнө шийдвэрлэж байгаагүй” гэсэн нь үндэслэлгүй юм. Тус шинжээч томилуулах хүсэлтийг хангах, шинжээч томилох нь хэрэгт хамааралгүй, нэхэмжлэлийн шаардлагад нотолгооны ач холбогдолгүй атал Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай холбоотой нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгөхийн тулд шинжээч томилох нь зүйтэй байжээ гэж дүгнэсэн нь мөн үндэслэлгүй байна.

18. Гуравдагч этгээд Л.Д- нь тус хэргийн нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар үйлдвэрийн бүст орон сууцны зориулалтаар газар олгосон, баталсан архитектур төлөвлөлтийн даалгавар нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа хэвийн явуулахад саад учруулж байгаа талаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан даруй энэхүү нэхэмжлэлийг зөрүүлэн иргэн Г.Ө, П.Ц нар гаргасан. Мөн хэн нь эхлээд тус газарт үйл ажиллагаа явуулж байсан, ямар зориулалтаар эзэмшиж байсан, хэн нь эхлээд барилга барьсан нь ч илт тодорхой асуудал юм. Тус хэрэг үүснээс хойш олон удаа зөвхөн нэхэмжлэгч талын хүсэлтээр хойшилж ирсэн бөгөөд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтүүдийг байнга хүлээн авч эрхийг нь хангалттай хангаж байсан. Бид энэ байдлаас үндэслээд шүүгчээс хүртэл татгалзаж үзсэн. Харин нэхэмжлэгч нар нь шүүх хурлыг хийлгэхгүй, хурал болгон дээр нэг хүсэлт гаргаж, түүнийгээ хангуулах, эсхүл хэрэгсэхгүй болгож шийдвэрлэвэл давж заалдах шатны шүүхэд хандах замаар шүүх хуралдааныг хойшлуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатайгаар удаашруулж ирсэн. Үүнийхээ ч дагуу энэ аргаараа өмнө гаргасан хүсэлтээ шүүх хурал болсон өдөр дахин гаргасан.

19. Тиймээс анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэргийг шийдвэрлэсэн бөгөөд хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг цуглуулаагүй гэж үзэх үндэслэлгүй юм.

20. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2018/0196 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0005 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

21. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтад хамаарах нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, Газрын болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулиудын холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Г.Ө, П.Цэрэндорж нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Ш.Ж ын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

22. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

23. Нийслэлийн Засаг даргын 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаар захирамжийн иргэн Д.П-, мөн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/893 дугаар захирамжийн Л.Д- нарт холбогдох хэсгийг хүчингүй болгохыг даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын талаар:

24. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...анхнаасаа ...үйлдвэрлэлийн орчин биш газарт газар эзэмшүүлсэн, ...газраа зориулалтын дагуу эзэмшээгүй...” гэж тайлбарлан маргасан байна.

25. Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/551 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Г.Өад үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 350 м.кв, мөн оны А/863 дугаар захирамжаар П.Цэрэндоржид 370 м.кв газрыг тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

26. Харин дээрх захирамжууд гарахаас өмнө энэ хэргийн гуравдагч этгээд иргэн Д.П-д Нийслэлийн Засаг даргын 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутагт үйлчилгээний зориулалтаар 900 м.кв, мөн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/893 дугаар захирамжаар иргэн Л.Д-т 690 м.кв газрыг тус тус эзэмшүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын эзэмшиж буй газрууд ямар нэг байдлаар давхцаагүй, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй болно.

27. Иймд, маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2003 оны 283, 2013 оны А/893 дугаар захирамжуудын Д.П-, Л.Д- нарт холбогдох хэсэг нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагад нийцсэн, Нийслэлийн Засаг дарга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан хууль ёсны захиргааны акт бөгөөд үүний улмаас нэхэмжлэгч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй юм.

28. Тухайлбал, цаг хугацааны хувьд маргаан бүхий захирамжаас хожим газар эзэмших эрх үүссэн иргэдийн нэхэмжлэлд дурдсан буюу “...иргэний зориулалттай барилга барих ёстой байсан..., ...газрыг зориулалтын дагуу ашиглаагүй...” гэх үндэслэлээр Засаг даргын захирамжийг хуульд нийцээгүй гэж дүгнэн, хүчингүй болгохыг даалгах боломжгүйг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.

29. Мөн нэхэмжлэгчийн маргаан бүхий захирамжийг хүчингүй болгуулах үндэслэлээ болгон дурдаж буй “Эрхийн гэрчилгээ эзэмшигч Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх зохицуулалт нь зөвхөн Засаг даргаас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлд хамааралтай болохоос гуравдагч этгээд нарт анх газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгох үндэслэл биш болно.

30. Тодруулбал, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд газар эзэмшигчийн эрх, үүргийг тодорхойлж, үүргээ биелүүлээгүйгээс үүсэх үр дагавар нь Засаг даргаас мөн хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар “...эрхийн гэрчилгээг хүчингүй болгох”-оор тодорхой зохицуулалттай байна. 

31. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ өөрөө тодорхойлж, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн талаар тусгахыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4, 52.5.1 дэх хэсэгт тодорхой заасан, анхан шатны шүүх маргааны үйл баримтуудад үндэслэлтэй хандаж, нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай маргаан бүхий захиргааны акт хуульд нийцсэн, эдгээр захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэхээргүй талаар зөв дүгнэжээ.

32. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, Газрын тухай хуулийн зохицуулалт тодорхой, ойлгомжтой байхад давж заалдах шатны шүүх “...зориулалтыг нь зөрчиж үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан, эсвэл уг орчны төлөвлөлтөд нийцэхгүй зориулалтаар газар эзэмшүүлэх эрх ямар асуудлаар маргаж байгааг тодорхой болгох, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасныг зөрчсөн тохиолдолд хэн ямар шийдвэр гаргах зохицуулалттайг судлах...” гэх зэргээр дүгнэсэн нь буруу болжээ.

33. Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, хариуцагч Нийслэлийн Засаг даргыг маргаан бүхий 2003, 2013 онуудын 283, А/893 дугаар захирамжуудын холбогдох хэсгийг хүчингүй болгох хүсэлтийг шийдвэрлээгүй буруутай гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй эс үйлдэхүйтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны Ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан “эс үйлдэхүй” гэх ойлголтод хамаарахгүй байна.

34. “...“Их эргэлт” ХХК-ийн үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь зогсоох захиргааны акт гаргахыг даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын талаар:

35. Нэхэмжлэгч нар нь “...дуу чимээ, үйлдвэрийн хог хаягдал, ...зэргээс эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн...” гэж, хариуцагч нь “...үйл ажиллагааг нь түр зогсоосон шийдвэр байгаа, ...сэргээсэн тухай акт гаргаагүй... ” гэж тайлбарлаж маргасан байна.

36. Захиргааны хэргийн шүүх эрх бүхий этгээдээс гаргасан захиргааны актын талаарх нэхэмжлэлийг үндэслэн нэхэмжлэгчийн эрх хэрхэн зөрчигдсөнийг шалгахаас бус тухайн асуудлаар захиргааны байгууллагаас өөрийн эрх хэмжээний хүрээнд холбогдох шийдвэрийг гаргаагүй байхад “үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоохыг даалгах”-аар шийдвэрлэх эрхгүй.

37. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн үйл ажиллагааны улмаас иргэдэд ямар хор хохирол учирч байгааг эрх бүхий этгээдээс тогтоож, шийдвэрээ гаргах, энэ шийдвэрийг шүүх хянах эрхтэй болохоос энэ талаар шүүх өөрөө шинжээч томилох эсвэл өөр ямар нэг байдлаар нягталж шалгаж, тогтоох үүрэггүй, энэ нь захиргааны хэргийн шүүхийн хяналтын чиг үүрэгт хамааралгүй юм.

38. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7-д зааснаар Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь хүний амь нас, эрүүл мэнд хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хохирол учруулж байгаа нь нотлогдсон тохиолдолд зөрчлийг арилгах хүртэл холбогдох үйл ажиллагааг түр зогсоох, 10.9.8-д зааснаар шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг зогсоох, талаар холбогдох албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах, 10.12.3-т зааснаар энэ шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд үйлдвэрлэл, үйлчилгээг бүрмөсөн зогсоох тухай санал дүгнэлтээ холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэхээр зохицуулалттай байх тул захиргааны байгууллагыг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаагүй гэж буруутгах үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

39. Дээрх бүгдийг нэгтгэн үзвэл, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд буюу энэ хэрэгт хамааралгүй, шаардлагагүй нотлох баримтууд бүрдүүлэхийг зааж, шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-т “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн...” гэж заасантай нийцээгүй байна.

40. Иймээс “...магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх” тухай гуравдагч этгээд Л.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Баатарсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй, харин гуравдагч этгээд Д.П-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Баасандоржийн гомдолд дурдсанаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй.  

41. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч, шүүхийн хяналтын эрх хэмжээнээс хэтрүүлж, газрыг зориулалтын бусаар ашигласан...” гэх асуудлаар хоорондоо зөрчилтэй, шаардлагагүй олон дүгнэлт хийснийг тэмдэглэж байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2018/0196 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 123/ШШ2018/0005 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар гуравдагч этгээд Д.П-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Баасандоржоос тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээд Л.Д-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              М.БАТСУУРЬ

   ШҮҮГЧ                                                       Л.АТАРЦЭЦЭГ