Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 118/ШШ2024/0001

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг даргалж, нэхэмжлэгч Б., хариуцагч тус аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С., гуравдагч этгээд Ю., Ч., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нараас гаргасан эвлэрэх санал болон эвлэрлийн гэрээг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай А/314 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах гэжээ.

2. Хэргийн нөхцөл байдал: Завхан аймгийн Засаг даргын 2014 оны 07 сарын 07-ны өдрийн Иргэдэд газар өмчлүүлэх тухай А/237 дугаар захирамжаар маргаан бүхий газар болох Улиастай сумын ******* багийн хэсгийн ******* тоот хаягт байршилтай 645 м.кв газрыг иргэн С.д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэснээр ******* тоот газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр олгогдсон.

2.1 Завхан аймгийн Засаг даргын 2015 оны 02 сарын 12-ны өдрийн Газар өмчлүүлэх захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай А/18 дугаар захирамжаар 645 м.кв газрын хэмжээг нэмэгдүүлж, 738 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэснээр ******* тоот газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг иргэн С.д 2015 оны 08 сарын 12-ны өдөр шинээр олгосон.

2.2 Иргэн С. дээрх 738 м.кв газрын өмчлөх эрхийн гэрчилгээг Б.од 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлснээр Б.ыг дээрх газрын өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэж, ******* тоот газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон.

2.3. Нэхэмжлэгч Б. өөрийн өмчлөлийн газрын хэмжээ бодит байдалд зөрүүтэй тул залруулга хийж захирамж гаргуулахыг хүсэж, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр бичгээр өргөдөл гаргасны дагуу Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/473 дугаар захирамжаар түүний газрын хэмжээг 738 м.кв байсныг 770 м.кв, газрын хаягийг ******* баг, хэсэг 4-5 гэж байсныг ******* баг, гудамж гэж өөрчилсөн.

2.4. Энэ захирамжийг үндэслэн Б.ын 770 м.кв газрыг өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэж, тоот гэрчилгээг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шинээр олгосон.

2.5. Завхан аймгийн Засаг даргын 2023 оны 08 сарын 01-ний өдрийн А/314 дүгээр захирамжаар Б.од хууль бусаар газрын хэмжээг нэмэгдүүлэн өмчлүүлж, иргэн Ю.гийн ногооны талбай руу нэвтрэх орц, гарцыг хаасан гэх үндэслэлээр дээрх 2015 оны А/18, 2022 оны А/473 дугаар захирамжуудыг хүчингүй болгосон.

3. Нэхэмжлэгч Хуульд заасан журмын дагуу шилжүүлэн авсан газрын хэмжээ бодит байдалд зөрүүтэй байсныг аймгийн Засаг даргын захирамжаар залруулж баталгаажуулсан тул иргэн Ю.гийн ногооны талбай руу нэвтрэх орц, гарцыг хаагаагүй гэж, хариуцагч Б.ын газрын хэмжээг хоёр удаа буюу нийт 125 м.кв хэмжээгээр нэмэгдүүлэх талаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй байхад өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус бөгөөд нэмж сунгасан газар нь иргэн Ю.гийн ногооны талбай руу нэвтрэх орц, гарцыг хаасан гэж тус тус маргасан.

4. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Улиастай сумын ******* багийн ногоочдын хэсэг 4-5 тоот, шинэчлэгдсэн хаяг ******* баг гудамж тоот хаягт хашааны газрыг анх гэх хүнээс өөрийн өмчлөлд авснаас хойш уг газрыг сунгах хүсэлтээ газрын албанд хууль журмын дагуу гаргаж, аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/473 тоот захирамжаар шийдвэрлэж, кадастр гэрчилгээ гарсан. Би хуульд заасан өмчлөх эрхээ хэрэгжүүлж, гэрчилгээ, кадастрын дагуу 2023 оны 06 дугаар сард хашаагаа сунгаж барьсан. Гэтэл Завхан аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/314 дүгээр захирамжийн 1 дэх заалтаар миний өмчлөлийн газрын 125м.кв газрыг хүчингүй болгосон. /аль хэсэг нь тодорхойгүй/, 2 дахь заалтаар 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/18, 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/473 дугаар захирамжуудыг хүчингүй болгосон. Энэ талаар 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсээс мэдэж, захирамжийг хувилан аваад аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт очиж тодруулахад захирамж гарсан талаар танилцуулж надад гардуулж өгсөн. Уг захирамжийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт Иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн бол түүнийг шүүхийн журмаар сэргээн тогтооно гэж заасны дагуу зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна... гэжээ.

5. Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээндээ: Завхан аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай А/314 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийн оролцогчид бид дараах байдлаар эвлэрэн хэлэлцлээ. Үүнд: 1. Нэхэмжлэгч Б. нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн хангуулж, Завхан аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/314 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, 2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. нь Б.ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Завхан аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/314 дүгээр захирамжийг хүчингүй болгож, гуравдагч этгээд Ю., Ч. нарын ногооны талбай руу орох, гарах гарцыг тэдний урд талын талбайн буюу Ж., Д. нарын хууль бусаар эзэмшсэн газраас чөлөөлж, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор гарц гаргахаар харилцан тохиролцов гэжээ.

6. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч талтай эвлэрэх санал байгаа. Эвлэрэх саналынхаа талаар танилцуулъя. 2023 оны 10 сард сүүлийн газрын үзлэгийн дараа миний бие гуравдагч этгээд Ю., Ч. нартай уулзсан. Энэ хоёр хүн талбай руугаа урдаасаа орох гарц гаргаад өгчих юм бол маргаан байхгүй гэж хэлдэг. Тэгэхээр урдах талбайнуудыг олгосон хэмжээнээсээ илүү хашсан талаарх нотлох баримтыг хариуцагч тал гаргаж өгсөн. Эндээс , нарын талбайн хэмжээг багасгаад, гуравдагч этгээд нарын талбай руу орох зам гаргаж өгөх боломжтой... Захирамжийн гурав дахь заалтад 2014 оны 07 сарын 07-ны өдрийн 327 дугаартай захирамжаар миний 645 м.кв талбай бүхий газрыг улсын бүртгэлд бүртгэхийг даалгасан. Энэ нь өөрөө хэрэгжих боломжгүй. Учир нь энэ заалтыг хэрэгжүүлэх гэхээр манай хөрш хашаа руу манай хашаа орохоор болоод байгаа юм. Тэгэхээр эрх ашиг зөрчигдөнө. Дээрээс нь манай баруун талын хөрш *******ийнх манай газар руу бас кадастр нь орчихсон. Тэгэхээр *******ийнх манайхаас газраа авна гээд ийм асуудал үүсэх гээд байгаа юм. Үүнийг шийдэх хамгийн зөв шийдэл нь бүгд кадастр нь зөрсөн учраас гуравдагч этгээд нарын талбай руу орох гарцыг гаргаж өгөөд 5 иргэний асуудал шийдэгдэнэ гэж үзэж байна гэж үзэж байна... гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тэр хоёр хүний талбайг багасгаад, гуравдагч этгээд нарын талбай руу орох гарц гаргах боломжтой. Тэгэхээр нэхэмжлэгчтэй эвлэрэх боломжтой. Хөрш таван иргэний эрх ашиг зөрчигдөхгүй бол нэхэмжлэгчтэй эвлэрч болж байгаа юм. Гуравдагч этгээд нарт гарц гаргаад өгч болох байх гэж бодож байна. Эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжид тусгуулаад биелүүлээд явах боломжтой... гэв.

8. Гуравдагч этгээд Ю. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анх урд хэсгээр газрыг хаахад л би Нарангэрэлд хэлсэн. Тэр улсууд намайг хашаагаараа ч дамжуулж явуулдаггүй. Үндсэндээ энэ асуудал 2 жил шахуу хугацаа болж байна. Би талбай руугаа л орж байвал аль нэг талаар нь гарц гаргаад өгчихвөл хамаагүй гэдгээ хэлсэн. Тэгэхээр урд хэсгээр гарц гаргаад өгчихвөл би талбай руугаа нэвтрэх боломжтой... гэв.

9. Гуравдагч этгээд Ч. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...ерөнхийдөө газрын үзлэг хийх үед нэхэмжлэгчтэй ярилцсан. Хамгийн чухал нь бид тариалалт хийж амьжиргаагаа залгуулдаг ногооны талбай руугаа орж гарахдаа чөлөөтэй саадгүй орж гарч байвал болж байна. Чи урд талын газраа чөлөөлөөд өгчих, жалга, айлын ухсан шуудууг таглаад кольцо тавиад ямар нэг байдлаар трактор машин орох байдлаар бид ажлаа саадгүй явуулж байвал болно гэж хэлсэн. Тэр үндсэн дээр нэхэмжлэгч урд нь гарц гаргах санал тавьсан... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б. нь Завхан аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай А/314 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулахыг хүссэн.

Гэвч хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, хариуцагч талууд дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд харилцан тохиролцож Нэхэмжлэгч Б. нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн хангуулж, Завхан аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/314 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, 2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. нь Б.ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Завхан аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/314 дүгээр захирамжийг хүчингүй болгож, гуравдагч этгээд Ю., Ч. нарын ногооны талбай руу орох, гарах гарцыг тэдний урд талын талбайн буюу Ж., Д. нарын хууль бусаар эзэмшсэн газраас чөлөөлж, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор орц, гарц гаргах гэх эвлэрлийн гэрээ байгуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналыг гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дүгээр зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1, 68 дүгээр зүйлийн 68.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгох эрхтэй ба энэ хэргийн тухайд нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч нар эвлэрэхээр харилцан тохиролцож, энэ талаараа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул хэрэг хэлэлцэх ажиллагааг дуусгавар болгож, тэдний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч Завхан аймгийн Засаг даргыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч С. дээрх эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Эрх зүйн чадамж бүхий хүн шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөө оролцуулна, 28 дугаар зүйлийн 28.1-д Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулна, 28.2.Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараах эрх эдэлнэ: 28.2.1.нэхэмжлэлд гарын үсэг зурах, хариу тайлбар гаргах; 28.2.2.нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх; 28.2.3.нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах; 28.2.4.нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, эсхүл багасгах; 28.2.5.эвлэрэх; 28.2.6.шүүхийн шийдвэрийг давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах; 28.2.7.төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлийг бусдад шилжүүлэх; 28.2.8.захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхийг шаардах гэж заасан эрх зүйн зохицуулалтын хүрээнд С. нь хариуцагч Завхан аймгийн Засаг даргыг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.

Завхан аймгийн Засаг дарга Г.*******аас 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/360 дугаар захирамжаар анх Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Д.*******ийг тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон ба уг итгэмжлэлээс харахад Д.*******эд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д заасан эрхүүдийг тусгайлан олгосон байна.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Д.******* нь Завхан аймгийн Засаг даргаас 2023 оны А/360 дугаар захирамжаар олгосон итгэмжлэлд тусгайлан заасан ...төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлийг бусдад шилжүүлэх... эрхийн дагуу дээрх итгэмжлэлийг тус газрын Захиргаа, хууль зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн С.д шилжүүлсэн бөгөөд уг итгэмжлэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д тусгайлан заасан эрхүүдийг түүнд олгосон тул С. нь хариуцагчийг төлөөлөн нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэж, гэрээ байгуулах эрхтэй.

Иймд нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын дээрх эвлэрлийг батлахад бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй, түүнчлэн хуульд харшлахааргүй байна гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас харахад маргаан бүхий газар болох Улиастай сумын ******* баг, хэсэг ******* /шинэ хаягаар / тоот хаягт байрлах 645 м.кв газрыг анх Завхан аймгийн Засаг даргын 2014 оны 07 сарын 07-ны өдрийн А/237 дугаар захирамжаар С.д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт өмчлөгчөөр бүртгэж, ******* дугаарын гэрчилгээ олгосон байна.

Улмаар Завхан аймгийн Засаг даргын 2015 оны 02 сарын 12-ны өдрийн А/18 дугаар захирамжаар 645 м.кв газрын хэмжээг нэмэгдүүлж, 738 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэснээр ******* тоот газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг иргэн С.д 2015 оны 08 сарын 12-ны өдөр шинэчлэн олгосон бөгөөд 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр дээрх 738 м.кв газрыг нэхэмжлэгч Б.ын өмчлөлд шилжүүлснээр, ******* тоот газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.

Эдгээр үйл баримтаас харахад иргэн С.гаас өмчлөлийн газраа 93 м.кв хэмжээгээр нэмэгдүүлэн 738 м.кв болгож, өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулсны дараа нэхэмжлэгч Б. уг 738 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.од 738 м.кв газрын тухайд өмчлөх эрх хуулийн дагуу үүссэн гэж үзэхээр байна. Харин бодит байдалд хашсан газрын хэмжээ нь 738 м.кв хэмжээнд хүрэхгүй байсан тул газраа хэмжээнд нь хүргэхийн тулд урагш сунгах нөхцөл байдал үүссэн бөгөөд ийнхүү сунгахдаа газрын хэмжээг 770 болгож буюу 32 м.кв хэмжээгээр нэмэгдүүлснээр хариуцагч Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/473 дугаар захирамжаар өмчлөх эрх олгосон нөхцөл байдал хэрэгт авагдсан шүүхийн үзлэгийн тэмдэглэл, кадастрын зураг зэрэг баримтаар тогтоогдсон болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.ын тухайд 738 м.кв газрыг өмчлөх эрх хуульд заасан журмын дагуу үүссэн, харин уг хэмжээнээс илүү газар /770 м.кв-738 м.кв=32 м.кв/-ыг өмчлөх эрх хуульд заасны дагуу үүсээгүйг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Б. болон түүний баруун зүүн талын хөрш газар өмчлөгч нарын хашааны газрын хэмжээ, байршил кадастрын зургаасаа зөрүүтэй, уг гудамжны хойд талаар усны үерийн далантай учир өмчлөлийн газраа бодит хэмжээнд нь хүргэх шаардлагатай байгаа одоогийн нөхцөлд газраа зөвхөн урагш нь сунгах боломжтой нөхцөл байдал шүүхийн үзлэгээр тогтоогдсон.

Мөн нэхэмжлэгч Б., гуравдагч этгээд Ю., Ч. нарын хөрш зэргэлдээ ногооны талбайн газрын эзэмшигч Д. нь Улиастай сумын Засаг даргын 2009 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 153 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 1109 м.кв газрыг, Ж. нь Улиастай сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/44 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн 756 м.кв газрын хэмжээг тус тус нэмэгдүүлэн хашиж, кадастрын зурагт тусгагдсанаас илүү хэмжээгээр эзэмшиж байгаа болох нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас гаргаж ирүүлсэн зураглал болон кадастрын зураг зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа болно.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд гуравдагч этгээд нарын ногооны талбай руу нэвтрэх орц, гарцыг урд хэсэгт нь гаргах боломжтой байх тул энэ талаар тусгасан нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийн гэрээг батлах нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ нөхөн төлүүлэх шүүхийн зардал болон улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуулийн 47, 48 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэнэ., 47 дугаар зүйлийн 47.4-д Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэхдээ шүүхийн зардлыг өөрөөр хуваарилахаар тохиролцоогүй бол шүүх энэ зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ, 48 дугаар зүйлийн 48.1-д Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн, эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Б., хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С. нарын харилцан буулт хийж, Нэхэмжлэгч Б. нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн хангуулж, Завхан аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/314 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, 2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. нь Б.ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Завхан аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/314 дүгээр захирамжийг хүчингүй болгож, гуравдагч этгээд Ю., Ч. нарын ногооны талбай руу орох, гарах гарцыг тэдний урд талын талбайн буюу Ж., Д. нарын хууль бусаар эзэмшсэн газраас чөлөөлж, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор орц, гарц гаргах гэсэн нөхцөлүүдийг харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Л.ТУНГАЛАГ