Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2020/ДШМ/1371

 

                  

 

 

 

  2020          10             29                                           2020/ДШМ/1371                               

Б.А, А.Д нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Гэрэлмаа,  

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа, 

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан, 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/1562 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А, А.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.А, А.Д нарт холбогдох 2006001941498 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ембүү овгийн Б.А, 1983 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бие хамгаалагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, эхийн хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туул 14 дүгээр гудамжны 239 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:УГ83112415/;

Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 883 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 478 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж, уг хорих ялуудыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,

2. Боржигин овгийн А.Д, 1985 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Салхит гэх газарт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын жолооч мэргэжилтэй, “Хурдны зам” ХХК-д туслах ажилтан, ам бүл 6, эх, ах, эхнэр, дүү нарын хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 115 дугаар байрны 5 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ТК85102970/;

Б.А, А.Д нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Венус” нэртэй бааранд тооцоо хийсэнгүй гэх шалтгааны улмаас Б.Мы нүүрэнд цохих, хөлийг нь дэвсэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь дээд уруулын салстад цус хуралт, язрал, хүзүү, баруун эгэмд цус хуралт, баруун шагайд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.А, А.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ембүү овогт Б.А, Боржигин овогт А.Д нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.А, А.Д нарт 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А, А.Д нар нь оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.А, А.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ааас 50.000 төгрөг, шүүгдэгч А.Дгаас 50.000 төгрөг тус тус гаргуулан нийт 100.000 төгрөгийг хохирогч Б.Мд олгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.А, А.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Д гаргасан давж заалдах гомдолдоо: “...Тухайн хэрэг болсон гэх өдөр Б.Мтай ямар нэгэн маргаан үүсээгүй, түүнийг зодох ямар нэгэн шалтгаан байгаагүй байхад шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Батцоож гэх залуу хохирогчийг зодож гэмтэл учруулсан байхад түүнийг ял завшуулсан. Яллах дүгнэлтэд миний биеийн байцаалт болон бусад зүйлийг илт буруу бичсэн байхад шүүх анхаараагүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Цагдаагийн мөрдөгч Нармандах нь шалгах ёстой зүйлүүдийг шалгаагүй бөгөөд хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн. Бүлэглэсэн гэж таамаглан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Прокурор хяналт тавилгүйгээр үндэслэлгүй яллах дүгнэлт үйлдэж байсныг би эс зөвшөөрч яллах дүгнэлтийг гардаж аваагүй болно.

Миний хувьд урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй бөгөөд мөрдөгч намайг байнга дарамталж, өдөр бүр цагдаагийн үүдэнд суулгаж, байнга утсаар ярих зэргээр эдийн засаг болон сэтгэл санааны хүнд байдалд оруулсан. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хууль бусаар шөнийн 2 цагт гавлаж хонуулах гэх мэтээр сэтгэл санааны хүнд байдалд оруулсан. Миний бие бусдыг зодож гэмтэл учруулаагүй нь үнэн тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... ” гэжээ.

Шүүгдэгч Б.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие иргэн Б.Мыг зодож гэмтэл учруулаагүй бөгөөд үүнийг харсан гэрч байхад намайг бусадтай бүлэглэж, бусдыг зодсон гэж шүүхээс ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Хавтас хэрэгт хохирогчийн зөрүүтэй мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэргээр намайг яллаж, шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

 Энэ хэрэгт Ч.Батцоож шууд хамааралтай эсэхийг шалгаагүй, хохирогчоос дахин мэдүүлэг аваагүй, хяналтын камерын бичлэгт үзлэг хийгээгүй, хохирогчийн биед хэзээ, ямар хүчин зүйлийн үйлчлэлээр ямар гэмтэл учирсныг шалгаагүй. Мөн яллах дүгнэлтэд бидний байцаалт болон баримтат мэдээллийг илтэд буруу бичсэн байсан нь шүүх хуралдааны явцад илэрсэн.

Хэргийн бодит нөхцөл байдлыг мөрдөгч тал бүрээс нь бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.А, А.Д нарын өмгөөлөгч Ж.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.А, А.Д нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Хавтас хэрэгт авагдсан баримтуудаас харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйлүүдийг бүрэн нотолж тогтоогоогүй бөгөөд хохирогч эх сурвалжаа зааж чадаагүй, гэрч Батцоожийн мэдүүлэг мөн эргэлзээтэй байдаг. Хавтас хэргийн 34 дүгээр талд, Өлзиймаагийн мэдүүлэгт “шүүгдэгч нарыг зодоогүй, цохиогүй талаар” тусгагдсан. Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлээр хохирогч Мэндсайхан таамаглал байдлаар мэдүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд илтэд зөрүүтэй мэдүүлсэн гэж үзэхээр байна. Хавтас хэргийн 111 дүгээр талд яллах дүгнэлт авагдсан байх бөгөөд биеийн байцаалтыг буруу бичсэн ба А.Дг ял шийтгүүлж байсан гэж буруу бичсэн байсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасныг зөрчсөн атал үүнийг анзааралгүйгээр шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэв шүүх бүрэлдэхүүн өөрийн эрх хэмжээний хүрээнд Батцоожийн үйлдлийг шалгуулах гэх мэтчилэнгээр прокурорт буцаах нь зүйтэй. ...” гэв.

Прокурор Н.Гэрэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийн тухайд гэрчийн мэдүүлгээр Мэндсайханыг зодсон хүмүүс автомашинд суугаад явсан гэдгийг хэлдэг. Хохирогч нь хоёр залуу зодсон гэдгийг мэдүүлсэн. Мөн таньж олуулах ажиллагаагаар шүүгдэгч нарыг таньсан байдаг. Эдгээр хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Б.А, А.Д нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Венус” нэртэй бааранд тооцоо хийсэнгүй гэх шалтгааны улмаас Б.Мы нүүрэнд цохих, хөлийг нь дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь дээд уруулын салстад цус хуралт, язрал, хүзүү, баруун эгэмд цус хуралт, баруун шагайд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Мы “...Би тухайн өдөр өөрийн найзуудтайгаа “Венус” нэртэй бааранд үйлчлүүлж байсан. ...Хамгаалагч гэх 3 хүн ирээд нэг нь намайг хавсарч унагах гэхээр нь би зууралдсан. Тэр залуу намайг газарт унагаад миний нүүрэн хэсэгт нэг удаа өшиглөхөд, нэг нь миний хөл дээр дэвссэн. ...Намайг газарт унагасан залуу нь эрүүндээ сахалтай, үсээ ар хэсэгтээ боосон байх шиг байсан. ...Тэр 3 хүний нэг нь намайг газарт унагаад боогоод нүүрэн хэсэгт нэг удаа өшиглөсөн бөгөөд нөгөө хоёрын нэг нь миний хөл дээр дэвсэх шиг болсон. ...Би тэр залуусын зургийг харвал шууд танина. ...” /хх22-25, 26-27, 28-29/,

гэрч  П.Өлзиймаагийн “...Буланд нэг бандгар залуу зодуулж байсан. Тэгэхээр нь би гүйж очоод салгасан. Хүмүүсийг холдуулаад зодуулсан залуу дээр очоод “бие нь яаж байна, гэмтсэн үү, зүгээр үү” гэж хэлээд сууж байгаа караокед нь оруулж өгсөн. Намайг харж байхад тэр хүнийг 2-оос 3 хүний нэг нь хараад зогсож байсан бөгөөд нэг нь Мэндсайхан гэх хүнийг заамдаад барьсан, дээрээс нь нэг зүйл хэлээд байсан. ...” /хх30, 34-35/,

гэрч Б.Ганьдсүрэнгийн “...Би Дэмбэрэлсүрэн, Батсүрэн нарын хамт баарны гадна байхад нэг залуу Дэмбэрэлсүрэнг татаад нүүрэн хэсэгт нь нэг удаа мөргөсөн. Түүнийг мөргөсөн залуу нь хар бараан өнгийн куртик, дотуур нь хар өнгийн малгайтай цамц, хар өнгийн саравчтай малгай өмссөн туранхайвтар залуу байсан. Тэр залуу бас нэг хар бараан өнгийн малгай өмссөн туранхай залуутай хамт явж байсан. Тэр залуучууд дотогш ороод Мэндсайханыг зодсон байсан. Удалгүй Мэндсайхан зодуулсан байдалтай баарнаас гарч ирсэн. ...” /хх31-32/,

гэрч Ч.Батцоожийн “...Надтай маргалдсан залуу Анхбаатар, Даваасамбуу нартай маргалдаад зогсож байсан. Анхбаатар нь надтай маргалдсан залууг буланд шахаад газар явган суулгасан байдалтай харагдсан болохоор нь би нөгөө залууд “чи наад амнаасаа болов оо” гэж хэлсэн. Уг маргаан дууссаны дараа би караоке руу орж архи уусан. Анхбаатар, Даваасамбуу нар нь хар өнгийн хамгаалалтын хувцастай байсан. Би 175 см өндөртэй, 95 кг жинтэй. Анхбаатар нь 174-өөс 175 см өндөр, жин нь 70 кг гаруй, туранхай. Даваасамбуу нь  173-175 см өндөртэй, жин нь 98 орчим кг махлаг залуу байдаг. ...” /хх36-37/,

Б.Аын яллагдагчаар өгсөн “...Би эхнэрийн хамт шөнийн 3 цаг өнгөрч байхад караокенаас гараад такси бариад гэр рүү харьсан. Би эхнэрийн ажлын хүмүүстэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ...” /хх60-61/,

А.Дгийн яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр намайг хамгаалалтад гарч байх хугацаанд ямар нэгэн маргаан гараагүй. Би хамгаалалтад гарч дуусаад гэртээ харьсан. ...” /хх68-69/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Б.Мы биед дээд уруулын салстад цус хуралт, язрал, хүзүү, баруун эгэмд цус хуралт, баруун шагайнд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь  гэмтлийн хөнгөн гэмтэлд хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” гэсэн 928 дугаартай /хх-42-47/ дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-7/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-18-19/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-20-21/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.А, А.Д нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Б.А, А.Д нарын бүлэглэн Б.Мы эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  Б.А, А.Д нарт 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм бурууд нь тус тус тохирсон байх тул шүүгдэгч Б.Аын “...Б.Мыг цохиж, зодоогүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгч А.Дгийн “...Миний бие бусдыг зодож гэмтэл учруулаагүй нь үнэн тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй.

Хохирогч Б.М нь хоёр хүнд хэрхэн зодуулснаа тодорхой мэдүүлсэн, түүнчлэн өөрийг нь хүч хэрэглэн зодсон хүмүүсийг харвал танина гэж мэдүүлснийг үндэслэн таньж олуулах ажиллагаа явуулахад Б.А, А.Д нарыг мөн гэж таньжээ.

Шүүгдэгч Б.А, А.Д нарын үйлдсэн гэмт хэрэг нь хохирогч Б.М, гэрч Ч.Батцоож, П.Өлзиймаа, Б.Ганьдсүрэн нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэргээр тогтоогдсон, эдгээр нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн баримтууд хавтас хэрэгт авагдаагүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/1562 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А, А.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/1562 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А, А.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ