Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 129/ШШ2024/00312

 

 

                                                   

 

                                                    

                              

 

                                                          

 

 

 

 

                                     129/ШШ2024/00312

   

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                              

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: А аймгийн Ц сумын Б багт оршин суух Г

Нэхэмжлэлийн шаардлага: Мал маллаж байснаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Д.Г

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн

                                                                                                                                                                                                                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

1. Хүсэлт гаргагч Д.Г нь мал маллаж байснаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

 

 Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

 

Би малчин нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Архангай аймгийн Цэнхэр суманд 1995-1997 онд мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан.  Миний 1993, 1999 оны малын А данс архивын тасгаас гарсан. Харин бусад оны малын А данс гараагүй, Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөл миний 1995-1997 онд мал маллаж байсан байдлыг тогтоох боломжгүй гэж шийдвэрлэсэн. Би 1995-1997 онд ямар нэгэнд байгууллагад ажиллаж байгаагүй, мал маллахаас өөр ажил хийгээгүй. Иймд миний Архангай аймгийн Цэнхэр суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Г нь 1995-1997 онд мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд хандсан боловч нотлох баримтгүй учраас дээрх хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоох боломжгүй гэж шийдвэрлэсэн. Д.Г 1995-1997 онд ямар нэгэн байгууллагад ажиллаж байсан мэдээлэл бүртгэгдээгүй, 1990-2000 онд ажилласан жил нөхөн тооцуулж авсан гэв.

 

3. Хүсэлт гаргагчаас:

- Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Засаг даргын 2024 оны 6 сарын 10-ны өдрийн 125 тоот тодорхойлолт

- Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 6 сарын 10-ны өдрийн 555 тоот тодорхойлолт

- Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 4 сарын 22-ны өдрийн 03/13 дугаар тогтоол

- Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 5 сарын 28-ны өдрийн 32/13 дугаар албан бичиг

- Г-н 1993, 1999 оны мал тооллогын баримт /Архангай аймгийн Архивын тасгийн 2023 оны 9 сарын 25-ны өдрийн 549 дүгээр лавлагаа/

- Д.Г-т холбогдох Буйлан багийн 1996, 1997 оны хүн амын судалгаа

- Г.М-н төрсний бүртгэлийн гэрчилгээ

- Г.П, Г.Д нарын иргэний үнэмлэхний лавлагаа

- хүсэлт гаргагчид холбогдох 2013 оны 4 сарын 18-ны өдрийн 011500805 дугаар малчин мэргэжлийн үнэмлэх

- Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2024 оны 6 сарын 21-ний өдрийн 01/312 тоот тодорхойлолт

- Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Засаг даргын 2024 оны 6 сарын 21-ний өдрийн 252 тоот тодорхойлолт зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Хүсэлт гаргагч Д.Г-н хүсэлтээр Ө.Д, С.Х нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

5. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу

- нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, шимтгэл төлсөн, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 6 сарын 24-ний өдрийн 01/530 дугаар лавлагаа

- Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 6 сарын 21-ний өдрийн 03/312 тоот тодорхойлолт

- Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 6 сарын 27-ны өдрийн 03/317 тоотоор ирүүлсэн Д.Г-т холбогдох Буйлан багийн 1996, 1997 оны хүн амын судалгаа

- Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Засаг даргын 2024 оны 6 сарын 27-ны өдрийн 253 тоот тодорхойлолт зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Д.Г нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор А аймгийн Ц суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 сарын 31-ний хугацаанд мал маллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Засаг даргын 2024 оны 6 сарын 10-ны өдрийн 125 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 6 сарын 10-ны өдрийн 555 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 4 сарын 22-ны өдрийн 03/13 дугаар тогтоол, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 5 сарын 28-ны өдрийн 32/13 дугаар албан бичиг, . регистрийн дугаартай Д.Г-н 1993, 1999 оны мал тооллогын баримт /Архангай аймгийн Архивын тасгийн 2023 оны 9 сарын 25-ны өдрийн 549 дүгээр лавлагаа/, Д.Г-т холбогдох Буйлан багийн 1996, 1997 оны хүн амын судалгаа, Г.М-н төрсний бүртгэлийн гэрчилгээ, Г.П, Г.Д нарын иргэний үнэмлэхний лавлагаа, хүсэлт гаргагчид холбогдох 2013 оны 4 сарын 18-ны өдрийн 011500805 дугаар малчин мэргэжлийн үнэмлэх, Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2024 оны 6 сарын 21-ний өдрийн 01/312 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Засаг даргын 2024 оны 6 сарын 21-ний өдрийн 252 тоот тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, шимтгэл төлсөн, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 6 сарын 24-ний өдрийн 01/530 дугаар лавлагаа, Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 6 сарын 21-ний өдрийн 03/312 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 6 сарын 27-ны өдрийн 03/317 тоотоор ирүүлсэн Д.Г-т холбогдох Буйлан багийн 1996, 1997 оны хүн амын судалгаа, Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Засаг даргын 2024 оны 6 сарын 27-ны өдрийн 253 тоот тодорхойлолт, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Ө.Д, С.Х нарын мэдүүлгээр тус тус дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3. “Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Цэнхэр сумын Буйлан багийн 1995-1997 онуудын малын А дансыг шүүн үзэхэд Д.Г-т холбогдох баримт гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна” гэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 6 сарын 10-ны өдрийн 555 тоот тодорхойлолт хэрэгт авагдсан бөгөөд 1995-1997 онд малчнаар ажилласнаар тооцох боломжгүй гэж Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөл тус тус шийдвэрлэжээ.

 

Хүсэлт гаргагч Д.Г нь 1995-1997 онд мал маллаж байснаа тогтоолгохоор Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд тус тус хандаж шийдвэрлүүлсэнийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх талаар хуульд заасан журмыг хэрэглэсэн гэж үзнэ.

 

Хүсэлт гаргагчийн 1995 оноос 1997 онд мал маллаж байсан талаарх нотлох баримт төрийн байгууллагад хадгалагдаагүйн улмаас дээрх үйл баримтыг шүүхээр тогтоолгохоор хүсэлт гаргасан нь онцгой ажиллагааны журмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг төрөл болох эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг сэргээн тогтоолгох хүсэлт юм.

 

4. Хүсэлт гаргагч Д.Г-н мал маллаж байсан талаар тодорхойлсон “Тус сумын Буйлан багийн иргэн Г нь 1995-1997 онд тухайн багт мал маллан амьдарч байсан нь үнэн болно” гэсэн Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2024 оны 6 сарын 21-ний өдрийн 01/312 тоот тодорхойлолт, “Д.Г нь 1995-1997 онд тус багт мал маллан амьдарч байсан нь үнэн болно” гэсэн Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Засаг даргын 2024 оны 6 сарын 21-ний өдрийн 252 тоот тодорхойлолт, “Тус сумын Буйлан багийн иргэн М овгийн Д.Г нь 1995-1997 онд тухайн багт мал маллан амьдарч байсан нь үнэн болно” гэсэн Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 6 сарын 21-ний өдрийн 03/312 тоот тодорхойлолт, гэрч Ө.Д-н “Д-н Г 8 дугаар анги төгсөөд Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд аав Д, ээж П-хаа хамт мал маллаж байгаад цэргийн албанд татагдаж 1990 онд цэргээс халагдаж ирсэн. Д.Г 1990 онд цэргийн албанаас ирсэнийхээ дараа С.Т-эй /дууддаг нэр нь/ гэр бүл болж 1991 оноос одоог хүртэл Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багт нутаглаж, хувийн малаа маллаж байна. Энэ хугацаанд Д.Га Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багаас өөр тийшээ шилжиж байгаагүй, мал маллахаас өөр ажил эрхэлж байгаагүй. Манайх Д.Г-с 7-8 км-ийн зайтай нутагладаг” гэх мэдүүлэг, гэрч С.Х-н “Д.Г-г багаас нь мэддэг. Д.Гантөмөр 1990 онд цэргийн албанаас ирээд эхнэр С-йн хамт 1990 оноос одоог хүртэл Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Намгын тархи гэх нутаглаж хувийн малаа маллаж байна. Д.Г дээрх хугацаанд А аймгийн Ц сумын Буйлан багаас өөр тийшээ шилжиж байгаагүй, мал маллахаас өөр ажил эрхэлж байгаагүй. Зудтай жил эднийх отроор явдаг. Д.Га-х бог, бод  нийлсэн 400-600 гаруй малтай” гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр Д.Г-н А аймгийн Ц суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 сарын 31-ний хугацаанд мал маллаж байсан нь тогтоогдож байна.

 

Иймд Д.Г-н А аймгийн Ц суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 сарын 31-ний хугацаанд мал маллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

5. Хэрэгт авагдсан Г.М-н төрсний бүртгэлийн гэрчилгээ, Г.П, Г.Д нарын иргэний үнэмлэхний лавлагаа, 2013 оны 4 сарын 18-ны өдрийн 011500805 дугаар малчин мэргэжлийн үнэмлэх, . регистрийн дугаартай Д.Г-н 1993, 1999 оны мал тооллогын баримт /Архангай аймгийн Архивын тасгийн 2023 оны 9 сарын 25-ны өдрийн 549 дүгээр лавлагаа/ зэрэг баримт нь хүсэлт гаргагчийн мал маллаж байснаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул үнэлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                                                     

                                                                        ТОГТООХ нь:                                   

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар М овгийн Д.Г-н А аймгийн Ц суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 сарын 31-ний хугацаанд мал маллаж байсныг тогтоосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

           3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.БАЙГАЛМАА