Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 83

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч П.Г даргалж

 Улсын яллагч: Н.Ц

Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Э

Хохирогч: П.А

Шүүгдэгч: Г.Т- 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г. Т-т холбогдох .... тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Б овогт Г.Т 

             Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Г.Т нь 2017 оны 5 сарын 06-ны өглөө 05-06 цагийн үед Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн нутаг дэвсгэр Дэл гэх газарт асфальтан зам дээр 93-55 улсын дугаартай “Тоёото Вилл” маркийн автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д 1.5 “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.7.а-д “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 9.2 “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч П.О-ын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч П.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчоор оролцож байгаа боловч Г.Т-ийн нагац ах нь байгаа юм. Мэдүүлэг гэхээсээ илүү Г.Т-т ял оногдуулахгүйгээр хэргийг шийдэж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Г.Т- нь өөрийн төрсөн 2 дүүгийн хамт амьдардаг. Бүтэн өнчин болж үлдсэн. Миний зүгээс бага дүү Тунгалагт нь тэтгэмж тогтоолгохоор хөөцөлдсөн боловч Г.Т  асран хамгаалагчаар тогтоолгохдоо 21 нас хүрсэн, ял шийтгэлгүй байх ёстой байдаг юм билээ. Шүүх, прокурор, мөрдөн байцаалтыншатанд байх хугацаандаа ажил хийж мөнгө олох гэсэн боловч нас бага учраас хүмүүс дээрэлхэж, цалин мөнгийг өгөхөөсөө өгөхгүй нь их байна.  Манай гэрийнхэн цэргийн албан хаагч байсан учир Г.Т-ийг цэрэг хүчний газарт танил талаараа оруулъя гэсэн боловч мөн л ялгүй байхаар шаарддаг юм билээ. Тийм учраас аль болох хөнгөн ял шийтгэж өгнө үү. Г.Т-ийн хувьд цаашдаа өөрийгөө болон өөрийн 2 дүүгээ тэжээх үүрэгтэй гэжээ.  

 

.... дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

* Хохирогч П.А-ийн өгсөн: 

“...2017 оны 5 сарын 06-ны өглөө 07 цаг 30 минутын орчимд манай дүү Т- миний утас руу залгаж ээж нас барчихлаа гэж надад хэлсэн... Надад хэлэхдээ замаас гараад машин онхолдсон л гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29х/

 

* Гэрч О.Д- өгсөн: 

“...Тэгээд бид нарыг ирж явахад машины дугуй хагараад ослын дугуйгаа тавьж явж байгаад Тосонцэнгэл суманд ирээд хүнээс 40000 төгрөгөөр дугуй авч тавиад хөдлөх гэж байсан чинь ах нь миний нойр хүрээд байна, Т-өө чи жаахан явчих гэж хэлсэн. Тэгээд Т- машин бариад, ах бид хоёр нь хойд талын суудал дээр суусан. Ээж нь урд талын суудал дээр суугаад унтаад явж байсан. Үүрээр 05 цагийн үед гэгээ ороод үүр цайж байх үед Т-  босоорой цай унд ууж, бие засацгаая гээд бид нар Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн нутагт зогсож байгаад хөдөлцгөөсөн. Тэгээд жаахан явж байгаад Ц.С ах бид хоёр унтчихсан байсан. Тэгээд гэнэт машин онхолдсон. Тэгээд машин 3-4 удаа зам дээр өнхрөөд бид нар машины арын цонх хагарчихсан байхаар нь гарсан. ..” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29хуудас/

 

* Гэрч Ц.С-ийн өгсөн: 

“... Улаанбаатар хот руу явж байсан чинь дугуй хагараад Тосонцэнгэл сумаас дугуй авч дугуйгаа сольж янзлаад би Г.Т-т “ахын дүү машинаа бариад явчих ах нь  жаахан унтах хэрэгтэй байна” гэж хэлээд Г.Т-т машинаа бариулаад цааш явсан. Тэгээд би хойд суудал дээр суугаад унтсан. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт ирээд Г.Т- машинаасаа бууж бие зассан гэж сүүлд хэлсэн. Тухайн үед би мэдээгүй унтаж байсан. Нэг мэдсэн чинь нэг хүн хүүе гэж орилоод, машин тас няс гээд дуу гараад өнхөрч эхэлсэн. Би дотор нь шидэгдээд байсан. Тэгээд машин зогсоод байж байсан чинь Г.Т машин дотроос ээж хаана байна гэж орилтол Д гэх хүүхэд зам дээр байна гэх шиг болсон. Г.Т машинаас гараад ээж дээрээ очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуудас/

* Гэрч О.М-ийн өгсөн: 

“...Өндөр-Улаан сумаас 08 цагийн үед ослын газар очиход улаан өнгийн суудлын жижиг тэрэг Донгой багийн төвөөс 2 км  орчим баруун хойд зүгт асфальтан зам дээр дээшээ хараад онхолдчихсон байсан... 40 гаруй насны эмэгтэй хүн нас барчихсан, толгой доор нь машины суудал дэрлүүлээд дээлээр хуччихсан, толгойг нь куртикээр хучсан байсан. Үзэхэд том судас, захын пульс, амьсгал, лугшилт байхгүй, захын хөрсөн, нас барсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 хуудас/

* Талийгаач П.О-ийн нас барсан шалтгаан нөхцлийг тогтоосон шинжээчийн 2017 оны 5 сарын 19-ний өдрийн 55 дугаартай: “Талийгаач П.Отгобаярын биед духнаас зулайн орой хүртэл шугаман хугарал, баруун чамархай ясны цөмөрсөн хугарал, гавлын суурь ясны урд хонхорын шугаман хугарал, их бага тархины аалзан бүрхүүл хальсан доор цус хуралт, баруун талын 2-8-р хавирганы далны шугамаарх, 1-12-р хавиргануудын нугалмын хажуугын шугамаарх шууд хугарал, уушгины эдийн няцрал,  элэгний баруун дэлбэнгийн язрал, цус хуралт, баруун бөөрний өөхлөг, хальсан доор цус хуралт, баруун, зүүн шанаа, баруун мөр, тохой, шуу, чигчий, ядам, эрхий хуруунд зулгаралт, баруун сүвээнд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд хатуу мохой зүйлийн цохих цохигдох, хэсэг газрын шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр  үүснэ... талийгаач гавал тархи, чээж, хэвлийн хөндийн хавсарсан битүү хүнд гэмтлийн улмаас нас баржээ.  Шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач  нас барах үедээ согтолтгүй байжээ...” гэх дүгнэлт.  / хх-ийн 45-47 хуудас/

 

Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцлийг тогтоосон шинжээчийн 2017 оны 5 сарын 11-ний өдрийн 33 дугаартай “... Жолооч Г.Т- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 2.7.а-д “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 9.2 “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтууудыг тус тус зөрчсөн байна. ... Замын нөхцөл байдал  зам тээврийн осол гаргахад нөлөөлөөгүй... гэх дүгнэлт /хх-ийн 54 хуудас/

Сэжигтнээр өгсөн Г.Т-ийн мэдүүлэг:

“... Өндөр-Улаан сумын Донгой гэх газарт үүрээр 05 цагийн үед зогсож бид нар бие засчихаад цааш хөдөлсөн. Тэр үед талийгч ээж маань миний хажууд сууж, манай ах, найз хоёр маань ард талын суудал дээр сууж явж байсан юм. Тэгээд явж байсан чинь гэнэт машины урд хүн зогсож байгаа юм шиг харагдсан. Би тормозоо гишгэж, хурдаа сааруулаад замын хажуу тийш нь дараад орсон. Тэгээд буцаагаад замруугаа үрүүлээ дарсан чинь гэнэт машин хөмрөөд зам дээр 3-4 удаа эргэсэн байх. Би хөдөлж чадахгүй арагшаа харсан чинь манай ах, найз хоёр давхралдаад байж байсан. Гараад харсан чинь ээж зам дээр дээшээ хараад ухаангүй, амнаас нь цус гараад хэвтэж байсан. Би очоод тэвэрсэн чинь толгой нь хагарчихсан цус гарсан байсан...Би удаан хугацаанд машин барьж явсан тул ядраад хий юм харсан байх...”гэх мэдүүлэг /хх-ийн 81-82 хуудас /

* Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-8 хуудас/

* Замын цагдаагийн газрын зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 9-10 хуудас/

* Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-17х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав. 

Эрүүгийн .... тоот хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2017 оны 5 сарын 06-ны өглөө 05-06 цагийн үед Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн нутаг дэвсгэр Дэл гэх газарт асфальтан зам дээр 93-55 улсын дугаартай “Тоёото Вилл” маркийн автомашин осолдож зам тээврийн осол гарч зорчигч П.О-ын амь насыг хохирсон гэмт хэрэг гарсан үйл баримт тогтоогдож байна.  

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Т-ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрсөн гэмт хэрэг үйлдсэн гэж 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. 

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн гэмт хэрэгт үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн хуулийг буцаан хэрэглэхээр заасан байх тул шүүхээс шүүгдэгч Г.Т-т холбогдох хэргийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэж 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Г.Т нь 2017 оны 5 сарын 06-ны өглөө 05-06 цагийн үед Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн нутаг дэвсгэр Дэл гэх газарт асфальтан зам дээр 93-55 улсын дугаартай “Тоёото Вилл” маркийн автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 2.7.а-д “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 9.2 “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч П.О-ын амь насыг хохироосон  болох нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, талийгаач П.О-ын нас барсан шалтгаан нөхцлийг тогтоосон шинжээчийн 55 тоот дүгнэлт, зам тээврийн осол  гарах болсон шалтгаан нөхцлийг тогтоосон шинжээчийн 33 дугаартай дүгнэлт, гэрч Ц.С-ийн “...Нэг мэдсэн чинь нэг хүн хүүе гэж орилоод, машин тас няс гээд дуу гараад өнхөрч эхэлсэн. Би дотор нь шидэгдээд байсан....” гэх мэдүүлэг,  гэрч О.М-ийн“... 40 гаруй насны эмэгтэй хүн нас барчихсан, толгой доор нь машины суудал дэрлүүлээд дээлээр хуччихсан толгойг нь куртикээр хучсан байсан. Үзэхэд том судас, захын пульс, амьсгал, лугшилт байхгүй, захын хөрсөн, нас барсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг,  гэрч О.Д-ийн “... Гэнэт машин онхолдож, 3-4 удаа зам дээр өнхрөөд, бид нар машины арын цонх хагарчихсан байхаар нь гарсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Г.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь хянаж, шинжлэн судалсны үндсэн дээр шүүхээс шүүгдэгч Г.Т-нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас зорчигч П.О-ын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Г.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол  төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд  тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдав. 

Шүүгдэгч Г.Т нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй болсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон  ам бүл 3, өнчин 2 дүүгийн хамт амьдарч байгаа түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзэв. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Г.Т-ийн 1150106 дугаартай жолооны түр үнэмлэхийг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэлийн газарт шилжүүлэн, хэрэгт битүүмжлэгдсэн 93-55  улсын дугаартай Тоёото Вилл маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Ц.С буцаан олгож, шүүгдэч Г.Т- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдан шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 1.5, 36.8 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага

 

ТОГТООХ нь:

1. Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г. Т-т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй. 

 

2. Шүүгдэгч Б овогт Г.Т-ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн  хугацаагаар тэнссүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай. 

 

5. Шүүгдэгч Г.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай. 

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Сонгинохайрхан дүүргийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1150106 дугаартай Г.Т-ийн жолооны түр үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй. 

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2017 оны 5 сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгон, хэрэгт битүүмжлэгдсэн 93-55 улсын дугаартай Тоёото Вилл маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Х овогт Ц.С буцаан олгосугай.

 

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

11. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтыг түдгэлзүүлж шүүгдэгч Г.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    П.ГАНДОЛГОР