Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2020/ДШМ/1513

 

                                                Т.М-д холбогдох эрүүгийн

                                                        хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд цахимаар:

Прокурор Б.Уранцэцэг,

шүүгдэгч Т.М ийн өмгөөлөгч Ж.Яринпил,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/1793 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.М ийн өмгөөлөгч Ж.Яринпилийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Т.М д холбогдох эрүүгийн 2006 00000 2214 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Т.М, 1 удаагийн ял шийтгэлтэй,

Т.М  нь 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 203 дугаар цэцэрлэгийн баруун талын хашаанд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Д.Олонбаярыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэгт,

мөн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 203 дугаар цэцэрлэгийн баруун талын хашаанд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Д.Олонбаярыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн буюу эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.М ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9-д заасан эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Т.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Т.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 3.150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.150.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Т.М д оногдуулсан 3150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.150.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.М д оногдуулсан 3150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.150.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи-г хэрэг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээж, хохирогч Д.Олонбаяр нь энэ гэмтлийн улмаас учирсан гэм хорын хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Т.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.М ийн өмгөөлөгч Ж.Яринпил давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.М  нь хохирогч, цагдаагийн ахмад Д.Олонбаярыг албан үүрэгтэй нь холбогдуулан эрүүл мэндэд нь санаатайгаар хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдээгүй нь шүүх хуралдааны шинэчилсэн байцаалтаар тогтоогдсон юм. Шүүгдэгч Т.М  шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: “Би согтууруулах ундааны зүйл болох пиво уусан нь үнэн. Тодорхой хэмжээний согтолттой байсан учраас намайг ахмад Д.Олонбаяр эрүүлжүүлнэ гэсэн шаардлага тавьсан. Тэгэхээр нь би ах аа, намайг битгий эрүүлжүүлээч би маргааш өглөө ажилтай гэж учирлан гуйж сөгдөж суугаад хөлийг нь тэвэрч авахад Д.Олонбаяр тэнцвэрээ алдан гараараа газар тулж унахдаа эвгүй тулж унаснаас болж гарандаа гэмтэл авсан юм” гэж шүүх хуралдааны шинэчилсэн байцаалтад мэдүүлснээс дүгнэлт хийхэд хохирогч ахмад Д.Олонбаярт учирсан гэмтлийн хувьд маргаангүй бөгөөд хохирол учруулсан үйлдлийн тухайд бол болгоомжгүйгээр бусдын бие махбодид хөнгөн хохирол учруулсан байж болохоор байна. Энэ гэмт хэргийн субъектив талын зайлшгүй байх шинж нь бусдын бие махбодид хөнгөн зэргийн хохирол учруулах гэсэн шууд ба шууд бус санаатай байдаг. Т.М ийн гэм буруутай үйлдлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад зөв тодорхойлж чадаагүй байсан юм. Т.М ийг болгоомжгүйгээр бусдын бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэл шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хангалттай тогтоогдсон юм. Хэрэв шүүгдэгч Т.М  бусдын бие махбодид болгоомжгүйгээр хөнгөн хохирол учруулсан нөхцөлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй юм. Яагаад гэвэл манай Эрүүгийн хуульд болгоомжгүйгээр бусдын бие махбодид хөнгөн хохирол учруулбал эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчлаагүй байдаг. Ийм учраас Т.М д холбогдуулсан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүндэт шүүх бүрэлдэхүүнээс хүсэн санал гаргаж байна. ...” гэв.

Прокурор Б.Уранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Т.М д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу ажил албан үүрэгтэй нь холбогдуулж эрүүл мэндэд нь санаатайгаар хохирол учруулсан гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаж хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэсэн гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Т.М д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Т.М ийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 203 дугаар цэцэрлэгийн баруун талын хашаанд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Д.Олонбаярыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

мөн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 203 дугаар цэцэрлэгийн баруун талын хашаанд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Д.Олонбаярыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн буюу эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж эсэргүүцэхдээ зүүн шуу ясны доод булууны цууралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Т.М ийн хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт үйлдлийг зөв тогтоож үндсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч, хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэргийн улмаас түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинжид хамааруулж давхардуулан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжид хохирогчийн биед идэвхитэй үйлдлээр халдаж, түүний эрүүл мэндэд бодит хохирол учруулсан байхыг шаардах ба дээрх үйлдэл, түүний үр дүнд үүссэн хохирол хооронд шууд шалтгаант холбоотой байх бөгөөд хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хууль тогтоогч тодорхой зааж, иш татсан диспозиц болгон хэрэглэхээр,

харин “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн үндсэн шинжид тухайн албаны үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан санаатайгаар саад учруулах, хүч хэрэглэх, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэнээр тухайн гэмт хэрэг төгсөх ба тухайн гэмт үйлдлийн улмаас хууль сахиулагчийн эрүүл мэндэд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжид хамаарах хохирол бодитой учруулсан бол Эрүүгийн хуулийн тохирох зүйл, хэсгээр давхар зүйлчлэхээр хуульчилсан.

Хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Д.Олонбаярын “...Тэгэхээр нь би та надад нэр болон регистрийн дугаараа хэлнэ үү гэж хэлэхэд чамд яахаараа би нэр, регистрээ хэлдэг юм гэж хэлэхээр нь би энэ хүн чамд зодуулсан гээд гэрчлээд байна, одоо манай цагдаагийн хэлтэс дээр очиж асуудлаа шийднэ гэж хэлэхэд би яахаараа явдаг юм, чамд ямар ч хамаагүй гээд өөдөөс агсраад байсан. Тэгээд би 10-20 минут орчим гуйж болон сануулж, зогсож байгаад та цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байгаа тохиолдолд танд бид нар нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэнэ гэж хэлээд жолооч цагдаа Д.Дамдинсүрэнгээс гав аваад буцаад Т.М  гэх хүн рүү явж байх явцад өөдөөс босч ирээд миний 2 хөлийг давхар хамаад өргөөд ар нуруу хэсгээр газар унагаасан. Би унахдаа өөрийн зүүн гарын бугуй хэсгээр газар тулж унасан. Тэгээд намайг унагаачихаад зуураад тавихгүй, чаддаг юм бол гавлаарай гээд дайраад байсан. Тэгээд манай цагдаа жолооч Д.Дамдинсүрэн араас нь татаж авахад мөн босч ирээд Дамдинсүрэнгийн хацар хэсэг рүү мөргөж байгаа харагдсан. ...Тэгэхээр нь би дахин жижүүрийн ахлах мөрдөгчид болсон асуудлыг танилцуулж ГССҮТ-д очиж үзүүлж гарын зургаа авахуулахад зүүн гарын бугалганы яс цууралттай байна, шохой тавихаас өөр аргагүй гэж хэлэхээр нь би шохойдуулчихаад буцаад эмчид очиж үзүүлэхэд надад эм бэлдмэл бичиж өгсөн. ...” /хх 11-13/,

гэрч М.Ерөөлтийн “...Тэгээд удалгүй манай дүү Оргил 2 цагдаатай орж ирээд “зодсон хүн нь хэн бэ” гэж асуухаар нь манай дүү Оргил нь Т.М ийг заахаар нь нөгөө 2 цагдаа нь Т.М ийг “босоод ир явъя” гэж хэлтэл Т.М  “би яагаа ч үгүй, цохиж нүдсэн юм байхгүй” гэж хэлтэл нөгөө 2 цагдаа “босоод ир ээ, явъя” гэж хэлсэн. Тэгтэл Т.М  “би яахаараа явдаг юм бэ, намайг яасан гэж авч явах гээд байгаа юм” гэж хэлтэл нэг цагдаа нь нөгөө цагдаагаа “гараад гав аваад ирээ, гэж болохгүй бол гавлаад аваад явчихъя” гэж хэлтэл нөгөө цагдаа нь гав авч ирээд 1 цагдаа нь гавлах гээд гарыг нь татаад бариад автал манай найз Т.М  2 хөлийг нь барьж аваад хойшоо унагаачихсан. Тэг цагдаа нь унахдаа нэг газар тулаад унасан. ...” /хх 17-18/ гэх мэдүүлгүүд,

- камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...Бичлэгийн 04:11-04:37 минутад Д.Олонбаяр нь Т.М д гав зүүлгэх гэж байх үед урдаас нь эсэргүүцэж, ноцолдож байгаа нь бичигдсэн байв. Бичлэгийн 04:38 минутад энгэрийн камер нь газарт унаж байшингийн тааз хэсэг харагдаж байгаа нь бичигдсэн байв. Бичлэгийн 04:49 минутад Т.М  гэгч нь цагдаагийн ахмад Д.Олонбаярын хөл хэсгийг тэврээд газар унагаасан, Д.Олонбаяр нь зүүн гарыг тохой хэсгээр нугалж, шуугаар газар тулсан байгаа нь бичигдсэн байв. ...” /хх 24/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Д.Олонбаярын биед зүүн шууны ясны доод булууны цууралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” гэх 8918 дугаартай дүгнэлт /хх 29-30/ зэрэг нотлох баримтуудаар Т.М  нь 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 203 дугаар цэцэрлэгийн баруун талын хашаанд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Д.Олонбаярыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдсон.

Шүүгдэгч Т.М ийн хувьд хохирогч Д.Олонбаярыг албан үүргээ гүйцэтгэхэд нь саад учруулан цагдаагийн хэлтэс рүү хамт явахгүй гэх зэргээр хамт явах, машинд нь суухаас татгалзан ноцолдож эсэргүүцэл үзүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, мөн дээрх үйлдлээр эсэргүүцэл үзүүлэх явцдаа хохирогч Д.Олонбаярын биед зүүн шууны ясны доод булууны цууралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.

Гэвч прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Т.М ийн хохирогч Д.Олонбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу “хууль сахиулагчийг эсэргүүцсэн нэг удаагийн үйлдлийг давхардуулан гэм буруутайд тооцон шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.

Иймд Т.М ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийлмэл гэмт хэргийн шинжид хамааруулан тус тусад нь гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Харин Т.М д анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангасан бөгөөд хамгийн доод хэмжээгээр ял оногдуулсан байх тул хөнгөрүүлэх боломжгүй юм.

Шүүгдэгч Т.М ийн өмгөөлөгч Ж.Яринпилийн “...Д.Олонбаярын эрүүл мэндэд болгоомжгүйгээр хөнгөн хохирол учруулсан тул уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, Шүүгдэгч Т.М ийн хувьд хохирогч Д.Олонбаярын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн 2 хөлнөөс нь барьж хойш унагаасан идэвхитэй үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Иймээс Т.М ийн хохирогч Д.Олонбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн төдийгүй, Д.Олонбаярыг 2 хөлнөөс нь барьж газар унагаасан үйлдэл, түүний үр дүнд Д.Олонбаяр нь гараараа газар тулж унахдаа зүүн гарын шуу хэсгээ гэмтээж, цууралт үүссэнээр уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа хохирол нь шууд шалтгаант холбоотой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/1793 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9-д заасан эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. ...” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн ...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Т.М ийн өмгөөлөгч Ж.Яринпилийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТСАЙХАН  

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

 ШҮҮГЧ                                                            М.АЛДАР