Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 142/2022/01539/И |
Дугаар | 142/ШШ2024/00852 |
Огноо | 2024-06-04 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 142/ШШ2024/00852
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***** аймгийн *****-****** сум, ****** баг *-**-** тоотод оршин суух, ****** овогт *******-ын ****** /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *****аймгийн ******-***** сум, ****** баг **-** тоотод оршин суух, ****** овогт ******-ийн ****** /РД:**********/-д холбогдох ,
Нэхэмжлэлийн шаардлага: 9,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Г,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э /цахимаар/
Хариуцагч П.Б,
Гэрч: Т.С, Д.П,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Гнь хариуцагч П.Б-д холбогдуулан машины үнэ 9,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Миний бие нь 2021 оны 10 сард **-** ОРХ улсын дугаартай Мitsibushi Fuso ачааны машиныг П.Б-д 18,500,000 төгрөгөөр зарж, 9,100,000 төгрөгийг бэлнээр авч, үлдэгдэл 9,400,000 төгрөгийг 11 сард надад төлөхөөр болж машиныг маань авч явсан. Тухайн үед уг машин миний нэр дээр албан ёсоор шилжиж ирээгүй байсан учраас П.Б-той гэрээ хэлцэл байгуулаагүй бөгөөд ковид дуусмагц нэр дээр нь болгохоор ярилцсан байсан. Гэтэл П.Б нь машиныг маань унагаж эвдсэн байсан бөгөөд үлдэгдэл мөнгөө авъя машиныг чинь шилжүүлж өгье гэхээр урдаас миний мөнгийг өгөөд машинаа аваад яв гэсэн утгатай юм яриад одоо болтол хөдөлдөггүй. Эвлэрүүлэн зуучлал дээр болохоор шүүхээрээ явж ав гэж хэлээд бас шийдвэрлүүлээгүй хаалгасан байсан. Чи засаад өг гэхээр мөнгө байхгүй гээд байдаг. Иймд П.Б-оос машины үлдэгдэл үнэ болох 9,400,000 төгрөгийг гаргуулан авах эсхүл энэ мөнгөндөө эвдэрхий машиныг гаргуулан авахыг хүсч энэхүү нэхэмжлэлийг гаргасан. Өөрөө худалдаж авъя гэсэн саналаар нь үнэ тохирсон. Би 20,000,000 төгрөгөөр зарна гэсэн боловч 19,000,000 төгрөгөөр ав гээд 500,000 төгрөгөөр кабин халаагчийг нь аваад надад 18,500,000 төгрөг өгчих гэсэн. Гэтэл хариуцагч 15,000,000 төгрөгөөр тохирсон. 10,500,000 төгрөгийг өгсөн гэж яриад байна. Би малынх нь үнийг хажууд нь бичээд бүгдийг нь хүмүүст зээлээр тарааж өгсөн... гэж тайлбарласан.
3.Хариуцагч П.Б хариу тайлбартаа: ...Миний бие 2021 оны 10 дугаар сард **-** орх улсын дугаартай Мitsibushi Fuso маркийн ачааны машиныг Б.Г-с худалдан авсан. Уг машин нь салхины шил хагархай, торомзны аппарат, пар, конс, гар тормз, хаалганы бариулуудыг засварлаж сольж өгөхөөр нь үлдсэн төлбөр 4,500,000 төгрөгийг өгнө гэж тохирч өөр хүний нэр дээр байсан машиныг тээврийн хэрэгслийн гэрчилгээг надад өгсөн. Уг машины бүрэн бүтэн байдлаас болж хөдөлгөхгүй хэд хоноход засвар үйлчилгээ яаралтай хийхийг шаардсан боловч зүгээ ойр зуур явахад болно гэж өөрөө барьж үзүүлсэн боловч би бүрэн бус техник хэцүү хоёулаа наймаагаа буцаая гэж олон удаа гуйсан. Гэвч наймаагаа буцаахгүй, чи нэг яваад ир, ирэхээр нь янзын болгоод өгнө гэдэг байсан. Би анх том машин авмаар байна гэхэд миний машин сайн гэсэн. Машиныг нь өөртэй нь анх 17,000,000 төгрөгөөр тохироод хамт малаа ачаад ирсэн. Тэгээд хамт явж байгаад малаа аваад явж байгаад Сайханы төв дээр эвдэрсэн. Би бүтэхгүй юм байна гэхэд зүгээр чи ав гэсэн. Тэгээд миний малын мөнгийг бүгдийг нь авсан. Бүх малыг маань зараад 9,200,000 төгрөг болоод нэг гүү үлдсэнийг 1,300,000 төгрөг гэж тооцоод 10,500,000 төгрөгийг өгсөн. Намайг чаддаг хүнээр бариул чи чадахгүй байна гэсэн. Уг машины аваад Оросын булаг руу даваад машин нь консгүй болсон. Тэгээд би машинаа ав гэсэн. Гэтэл за би үзье гэсэн. Дэнж рүү машинаа янзлуулаад Б.Г рүү залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд эвдэрхий машин авснаас болоод би осолд орсон... Иймд би нэхэмжилсэн мөнгийг төлж чадахгүй... гэв.
4.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, **-** ОРХ улсын дугаартай Мitsibushi Fuso ачааны машины гэрчилгээний хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, өөрийн гараар хөтөлдөг мах зарж байсныг тэмдэглэсэн дэвтэрийг нотлох баримтаар судлуулахаар гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч П.Б-д холбогдуулан машины үлдэгдэл 9,400,000 төгрөг гаргуулахыг шаардаж байна.
2.Нэхэмжлэгч нь 2021 оны 10 сард **-** ОРХ улсын дугаартай Мицубиши Фусо маркийн ачааны машиныг хариуцагчид 18,500,000 төгрөгөөр худалдаж, 9,100,000 төгрөгийг бэлэн өгч үлдэгдэл 9,400,000 төгрөгийг 11 сард надад төлөхөөр болж машиныг маань авч явсан боловч мөнгөө төлөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг тайлбарлаж байна.
3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэрээр 2021 оны 10 сард **-** ОРХ улсын дугаартай Мицубиши Фусо маркийн ачааны машиныг нэхэмжлэгчтэй анх 17 сая гэж ярьж байгаад доголдолтой байсан тул 15,000,000 төгрөг болгон үнийг буулгаж, 10,000,000 төгрөгийн төлбөрийг төлсөн. Уг машины салхины шил хагархай, тормозны аппарат, паар, конс, гар тормоз, хаалганы бариулуудыг засварлаж сольж өгөхөөр нь үлдсэн төлбөр болох 4,500,000 төгрөгийг өгнө гэж тохирч өөр хүний нэр дээр байсан уг машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг надад өгсөн гэж тайлбарлаж байна.
4.Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2021 оны 10 сард **-** ОРХ улсын дугаартай Мицубиши Фусо маркийн ачааны машиныг худалдсан талаар маргахгүй байна. Харин нэхэмжлэгч нь хариуцагчид машиныг 18,500,000 төгрөгөөр худалдаж, 9,100,000 төгрөгийг бэлэн өгч үлдэгдэл 9,400,000 төгрөгийг 11 сард надад төлөхөөр болсон гэж байгаа боловч хариуцагч нэхэмжлэгчтэй үнэ тохирч 15,000,000 төгрөгөөр худалдаж авахдаа 10,000,000 төгрөгийн төлбөрийг төлсөн, үлдэгдэл 4,500,000 төгрөгийг машины доголдлыг арилгаж өгсний дараа төлнө гэсэн гэж өөр өөр байдлаар тайлбарлаж байна.
5.Хариуцагч нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар машиныг хүлээж авах үедээ доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан байх тул шаардлага гаргах эрхээ алдсан байна. Энэхүү байдал нь түүний салхины шил хагархай, тормозны аппарат, паар, конс, гар тормоз, хаалганы бариулууд доголдолтой байсан дээрх шалтгаанаар үнийг нь бууруулан 15 сая төгрөгөөр машины үнийг тохирсон гэж тайлбарлаж байгаагаар батлагдаж байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь машины үнэ 9,100,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж байгаа боловч хариуцагч нэхэмжлэгчид машины үнэд 6-н үхэр,1 адууг төхөөрч махыг нь зах дээр зарж 9,100,000 төгрөг төлсөн байна. Машины үнэд хариуцагч хөдөөнөөс мал авчирч нэхэмжлэгчийн хамт зах дээр худалдсан талаар талууд маргахгүй байна. Талууд машины үнийн талаар зөрүүтэй мэдүүлж байх бөгөөд нэхэмжлэгч хариуцагчид машиныг 18,500,000 төгрөгөөр худалдсан гэдгээ нотлож чадахгүй байх тул машины үнийг хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 15 сая төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
6.Хариуцагч машин доголдолтой байсан гэж тайлбарлаж байгаа боловч доголдолтой байсныг баримтаар нотлож чадаагүй, мөн нэхэмжлэгч түүнд доголдолгүй машин хүлээлгэж өгсөн, машиныг нэгэнт авсаны дараа гарсан эвдрэл гэмтлийг өөрөө хариуцах ёстой гэж тайлбарлаж байна.
7.Иймд хариуцагчаас 5,900,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас 3,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг баримтлан хариуцагч П.Б-с 5,900,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Г-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 3,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай..
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч П.Б-с 109,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-д олгосугай.
3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН