Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2020/ДШМ/1514

 

 

 

 

 

 

      2020           12            17                                      2020/ДШМ/1514                                                   

 

 

Г.С-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд цахимаар:

шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Э.Маргад,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/594 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.С-ын өмгөөлөгч Э.Маргадын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.С-д холбогдох эрүүгийн 1910 02929 0091 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.С

Г.С  нь  2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Буянт-Ухаа” спортын ордны гадна согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Н.Ариунсанаагийн нүүрэнд гараараа цохиж, толгойгоороо мөргөх зэргээр хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, дух, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гарын алганы шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.С ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.С хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С д 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Г.С д мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С ос 285.000 төгрөг гаргуулж, хохирогч Н.Ариунсанаад олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч Г.С  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, Г.С д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.С ын өмгөөлөгч Э.Маргад давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын үндэслэл болсон хохирогч Н.Ариунсанаагийн мэдүүлэгт /хх 23-24/ “М.Өнөболд 3-4 залуу дагуулж ирсэн, ...М.Өнөболд нь миний нүүр лүү гараараа 1 удаа цохисон...” мөн Ариунсанаагийн мэдүүлэгт /хх 27/, гэрч Д.Саруултөгс мөрдөн байцаалтын үед өгсөн мэдүүлэгт /хх 40/ “Баярсайхан 5-6 залуутай хамт байсан..., Г.С  Ариунсанаагийн нүүр лүү 1 удаа гараараа цохисон... гэх тэнд байсан хүмүүсийн тоо, цохисон гэх хүн, цохисон тоо нь зөрүүтэй байх мэдүүлгүүдэд, М.Өнөболдын цохилтоос гэмтэл учирсан эсэхэд шүүгч үнэлэлт, дүгнэлт өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсгийн шаардлагыг хангаагүй байна.

2. Шүүгч гэрч М.Өнөболд, П.Баярсайхан, Ж.Пүрэвдорж, Л.Нэргүйбаатар нь шүүгдэгч Г.С той хамт ажилладаг, найз нөхдийн холбоотой ашиг сонирхлын зөрчилтэй тул эдгээр гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв гэж дүгнэхэд эргэлзээтэй гэжээ. /ШТ 8 дугаар нүүр/ Мэдүүлэг өгсөн гэрчүүд нь Ариунсанаа, Г.С  нартай хамт ажилладаг хүмүүс бөгөөд хавтаст хэрэгт гэрч нараас хэн нэг нь худал мэдүүлсэн гэх үндэслэлээр ял шийтгүүлсэн баримт байхгүй. Шүүх хэрэгт авагдсан баримтууд дээр дүгнэлт хийж Г.С ыг гэм буруутайд тооцсон атлаа ... хэрэгт сонирхол бүхий гэрчүүдийн мэдүүлгээр хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоох боломж хязгаарлагдмал байдаг... /шийтгэх тогтоолын 8 дугаар нүүр/ гэсэн нь тухайн шийдсэн хэргийн бодит байдал нь бүрэн дүүрэн тогтоогдоогүй, хэний үйлдлийн улмаас энэхүү хохирол учирсан нь эргэлзээтэй байхад хүнийг гэм буруутайд тооцож хэргийг шийдсэн гэж үзэх үндэслэлтэй. Мөн хэрэгт авагдсан баримтуудыг бодитой судлан үзэхэд Г.С ыг гэм буруутайд тооцох хөдлөшгүй нотлох баримтгүй ба анхан шатны шүүх нь бүрэн дүүрэн, хөдлөшгүй нотлох баримтаар нотлогдохгүй байхад хүнийг гэмт хэрэгтэн болгох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн. Иймд хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.С  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, би гэм буруугүй, хэнийг ч цохиогүй байхад намайг буруутгасан. Хохирогч гэх хүн анхнаасаа надтай хамт ажилладаг хүнээс миний шинэ жилийн зургийг фэйсбүүкээр явуулж “энэ хүнийг хэн гэдэг юм” гэхэд “Г.С  гэдэг” гэсэн. Гэтэл “тэгвэл наад хүн чинь намайг цохисон” гээд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаснаар энэ хэрэг одоо хүртэл даамжирч байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Г.С  нь  2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Буянт-Ухаа” спортын ордны гадна согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Н.Ариунсанаагийн нүүрэнд цохих, мөргөх зэргээр хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, дух, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гарын алганы шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Ариунсанаагийн “...Энэ үед урд нь надтай хамт ажилладаг байсан П.Баярсайхан хүрч ирээд салгасан бөгөөд юу болсон талаар асуухад нь болсон зүйлийг хэлсэн. Тэгтэл П.Баярсайхан нь “М.Өнөболд чинь манай дүү шүү дээ” гэхээр нь би “танай дүү байхаараа яадаг юм” гээд П.Баярсайхан бид хоёр маргалдсан. Тэгтэл М.Өнөболд нь 3-4 залуу дагуулж ирсэн бөгөөд тэдгээрийн нэг буюу Г.С  гэгч нь “чи манай ахыг Баярсайхан гэдэг хэн бэ” гээд миний нүүр лүү нэг удаа гараараа цохиж, толгойгоороо мөргөсөн. ...Энэ үед манай ажлын Саруултөгс надтай хамт явсан бөгөөд намайг “за, за боль боль, наад хүмүүс чинь олуулаа байна.” гэж хэлсэн. ...” /хх 20-22, 23-24/,

гэрч Д.Саруултөгсийн “...тэгээд спортын ордны хашаанаас гараад явж байтал Н.Ариунсанаа нь өөрөө буцаж очоод П.Баярсайхантай маргалдсан. Энэ үед П.Баярсайхантай 5-6 залуу хамт байсан бөгөөд Г.С  гэх залуу нь П.Баярсайханыг өмөөрөөд Н.Ариунсанаагийн нүүр лүү нэг удаа гараараа цохисон. Тэгэхээр нь “та нар олуулаа байж яаж байгаа юм” гээд Н.Ариунсанааг аваад явсан. ...” /хх 39-40/,

гэрч Н.Баасанжавын “...тэгээд 23 цаг өнгөрч байхад шатан дээр Б.Тэмүүлэн, Н.Ариунсанаа хоёртой таарсан бөгөөд энэ үед М.Өнөболд надаас машинд тавьсан хувцасаа авах гээд хамт зогсож байсан. Тэгтэл Н.Ариунсанаа надаас М.Өнөболдыг “хэн юм бэ” гэж асуухаар нь манай ажлын залуу гэхэд М.Өнөболдыг “инээгээд байна уу” гээд Н.Ариунсанаа нь дайраад байхаар нь би “боль боль” гээд салгасан. ...нөгөөдөр нь Ариунсанаа фэйсбүүкээр залгаж манай ажлын газрынхны шинэ жилээр авахуулсан зургийг харуулж Г.С , М.Өнөболд нарын зургийг зааж “хэн, хэн гэдэг юм бэ” гэхээр нь би Г.С , М.Өнөболд гэж хэлэхэд “яасан овоо юм бэ, Г.С  гээд байгаа чинь намайг зодчихлоо шүү дээ, би уулзчихмаар байна, та надад дугаарыг нь өгөөч” гэхээр нь би өгөөгүй. ...” /хх 34-35, 36/,

гэрч Н.Сувдаагийн “...Би 2019 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад миний хүү Ариунсанаа нь шинэ жилдээ явчихаад ирсэн. Хүүгээ ороод ирэхээр нь харахад түүний нүүр битүү хавдчихсан, хувцас нь цус болчихсон байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад “хүмүүст зодуулсан” гэж байсан. ...” /хх 41-42/,

Шинжээч эмч Б.Ундармаагийн “...Н.Ариунсанаагийн биед учирсан хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, дух, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Нэг байдалд үүссэн, бүхлээрээ хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. ...” /хх 59-60/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Н.Ариунсанаагийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гарын алганы шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх зүүн гарын алганы шарх гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 315 дугаартай дүгнэлт /хх 54-56/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Г.С ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хохирогч болон шүүгдэгч, тэдгээрийн сонгон авсан өмгөөлөгчдийн тайлбар, улсын яллагчийн дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.С ыг хохирогч Н.Ариунсанаагийн нүүрэн тус газарт нэг удаа зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Г.С ыг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг хохирогчийн эсрэг үйлдэж хөнгөн хохирол учруулсан үйлдлийнхээ үр дагаварт гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсаныг болон гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, хэргийн зүйлчлэл болон уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэрэг нөхцөл байдлуудаас үзэхэд анхан шатны шүүхээс 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс Г.С д оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангажээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Маргадын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/594 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.С ын өмгөөлөгч Э.Маргадын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН  

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР