Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2017/ШЦТ/45

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгч: М.О,

Шүүгдэгч: Б.Г

Шүүгдэгч М.О-ын өмгөөлөгч: О.Хишигсүрэн,

Шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч: Д.Дашцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.О, Б.Г нарт холбогдох эрүүгийн 201715010072 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, дугуй засвар ажилуулдаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ..... оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, М.О

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт суманд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Г

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.О, Б.Г нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2017 оны 04 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Онгоцон-Ухаа багаас хохирогч Ц.М, Д.Н нарын 5 тооны адууг хулгайлсан гэмт хэрэгт холбогдсон. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч М.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 10 гаран тооны адуугаа алдаад хойноос нь эрэлд явахаар Б.Г ахыг гуйгаад хамт Хархорин сум руу явсан. Хархорин сумын нутгаар 3-4 хоног адуугаа хайж явсан. 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Хархорин сумын “Их эрээн” гэдэг уулын араас өөрийнхөө адууг олоод Хархорин сумын урд талын пойлны тэнд авч ирээд орхисон. 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч ирээд адуугаа авахаар ирэхэд айлын 4 адуу манай адуунд нийлсэн байсан. Шанхын ойролцоо явж байгаад хүний 5 адууг орхисон боловч араас азрага нь давхиад ирсэн. Тэр 5 адууг өөрийнхөө адуутай байлгаж байтал М гэдэг залуу хайгаад явж байна гэж Шанхын тэр хавьд байдаг хүн хэлсэн. Би утсаар 4 адууны эзнийг нь дуудаж адуун дээрээ аваачиж үзүүлээд 4 адууг нь хүргэж өгсөн боловч дахиад манай адуунд хүрээд ирсэн. Өөр зүйл болоогүй. Би тэр 5 морины ногт хазаарыг нь авсан байсан. Мөн үрээнийх нь дэлийг нь зассан...” гэсэн мэдүүлэг

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “...М.О-ын адуунаас нь тэр 4 морь хөөгөөд байхад салахгүй байсан. Салгаад хөөхөөр М.О-ын адууны хойноос давхиж ирээд байсан. Хөөгөөд дийлдэхгүй болохоор нь цуг аваад явсан. Хүний адуу гэдгийг нь мэдсэн. Өөр хэлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг

Хохирогч Д.Н-ийн өгсөн  “...2017 оны 04 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сум 5 дугаар баг Онгоцон Ухаа багийн өөрийн өвөлжөөн дээр хашаатай байсан 3 үрээ 2 даага хулгайд алдсан. Энэ таван үрээ, дааганууд нь дэлтэй хар үрээ, дэлтэй зээрд үрээ, сартай цагаан хонгор даага зэрэг нь М гэх хүний адуунууд байгаа юм. Минийх болохоор хээр алаг үрээ, саарал даага зэрэг 5 толгой адуугаа хашаанаасаа алдсан. Учир нь дээрх 5 адууг тэжээж байсан юм. Усалчихаад хашаандаа шууд хашчихдаг өвсөөр тэжээж байсан үрээ, дааганууд байгаа юм. Уяж уралдуулах санааатай байсан юм. Дээрх 5 адууг усалчихаад л хашчихдаг гадагш нь гаргаж байгаагүй. Мөн алаг үрээг нь бариад удаагүй байсан болохоор уячихсан байсан. Дээрх уяатай байсан үрээний хазаарыг Н гэх залуу өөрийнхөө дааганд хийчихсэн байсан гэсэн. М хазаараа авах гэтэл даага баригдаагүй гэсэн. Мөн дээрх алдсан үрээнүүдийн дэлтэй зээрд үрээгээр нь О гэх залуу өөрийнхөө адуунд азарга тавьчихсан байсан гэсэн. Мөн дэлтэй хар үрээний дэлийг нь засчихсан байна лээ. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Үрээ, даагаа буцаагаад авчихсан. Ирж хайсны зардалд М бид хоёр 350.000 төгрөг авч тэнцүү хувааж авсан...” гэсэн мэдүүлэг,

2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “...Миний адууг аваад явчихсан байсан залууг О гэдэг юм билээ. Би урд өгсөн мэдүүлэгтээ Н гээд андуураад хэлчихсэн байна лээ. Би тэр 5 тооны адууг тэр хашаанд тэжээгээд 1 сар болж байсан тэр хугацаанд хашаанаас гарч явж байсан удаа байхгүй. Дээрээс нь тухайн үед би 2 адууг нь хашаан дотор уячихсан байсан. Тийм учраас тэр 5 тооны адуу хүний оролцоогүйгээр хашаанаас гарч явах боломжгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-57 дугаар хуудас/

Хохирогч Ц.М-ын өгсөн “...Манай гэр Архангай аймгийн Хашаат сумын Цагаан хад багийн нутагт байдаг. Би өөрийн 3 тооны дэлтэй зээрд зүсмийн соёолон насны азарган үрээ, хар хязаалан насны үрээ, сартай хонгор даага зэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум Онгоцон Ухаа багт нутаглаж байгаа өөрийн найз Д.Н гэж хүний адуун сүрэгтэй цуг байлгаж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Н-ийн малын хашаанд байсан миний 3 тооны адуу, Н-ийн 2 тооны адуу /хээр алаг хязаалан насны үрээ, саарал зүсмийн даага/ зэргийг алдсан. Одоо санал хүсэлт байхгүй. Алдсан 3 адууг өөрийн найз Н-ийн хар үрээ, саарал даага зэргийг хамт олсон. Надад санал хүсэлт байхгүй. Алдсан адууг амьдаар нь олсон одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-63 дугаар хуудас/

Гэрч Л.Б-ийн өгсөн: “...Би 2017 оны 04 дүгээр сарын дундуур байхаа хэдний өдрийг санахгүй байна. Хархорин сумын Шанх багийн Цагаан толгой гэх газраас адуугаа усруу оруулчихаад байж байсан чинь ногоон өнгийн Даюун маркийн мотоцикльтой 2 залуу ирээд нэг алагтай 5 тооны адуу харагдаагүй биз толгойдоо хазаар ногттой гэсэн. Тэр хоёр залуугийн нэг нь ер дугардаггүй юм билээ. Тэр адууг надаас асуухдаа зүсийг нь нэрлээд надаас асуугаад байсан. Би зүсийг нь марчихаад тэр 5 тооны адууг сурч явсан хоёр залууд толгойдоо хазаар ногттой 5 тооны адуу өчигдөр Цагаан эрэг дээр байсан гэж хэлсэн чинь тэр хоёр залуу Цагаан эрэгний тэндээс нөгөө 5 тооны адууг мотоциклоороо туугаад Хужирт сумын зүг рүү явж байсан. Тэр хоёр залуу Цагаан эргийн тэндээс 5 адуунаас өөр адуу тууж яваа харагдаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-72 дугаар хуудас/

Б.Г сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ:  “...Тэгээд Хужирт сумын Шавар түрүүнд байх гэрээсээ миний эзэмшлийн ногоон өнгөтэй Даюун маркийн мотоциколтой О-тай хамт явж Хархорин сумын төв орж клонкоос мотоцикльдоо бензин хийгээд Хархорин сумаас гарч яваад алдсан адуугаа оллоо гээд хэсэг адууг тууж Хужирт сумын Онгоцны буудлын хажууд үлдээгээд О-ыг сумын төвд байх гэрт нь хүргэж өгөөд би хөдөө гэрлүүгээ явсан. Танина хичнээн тооны адуутайг нь мэдэхгүй. Нэг азарга байсан. Түүнийг салгах гээд салахгүй болохоор нь бүгдийг нь хамт туугаад явсан...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 79-81 дүгээр хуудас/

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1 дүгээр хуудас/

- Фото зургийн үзүүлэлт /хх 11-12 дугаар хуудас/,

- Эд зүйлийн үнэлгээ /хх 14, 23, 32, 41 дүгээр хуудас/,

- Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх 92 дугаар хуудас/,

- Хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл /хх 19, 21 дүгээр хуудас/,

- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл /хх 28, 29, 37, 38 дугаар хуудас/, гэрч Л.Б-ийн мэдүүлэг /хх-70-72/, гэрч С.Б-ийн мэдүүлэг /хх-73-74/ хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.О, Б.Г нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2017 оны 04 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Онгоцон-Ухаа багаас хохирогч Ц.М, Д.Н нарын 5 тооны адууг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.О, Б.Г нар нь гэмт хэргийг бүлэглэн, машин механизм ашиглан үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан эрүүгийн хариуцлага оногдуулах зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О, Б.Г нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Шүүгдэгч М.О, Б.Г нар нь хохирогч Д.Н, Ц.М нарт 5 тооны адууг буцаан өгч ирж хайсны зардалд 350.000 төгрөгийг төлсөн байх тул хохирогч нарт төлөх төлбөргүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч М.О, Б.Г нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ногоон өнгийн “Даюун” маркийн мотоциклийг хураан авсан эд мөрийн баримтаар тооцох тухай 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.О, Б.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн   2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч М.О, Б.Г нарыг машин механизм ашиглаж бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-ыг  06 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ыг 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.О-д оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Г-т оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялыг  тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч М.О, Б.Г нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч М.О-ын 2.500.000 төгрөгийн үнэ бүхий 4 үхэр, шүүгдэгч Б.Г-ын 1.700.000 төгрөгийн үнэ бүхий 3 тооны үхэрийг битүүмжилсэн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” мөрдөгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай. 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч М.О, Б.Г нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Даюун” маркийн ногоон өнгийн мотоциклийгшүүгдэгч Б.Г-т буцаан олгосугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.О, Б.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

8.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.О, Б.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.    

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.ДАГИЙМАА