Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2020/ДШМ/1520

 

                                                   П.М-д холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд цахимаар:

прокурор Д.Ариунжаргал,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/1875 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Ариунжаргалын бичсэн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 106 дугаартай эсэргүүцлийг үндэслэн П.М-д холбогдох эрүүгийн 2006 00000 2207 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

П.М

П.М  нь 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шинэ мед” эмнэлэгт иргэн Ж.Арслангийн толгойн тус газар нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд тархи доргилт, хүзүү, цээж, баруун тохойд цус хуралт, зүүн зулай, чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: П.М гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч П.М-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.М г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, П.М г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, П.М  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, П.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Д.Ариунжаргал эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” Мөн хуулийн 1 дэх хэсгийн 1.1-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах, албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан байна. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч П.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, улмаар ялаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. “Торгох ял оногдуулахгүйгээр шууд ялаас чөлөөлөх”. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1875 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.

П.М  нь 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шинэ мед” эмнэлэгт иргэн Ж.Арслангийн толгойн тус газар нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд тархи доргилт, хүзүү, цээж, баруун тохойд цус хуралт, зүүн зулай, чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Ж.Арслангийн “...Би 2020 оны 7 дугаар сарын 27-ны өглөө “Шинонмэд” эмнэлэгт хэвлийн ЭХО-д үзүүлэхээр тус эмнэлгийн 2 давхарт 2 хүний ард дугаарлаж байхад тус давхрын миний дугаарлаж байсан өрөөний хажуу талын эмчид үзүүлчихээд гарч ирсэн залуу миний урдуур одоо орж үзүүлэх ээлж гээд надаас хэрүүл өдөөд миний зүүн гар талын зүүн шанаа болон толгойн зүүн чихний дээд хэсэгт гараараа 10 гаран цохисон, миний хүзүүг миний өмсөж явсан пудволкоор боож пудволкийг минь урж тасалсан. ...” /хх 10-11/,

гэрч Э.Нарантогтохын “...2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ажил дээрээ байхад 210 тоот өрөөний үүдэнд хүмүүс маргалдаад зодолдоод байгаа бололтой чимээ гараад байхаар нь 210 тоот өрөөний жижиг коридорт үл таних 2 залуу маргалдаж бие биенийгээ заамдсан байдалтай байсан ба нэг залуугийнх нь /Ж.Арслан/ пудволк нь урагдсан байдалтай байхаар нь та нар эмнэлгийн байгууллага дээр хэрүүл гаргаж, зодолдож болохгүй, энд өвчтэй хүмүүс байгаа гэж хэлээд тэр 2 залууг салгасан. ...Ж.Арслан гэх хүний пудволкны зах нь үлдээд пудволк нь энгэрээсээ доошоо урагдсан байсан. ...” /хх 17-18/,

шинжээч эмч Э.Баасанжавын “...Ж.Арслангийн биед үүссэн хүзүү, цээж, баруун тохойд цус хуралт, зүүн зулай чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байсан. Зүүн зулай болон чамархай зөөлөн эдийн няцрал, 2020 оны 7 дугаар сарын 27-ны үзлэгт илэрсэн нүдний алимны чичирхийлэлт дагзны булчингийн хөшингө болон КТГ-ын шинжилгээний тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай гэх шинжүүд илэрсэн учраас тархи доргилт онош тавьсан. ...” /хх 23-24/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Ж.Арслангийн биед тархи доргилт, хүзүү, цээж, баруун тохойд цус хуралт, зүүн зулай, чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 8601 дугаартай дүгнэлт /хх 21-22/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч П.М г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Гэвч анхан шатны шүүх П.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно:” гэж, мөн зүйлийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;” талаар тус тус хуульчилсан.

Шүүгдэгч П.М  нь хохирогч Ж.Арслангийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан өөрийн гэм буруутай үйлдэл болон түүний үр дүнд бий болсон хохиролд гэмшиж буйгаа анхан шатны шүүх хуралдаанд илэрхийлсэн, энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад ч тогтвортой мэдүүлж, энэ нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, хохирогч Ж.Арслан хохирол төлбөргүй болохоо илэрхийлсэн, П.М гийн өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй байдал зэргийг харгалзан дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх нөхцөл бүрдсэн байна.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, уг гэмт хэрэгт заасан ялыг оногдуулахгүйгээр чөлөөлөх тухай зохицуулалт юм.

Харин анхан шатны шүүх дээрх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ялаас чөлөөлөх зохицуулалтыг хэрэглэхдээ шүүгдэгч П.М д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, дараа нь уг ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулахаар бичсэн прокурор Д.Ариунжаргалын 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 106 дугаартай эсэргүүцлийг хүлээн авахаар шийдвэрлэв.

Түүнчлэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заагаагүй ялаар буюу  “... хорих ялаас чөлөөлөх ...” гэж ташаарч бичсэнийг цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/1875 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, 3 дахь заалтын “...П.М г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.” гэснийг “П.М г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялаас чөлөөлсүгэй.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

           

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ  

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР