Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2020/ДШМ/1497

 

 

 

 

 

  2020            12               17                                       2020/ДШМ/1497    

 

Т.Уад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ганзориг,  

хохирогч Х.Оюунбилэг,

шүүгдэгч Т.Уын өмгөөлөгч У.Сайнбилэг,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,          

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 2020/ШЦТ/1772 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Уын өмгөөлөгч У.Сайнбилэгийн гаргасан давж заалдах гомдлоор Т.Уад холбогдох 2006013012117  дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Т.У, 2001 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүүгийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Ард-Аюушийн 5 дугаар гудамжны 132 тоотод оршин суудаг, /РД:УО01322414/;

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтуудад зааснаар Т.Уын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Уыг “гэмт хэргийн хор уршгийг 6 сарын хугацаанд арилгах, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг тус тус хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэсэн.  

Т.У нь 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Буудай” нэртэй зочид буудлын 301 тоот өрөөнөөс хохирогч Х.Оюунбилэгийн эзэмшлийн “Самсунг А-50” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 585.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх прокурорын газраас: Т.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Т.Уыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Уад 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Т.Уад урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, Т.Уад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтуудад зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ял оногдуулж уг ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаатай хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Т.Уад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Уын урьд цагдан хоригдсон нийт 24 /хорин дөрөв/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Уад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтуудад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Т.Уаас нийт 585.600 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Оюунбилэгт олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Уын өмгөөлөгч У.Сайнбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Уад хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагын хувьд анхан шатны шүүхээс хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна. Анхан шатны шүүхээс урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Т.У нь тухайн хэргийг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба 18 насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана.” гэж заасан. Т.У нь одоо хэдийгээр 18 насанд хүрсэн боловч энэ нь өсвөр насны үедээ үйлдсэн гэмт хэрэгт нь ял оногдуулах тусгай журмыг хязгаарлах үндэслэл болохгүй юм.

Иймд дээрх дурдсаныг үндэслэн Т.Уад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтуудад зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаатай хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг 2 дахин багасгаж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Х.Оюунбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирлоо барагдуулж аваагүй байгаа. Давтан гэмт хэрэг үйлдэж байгааг нь өөгшүүлж болохгүй гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор Б.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан бөгөөд шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүн шүүхийн шийтгэх тогтоол гарах үед арван найман насанд хүрсэн бол энэ хуулийн 8.6 дугаар зүйл хамаарахгүй. ...” гэж заасан ба анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Т.У нь 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Буудай” нэртэй зочид буудлын үүдний ширээн дээрээс хохирогч Х.Оюунбилэгийн эзэмшлийн “Самсунг А-50” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 585.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Х.Оюунбилэгийн “...Би 2020 оны 2 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Буудай” нэртэй зочид буудлын 301 тоотод орж үйлчлүүлсэн. Өглөө буудлаас гарах болоход миний Самсунг А50 загварын гар утас алга болсон. Буудалд хаана тавьснаа санахгүй байна. Ямар ч байсан куртиканы халаасанд хийснээ санаж байна. Буудалд гар утсаа цэнэглээгүй. . ...” /хх-11-14/,  

гэрч Н.Лхагвадэлгэрийн “...2020 оны 6 дугаар сард найз Ичинхорлоогийн Самсунг А50 загварын гар утсанд өөрийн 80955494 дугаарыг хийж 2 хоног ашигласан. ...” /хх-15/,

гэрч С.Ичихорлоогийн “...Би Самсунг А50 загварын гар утас ашиглаж байсан. Би уг утсыг 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр үл таних 20 орчим насны эрэгтэй хүнтэй таараад Өргөө кино театрын ойролцоо байх барьцаалан зээлдүүлэх газраас уг гар утсыг худалдаж авсан. Тэр хүн уг гар утсыг барьцаанд тавьсан байсан.  . ...” /хх-16-17, 22/,

Т.Уын яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр “Буудай” нэртэй зочид буудлын ажилтны ширээн дээр нэг гар утас харагдсан. Ойрд хавьд нь хүнгүй байсан ба уг гар утсыг авч Өргөө кино театрын хажууд байрлах ломбард руу ороод нөгөө буудлаас авсан гар утсаа 300.000 төгрөгийн барьцаанд тавьсан. ...Маргааш нь нэг хүнтэй фэйсбүүкээр холбогдож уг гар утсыг зарахаар болж ломбарданаас утсыг авч 340.000 төгрөгөөр зарсан. ...” /хх-35-36/ гэсэн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх5/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-23-25/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Т.Уыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Т.У нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Уыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Т.Уад урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, Т.Уад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтуудад зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ял оногдуулж уг ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаатай хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм бурууд нь тохирсон байна.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэвэл, Т.Уын үйлдэлд орон байранд нэвтэрсэн шинж тогтоогдоогүй бөгөөд хохирогч Х.Оюунбилэг “...гар утсаа хаана тавьснаа санахгүй байна. ...” /хх11-14/, шүүгдэгч Т.У нь тухайн гар утсыг “...буудлын ажилтны ширээн дээрээс авсан. ...” /хх-35-36/ гэж тус тус мэдүүлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг прокурор болон анхан шатны шүүх буруу тогтоосон байх тул хэргийн үйл баримтыг “зочид буудлын үүдний ширээн дээрээс” хулгайлан авсан гэж шүүгдэгчид ашигтай байдлаар зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 199 дугаартай шийтгэл тогтоолоор шүүгдэгч Т.Уад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтуудад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн бөгөөд тэрээр 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө буюу тэнсэнгийн хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 1772 дугаартай шийтгэх тогтоолоор тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Т.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан гэмт хэргийг үйлдэх үедээ насанд хүрээгүй буюу 17 нас, 10 сар, 30 хоногтой байсан нөхцөл байдал /хх40/ тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “....Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. ...” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана. ...” гэж тус тус хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба 18 насанд хүрээгүй хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тусгай журмыг баримтлахаар хуульчилсан бөгөөд хэдийгээр 18 насанд хүрсэн боловч бие физиологи, сэтгэхүйн хөгжлийн онцлогоос хамаарч оюун санаа нь насанд хүрсэн хүний хэмжээнд хүрээгүй буюу өөрийнх нь бие физиологийн хөгжлөөс оюун санааны хөгжил нь тодорхой хэмжээгээр хоцорч байгаа хүнийг өсвөр насны хүнд тооцох боломжтой байдаг.

Шүүгдэгч Т.У нь гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтуудад зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг 2 дахин багасгаж, 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 3 сарын хугацаагаар тогтоож өөрчлөлт оруулав.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Т.Уын өмгөөлөгч У.Сайнбилэгийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан ялыг 2 дахин багасгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх зүйтэй давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 2020/ШЦТ/1772 дугаартай шийтгэх тогтоолын 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Т.Уад урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, Т.Уад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтуудад зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ял оногдуулж уг ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаатай хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоосугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Т.Уад урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, Т.Уад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтуудад зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг 2 дахин багасгаж, 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 3 сарын хугацаагаар тогтоосугай. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ