Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 85

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Г даргалж 

           Улсын яллагч: Б.М

Шүүгдэгч:С.Л

Шүүгдэгчийн өмгөөлөгч:М.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт С.Лд холбогдох эрүүгийн 201703000182 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:  О овогт С.Л 

Шүүгдэгч С.Л нь 2016 оны 8 дугаар сарын 10-ны үеэр нууц далд аргаар шунахайн сэдэлтээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн “Задгай”-д оршин суух иргэн Я.Аын гэрт хууль бусаар нэвтэрч хромон гутал 1 хос, морин хуур 1 ширхэг, 1 шил архи зэрэг эд зүйлсийг хулгайлж иргэн Я.Ат 559.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүгдэгч С.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүдэхдээ: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй миний үйлдсэн гэмт хэргийг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Эрүүгийн ...... тоот хэргээс: 

 

* Хохирогч Я.А-ын өгсөн: 

 

“...2016 оны 8 сарын 20-ны өдөр санагдаж байна. Намайг шөнө 4 цагийн орчимд өөрийн гэр болох Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Задгайд ирэхэд манай гэрийн өрхний оосор тасарсан байсан. Манай гэрийн өрх дээсэн оосортой байсан. Тэгээд би гэртээ ороход хулгай орсон гэмээр бололтой манай гэрийн хойморт байсан морин хуур, хятад архи, баруун талын орны урд байсан хромон гутал алдагдсан байсан. Манай гэрээс доорхи нэр төрлийн эд зүйлс алдагдсан. 1. Хромон гутал: 2014 онд шинээр нь Швецар хром гэж нэг ахаас 350.000 төгрөгөөс сайн ярьж байгаад 195.000 төгрөгөөр авч байсан. Нэг их өмсөөгүй 39 размерийн гутал байгаа. 2. Морин хуур: хүрэн өнгийн томдуу морин хуур 1 метр гаруй өндөртэй, 120.000 төгрөгөөр авч байсан. Тэр үнээрээ үнэлнэ. 3. Хятад архи: цагаан өнгийн шилтэй, бөөрөнхий хэлбэртэй архи байгаа юм. Нэрийг нь мэдэхгүй байна. 20.000 төгрөгөөр авч байсан. Надтай өр авалга, өш хонзон байхгүй. Би тухайн үед гэртээ ганцаараа амьдардаг байсан. Манай хашаанд нохой болон хяналтын камер байхгүй. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар тал/

 

* Гэрч Д.Б-ын өгсөн: 

 

“...Би С.Л-тэй танилцаад 2 сар орчим болж байна. Бид хоёр албан ёсоор гэр бүлээ баталгаажуулаагүй, одоогоор хамтран амьдарч байгаа. Би С.Лтэй танилцаад удаагүй байгаа болохоор түүний амьдрал ахуй, зан байдлын талаар сайн мэдэхгүй байна. Миний мэдэж байгаагаар надад янз бүрийн элдэв муу зан гаргаад байдаггүй, биеэ хэвийн авч явдаг хүн байгаа юм. Хааяа нэг архи, согтууруулах ундаа хэрэглэнэ. Амьдралын хувьд дунд зэргийн амьдралтай. Одоо Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн төвийн барилгыг барьж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр тал/

 

* Сэжигтэн, яллагдагчаар С.Л-ийн өгсөн: 

 

“...Би 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр шиг санагдаж байна. 19-20 цагийн үед  өөрийн төрсөн эгчийн гэр болох Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан даваанд Нямбуугийн гэрийг сахиж байсан. Тэднийхэн хөдөө гарсан эзэнгүй байсан. Эгчийн гэрт би ганцаараа 1 шил Их монгол гэх 0,75 граммтай  архины тал байхаар нь уусан. Тэгээд би үргэлжлүүлж архи уухаар Архангай аймгийн Тамир хорооллын тийш өөрийн найз Ганаагийн гудамжинд нэг банзан хашаатай монгол гэр байхаар нь хулгай хийж архи олж уух зорилгоор ортол монгол гэр хужаа цоожтой байсан. Би архины мөнгө олох зорилгоор уг айлын тооноор нь орсон. Ороход харанхуй байсан. Тэгээд би өөрийнхөө асаагуурын гэрлийг асаагаад эд зүйл хайхад гэрийн хойморт морин хуур авдар дээр нь байх шиг байсан. Тэгэхээр нь би тэр морин хуурыг авсан. Мөн бурханы тэнд нь архи байсан.  Уг архийг уух зорилгоор авсан. Архины нэрийг нь мэдэхгүй байна хятад архи байсан. Баруун талын орны урд хромон гутал байсныг аваад морин хуур болон архи, гутлыг тоонон дээр нь тавиад өөрөө зуухан дээр гишгээд араас нь гарсан. Тэгээд би хашаанаас нь хромон гутлыг нь архины хамт дээлнийхээ өвөрт хийгээд морин хуурыг нь бариад гарсан. Би гарч ирээд тооноор нь буух гэж байхад миний хөлд тээглээд уг айлын дээсэн өрхний оосор тасарсан. Би архийг нь тэр гудамжинд уусан. Морин хуурыг нь нэг цагдаа юун эд зүйл вэ, гэхээр нь би хаячихаад зугтаасан. Хромон гутлыг нь архи ууж байгаад хаясан байсан. Хаана хаясан гэдгээ мэдэхгүй байна. Захын урд хаясан байж магадгүй. Надтай хулгай хийхэд хэн нэгэн хүн хамт байгаагүй. Захиалагч байхгүй, би өөрөө хулгай хийсэн. Хулгай хийсэн эд зүйлийг зараагүй. Би мөнгө олж архи уух санаа зорилгоор бусдын эд зүйлийг шунахайн сэдэлтээр хулгайлсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23, 25 дугаар тал/

 

* Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 11 дүгээр тал/

* Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 543 тоот тодорхойлолт /хх-ийн 26 дугаар тал/

* Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 543 дугаартай тодорхойлолт /хх-ийн 26 дугаар тал/

* С.Л-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30, 31 дүгээр тал/ зэрэг болно. 

 

2016 оны 8 сарын 10-ны үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн “Задгай”-д оршин суух иргэн Я.Аын гэрт хулгай орж эд хөрөнгө алдагдсан гэмт хэрэг гарсан хэргийн үйл баримт, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.Л нь 2016 оны 8 дугаар сарын 10-ны үеэр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн “Задгай”-д оршин суух иргэн Я.Аын гэрт хууль бусаар нэвтэрч хромон гутал 1 хос, морин хуур 1 ширхэг, 1 шил архи зэрэг эд зүйлсийг хулгайлж иргэн Я.Ат 559.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь 

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: хохирогч Я. Аын “...Тэгээд би гэртээ ороход хулгай орсон гэмээр бололтой манай гэрийн хойморт байсан морин хуур, хятад архи, баруун талын орны урд байсан хромон гутал алдагдсан байсан...”  гэх мэдүүлэг, шүүгдэгч С.Лгийн “..Би архины мөнгө олох зорилгоор уг айлын тооноор нь орсон. ..гэрийн хойморт морин хуур авдар дээр нь байх шиг байсан. Тэгэхээр нь би тэр морин хуурыг авсан. Мөн бурханы тэнд нь архи байсан.  Уг архийг уух зорилгоор авсан. Баруун талын орны урд хромон гутал байсныг аваад морин хуур болон архи, гутлыг тоонон дээр нь тавиад өөрөө зуухан дээр гишгээд араас нь гарсан. Надтай хулгай хийхэд хэн нэгэн хүн хамт байгаагүй. Захиалагч байхгүй, би өөрөө хулгай хийсэн. Би мөнгө олж архи уух санаа зорилгоор бусдын эд зүйлийг хулгайлсан....” гэх мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн гэмт хэрэгт үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн хуулийг буцаан хэрэглэхээр заасан байх ба шүүгдэгч С.Лд холбогдох хэргийг Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, түүнд эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдалд тохируулан ял оногдуулах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч С.Л нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хувьд ногдох хөрөнгөгүй гэх тул түүнээс эд хөрөнгө хураах мөн торгох ял оногдуулах боломжгүй юм.

Хохирогч Я.А нь шүүгдэгч С.Лд гомдолгүй, санал хүсэлт байхгүй гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч С.Лг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Шүүгдэгч С.Л тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд оногдуулсан хорих ялыг 2002 оны эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж шүүх үзэв. 

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч С.Л бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, түүний цагдан хоригдсон 34 хоногийг түүний ял эдэлсэн хугацааанд оруулан тооцох нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  1.3, 1.4 ,1.5, 36.8 дугаар зүйлийн 2, 4, 5 дах хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 36.12 дугаар зүйлийг тус тус заасныг удирдлага

 

 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О овогт С.Л-г орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч С.Л-д эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. 2015 оны Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Лд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай. 

 

4. Шүүгдэгч С.Л нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдсугай. 

 

5. 2015 оны Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л-ийн цагдан хоригдсон 34 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд  оруулан тооцсугай.

 

6. 2002 оны Эрүүгийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Л-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзан, түүний засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Л-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР