Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2024/02206

 

 

 

 

 

 

 

              2024        05         30   

                                 181/ШШ2024/02206

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа би,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 0 тоотод байрлах Т ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Хангай хотхон, 0 тоотод оршин суух Д-ийн Ү /РД:/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2,671,483 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Д.Ү нь "Т" ХХК-тай 18020617 дүгээр "Зээлийн гэрээ", "Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ"-г тус тус байгуулж, 3,000,000 /гурван сая/ төгрөгийг сарын 3,0 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.2 хувийн алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар "Toyota Приус-30" маркийн О улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн.

Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийн байдлаар үндсэн зээл 1,530,935 төгрөг, хүү 375,080 төгрөг, алданги 765,468 төгрөг, нийт 2,671,483 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Зээлдэгч Д.Ү-оос үүрэг гүйцэтгэх хугацааг 245 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна. Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 10 удаагийн төлөлтийг хийж, 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл огт зээлийн эргэн төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дууссан байна.

Талуудын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 3.5-д "Хөрөнгийг гэрээний хугацаанд үүрэг гүйцэтгэгчийн эзэмшил ашиглалтанд байлгах бөгөөд энэ гэрээнд заасан хязгаарлалтын хүрээнд эзэмшиж ашиглана" гэж тохиролцсоны дагуу үүрэг гүйцэтгэгчийн эзэмшилд байх хугацаанд Д.Ү-оос зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул манай байгууллагаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч ямарч үр дүнд хүрээгүй бөгөөд авто машиныг устгаж, одоогоор тус тээврийн хэрэгсэл олдохгүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болоод байна.

Өөрөөр хэлбэл, фидуцийн зүйлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг энэ гэрээний дагуу дэгтийн хангуулах боломжгүй болсон.

Иймд Д.Ү-оос 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 18020617 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,530,935 төгрөг, хүү 375,080 төгрөг, алданги 765,468 төгрөг, нийт 2,671,483 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд хянагдаж байгаа "Т" ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Ү-оос зээлийн гэрээний үүрэгт 2,671,483 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн ажиллагааны явцад хариуцагч Д.Ү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг бүрэн төлж зээлийг хаасан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Д.Ү-од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,671,483 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т нь хариуцагч Д.Ү-ыг нэхэмжлэлийн шаардлага болох 2,671,483 төгрөгийг төлж барагдуулсан гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг бичгээр ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Д.Ү-ын төлбөр төлсөн баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

 

Ийнхүү нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлээсээ татгалзсан байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Д.Ү-од холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т ХХК-ийн хариуцагч Д.Ү-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 2,671,483 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Д.Ү-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,700 төгрөгөөс 28,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 28,850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА