Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2024/02173

 






 

 

  2024      05        28                                      181/ШШ2024/02173

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, 0 тоотод байрлах С ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 06 дүгээр хороо, 0 байранд байрлах М ХХК /РД:0/-д холбогдох,

5227 килограмм евро-5 стандартын дизель түлшийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С ХХК нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: С ХХК нь М ХХК-тай 2023.04.20-ны өдөр №97/23 тоот Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах, хадгалуулах гэрээ"-г байгуулсан ба тус гэрээгээр Баян-Өлгий аймаг дахь М ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулахад манай компани нь газрын тосны бүтээгдэхүүн /Евро-5 стандартын дизель түлш/-ийг хадгалуулахаар харилцан тохиролцсон.

Талуудын хооронд байгуулагдсан 2023.04.20-ны өдрийн 0 тоот Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах, хадгалуулах гэрээний 4 дүгээр зүйлд хадгалалтын хөлсийг харилцан тохиролцож тогтоосон ба манай компанийн зүгээс хадгалалтын хөлсийг бүрэн төлсөн бөгөөд 2023.08.01-2023.08.31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөрийг тооцоо нийлэх актаар баталгаажуулсан.

Манай компани нь М ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь газрын тосны бүтээгдэхүүний агуулахад 2023.08.02-2023.08.30-ны өдрийн хооронд нийт 688,233 кг евро-5 стандартын дизель түлш хадгалуулсан бөгөөд 08 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 10 өдөр хүртэлх хугацаанд нийт 683,006 кг дизель түлшийг буцаан авсан. Улмаар манай компани нь М ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь газрын тосны бүтээгдэхүүний агуулахаас үлдэгдэл 5227 кг дизель түлшийг авах гэсэн боловч манай компанийн хадгалуулсан газрын тосны бүтээгдэхүүн дууссан хэмээн тайлбарлаж, үлдэгдэл газрын тосны бүтээгдэхүүнийг агуулахаас олгохоос татгалзсан юм.

Бидний зүгээс М ХХК-ийн менежер болон дотоод аудитын холбогдох ажилтантай уулзаж тус компанийн хадгалалтад үлдсэн үлдэгдэл газрын тосны бүтээгдэхүүнийг авах талаар уулзаж ярилцсан боловч үр дүн гараагүй ба М ХХК нь Баян-Өлгий аймаг дахь газрын тосны бүтээгдэхүүний агуулахад танай компанийн газрын тосны бүтээгдэхүүн үлдээгүй тул үлдэгдэл газрын тосны бүтээгдэхүүнийг олгох боломжгүй хэмээн мэдэгдсэн.

Үүний улмаас манай компани нь М ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь газрын тосны бүтээгдэхүүний агуулахад хадгалуулсан 5227 кг евро-5 стандартын дизель түлш буцаан авч чадаагүй.

Талуудын хооронд Иргэний хуулийн 422 дугаар зүйлд заасан хадгалалтын гэрээний харилцаа үүссэн. Гэрээнд хоёр тал барааг хүлээн авахаар заасан боловч тухайн үед ярилцаад М ХХК хүлээн авахаар болсон. ОХУ-аас автомашинаар орж ирж байгаа шатахууны хэмжээ баталгаажсан байдаг бөгөөд хил гаалиар хэдэн кг шатахуун орж байгааг нь хянадаг. Бид ОХУ-аас орж ирж байгаа шатахууныг дагалдах бичигт заасан кг-аар шаардаагүй, М ХХК-ийн хүлээн авсан шатахуунаас хүлээлгэж өгснийг нь хасаад нэхэмжилсэн байгаа. М ХХК нь нийт 688,233 кг шатахуун хүлээн авснаа өөрсдөө баталгаажуулаад, хадгалалтын хөлсийг 688,233 кг-аас тооцож авсан.

Иймд М ХХК-иас 5227 килограмм евро-5 стандартын дизель түлшийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М ХХК хариу тайлбар, татгалзалдаа: М ХХК нь "С" ХХК-тай 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 0 тоот "Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах, хадгалуулах" гэрээ байгуулсан ба тус гэрээгээр Баян-Өлгий аймгийн өөрийн агуулахад С ХХК-ийн барааг хүлээн авч хадгалах, буцаан олгох, хадгалуулагчаас төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон.

Дээрх гэрээний хүрээнд манай компанийн Баян-өлгий аймаг дахь газрын тосны бүтээгдэхүүний агуулахад 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хооронд С ХХК-ийн 683,006 кг дизель түлш хадгалуулсан бөгөөд тус түлшийг бүгдийг нь хадгалуулагч талд буцаан олгосон болно.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ 688,233 кг евро-5 стандартын дизель түлш хадгалуулсан гэх боловч үнэн хэрэгтээ 683,006 кг тоо хэмжээтэй бараа хадаглагдсан байдаг. Мөн түүнчлэн ОХУ-аас тээвэрлэн ирсэн автоцистернүүдийн торхнууд нь Монгол улсын стандарт хэмжилзүйн байгууллагаар батлуулаагүй үнэн зөв баталгаатай эсэх нь тодорхойгүй бөгөөд шалгаж авах боломжгүй байсан.

1992 оны 663 дугаар Шатахуун тосолгооны материалд хэмжилт тооцоолол хийх журам-д автомашины шатахууны сав нь дотроо хэдэн кг шатахууны багтаамжтайг баталгаажуулсан байхыг шаарддаг. Гэтэл ОХУ-ын автомашин торхонд хэдэн кг шатахуун ачих боломжтой нь баталгаажаагүй байдаг. С ХХК нь шатахуунаа ирэхэд хүлээж авдаггүй, манайх л хүлээн авдаг. Манай шатахуунтай нийлээд холилдож хадгалагдаж байгаа тул шатахуунууд дундын өмчлөл болох тул дутагдсан хэмжээг хоёр компанийн шатахууны хэмжээндээ хувилах байдлаар тооцсон. С ХХК нь өөрсдийнх нь шатахуун хилээр орж ирээгүй байхад манай агуулахаас шатахуун авч байсан. Бид савандаа хүлээн аваад хэмжилт хийдэг энэ нь дотоодын хэмжих хэрэгсэл болдог. Энэ хэмжих хэрэгслээр хэмжихэд дутагдал гарсан боловч хүлээн зөвшөөрөөгүй. Ингээд стандартын шаардлага хангасан хэмжилт бүхий автомашинд буцааж ачаад хоослоход дутагдал гарсан.

Нэхэмжлэгч тал тус барааг хамт хүлээн авах үүрэгтэй байсан ч энэ үүргээ гүйцэтгэж оролцоогүй. Бид тус агуулахад хадгалуулсан дизель түлшний тоо хэмжээг баталгаажуулж, тоолж агуулахыг суллахдаа "С" ХХК-ийн төлөөлөгчийг оролцуулж ажилласан байдаг.

Иймд С ХХК-ийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нотлох баримт: Нэхэмжлэгч талаас: 2023.04.20-ны өдрийн 97/23 дугаар Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах, хадгалуулах гэрээ, Олон улсын бараа тээвэрлэлтийн дагалдах бичиг /1-28/, түүний орчуулга, 2023.08.02-ны өдрийн бараа материалын дутагдлын акт /8 акт/, 2023.08.08-ны өдрийн бараа материалын дутагдлын акт /4 акт/, 2023.08.11-ний өдрийн бараа материалын дутагдлын акт /3 акт/, 2023.08.14-ний өдрийн бараа материалын дутагдлын акт /3 акт/, 2023.08.18-ны өдрийн бараа материалын дутагдлын акт /4 акт/, 2023.08.21-ний өдрийн бараа материалын дутагдлын акт /1 акт/, 2023.08.25-ны өдрийн бараа материалын дутагдлын акт /3 акт/, 2023.08.30-ны өдрийн бараа материалын дутагдлын акт /2 акт/, С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023.05.22-ны өдрийн №0501-23 тоот Гэрээний хавсралт-2 зэргийг гаргаж өгсөн, хариуцагч талаас М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023.10.09-ний өдрийн дутагдал тогтоосон акт зэгрийг гаргаж өгсөн, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан 5227 килограмм евро-5 стандартын дизель түлшийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг хадгалуулсан дизель түлшийг дутуу буцаан олгосон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг ОХУ-аас ачигдаж ирсэн шатахууныг хүлээн авах үүргээ биелүүлээгүй, ОХУ-аас автомашинаар орж ирж байгаа шатахууны торх хэдэн кг-ын багтаамжтай нь баталгаажаагүй тул шатахууны дутагдал гардаг гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. С ХХК нь М ХХК-тай 2023.04.20-ны өдөр №97/23 дугаар Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах, хадгалуулах гэрээ-г байгуулж, хадгалагч М ХХК нь Баян-Өлгий аймаг дахь газрын тосны бүтээгдэхүүний агуулахдаа Монгол улсын чанар стандартын шаардлага хангасан Евро-5 дизель түлшийг хүлээн авч хадгалах, хадгалуулагч барааныхаа гаальтай холбоотой бүх татвар хураамжийг төлж, чанарын шаардлагад нийцсэн Евро-5 дизель түлшийг хадгалуулж хадгалалт, ачилт, буулгалтын төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хавтаст хэргийн 5-7 хуудас/

Талууд Иргэний хуулийн 428 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасан Барааны агуулахад эд хөрөнгө хадгалуулах гэрээг байгуулсан, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй, хүчин төгөлдөр байна.

 

2. 2023.04.20-ны өдрийн №97/23 тоот Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах, хадгалуулах гэрээний дагуу нь С ХХК нь 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд ОХУ-аас автоцистернээр орж ирсэн 688,233 кг Евро-5 дизель түлшийг М ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь газрын тосны бүтээгдэхүүний агуулахад хадгалуулж, хадгалалтын болон ачилт, буулгалт, илүү цагийн нэмэгдэл хөлсийг төлсөн, М ХХК нь 2023.08.02-ны өдрөөс 2023.10.10-ны өдрийг хүртэл хугацаанд С ХХК-д нийт 683,006 кг Евро-5 дизель түлшийг буцааж олгосон талаар зохигч маргаагүй. /хавтаст хэргийн 8-93 хуудас/

 

3. Талууд 5227 килограмм евро-5 стандартын дизель түлш ОХУ-аас автоцистернээр орж ирэхдээ дутсан эсэх, хадгалагч дутагдуулан дутуу хүлээн өгсөн эсэх талаар маргаж байна.

 

Хариуцагч М ХХК нь агуулахдаа С ХХК-ийн дизель түлшийг өөрийн дизель түлштэй нийлүүлэн хадгалсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Дутагдал тогтоосон акт-аар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 115 хуудас/

 

Иргэний хуулийн 428 дугаар зүйлийн 428.4.-т Хадгалагч нэг төрлийн эд хөрөнгийг гагцхүү өмчлөгчийн зөвшөөрөлтэйгээр түүнтэй ижил төрлийн эд хөрөнгөтэй нийлүүлж хадгалж болно. Ийнхүү нийлүүлснээс бий болсон эд хөрөнгө нь хадгалуулагчдын дундын өмч болох бөгөөд хадгалуулагчид оногдох хэсгийг хадгалуулсан эд хөрөнгийн хэмжээгээр тодорхойлно гэж заасны дагуу С ХХК-ийн хадгалуулсан хэмжээний дизель түлшийг М ХХК хүлээлгэн өгөх үүрэгтэй байна.

Тодруулбал, М ХХК нь С ХХК-ийн дизель түлшийг тусад нь торхондоо хадгалсан бол уг тортой дизель түлшийг түүнийг гэж үзэх боломжтой байтал өөрийнхөө дизель түлштэй хольж хадгалсан учраас хадгалуулсан хэмжээгээр тодорхойлохоор байна.

 

4. Гэрээний 2.4-д Барааг хадгалуулахаар хүлээлгэн өгөх авах ажлыг Талуудын итгэмжлэгдсэн этгээдүүд хамт байлцаж хэмжилт тооцоо хийн үйлдсэн актаар хүлээн авсан барааны тоо хэмжээ тодорхойлогдоно гэж заасан байна.

С ХХК-ийн дизель түлш нь ОХУ-аас автоцистернээр орж ирэхдээ Олон улсын бараа тээвэрлэлтийн дагалдах бичиг-тэй ирсэн бөгөөд уг дагалдах бичгээр М ХХК нь агуулахдаа хүлээн авахдаа хэмжилт тооцоо хийж, Бараа материалын дутагдлын акт-ыг үйлджээ. Уг актаар С ХХК-ийн дизель түлш Олон улсын бараа тээвэрлэлтийн дагалдах бичиг-т заасан хэмжээнээс дутуу ирснийг баталгаажуулан, хүлээн авсан хэмжээгээ тогтоосон байна. /хавтаст хэргийн 10-93 хуудас/

М ХХК нь бүх төрлийн шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэх үндсэн үйл ажиллагаа явуулдаг, мөн ОХУ-аас автоцистернээр шатахуун импортлодог бизнес эрхлэгч тул ОХУ-аас автоцистернээр орж ирсэн шатахуун Олон улсын бараа тээвэрлэлтийн дагалдах бичиг-т заасан хэмжээнээсээ өөр байх боломжтой мэдэх боломжтой юм. /хавтаст хэргийн 99 хуудас/

Иймээс М ХХК нь өөрийн хэмжих хэрэгслээр С ХХК-ийн евро-5 дизель түлшийг хүлээн авахдаа хэмжилт хийж Бараа материалын дутагдлын акт-ыг үйлдсэн, нэхэмжлэгч С ХХК нь М ХХК-ийн Бараа материалын дутагдлын акт-д заасан хэмжээгээр хадгалуулсан шатахууны хэмжээгээ тодорхойлсон тул 5227 килограмм евро-5 стандартын дизель түлшийг ОХУ-аас автоцистернээр орж ирэхдээ дутсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн М ХХК нь С ХХК-ийн хадгалуулахаар хүлээлгэн өгсөн /ОХУ-аас орж ирсэн/ шатахууныг хэмжилт хийн Бараа материалын дутагдлын акт-ыг үйлдэж хүлээн авсан тул нэхэмжлэгч С ХХК-ийг ОХУ-аас дизель түлшээ орж ирэхэд хамт байлцаж хүлээж аваагүй гэрээний 2.4-д заасны дагуу үүргээ зөрчсөн гэх тайлбар нь маргааны зүйл болох шатахууны хэмжээг тодорхойлоход хамааралгүй байна. Тодруулбал хамт байлцсан бол өөр хэмжээтэй байх байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

5. Хариуцагч М ХХК нь нөөцийн 50 м3 багтаамжтай 8 ширхэг саванд 2023 оны 01 сард байсан эхний үлдэгдэл /347,009 л буюу 291,640 кг/ дээр өөрийн болон С ХХК-ийн татан авсан дизель түлшийг нэмж, зарлага болон хорогдлыг хасаж, байвал зохих үлдэгдлийг гаргаж, савнуудыг суллах байдлаар эцсийн үлдэгдлийг тогтоон, зөрүү буюу дутууг тооцоолж Дутагдал тогтоосон акт-ыг 2023.10.09-ний өдөр үйлдсэн байна.

Уг актанд С ХХК нь 2023.08.02-ноос эхлэн 825260 литр 688,235 кг дизель түлшийн орлого хүлээн авч хадгалуулсан байна. Тоолж баталгаажуулсан эцсийн үлдэгдэл 15,936 литр 13,385 кг, байвал зохих үлдэгдлээс гарсан зөрүү 5495 кг дутагдалтай гэж тодорхойлжээ. /хавтаст хэргийн 115 хуудас/

Хариуцагч М ХХК-ийн Дутагдал тогтоосон акт-аар өдөр тутмын бүртгэлдээ үндэслэн өөрийн нөөцийн 8 ширхэг саванд 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс байсан буюу хүлээн авч хадгалсан түлшийн хэмжээнд харьцуулах байдлаар дутагдсан түлшийг хуваарилсаныг үндэслэлтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

6. Дээрхи үндэслэлүүдээр хариуцагч М ХХК нь С ХХК-ийн евро-5 стандартын дизель түлшийг хадгалахаар хүлээн авахдаа 5227 килограммыг дутуу авсан болохоо баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 424 дүгээр зүйлийн 424.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол хадгалагч нь хадгалалтад шилжүүлсэн эд хөрөнгийг алдсан, дутагдуулсан, гэмтээснээс хадгалуулагчид учирсан хохирлыг төлнө гэж заасны дагуу хариуцагч М ХХК-иас 5227 килограмм евро-5 стандартын дизель түлшийг гаргуулж С ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 428 дугаар зүйлийн 428.4, 424 дүгээр зүйлийн 424.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М ХХК-иас 5227 кг евро-5 стандартын дизель түлшийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 280,950 /хоёр зуун наян мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж С ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА