Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2016/00650

 

Ц.Цэдэн-Ишийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/00240 дүгээр шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 708 дугаар магадлалтай,

Ц.Цэдэн-Ишийн нэхэмжлэлтэй

Монгол Улсын Засгийн газарт холбогдох,

Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын нөхөн төлбөрт 7.355.808 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Одхүүгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батболд, нарийн бичгийн дарга  Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Цэдэн-Ишийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Одхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тухайн үеийн Уул уурхай, үйлдвэрийн яамны шийдвэрээр ашигт малтмалын ордуудын нөөц тогтоох нарийвчилсан хайгуулын ажлуудад шаардлагатай хайгуулын гүний далд уурхайнуудыг малтаж явсан уулын отрядад ажиллаж байсан Б.Лхаажав, С.Сүхбаатар, З.Намсрай, М.Төмөртогоо, Л.Санжаа, Ц.Энхтайван, Б.Доржгочоо, Д.Сэрээтэр, С.Мандал, Ц.Цэдэн-Иш нарын 10 уурхайчин бид Уул уурхай үйлдвэрийн яам татан буугдсан учир улсаас олгох нөхөн төлбөрөө авч чадаагүй өдийг хүрсэн юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д Үйлдвэрийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71-ээс дээш хувь алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгохоор заасан байдаг. Иймээс бид Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 912 дугаар шийдвэрээр хариуцагч нь Уул уурхайн яам биш хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4-т заасны дагуу нөхөн төлбөрийн талаар Засгийн газарт хандан шийдвэрлүүлэх эрхтэй болох талаар дурджээ. Үүний дагуу бидний 10 уурхайчид Монгол Улсын Засгийн газарт хандсан боловч мөн л асуудлыг шийдвэрлэж өгсөнгүй. Иймд Ц.Цэдэн-Ишэд 9 сарын нөхөн олговорт 7.355.808 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Ц.Цэдэн-Иш нь улсад нийт 27 жил ажилласнаас газрын дор хүнд хортой нөхцөлд 11 жил ажилласан гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/00240 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар 97.4 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Засгийн газраас нөхөн төлбөрт 7.355.808 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Цэдэн-Ишид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 132.642 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол Улсын Засгийн газраас 132.642 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Цэдэн-Ишид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 708 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/00240 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул Засгийн газраас 9 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр болох 7 355 808 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Цэдэн-Ишийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Монгол Улсын Засгийн газрыг тэмдэгтийн хураамжаас чөлөөлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Одхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Засгийн газарт өмгөөлөгчөөр дамжуулан нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлүүлэхээр удаа дараа хандсан боловч шийдвэрлэх арга хэмжээ авч өгөөгүй тул шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Магадлалын Хянасан хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасан хэмжээгээр ажил олгогчийн үүргийг бүхэлд нь Засгийн газарт шилжүүлсэн агуулгыг илэрхийлэхгүй байна. Хуулийн уг заалтад нөхөн төлбөрийг Засгийн газар, нутгийн захиргааны байгууллага хариуцах талаар заагаагүй, нөхөн төлбөрийн асуудлыг өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх нөхцөл, боломжийг хуульчилсан юм. Засгийн газар нь нэхэмжлэгчийн ажил олгогч буюу ажил олгогчийн эрх, үүргийг залгамжилсан этгээд биш” мөн “нэхэмжлэгч нь тэтгэмжийн /тэтгэмж биш хохирол нөхөн төлөх асуудал юм/ асуудлыг шийдвэрлүүлэх эрх хэмжээгээ хэрэгжүүлэх талаар зохих журмын дагуу Засгийн газарт хандах эрхтэй боловч анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хангасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй болно.” гэжээ. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ нөхөн төлбөрийг ажил олгогч төлөх үүргийг зохицуулсан байх бөгөөд ажил олгогч байхгүй тохиолдолд Засгийн газар хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлбөрийг ажилтанд нэг удаа заавал олгохоор зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл ажилтны хөндөгдсөн эрхийг хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсэгт зааснаар сэргээн эдлүүлэхээр хуульчилсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи төрийн бодлогын үндэс нь хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг бүх талаар хамгаалахад чиглэнэ”, Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж, Монгол улсын Үндсэн хуулийн 19-р зүйлийн 19.1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж тус тус зааснаар төр иргэнийхээ хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, үүрэгтэйг дурдсан нь хүний эрх, иргэнийхээ мэргэжлээс шалтгаалсан өвчний хохирлыг нөхөн төлүүлэх талаарх асуудлыг өргөн хүрээтэй харж үүнийгээ шийдвэртээ тов тодорхой тусгаж баталгаажуулан хуульд нийцсэн үнэн зөв шийдвэрийг гаргасан гэж дүгнэж байна.

Засгийн газар өмнө нь нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхдээ тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нугалсантай тэнцэх хэмжээний буюу 280.800 төгрөгийг олгосон нь Үндсэн хууль, Хөдөлмөрийн хууль тогтоомжоор зохицуулснаас дордуулахгүйгээр хөдөлмөрлөх эрхийг хангах зарчим болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 5-р зүйлийн 5.1-д заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи төрийн бодлогын үндэс нь хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг бүх талаар хамгаалахад чиглэгдэнэ.” гэсэн зарчимтай тус тус харшилна гэж үзэв гэжээ. Үүнийг нэхэмжлэгч тал ажилтны хөндөгдсөн эрхийг хамгаалахын тулд Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг агуулгаар зөв зүйтэй тайлбарлан шийдвэртэй тусгасан. шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан шударга шийдвэр гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх магадлалыг гаргахдаа “Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4-д заасан Засгийн газар, нутгийн захиргааны байгууллага тусгайлан шийдвэрлэж болно” гэсэн зөвхөн энэ өгүүлбэрийн хүрээнд шийдвэрлэснийг бид хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа билээ. Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ц.Цэдэн-Иш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажиллаж байсан байгууллага татан буугдсан тул мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын нөхөн төлбөрийг Монгол Улсын Засгийн газар хариуцах ёстой гэж үзэж, 7.355.808 төгрөг гаргуулах шаардлага тавьжээ.

Хэрэгт авагдсан Монгол улсын Хөдөлмөрийн яамны 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2/1039 дүгээр албан бичигт “...Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газар тусгайлан арга хэмжээ авч 2003, 2007, 2011 онуудад 5912 уурхайчдад хүн бүрт 140.000-280.000 төгрөгийн нөхөн төлбөрийг 3 удаа олгосон. Дорнодын Мардайн уурхайд ажиллаж байсан Б.Лхаажав, С.Сүхбаатар нарын нэр бүхий 10 хүн дээрх нөхөн төлбөрт хамрагдсан...” гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгохоор заасан.

Ц.Цэдэн-Иш мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын нөхөн төлбөр авч байсан эсэх, Засгийн газраас хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд түүнд нөхөн төлбөр олгосон нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх дээрх байдлыг тодруулаагүй, хэрэгт авагдсан баримтын талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т нийцээгүй гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг илрүүлж зөвтгөөгүй, мөн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо тогтоогдоогүй баримтад дүгнэлт хийснээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн алдааг шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах замаар залруулах боломжгүй тул хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/00240 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 708 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 132.642 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ