| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2023/03446/И |
| Дугаар | 181/ШШ2024/02176 |
| Огноо | 2024-05-28 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 181/ШШ2024/02176
2024 05 28 181/ШШ2024/02176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Н.Гантуяа, Г.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Ж.Самбуугийн гудамж, 0 байранд байрлах, Т ТБАГУТҮГ /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 05 дугаар хороо, 0 тоотод оршин суух, Ч овогт Б-гийн Э /РД:/-д холбогдох,
Гэм хорын хохиролд 15,538,796 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: иргэдийн төлөөлөгч Э.Т, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ариунтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ТБАГУТҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Төрийн албаны зөвлөл нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасныг баримтлан, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, мөн зүйлийн 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу нэхэмжлэлийг гаргаж байна.
Б.Энь Хан-Уул дүүргийн Засаг даргын ... үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/38 дугаар тушаалаар тус газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн Гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Н.А-г албан тушаалаас нь чөлөөлж, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/54 дүгээр тушаалаар төрийн албанаас халжээ.
Иргэн Н.А нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 0 дугаар шийдвэрээр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 0 дугаар тушаал, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 0 дүгээр тушаалуудыг хүчингүй болгож, Н.А-г Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6,700,155 төгрөгийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг даалгасан.
Гэтэл уг шийдвэрийг биелүүлээгүйгээс Н.А дахин шүүхэд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 9,788,614 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, зохих бичилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 0 дугаар тогтоол тус тус гарч ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж шийдвэрлэжээ.
Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн "Хөрөнгө хуваарилах тухай" 0 дугаар тушаалаар 6 770 355 төгрөг, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 8 768 441 төгрөг, нийт 15 538 796 төгрөгийг Н.А-д ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгожээ.
Б.Э-ын хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 15 538 796 төгрөгийг /төлбөр төлөх дансны дугаар төрийн банк 100900021501/ буруутай албан тушаалтан Б.Э-оос гаргуулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан татгалзал, тайлбартаа: Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ" гэж заасан.
Хариуцагч Б.Э нь Хан-Уул дүүргийн Засаг даргын ... үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа гаргасан Н.А-г ажлаас чөлөөлөх тухай тушаалыг шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэхдээ Б.Э-ын санаатай болон илтэд болгоомжгүй үйлдэл байсан гэсэн дүгнэлтийг шүүх хийгээгүй байна.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар хохирол шаардах үндсэн нөхцөлд албан хаагчийн үйлдэл болон иргэнд учирсан гэм хорын хооронд шууд шалтгаант холбоо тогтоогдсон байх учиртай. Үүнээс гадна хохирлыг арилгасан ажил олгогч ажилтнаасаа буцаан шаардах /регресс/ эрхийн бүрэлдэхүүн буюу урьдчилсан нөхцөлд гэм буруугийн бүх хэлбэрийг хамаатуулаагүй, зөвхөн тодорхой хэлбэрийг хуулиар тухайлан зааж өгсөн. Өөрөөр хэлбэл ажилтан шууд санаатай байх, эсхүл илтэд болгоомжгүй хандсан гэм буруутай тохиолдолд ажилтнаас буцаан шаардах эрх үүснэ. Б.Э-ын хувьд шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүйгээр хандаж, үүний улмаас төрд хохирол учруулсан үйлдэл байхгүй, албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн байдаг.
Үүнээс гадна Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.3-т "гэм хор учрах буюу түүнээс урьдчилан сэргийлэх, учирсан гэм хороос үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн буюу эрх бүхий этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ нөлөөлсөн бол гэм хорыг арилгах үүрэг болон түүний хэмжээг тодорхойлохдоо тэдгээрийн гэм буруугийн хэмжээг харгалзана гэж заасан.
Маргаануудын тухайд хариуцагч Б.Э- нь Хан-Уул дүүргийн Засаг даргын ... үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа иргэдийг ажлаас чөлөөлөхдөө шууд санаатай хэлбэрээр, мөн илтэд болгоомжгүй үйлдлээр хохирол учруулах санаа зорилго байгаагүй, Н.А нь ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага хангахгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.
Нэхэмжлэгч шаардах эрхгүй тухайд: Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 50 дугаар зүйлийн 50.1, 50.2, мөн 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасныг баримтлан төрд учирсан хохирлыг шаардах эрхтэй гэжээ.
Гэтэл 2017 онд шинэчлэн баталсан Төрийн албаны тухай хууль 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн тул энэ хугацаанаас хойш Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т зааснаар нийтийн эрх ашгийн үүднээс төлөөлөн нэхэмжлэл гаргах, шаардах эрх Төрийн албаны зөвлөлд анх хуулиар олгосон.
Мөн 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д "Зөвлөл нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:" гээд 35.1.2-т "...албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах" эрхтэй гэж заасан хэдий ч мөн хуулийн 4 дүгээр зүйлд Төрийн албаны тусгай зарчмуудыг тухайлан тодорхойлохдоо 4.2.7-д "хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах"-аар заасан. Мөн 2002 оны хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д "Төрийн албан хаагч энэ хууль болон бусад хуулийг зөрчсөн тохиолдолд энэ хуулийн 25 /халах/, 26 дугаар /сахилгын шийтгэл ногдуулах/ зүйлд заасан хариуцлага хүлээлгэхээр заасан. Өөрөөр хэлбэл 2002 оны хуулиар төрийн албаны үйл ажиллагааны үндсэн зарчмуудын нэгэнд "... учруулсан хохирлыг төр хариуцан арилгах" зарчмыг тодорхойлж үндсэн баталгаа болгосон, төр эргээд ажилтанд хүлээлгэх хариуцлагын төрөлд хөрөнгийн хохирлыг" мөн хуулийн 41 дүгээр зүйлээр хамааруулаагүй байна. Үүнийг бататгаж Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана" гэж заасан байдаг.
Дээрх зохицуулалтуудаас үзвэл Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар регресс шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх хэмжээ Төрийн албаны зөвлөлд 2002 оны Төрийн албаны тухай хуулиар олгогдоогүй. Уг хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасан "шаардах эрх" хэрэгжих боломж, тухайлсан нөхцөл нь 2002 оны Төрийн албаны хуулийнхаа бусад зохицуулалт, үндсэн зарчимаараа амилаагүй, хэрэгжих боломжгүй байсан тул Төрийн албаны зөвлөлд нэхэмжлэл гаргах, шаардах эрх байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Иргэдийн төлөөлөгч Э.Т дүгнэлтдээ: Хан-Уул дүүргийн ... Б.Э нь төрийн албан хаагч А-г 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр үүрэгт ажлаас чөлөөлж өөр ажилд томилсон. 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төрийн албаны ажлаас бүрэн чөлөөлсөн. Иргэн А-д ажилгүй байсан хугацааны цалин, нийгэм, эрүүл мэндийн даатгал гээд нийт 15,538,796 төгрөгийн хохирлыг төр нөхөн олгосон.
Улмаар төрд учирсан хохирлыг иргэн Б.Э нь барагдуулах үүрэгтэй гэж бодож байна гэжээ.
Нотлох баримт: нэхэмжлэгч талаас Т ТБАГУТҮГ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, Төрийн албаны зөвлөлийн 2022.02.22-ны өдрийн 0 дүгээр тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2023.05.18-ны өдрийн 04/1150 дугаар албан бичиг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч талаас нотлох баримт гаргаагүй, шүүхийн журмаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020.03.24-ний өдрийн А/50 дугаар тушаал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.11.05-ны өдрийн 0 дугаар шийдвэр, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.03-ны өдрийн 0 дүгээр шийдвэр, Нийслэл дэх Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.15-ны өдрийн0 дүгээр магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2020.09.17-ны өдрийн 0 дугаар шүүх хуралдааны тогтоол, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2020.12.10-ны өдрийн 0 дугаар тушаал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2023.03.10-ны өдрийн 0 дугаар тушаал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2019.04.08-ны өдрийн 0 дугаар тушаал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2018.02.09-ний өдрийн 0 дүгээр тушаал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2018.02.01-ний өдрийн 0 дугаар тушаал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2018.02.01-ний өдрийн 0 дугаар албан бичиг, 2018.02.01-ний өдрийн сонсох ажиллагаа хийсэн тэмдэглэл, 2018.02.01-ний өдрийн Н.А-ийн тайлбар, Тамгын газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны 09 дүгээр сарын тайлан, Нийгмийн даатгалын шийдвэрийн 2021 оны 2,3,4,5,6,7,8,9 сарын нөхөн тайлан, Н.А-ийн 2021 оны 1,2,3,4,5,6,7 сарын нийгмийн даатгал шимтгэлийн олговорын тооцоо, Тамгын газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны 09 дүгээр сарын тайлан, Нийгмийн даатгалын шийдвэрийн 2018 оны 2,3,4,5,6,7,8,9,10,11 сарын нөхөн тайлан, Н.А-ийн 2018 оны 2,3,4,5,6,7,8,9,10,11 сарын нийгмийн даатгал шимтгэлийн олговорын тооцоо, 2020.12.21-ний өдрийн 1247 дугаар төлбөрийн хүснэгт, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2023.03.10-ны өдрийн 0 дугаар тушаал зэргийг бүрдүүлсэн байна.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ТБАГУТҮГ нь хариуцагч Б.Э-д холбогдуулан гэм хорын хохиролд 15,538,796 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Т нь хариуцагч Б.Э-ыг Хан-Уул дүүргийн ... ажиллаж байхдаа Н.А-г ажлаас нь хууль бусаар чөлөөлж, төрийн албанаас халсан болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон, Н.А-гийн ажилгүй байсан хугацааны цалин, хөлс нийт 15,538,796 төгрөгийг төрөөс төлсөн тул төрд учирсан хохирлыг гаргуулна гэж нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч, иргэнд шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүйгээр хандаж, үүний улмаас төрд хохирол учруулсан үйлдэл байхгүй, албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн, төрийн албаны зөвлөл шаардах эрхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
1. Хариуцагч Б.Э нь Хан-Уул дүүргийн ... гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2018.02.01-ний өдрийн 0 дугаар тушаалаар Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн Гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Н.А-г ажлын байранд тавигдах шаардлага хангаагүй үндэслэлээр ажлаас нь чөлөөлж, дүүргийн 1 дүгээр хорооны зохион байгуулагчаар томилж, мөн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/54 дүгээр тушаалаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр албан үүргээ биелүүлээгүй гэж хорооны зохион байгуулагчийн ажлаас нь халжээ. /хавтаст хэргийн 147-151 хуудас/
Н.А нь дээрхи тушаалуудыг эс зөвшөөрч шүүхэд хандсанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 0 дугаар шийдвэрээр дээрх тушаалуудыг хүчингүй болгож, Н.А-г ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 6,700,155 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, зохих бичилт хийхийг даалгажээ. /хавтаст хэргийн 104-129 хуудас/
Хан-Уул дүүргийн ... Б.Э нь дээрхи шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, Н.А-г ажилд нь томилоогүйн улмаас Н.А нь дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 0 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 9,476,046 төгрөгийг гаргуулж Н.А-д олгож, Н.А-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, зохих бичилт хийхийг даалгажээ. /хавтаст хэргийн 130-142 хуудас/
2. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0 дугаар "Хөрөнгө хуваарилах тухай" тушаалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн 6,770,355 төгрөгийг гаргаж, мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 0 дугаар тушаалаар 9,476,046 төгрөгийг гаргаж, тус тус Н.А-д олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлжээ. /хавтаст хэргийн 143-146, 152-159 хуудас/
Ийнхүү хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэн төсвөөс Н.А-д олгосон 16,246,401 төгрөгийг ажлаас чөлөөлөх тушаал гаргасны улмаас хариуцагч Б.Э-ын төрд учруулсан хохирол гэж үзэх эсэх, Т хохирлыг шаардах эрхтэй эсэх талаар зохигч маргаж байна.
3. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр заасан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт иргэний эрх зүйн зөрчил буюу иргэний эрх зүйн хэм хэмжээгээр хамгаалагдвал зохих эрх, хууль ёсны ашиг сонирхлын төрлийг тодорхойлсноороо нийтлэг зохицуулалт болох хэдий ч зөрчил гаргасан этгээд зайлшгүй гэм буруутай байхыг шаарддагаараа энэ шаардлагыг тавьдаггүй тусгай зөрчлүүдээс ялгаатай. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө. гэж зааснаас үзвэл энэ зүйлд хамаарах зөрчлийн бүрэлдэхүүнд гэм буруугийн аль нэг хэлбэрийг заавал шаардаж байгаагаараа нийтлэг бус, нарийвчилсан зохицуулалт болдог онцлогтой. Иргэний хуулийн 498 дугаар зүйл нь албан хаагч, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтнуудын бусдад учруулсан хохирлыг хэрхэн арилгахтай холбоотой харилцааг зохицуулсан тусгай хэм хэмжээ бөгөөд мөн зүйлийн 498.5 дахь хэсэг нь ажилтны бусдад учруулсан хохирлыг арилгасан ажил олгогч ажилтнаасаа буцаан шаардах харилцаанд үйлчилнэ.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт ийнхүү ажилтнаас шаардах эрхийн бүрэлдэхүүн буюу урьдчилсан нөхцөлд гэм буруугийн бүх хэлбэрийг бус, тодорхой хэлбэрийг дурдан Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасан байна.
Иймд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зөрчил гаргасан этгээд уг зөрчилд гэм буруутай байхыг шаардсаныг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгтэй уялдуулан тайлбарлах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагч гаргасан зөрчилдөө шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй гэм буруутай бол тус хуульд заасан хариуцлага хүлээнэ.
4. Хариуцагч Б.Э нь Хан-Уул дүүргийн ... түр орлон гүйцэтгэж байхдаа шууд санаатай хэлбэрээр, мөн илтэд болгоомжгүй үйлдлээр ажилтныг ажлаас чөлөөлж хохирол учруулах санаа зорилго байгаагүй, Н.А нь ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага хангахгүй байсан гэж маргаж байна.
5. Шүүх хуралдаанд оролцсон Иргэдийн төлөөлөгч Э.Т нь хариуцагч Б.Э-ыг төрийн албан хаагч Н.А-г ажлаас чөлөөлсний улмаас шүүхийн шийдвэрээр хохирлыг төрөөс олгосон тул төрд учирсан хохирлыг Б.Э хариуцах үүрэгтэй гэж дүгнэсэн нь түүнийг гэм буруутай гэж үзсэн ерөнхий агуулгатай байна.
Шүүх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг дараахи үндэслэлээр үндэслэлтэй гэж үзэн хүлээн авлаа.
6. Хэргийн нөхцөл байдлаас үзвэл хариуцагч Б.Э нь маргаан бүхий 2018.02.01-ний өдрийн 0 дугаар, 2018.02.09-ний өдрийн 0 дүгээр тушаалуудыг гаргахдаа Н.А тухайн албан тушаалыг хаших ерөнхий болон тусгай шаардлагыг хангахгүй болсон гэдгийг нотолсон баримт байхгүй байхад ажлын байрны тодорхойлолтоор ТЗ-4 ангилалаар ажиллаж байхад нь ТЗ-3 ангилалд албан тушаалын зэрэглэл бууруулж томилсон нь үндэслэлгүй, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-ээр шийдвэр гаргаж байгаа бол түүнтэй тохиролцож байж өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэх байсан байхад тохиролцоогүй болох нь тогтоогдсон. Маргаан бүхий Б/54 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл ногдуулахдаа сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгах, зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулах, нэмэлт тайлбар хийх зэрэг эрхүүдийг хангаагүй, бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах тухай захиргааны үйл ажиллагааны зарчим, оролцогчийг сонсох ажиллагааг тус тус зөрчсөн зэргээр төрийн удирдах албан хаагч бүрийн мэдвэл зохих хуулийн эн тэргүүний шаардлагыг хангаж ажиллаагүй, захиргааны акт гаргах хуулиар тогтоож хэвшүүлсэн процессын шаардлагыг биелүүлээгүй үйлдэлдээ болгоомжгүй хэлбэрийн илтэд болгоомжгүй хандсан гэм буруугийн хэлбэр тогтоогдсон гэж үзэх үндэслэл Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 0 дугаар шийдвэрээр тогтоогдож байна.
Мөн шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, Н.А-г ажилд нь томилоогүй эс үйлдэлдээ санаатай хэлбэрийн гэм буруутай байна.
7. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу төрийн албан хаагчийн илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас бусдад учирсан хохирлыг төр хариуцан арилгасан бол энэ хохирлыг буруутай этгээдээс нэхэмжлэх боломжтой.
Нэхэмжлэгч Т нь хариуцагч Э.Э-ын хууль бус гэм буруутай үйлдлийн улмаас төрд 15,538,796 төгрөгийн гэм хор учирсан гэж үзэн энэ хэмжээгээр хохирлыг арилгуулахаар шаардсан.
Тус хэрэг маргаанд Т нэхэмжлэгчээр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэгч байх эрх зүйн үндсийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар нарийвчлан зохицуулах тул Т нь тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т заасан этгээд байна.
Төрийн албаны тухай хуулийн 50.1, 50.2 дахь хэсэгт зааснаар Т-ийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг тодорхойлсон тул төрд учруулсан хохирлыг шаардах эрхтэй байна.
8. Б.Э-ын учруулсан хохирлыг төсвөөс гаргуулан арилгасан тул Т-ийн Төрийн сан /Төрийн банк 100900021501 тоот данс/-д хохирлыг олгох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасны дагуу Б.Э-оос гэм хорын хохирол 15,538,796 төгрөгийг гаргуулж Т-ийн Төрийн санд олгов.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Нэхэмжлэгч Т-ийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Э-оос 235,644 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Э-оос 15,538,796 /арван таван сая таван зуун гучин найман мянга долоон зуун ерэн зургаан/ төгрөгийг гаргуулж Т ТБАГУТҮГ-ын Төрийн сангийн дансанд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Т ТБАГУТҮГ-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Э-с улсын тэмдэгтийн хураамжид 235,644 /хоёр зуун гучин таван мянга зургаан зуун дөчин дөрвөн/ төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА
ШҮҮГЧИД Н.ГАНТУЯА
Г.ЭНХЦЭЦЭГ