| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 1806044151302 |
| Дугаар | 2020/ДШМ/1496 |
| Огноо | 2020-12-17 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат, |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2020/ДШМ/1496
2020 12 17 2020/ДШМ/1496
Б.Нт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Гантулгабат,
шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Э.Мөнхдаваа, Т.Сайнбаяр,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 2020/ШЦТ/1726 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Нт холбогдох 1806044151302 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Бургасны овгийн Б.Н, 1984 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 100 айл гудамжны 46 дугаар байрны 35 тоотод оршин суудаг, /РД:ХК84033110/;
Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 782 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 431 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “Оршин суух газар, ажил,сургуулиа өөрчлөх, өөр газар зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэж байх”, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт зааснаар “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.Нт танилцуулж шийдвэрлэсэн.
Б.Н нь 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Угтаал констракшн” ХХК-ийн “Руби” барьцаалан зээлдүүлэх газарт ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, нийт 47.332.307 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх прокурорын газраас: Б.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Бургасны овгийн Б.Ныг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ныг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Нт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Б.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Нын урьд нь цагдан хорьсон 24 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Наас 46.832.307 төгрөг гаргуулж “Угтаал констракшн” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие “Угтаал констракшн” ХХК-ийн “Руби” барьцаалан зээлдүүлэх газарт ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт маргах зүйлгүй.
Учир нь, хохирогч болох М.Чинзоригтой эвлэрлийн гэрээ байгуулж, хохирлоос 13.500.000 төгрөгийг төлж, үлдсэн 33.832.307 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан.
Миний аав Ц.Батчулуун нь группд байдаг бөгөөд хэвтэрт орсон хүн. Ээж Н.Оюунцэцэг нь тэтгэвэрт, дүү Н.Наранзул нь өвчний улмаас группд орсон. Миний бие ажил хийж хохирол төлбөрөө төлөх боломжтой ба ар гэрээ асран халамжлах үүрэгтэй.
Өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд надад хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч Т.Сайнбаяр давж заалдах гомдол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Шүүгдэгч Б.Н нь хохиролд 13.500.000 төгрөг нөхөн төлсөн, бусад хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой гэрээ байгуулсан гэх боловч 13.000.000 төгрөгийг гэмт хэргийн хохиролд биш харин 15.000.000 төгрөгийг иргэний нэхэмжлэлд тооцон төлсөн гэж хохирогчийн өмгөөлөгч тайлбарласан, хохирогч байгууллагын нэхэмжилсэн нийт 63.037.307 төгрөгөөс 15.000.000 төгрөгийн нэхэмжлэл нь иргэний эрх зүйн маргааны шинжтэй, улмаар гэмт хэргийн хохирол 47.332.307 төгрөгөөс 500.000 төгрөгийг нөхөн төлсөн гэж үзэхээр байх тул үлдэх 46.832.307 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, “Угтаал констракшн” ХХК-д олгох нь зүйтэй. ...” гэжээ.
Шүүгдэгч Б.Н нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч маргадаггүй. Учруулсан хохирлоо нөхөн төлөх зорилгоор хохирогч талтай гэрээ хийсэн байдаг. Анхан шатны шүүх ч энэ талаар дүгнэлт хийсэн байна. Хохирогч хохирлын мөнгөө гэрээний дагуу авна гэдгээ илэрхийлсэн. Харин хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирлын мөнгө төлөгдөөгүй иргэний нэхэмжлэлээр нэхэмжилсэн 15.000.000 төгрөгөөс төлөлт хийсэн гэж тайлбарладаг.
Гэрээг хохирогч болон шүүгдэгч Б.Н нар хийсэн. Батлан даагчаар Б.Нын эхнэр оролцсон. Хэрэв гэрээний гол зүйлийг тохиролцсон тохиролцоо хохирогчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаа шиг байсан бол гэрээ хийсэн хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулах байсан. Шүүгдэгчийн зүгээс хохирлын төлбөр тооцоо хийж байна, гэхдээ иргэний нэхэмжлэл гаргасан үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Хамтад нь шийдвэрлэнэ, нэг гэрээгээр бүгдийг зохицуулах боломжтой гэж ойлгосон байдаг.
Хохирогчийн өмгөөлөгч хохирогчийг бүрэн төлөөлөх эрхгүй этгээд. Анхан шатны шүүх 15.000.000 төгрөг нь иргэний маргаан байх тул гэж дүгнээд хохиролд төлсөн мөнгийг иргэний нэхэмжлэлийн төлбөр гэж шийдвэрлэсэн.
Яллах дүгнэлтийн хавсралтын 4-т “...Хохирогчид нийт 47.332.307 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс 500.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн. Хэргийг шүүхэд шилжүүлэхэд үлдэгдэл 46.832.307 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй. ...” гэсэн байдаг.
Үүнээс харахад иргэний нэхэмжлэлийн 15.000.000 төгрөгийн талаар огт дурьдаагүй. Хэдий тийм боловч Б.Н хохирогчийн нэхэмжилж байгаа бүх мөнгийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан.
Мөн тогтоох хэсэгт “...Шүүгдэгч Б.Н нь хохирлыг гүйцэд нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой гэрээ байгуулсан гэх боловч түүнийг бодитой илэрхийлсэн гэж үзэхээргүй, хохирлоос зөвхөн нэг хувь гаруй хэсгийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулах тухай оролцогчдын дүгнэлт, хүсэлтийг тус тус хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ. ...” гэсэн байна.
Шүүгдэгч Б.Н хохирлыг гүйцэд барагдуулаагүй ч гэсэн хамгийн боломжтой хувилбараа хохирогчид санал болгон гэрээ байгуулсан. Гэрээний үүргээ одоо ч биелүүлэн графикийн дагуу мөнгөө төлж байгаа.
Анхан шатны шүүх шүүгдэгчийн төлсөн 13.000.000 төгрөгийг хохирлын төлбөрт тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус хэрэглэх боломжтой байсан.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Нт хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч Э.Мөнхдаваа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирол төлбөрт нийт 13.000.00 төгрөгийг төлсөн байхад анхан шатны шүүх 500.000 төгрөгийн хохирол төлсөн гэж дүгнэсэн. Нийтдээ 15.000.000 төгрөгийн хохирол төлсөн байгаа бөгөөд үлдэгдэл хохирлын мөнгөө графикийн дагуу төлж байгаа. Хохирогч анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчид ямар нэгэн гомдол саналгүй, гол нь хохирлоо барагдуулах хүсэлтэй байгаагаа хэлдэг. Наранбаатар ажлаа хийгээд хохирлын мөнгийг төлж барагдуулах бүрэн боломжтой. Иймд оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ц.Гантулгабат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “...Хохирлын хувьд анх шинжээчийн дүгнэлтээр 71.023.215 төгрөгийн хохирол учирсан гэх боловч шинжээчийн мэдүүлгээр 7.245.000 төгрөг нь хохирол биш чанаргүй, муу зээл гэж мэдүүлсэн бө үүнийг хохирогч тал хүлээн зөвшөөрсөн. Яллагдагчаар сүүлд татахдаа хохиролд 47.332.307 төгрөг гэж нийт хохирлыг тогтоож, мөрдөн шалгах ажиллагааны явцад үүнээс 500.000 төгрөгийг төлсөн байдаг. Шүүхийн шатанд хохирлын хувьд маргаж байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, шүүгдэгч Б.Нт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна.
Тодруулбал, прокуророос Б.Нын 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Угтаал констракшн” ХХК-ийн “Руби” барьцаалан зээлдүүлэх газарт ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, нийт 47.332.307 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Б.Ныг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэжээ.
Гэвч ийнхүү шийдвэрлэхдээ, шийтгэх тогтоолд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг хэрхэх талаар тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйл, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тус тус заасан шаардлагад нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл, Б.Ныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 431 дугаартай шийтгэл тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан ба анхан шатны шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг хэрхэн шийдвэрлэх талаар огт дүгнэлт хийгээгүй учраас давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй гэж үзэв.
Иймд шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хүчингүй болгож, Б.Нт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул хохирол төлбөр, ял шийтгэлийн талаар гаргасан шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр нарын давж заалдсан гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 2020/ШЦТ/1726 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Нт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Б.Нт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ