Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 0739

 

                                                  З.Г-ийн нэхэмжлэлтэй

                                               захиргааны хэргийн тухай

              Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Н.Хонинхүү, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гангэрэл, нэхэмжлэгч З.Г нарыг оролцуулан, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, З.Г-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч З.Г-ийн “Сүхбаатар аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын бүтэц, орон тоог батлах тухай” А/58 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 11 дүгээр зүйлийн 11.6, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.1, 26.3, 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.1, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч З.Г-ийг Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Сүлжээний ажилтан, бичиг хэргийн албан тушаалд тогтоож, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3.146.955 /гурван сая нэг зуун дөчин зургаан мянга есөн зуун тавин тав/ төгрөгийг Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт даалгаж, Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр тушаалыг хүчингүй болгож, үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж, цалин хассаныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч З.Г давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч миний бие өмнө нь ажиллаж байсан албан тушаал болох дотоод ажил, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Гэтэл бүтэц орон тоо өөрчлөгдөж 14 хүний орон тоотой байсан тус газар 16 болж нэмэгдсэн байхад нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулан Сүлжээний ажилтан, бичиг хэргийн албан тушаалд томилохоор шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасанчлан шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэх хуулийн заалттай нийцэхгүй байна.

Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 01 дүгээр тушаалыг хянан хэлэлцэхдээ хэт нэг талыг барьж тушаалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сонсох ажиллагаа явуулаагүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заагаагүй зэрэг асуудлыг тал бүрээс нь судлан үзээгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулахаар заасан байхад энэхүү чиг үүргийг хангалтгүй хэрэгжүүлсэн.

Нэхэмжлэлийн шаардлагад заасан Сүхбаатар аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/58 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хянан хэлэлцээгүй. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасан. Миний бие дэс түшмэлийн дөтгөөр зэргийн нэмэгдэл авдаг байхад ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцохдоо албан тушаалын үндсэн цалингаар тооцсон байна.

Шүүх хуралдааныг хойшлуулан, шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтийг Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгсөн боловч тус шүүхээс шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Иймд Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.  

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай зарим нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр анхан шатны шүүхэд “шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр хангаж, шүүх хуралдааныг хойшлуулах” тухай хүсэлт гаргасан ба З.Г нь уг хүсэлтдээ хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа талаарх баримтыг хавсарган ирүүлээгүй, хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасны дагуу анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т зааснаар нэхэмжлэгчийг байлцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь холбогдох хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн “...шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар З.Г-ийг 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулагчийн ажлаас чөлөөлж, Дотоод ажил, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулсан бөгөөд байгууллагын бүтэц, зохион байгуулалт ажлын чиг үүрэг, хамрах хүрээ, ажлын байранд тавигдах шаардлага өөрчлөгдсөнөөр “Дотоод ажил, бичиг хэрэг” гэсэн орон тоо хасагдсан гэх үндэслэлээр тус аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг уг албан тушаалаас чөлөөлжээ.

З.Г нь Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргад холбогдуулан “Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр тушаал, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар тушаалын З.Г-д холбогдох заалтыг хүчингүй болгон, үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж цалин хассаныг, ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, өмнө ажиллаж байсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилж ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.5, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3, 27.2.4-д заасныг тус тус зөрчсөн бөгөөд миний хариуцан ажиллаж байсан мэргэжилтний албан тушаал, ажлын үндсэн чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа...” хэмээн тайлбарлан маргасан байна.

 Анхан шатны шүүх З.Г-ийн гаргасан “...өмнө ажиллаж байсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах...” тухай шаардлагын хувьд Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Сүлжээний ажилтан, бичиг хэргийн албан тушаалд тогтоож шийдвэрлэсэн ба уг албан тушаалын ажлын байрны зорилго нь байгууллагын дотоод сүлжээний хэвийн ажиллагааг хангах, сүлжээний хамгаалалт зохион байгуулалтыг хариуцах бөгөөд хүүхдийн эрхийн нийтлэг шалгуур үзүүлэлт-мэдээллийн санг хянаж, бичиг хэргийн архивын ажлыг хавсран гүйцэтгэхээр байна.

Мөн албан тушаалд программист, сүлжээний инженер мэргэжилтэй хүн ажиллахаар байх тул нэхэмжлэгч энэ шаардлагыг хэрхэн хангаж байгаа /З.Г нь бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй/, уг албан тушаалд ажиллаж байгаа Г.Ганбаатар нь өмнө тухайн байгууллагад ажиллаж байсан эсэх, ажиллаж байсан бол уг ажлын байрны тодорхойлолтыг нотлох баримтаар гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Түүнчлэн Сүхбаатар аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/262 дугаар захирамжаар тус аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн бүтэц, орон тоог 16 байхаар баталсны дагуу хэн хэн ажиллаж байсан, мөн даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/58 дугаар захирамжаар батлагдсан 17 орон тоонд дээрх ажилтнуудаас хэн хэн нь ажиллаж байгаа, нэхэмжлэгчийн ажиллаж байсан Дотоод ажил, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтний чиг үүрэг нь хэрхэн шилжсэн талаарх баримтуудыг хэрэгт авах нь зүйтэй.

Дээрх ажиллагаа хийгдээгүй байхад давж заалдах шатны шүүх дүгнэлт өгч хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хариуцагч 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр анхан шатны шүүхэд “гэрч асуулгах” тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх уг хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

            ШҮҮГЧ                                                               Э.ЛХАГВАСҮРЭН

            ШҮҮГЧ                                                                  Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                  Ц.САЙХАНТУЯА