Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 64

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Сарантуяа даргалж,

нарийн бичгийн дарга Э.Нарантуяа,

улсын яллагч Т.Дэлгэрсайхан,

шүүгдэгч *******, нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр  ирүүлсэн Тайж овогт *******д холбогдох эрүүгийн 1733000410022 тоот хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 0000 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг 15-р байрны 31 тоотод оршин суух, урьд 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сонгино Хайрхан дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгино Хайрхан дүүргийн шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 970 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ялаар, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн №58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 340 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан гэх, Тайж овгийн *******,  /РД: ЧБ-/.

            Шүүгдэгч ******* нь 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р багийн нутаг Хөтөл хөшөөний орчим иргэн *******ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

1.Хохирогч *******ын мэдүүлэг /хх-ийн 15-17-р  хуудас/

2.Гэрч М.Мөнхцацралын мэдүүлэг /хх-ийн 4-р хуудас/,

3.Гэрч Н.Буянхишигийн мэдүүлэг /хх-ийн 16-7-р хуудас/,

4.Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 870 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

5.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж сонсгон шинжлэн хэлэлцүүлэв.

Шүүгдэгч ******* нь 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р багийн нутаг Хөтөл хөшөөний орчим иргэн *******ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

           1.Хохирогч *******ын мөрдөн байцалтад өгсөн”…Нилээн орой болсон болохоор эхнэр бид 2 замын унаанд суух гэж байсан юм. Тэгсэн чинь Азжаргал замын голоор машинд мөргүүлчих гээд алхаад байсан. Тэгсэн эхнэр нь миний хань машинд дайруулчихна, наашаа бол гээд татсан чинь газар уначихсан. Би Хөтөл хөшөөний хажуу талын сандал дээр сууж байсан чинь Азжаргал ирсэнээ ямарч шалтгаангүй миний нүүр руу утсаа савж цохьсон, тэгсэнээ боож унагаагаад нүүр рүү өшиглөөд, үсдэж байгаад хэд хэдэн удаа цемент мөргүүлсэн. Тэгээд би хэвтэж байсан чинь уучлаарай хөгшөөн, одоо би чамайг цохихгүй гэж татаж босгосноо шууд нүүр рүү өшиглөөд унагаасан. Миний дээрээс нэлээн хэдэн удаа дэвссэн. Би босж ирээд зугтаасан. Араас элдэж ирээд зодоод байсан. Би Азжаргалд гар хүрсэн асуудал байхгүй…”гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-р хуудас/,

2.Гэрч М.Мөнхцацралын мөрдөн байцаалтад мэдүүлэг”…Хөтөл хөшөөн дээр очоод байж байтал Азжаргал зам руу орчих гээд байсан чинь эхнэр нь наашаа татсан чинь газар унаад сууж байсан. Тэгснээ гэнэт босож ирснээ манай нөхрийг гар утсаараа нүүр рүү нь цохиод учир зүггүй зодоод унасан. Би салгаж дийлэхгүй байсан болохоор Шунхлай колонк руу гүйж очоод цагдаа руу дуудлага өгсөн…” гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хуудас/,

3.Гэрч Н.Буянхишигийн мөрдөн байцаалтад мэдүүлэг”…Би боль миний хань гэсэн чинь босож ирээд Маналын нүүр үү нь утсаараа цохиод, бас нэг юмаар цохисон, тэр чулуу байх гэж бодож байна. Манал босож ирээд яагаад байгаа юм бэ? гэхэд Азаа үгийн зүрүүгүй боож унагаагаад энийг чинь алчихвал чамд хайран байна? Би энийг чинь алаад ялаа үүрээд явна гээд байсан. Тэгсэнээ Маналыг газар унагаагаад толгойноос барьж үсдээд, газар мөргүүлээд, нүүр рүү 3-4 удаа өшиглөсөн. Тэгсэнээ за найз нь дахиж зодохгүй ээ, найзыгаа уучлаарай гэж гарнаас нь барьж босгоод босоод ирэхэд нь шууд нүүр рүү нь цохиод унагаасан. Нилээн хэдэн удаа тэгж зодсон. Би зөндөө гуйхад миний үгийг авахгүй байсан. Сүүлдээ Мөнхцацрал колонк руу гүйж очоод цагдаад дуудлага өгсөн байх..” гэх мэдүүлэг  /хх-ийн 6-7-р хуудас/,

4.Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 870 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1.*******ын биед тархи доргилт, дух, баруун хацар, дээд уруул, хүзүү, баруун зүүн тохойнд зулгаралт, баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун бугалга, шууны цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд саатуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт  /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

5.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 11-р хуудас/,

6. Иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтууд /хх-ийн 19-р хуудас/,  

7.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өгсөн “...2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн өглөө 11 цаг болж байхад хадам ах  ар талын хийсэн зам дээр ус тогтоод байна ахын дүү хүрээд ир гэж утсаар ярьсан. Би очоод ус тогтсон замыг нь янзалчихаад 2 цаг дөхүүлээд гэртээ ирэхэд эхнэр Н.Буянхишиг хүний үс засаад, нүүр янзлаад байж байсан. Би гэр лүүгээ ороод цайгаа уух гэж байсан чинь манай хоёр найз ирчихсэн байна танилц гэж хэлсэн. Би гэр лүүгээ орж цай, ундаа уучихаад Манал болон Маналын эхнэртэй танилцсан. Хуучин ажлын байр 17 дугаар байранд байсан. Тэндээс үсчинийхээ угаалтуур, үс угаадаг  сандалыг авчраагүй байсан учраас хуучин ажлын байранд дээр очиж үсийг нь угаангаа нэг шил архи уусан. Тэр өдөр Соёлын ордон дээр яг түүн шиг шоу болж байсан. Эхнэр бид нар соёлын ордон дээр очоод эхнэр хүмүүсийн нүүр будаж, үс янзалж байх хооронд Мандал, түүний эхнэр бид гурав паркийн хашаан дотор нэг шил архи уусан. Манай эхнэр тэр арга хэмжээний завсарлаганаар нь гарч ирээд нэг татчихаад орох гэсэн чинь Манал эхнэрийг Буянаа нэг үнсчихье гэж хэлсэн. Тухайн үедээ юм хэлээгүй. Тэгээд эхнэр ажлаа дуусгачихаад гарч ирээд бид нар Залуус зоогийн газар орж хоол идэнгээ дахиад 1 шил архи уусан.  Бид нар хоол идэнгээ нэг шил архиа уучихаад Грифа/Grifa/ караоке руу орж нэг цаг дуулаад хүний  хоёр, хоёр шил пиво уусан. Орой болсон байсан учраас Маналыг эхнэртэй нь явуулъя гээд ар талын зам руу гарсан. Би нилээн муудсан байсан үүнээс хойш юу болсоныг санахгүй байгаа...” гэх мэдүүлэг зэргээр хангалттай тогтоогдож байна.  

Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж үзлээ.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч *******д гэмт хэргийн улмаас учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардалд нийт 259 050 төгрөгийг нэхэмжилж, нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед гаргаж өгсөн байна. /хх-ийн 19-р хуудас/

Шүүгдэгч *******ын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1- д заасан   хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг байна.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, прокурорын сонгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч, түүнээс үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон гэж үзэн Прокуророос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2-д заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид 640 цаг нийтэд тустай  ажил хийлгэх санал бичиж шүүхэд шилжүүлсэн нь хуулийн үндэслэлтэй гэж үзлээ.

 Шүүгдэгч ******* нь 2017 оны 10 сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн ¹58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 340 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн /х.х-ийн 37-рт/ ба энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 340 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй байхдаа шинээр гэмт хэрэг үйлджээ.

Иймд  Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял болон прокурорын санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг нэмж нэгтгэн *******ын нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 640 цаг гэж тогтоон ирүүлсэн прокурорын санал хуульд нийцэж байна.

*******ыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэсэн тул Прокурорын саналыг харгалзан шүүгчдэгчид 640 цаг   нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Хохирогч ******* шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 7-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хохирогч ******* нь гэмт хэргийг улмаас учирсан хохирол буюу эмчилгээний зардалд  259 050 төгрөг нотлох баримтыг бүрдүүлэн шүүгдэгчээс нэхэмжилсэн ба шүүгдэгч  хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа тул Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1-д зааснаар шүүгдэгч *******аас 259 050 төгрөг гаргуулан хохирогч *******д олгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь шүүхэд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг гаргасан нь хууль зөрчөөгүй гэж үзэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар  өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 7, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.2.1- д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

            1.Шүүгдэгч Тайж овогт *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 340 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн *******ын нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 640 цагийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь 640 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол дээрх нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар шийтгэхийг мэдэгдсүгэй.

5.Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1-д зааснаар шүүгдэгч *******аас 259 050 төгрөг гаргуулан хохирогч *******д олгосугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг дурдсугай.

8.Шүүхийн шийдвэр уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийг  бичгээр үйлдэж, улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулсугай.

10. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж  заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.САРАНТУЯА