Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 122/ШШ2023/0028

 

2023 оны 12 сарын 08 өдөр           122/ШШ2023/0028                          Баруун-Урт сум

 

  

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баярцогт би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Дорнодшим агро” ХХК, РД:5544025,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.*******,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.*******, Г.*******,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн *******,

 

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Мөнхболд,Б.Бадамханд нарын хоорондын газар эзэмших эрхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Дорнодшим агро” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.*******, Г.******* /цахимаар/, хариуцагч Сүхбаатар аймгийн ******* Д.******* /шүүх хуралдааны танхимаас/, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бадамханд, Б.Мөнхболд /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар И.Өсөхбаяр нар оролцов.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

 

1.1.  Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/150 дугаар захирамжаар “Дорнодшим агро” ХХК-д Сүхбаатар сумын 5-р баг, Амгалан тал гэх газарт 5000 м.кв газрыг 20 жилийн хугацаатайгаар газар тариалангийн зориулалтаар, мөн Сүхбаатар сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/32 дугаар захирамжаар  Сүхбаатар сумын 5-р баг, Амгалан тал гэх газарт 4998 м.кв газрыг тариалангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.

 

1.2. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2023 оны 03 сарын 13-ны өдрийн 1/53 тоот болон 2023 оны 04 сарын 04-ны өдрийн 1/78 тоот албан бичгээр “Танай компани гэрээ болон хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй ба шалгалтын хэсгийн 2022 оны 05 сарын 07-ны өдрийн тайлангаар дүйцүүлэн хамгаалах арга хэмжээ арга хэмжээ хийгдээгүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдээгүй, газрын төлбөрийг цаг хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй, ТЭЗҮ байхгүй зэрэг зөрчил байна.Иймд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийн хүрээнд сонсох ажиллагаа хаана, хэзээ хийхийг мэдэгдсэн.

 

1.3. “Дорнодшим агро” ХХК-ийн 2023 оны 04 сарын 14-ний өдрийн 20/23 тоот албан бичгээр Сүхбаатар аймгийн *******д сонсох ажиллагааны мэдэгдэлд дурдсан үндэслэлд хариу тайлбар хүргүүлсэн.

 

1.4. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2023 оны 05 сарын 10-ны өдрийн А/64 дугаар захирамжаар “Дорнодшим агро” ХХК-ийн Сүхбаатар сумын 5-р баг, Амгалан тал гэх газарт тариалангийн зориулалтаар эзэмшүүлсэн 000306244 нэгж талбарын дугаартай  5000 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, мөн сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/65 дугаар захирамжаар “Дорнодшим агро” ХХК-ийн Сүхбаатар сумын 5-р баг, Амгалан тал гэх газарт тариалангийн зориулалтаар эзэмшүүлсэн 000306254 нэгж талбарын дугаартай  4998 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

 

1.5. “Дорнодшим агро” ХХК-иас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Сүхбаатар аймгийн Засаг даргад хандан 2023 оны 05 сарын 17-ны өдрийн 35/23 тоот албан бичгээр гомдол гаргасны дагуу Сүхбаатар аймгийн Засаг даргын 2023 оны 05 сарын 25-ны өдрийн 02/715 тоот албан бичгээр “дээрх захирамжууд нь Захиргааны ерөнхий хууль болон Газрын тухай хуулиар сумын Засаг даргад олгосон бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан байх тул захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй” гэсэн хариуг хүргүүлжээ.

 

1.6. Нэхэмжлэгч “Дорнодшим агро” ХХК-иас Сүхбаатар аймгийн *******д холбогдуулан Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/64, А/65 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гаргасан байна.

 

           Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

 

2.1. Нэхэмжлэгч “Дорнодшим агро” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Манай компани нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/150 дугаар захирамжаар Сүхбаатар сумын 5-р баг, Амгалан тал гэх газарт 000306244 нэгж талбарын дугаартай  5000 м.кв газрыг 20 жилийн хугацаатай эзэмших, мөн Сүхбаатар сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/32 дугаар захирамжаар  Сүхбаатар сумын 5-р баг, Амгалан тал гэх газарт 000306254 нэгж дугаарын 4998 м.кв газрыг тариалангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг хуулийн дагуу авсан.

            Газар тариалангийн зориулалтаар газар эзэмших эрхийг олгосон үеэс эхлэн газар эзэмших гэрээ болон Газрын тухай хуульд заасны дагуу 2014-2023 оныг хүртэл газраа зориулалтын дагуу ашиглаж үр тариа тарьж, 2015-2017 онуудад жил бүр 6500-4500 га талбайд тариалалт хийсэн. Тухайн цаг үед ган, гачиг бороо хур, өлийн цагаан оготно, ковид-19 цар тахал гэх мэт байгалийн болон давагдашгүй  хүчин зүйлсээс шалтгаалж тариалалт хийхэд хүндрэлтэй, ургац их алдаж санхүүгийн хүндрэлд орсон хэдий ч газраа зориулалтын дагуу ашиглаж, газрын төлбөрөө газар эзэмшүүлэх гэрээний дагуу жил бүр бүрэн төлж ирсэн билээ.  Гэтэл Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2023 оны 03 сарын 13-ны өдрийн 1/53 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр Сүхбаатар сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/32 дугаар захирамжаар  олгосон 4998 м.кв газар эзэмших эрхийг хүчингүй болгох сонсох ажиллагааг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хийх болсныг мэдэгдсэн. Мөн сонсох ажиллагааг хойшлуулж 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулах болсныг мэдэгдсэн.

            Иймээс манай компани 2023 оны 04 сарын 14-ний өдрийн 20/23 дугаар албан бичгээр нотлох баримтын хамтаар тайлбарыг хүргүүлсэн болно.

            Тухайн  хоёр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “захиргааны актын агуулга ойлгомжтой тодорхой байна” гэж, 40 дүгээр зүйлийн 40.4-т “захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Тодруулбал: “газрын төлбөрийг хугацаандаа төлөөгүй үйлдэл гаргаж, гэрээний нөхцөл болзлыг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон боловч хэзээ төлөх үүрэг үүссэн, хэдэн оны, хэдэн төгрөгийн газрын төлбөрийг төлөөгүй зөрчил гаргасан талаар тодорхой зааж өгөөгүй байна.

            Манай компани Сүхбаатар сумын Засаг даргын 2015 оны А/32, 2014 оны А/150 дугаар захирамжийн дагуу эзэмшиж буй газрын төлбөрт 2022 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар төлбөл зохих  57,590,706 төгрөгийн газрын төлбөрийг бүрэн төлсөн бөгөөд энэ нь 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн газрын төлбөрийн тооцоо нийлсэн 2222-201/00001, 2222-2014/00002 дугаар актаар тогтоогдоно. Харин 2023 оны газрын төлбөрийг хариуцагчтай 2021 онд байгуулсан 02222-2015/00001болон 02222-2014/00002 дугаар “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 2.3-д “газрын төлбөрийн тухай хуулийн  10 дугаар зүйлийн 5-д “газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж заасны дагуу 2023 оны 04 сарын 20-ны өдрийн дотор төлөх үүрэгтэй ба хариуцагчийн газрын төлбөрийг  төлөөгүй байна гэх сонсох ажиллагаа явуулах үед өмнөх онуудын газрын төлбөрийн үлдэгдэл байхгүй байсан төдийгүй 2023 оны газрын төлбөр төлөх хугацаа болоогүй байсныг дурдах нь зүйтэй.

            Газрын төлбөрийн тухай хуульд заасан төлбөр төлөх хугацаа болоогүй байхад газрын төлбөр хугацаа хожимдуулсан гэдэг үндэслэлээр сонсох ажиллагаа явуулж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь газар эзэмшүүлэх гэрээний 2.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 , Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь заалтыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

            Маргаан бүхий захиргааны актад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг баримталсан нь мөн л Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т “захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” мөн хуулийн 40 дүгээр зүйл “захиргааны актыг  гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” хэмээн заасныг зөрчжээ.Учир нь манай компаниас газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн үйлдэл огт гаргаж байгаагүй, бөгөөд хариуцагчаас хууль тогтоомж болон гэрээний үүргээ биелүүлээгүй гэх агуулгаар мэдэгдэл, шаардлага хүргүүлж байсан зүйл байхгүй. Гэтэл хариуцагч маргаан бүхий хоёр актад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримталсан нь захиргааны байгууллагын үндсэн зарчим болох захиргааны акт зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд төрийн үйл ажиллагааны зарчмуудыг хуульчилсны дотор тус зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэсэн зарчмуудыг төрийн захиргааны байгууллага захиргааны акт гаргахдаа баримтлан ажиллах, иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны итгэлийг хамгаалах ёстой. Өөрөөр хэлбэл Сүхбаатар сумын нутаг Амгалангийн тал гэх газар тариалангийн зориулалтаар эзэмшиж буй газарт 2014 оноос хойш нийт 57,590,706 төгрөгийн газрын төлбөрийг төлсөн, тариалалтын үйл ажиллагаа явуулах техник тоног төхөөрөмж худалдан авалт, үр тарианд их хэмжээний хөрөнгө зардал гаргасан манай компанийн үйл ажиллагаа, ажилчдын хөдөлмөрийн үр шим, тариалалтад гаргасан зардлыг харгалзан үзсэний үндсэн дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эсэх асуудлыг шийдвэрлэж бидний итгэлийг хамгаалах учиртай.

            Иймд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2023 оны 05 сарын 10-ны өдрийн А/64, А/65 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын тухай хуулийн 40.1.1-т заасан нөхцөл байдал үүссэн гэж байгаа. Удаа дараа зөрчсөн гэдгийг Дээд шүүхээс тайлбарласан. Хариуцагчийн тайлбарууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.6-д заасан газрын төлөв байдлын хянан баталгаанд орж болохгүй байгаа нь хариуцагчийн алдаа буюу хүсэлтийг зөвшөөрдөггүй учраас юм. Гэрээний 5.3а, 5.3б-д заасан нөхцөл байдлыг тогтоосон үйл баримт хэрэгт авагдаагүй. Газрын тухай хуулийн 40.1.1 нь газар эзэмшигчид л хамаатай заалт бөгөөд газар эзэмшигч болсны дараах харилцааг зохицуулсан заалт юм. 2019 оны газрын төлбөрт 3,800,000 төгрөгийг татварын дансанд шилжүүлсэн нь нотлох баримт шинжлэн судлах шатанд нотлогдсон. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

2.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Маргаан бүхий захиргааны актын үндэслэлийг хянахад Газрын тухай хуулийн 20 дугаар зүйл, 40.1.1 дэх заалтын нөхцөл байдал хэрхэн үүссэнийг анхаарах нь зүйтэй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасан хувийн хэрэг бүрдүүлсэн байх хэрэгтэй. Газар эзэмших гэрээний ямар үүргийг хэрхэн зөрчсөнийг хариуцагч талаас нотлох баримтаар нотлоогүй. Маргаан бүхий захиргааны актын үндэслэл анх сонсох ажиллагаа явагдсан мэдэгдэл хоорондоо ялгаатай. Захиргааны актын утга агуулга, аливаа хоёрдмол утгагүй, тодорхой байх ёстой. Хэрэгт авагдсан баримтаар газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй зүйл байхгүй. Газрын тухай хуулийн 35, 36 дугаар зүйлд заасан газар эзэмшигчийн үүргийг биелүүлээгүй зүйл байхгүй. Газар эзэмшигч нь зөвшөөрөлгүй газрыг бусдад эзэмшүүлж байна гэж байна. Үүнийг нотлох үүрэг нь хариуцагч талд бий. Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар сум дүүргийн Засаг арга дэмжих, эсэх талаар санал өгөх ёстой байдаг. Газрын төлөв байдалд нөлөөлөх байдлын үнэлгээг сунгах гэхээр Засаг дарга хүсэлтээ өгдөггүй тул нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй гэж үзэж болно. Хамтран ажиллах гэрээний хугацаа дууссан бол газар эзэмших гэрээг цуцлах тухай хуульд заагаагүй. Хариуцагч тал хэдэн оны газрын төлбөр төлөөгүйг захиргааны акт дээр тодорхой тусгаж өгөөгүй. 2019 оны төлбөр төлсөн болох нь  банкны мемориалын 2 баримт, татварын данс руу газрын төлбөрийн мөнгө орсон гэсэн татварын хэлтсийн албан бичгээр нотлогдоно. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиргааны акт зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохироогүй гарсан байна. Захиргааны хуулийн 37 дугаар хуулийн эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгохдоо Захиргааны хуулийн 48 дугаар зүйлд зааснаар 5 жилийн дотор гаргах ёстой байдаг. Газар тариалан эрхлэхийн тулд маш их хөрөнгө оруулалт ордог. Энэ талаар мөн баримтаар нотолсон. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв. 

 

2.4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Маргаан бүхий захиргааны актаар гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн, газрын төлбөр төлөөгүй гэсэн 2 үндэслэлээр газар эзэмших гэрчилгээг цуцалсан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд газар эзэмших гэрээгээ удаа дараа зөрчсөн зүйл байхгүй байна. Засаг даргын ярьсан зүйл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нотлогдохгүй байна. Газрын тухай хуульд заасан үндэслэлээр Захиргааны акт гарах ёстой. Газар эзэмших гэрээг цуцлахад заал барьж өгөөгүй бол гэрээг цуцална гэсэн үндэслэл байхгүй.

Татварын байцаагч 2019 онд төлбөр төлөөгүй гэж байна. Бусдын эрх ашгийг хөндөх гэж байгаа захиргааны акт гаргах гэж байгаа бол нотлох баримт цуглуулах нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа явуулах ёстой. 2019 оны газрын төлбөрийг төлсөн байна гэв.

 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

 

3.1. Хариуцагч Сүхбаатар аймгийн ******* Б.******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус компанид сумын Засаг даргын 2014 оны А/150 дугаар захирамжаар 5000 га, 2015 оны А/32 дугаар захирамжаар 4998 га газрыг усалгаатай тариалангийн зориулалтаар газар эзэмших эрх олгохдоо Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг зөрчиж, ямар нэг төсөл шалгаруулалтгүй, дуудлага худалдааны зарчмыг хэрэгжүүлээгүй.

Цаашлаад “Дорнодшим агро” ХХК нь газар эзэмших гэрээ, Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн, орон нутагтай хамтарч ажиллах гэрээний үүргээ хангалттай биелүүлээгүй, газрын төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөөгүй нь 2022 оны 05 сарын 07-ны өдрийн ажлын хэсгийн шалгалтын тайлангаар тогтоогдсон.Үүний дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2022 оны 06 сарын 07-ны өдрийн 1/27 тоот албан бичгээр Засаг даргад нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг цуцлах санал хүргүүлж, үүргийн биелэлтийг ирүүлэхийг даалгасан.Хариуцагч нь тус зөрчил бодитой эсэхийг дүгнэж, Захиргааны ерөнхий хуульд заасан процедурын шаардлагыг хангаж, шийдвэр гаргах үйл ажиллагаанд газар эзэмшигчийг оролцуулж, хүсэлтийнх нь дагуу сонсох ажиллагааг сунгаж тайлбар авсны үндсэн дээр газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

 

            Сүхбаатар сумын маш том 10,000 га газрыг нэг компанид өгнө гэдэг хэцүү зүйл. Миний үг бол Сүхбаатар сумын ард иргэдийн үг. Энэ компани анхнаасаа хууль бусаар энэ газрыг ашигласан. Би 2016-2019 онд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга байхдаа газар эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлсэн талаар захирал, дарга нартай нь уулзаж байсан. Тухайн үед төсөл шалгаруулж авсан гэдэг боловч төсөл нь одоо олддоггүй. Заал барьж өгнө гээд худлаа хэлж авсан. Хариуцлагын гэрээг сунгах талаар ярихад сураг тасарсан. Газарт бүхэлд нь тариа тариалдаггүй. Багахан хэсэгт нь ногоо тэжээл тарьдаг. Зүүн тарианы газрыг авснаас хойш тариалалт хийгээгүй. 2021 онд гэрээ шинэчилсэн гэж байна. Би энэ талаар шүүх дээр ирж мэдсэн. Газрын даамалтай ярихад танд мэдэгдэлгүй хийсэн гэдэг Энэ компани бол газрыг дамжуулан эзэмшиж, худалдаж байгаа талаар дам яриа сонсогдсон. Энэ газрыг барьцаалж 1 тэрбум төгрөгийн зээл авсан өртэй байна гэсэн. Иргэдийн хурлын тэргүүлэгчдээр хууран мэхэлж авсан. Иргэдэд заал барьж өгнө, өвс тэжээлээр тусална гэж хэлж хуурсан талаар иргэд ярьдаг. Дээрх шийдвэрүүд нь Газрын тухай хуулийн 20.2.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, Захиргааны ерөнхий хуультай бүрэн нийцсэн, хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү  гэв. 

 

3.2.Хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхболд шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Газрын тухай хуулийн 40.1.1-т хууль болон гэрээг ноцтой болон удаа зөрчсөн гэсэн агуулга бий. Газрыг эзэмших эрх хууль ёсоор авсан гэх үзэх үндэслэл байхгүй байна. 2014 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөгүйгээр 10 сарын 27-ны өдөр 5000 га газрыг “Дорнодшим агро” ХХК газар эзэмших эрхийг олж авсан. 2022 онд Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас  шалгалт хийгээд эрх цуцлах чиглэлийг засаг даргад өгч цуцалсан нь үндэслэлтэй. Үнэ төлбөргүй, сонгон шалгаруулалтгүй авсан нь Газрын тухай хуулийн 4.1.3 дахь заалтыг зөрчсөн байна. 10,000 га газрыг эзэмшихдээ газрыг үр ашигтай, ашиглах ёстойг Газрын тухай хуульд хуульчилсан байдаг. Нэхэмжлэгчээс гаргасан санхүүгийн баримтыг нэгтгэж тооцоход нийт төлөх газрын төлбөрийн үнэд хүрэхгүй байгаа нь газрын төлбөрийг бүрэн төлсөн байх хуульд заасан зарчмыг хангахгүй байна. Атар байдлаар байгаа газрыг  газрын хөрсийг хамгаалж байгаа гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.3.Хариуцагчийн өмгөөлөгч Б.Бадамханд шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Тухайн газарт үйл ажиллагаа явуулсан байгаа нь нотлогдохгүй гэж үзэж байна. Зээл авч, тоног төхөөрөмж, газар тариалангийн бүтээгдэхүүн авсан байгаа зэрэг нь бодитоор тариалан эрхэлсэн байдал гэж харагдахгүй байна гэв.

 

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар болон маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд  дүгнэлт өгөөд нэхэмжлэгч “Дорнодшимагро” ХХК-иас Сүхбаатар аймгийн *******д холбогдуулан гаргасан Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/64, А/65 дугаартай захирамжуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ,

Манай компаниас Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн үйлдэл гаргаж байгаагүй бөгөөд хариуцагчаас хууль тогтоомж болон гэрээний үүргээ биелүүлээгүй гэх агуулгаар мэдэгдэл, шаардлага хүргүүлж  байгаагүй, газрын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлсөн байхад үндэслэлгүйгээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэх агуулгаар тайлбарлан маргасан.

 

3.Сүхбаатар сумын Засаг даргын 2014 оны А/150 дугаар захирамжаар “Дорнодшим агро” ХХК-д  тус сумын 5-р баг, Амгалан тал гэх газарт тариалангийн зориулалтаар 5000 м.кв газрыг эзэмшүүлж, мөн сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/64 дүгээр захирамжаар уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Сүхбаатар сумын Засаг даргын 2015 оны А/32 дугаар захирамжаар “Дорнодшим агро” ХХК-д  Сүхбаатар сумын 5-р баг, Амгалан тал гэх газарт тариалангийн зориулалтаар 4998 м.кв газрыг эзэмшүүлж, мөн сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/65 дугаар захирамжаар уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Талууд сонсох ажиллагааны талаар маргаагүй болно.

 

4. Маргаан бүхий захирамжууд нь “Дорнодшим агро” ХХК-ийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй үйлдэл гаргаж гэрээний нөхцөл болзлыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байх тул шүүх зөвхөн маргаан бүхий захиргааны актад дурдсан дээрх хоёр үндэслэлийн хүрээнд маргааныг хянан шийдвэрлэсэн болно.

 

5. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заажээ.

 

6. Сүхбаатар сумын газрын даамал С.Пагамханд болон “Дорнодшим агро”  ХХК нарын хооронд 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 02222-2015/00001 дугаар гэрээгээр 4997 м.кв газрыг газар тариалангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших, 2021 оны 12 сарын 16-ны өдрийн 02222-2014/00002 дугаар гэрээгээр 5000 м.кв газрыг газар тариалангийн зориулалтаар 20 жилийн хугацаатайгаар эзэмшихээр заажээ. Гэрээнд газрын төлбөрийн хэмжээг заагаагүй байна.

 

7. Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 4.14-д “газар эзэмших гэрээг дүгнүүлэх”, 4.18-д “гэрээний биелэлт тооцсон дүгнэлтээр илэрсэн зөрчлүүдийг заасан хугацаанд арилгах арга хэмжээ авах”-ыг газар эзэмшигчид үүрэг болгосон мөн 5.3-ын ё-д “өмнөх гэрээний биелэлтээр илэрсэн зөрчлийг арилгуулах”, 5.4-д “газар эзэмшүүлэх гэрээг жил бүр дүгнэх”-ийг газар эзэмшүүлэгчид үүрэг болгосон боловч хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч, хариуцагч талуудаас газар эзэмших гэрээг дүгнэсэн талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй учраас нэхэмжлэгчийг газар эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлснийг дүгнэх боломжгүй тул нэхэмжлэгч “Дорнодшим агро” ХХК-ийг газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан эсэхийг шүүхээс дүгнэж үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй.Өөрөөр хэлбэл хариуцагч тал маргаан бүхий захиргааны актад дурдсан “газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан” гэж нэхэмжлэгчийг буруутгасан үндэслэлээ нотлоогүй болно.

 

8. Иймд “Дорнодшим агро”  ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тодруулбал,

 

8.1. Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас байгуулсан “Дорнодшим агро” ХХК-ийн газар эзэмшил, ашиглалтын байдалд хийсэн шалгалтын хэсгийн 1 дүгээр хавтаст хэргийн 90 дүгээр талд авагдсан тайлан болон 98 дугаар талд авагдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас 2022 оны 06 сарын 07-ны өдрийн 1/27 тоотоор сумын Засаг даргад ирүүлсэн саналаас үзэхэд хяналт шалгалтын явцад:

-Байгаль орчны дүйцүүлэн хамгаалах арга хэмжээ хийгдээгүй

-Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний хугацаа дууссан

-Хамтран ажиллах гэрээний хугацаа дууссан

-2015 онд байгуулсан гэрээний тайлагналт байхгүй

-Байгаль орчинд нөлөөлөх төлөвлөгөө, тайлан байхгүй

-ТЭЗҮ байхгүй зэрэг зөрчлүүд илэрсэн тул холбогдох хуулийн дагуу тус компанийн  газар эзэмших эрхийг цуцлах санал хүргүүлжээ.

 

8.2. Дээрх ажлын хэсгийн шалгалтын тайлан болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирүүлсэн компанийн газар эзэмших эрхийг цуцлах саналд тусгагдсан зөрчлүүдэд газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэх зөрчлүүд тусгагдаагүй бөгөөд талууд ажлын хэсгийн шалгалтын тайлан болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирүүлсэн саналын талаар маргаагүй болно. Иймд  хариуцагчийн “Дорнодшим агро” ХХК нь газар эзэмших гэрээ, Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн, газрын төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөөгүй нь 2022 оны 05 сарын 07-ны өдрийн ажлын хэсгийн шалгалтын тайлангаар тогтоогдсоны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг цуцлах санал хүргүүлж, үүргийн биелэлтийг ирүүлэхийг даалгасан гэх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

8.3. Нэгдүгээр хавтаст хэргийн 113, 122 дугаар талд авагдсан Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрын 2023 оны 09 сарын 05-ны өдрийн 01/343 тоот албан бичгээр “Дорнодшим агро” ХХК-ийн эзэмшил газрын төлбөр төлөлтийн судалгааг сүүлийн 5 жилийн байдлаар гаргаж ирүүлсэн баримт, мөн уг газрын 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 01/359 тоот албан бичгээр ирүүлсэн “Дорнодшим агро” ХХК-ийн 2015-2023 оны төлбөр төлөлтийн судалгаагаар нэхэмжлэгч “Дорнодшим агро”  ХХК  нь 2019 оны 3793020 төгрөгийн газрын төлбөрөө бүрэн төлөөгүй, 2020 онд 84049 төгрөгийн илүү төлөлттэй гэжээ.

 

8.4. Гэвч хэргийн 2 дугаар хавтасны 98 дугаар талд авагдсан Татварын албаны 2190515704291 дугаартай төлбөрийн даалгавар, 99 дүгээр талд авагдсан  Татварын албаны татвар төлсөн №2190515704291 баримтаар 2019 оны 06 сарын 18-ны өдөр “Дорнодшим агро” ХХК-иас Сү.газрын төлбөр нэрээр 1.000.000 төгрөгийг Сүхбаатар аймгийн ГХБХБГ-ын 100120000943 тоот дансанд, 97 дугаар талд авагдсан мемориалын баримт, 91 дүгээр талд авагдсан Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн 2023 оны 11 сарын 03-ны өдрийн 161 тоот албан бичгээр 2019 оны 12 сарын 18-ны өдөр “Дорнодшим агро” ХХК-иас Сү.газрын төлбөр нэрээр 2.839.200 төгрөгийг Сүхбаатар аймгийн ГХБХБГ-ын 100120000943 тоот дансанд шилжүүлсэн болох  нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл “Дорнодшим агро”  ХХК  нь 2019 онд нийтдээ 3.839.200 төгрөгийг газрын төлбөрт төлсөн байх тул Сүхбаатар аймгийн ГХБХБГ-аас дээрх албан тоотоор “Дорнодшим агро”  ХХК  нь 2019 оны 3793020 төгрөгийн газрын төлбөрөө бүрэн төлөөгүй гэсэн нь үндэслэлгүй байна.

 

9. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч “*******-иас Сүхбаатар аймгийн *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

10. “Дорнодшим агро” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр орон нутгийн төсвийн орлогод давхардуулан төлсөн байх тул илүү төлсөн 70200 төгрөгийг буцаах нь зүйтэй байна.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.5-д заасныг баримтлан “Дорнодшим агро” ХХК-иас Сүхбаатар аймгийн *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/64, А/65 дугаар захирамжуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.

 

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

            3. “Дорнодшим агро” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч “Дорнодшим  агро” ХХК-д олгосугай.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.      

 

 

 

                   

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.БАЯРЦОГТ