Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 122/ШШ2023/0029

 

2023 оны 12 сарын 13 өдөр                122/ШШ2023/0029                            Баруун-Урт сум

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Цэрэнханд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүрэг, хороо, Анома ******* хаягт байрлах “******* *******т солюшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/210 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.  

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “******* *******т солюшн” ХХК-ийн захирал Д.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.*******, нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр нар оролцов.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч “******* *******т солюшн” ХХК-иас Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан “Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/210 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

 

  1. Анх Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/159 дүгээр захирамжаар тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Бичигт боомтоос хойш 4 км-ийн зайд, тосны замын зүүн талд 96 га газрыг гаалийн хяналтын талбай, үйлчилгээний зориулалтаар “Интеллект инвест” ХХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлж гэрээ байгуулан гэрчилгээ олгож, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/68 дугаар захирамжаар газар эзэмшигч компанийн нэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан “******* *******т солюшн” ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгож, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.

 

  1. ******* сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/210 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн, дуудлага худалдаа, төсөл хөтөлбөр сонгон шалгаруулах зарчмаар олгогдоогүй гэсэн үндэслэлээр “******* *******т солюшн” ХХК-д гаалийн хяналтын зориулалтаар эзэмшүүлсэн 96 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон.

 

  1. Уг маргаан бүхий захирамжийг нэхэмжлэгч 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

5. Нэхэмжлэгч “******* *******т солюшн” ХХК-ийн захирал Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь анх Сүхбаатар аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 09 сарын 28-ны өдрийн 08 дугаартай тогтоолоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж тус сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/159 дүгээр захирамжаар “Интеллект-Инвест” ХХК-д бичигт боомтоос хойш тосон замын зүүн талд 4 км зайд 96 га газрыг эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээг авч одоог болтол ашигласаар ирсэн.

Маргаан бүхий газрыг Газрын тухай хуульд заасны дагуу төсөл хэрэгжүүлэх зарчмын дагуу авч төслийг хэрэгжүүлэхээр маш олон зүйлсийг хийж хэрэгжүүлээд байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасны дагуу газрын төлбөрийг төлөөгүй гэх үндэслэл нь үндэслэлгүй бөгөөд төрийн захиргааны байгууллага өөрт байгаа мэдээллийг дутуу шалгаж манай компанийг төлбөр төлөөгүй гэж дурдаж байна. Манай компани 2014 оноос хойш газрын төлбөрийг бүрэн төлсөн байдаг.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т сумын Засаг дарга энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах эрхтэй гэж заасан байна. Тухайн үед Засаг дарга нь эзэмшүүлж болно гэж шийдвэрлээд захирамж гаргасан байхад одоо манай компани хууль зөрчиж тус газрын эзэмшиж байгаа мэтээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан байна.

Манай компани дур мэдэн дээрх газрыг эзэмшиж, ашигласан зүйл огт байхгүй тухайн үед хүсэлтээ гаргаж, холбогдох татвар хураамж бүх зүйлийг төлсөн. Төрийн үйл ажиллагаа нь тасралтгүй байх ёстой байхад өмнөх Засаг дарга боломжтой гэж шийдвэрлэж, эзэмших эрх олгосон нь тодорхой байхад “хууль зөрчиж эзэмшсэн” гэсэн нь өнөөдрийг хүртэл дээрх газруудад хийсэн хөрөнгө оруулалтыг минь үл тоон, эзэмшил газрыг булаан авах оролдлого гэж үзэхээр байна.

Манай компани нь хуульд заасны дагуу хүсэлт болон холбогдох материалуудыг өгч, төлөвлөгөөнд туссан боломжтой байршилд газар эзэмшсэн бөгөөд тухайн газрынхаа төлбөрийг тогтмол төлж, үүргээ биелүүлж ирсэн.

2015-2018 онуудад Засгийн газрын шийдвэрээр өвс экспортлох зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд болон орон нутагт бүтээн байгуулалт хийж буй гадаадын компаниуд манай эзэмшил газар дээр нийт 650 орчим мянган тонн өвсийг хурааж нөөцлөн бид талбайгаа өвс ачиж, буулгаж, тээвэрлэх хяналтын бүсийн зориулалтаар ашиглуулсан байдаг ба 2016 онд өвөлжилтийн бэлтгэл хүндэрсэнтэй холбоотойгоор өвс экспортлохыг хориглосон болон засаг төрийн бусад шийдвэрээс хамааран аж ахуйн нэгжүүд өвсөө экспортолж чадаагүй тул тус өвсийг манай газар дээр одоог болтол байлгасаар байна. Аж ахуйн нэгжүүд их хэмжээний зардал гаргаж өвс хураасан боловч Засгийн газрын шийдвэрийн улмаас учирсан хохирлоо гаргуулахаар холбогдох байгууллагуудад гомдол гаргасан тухай бидэнд мэдэгдэж, тухайн асуудлыг шийдвэрлэгдтэл манай компанийн зүгээс хийгдэх ажил удааширсан.

 

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэл 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон.

Үүнээс хойш хууль холбогдох журамд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно.”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”-д зааснаар хууль бус захиргааны актын улмаас манай компанийн хуулийн дагуу газар эзэмших эрх мөн одоог хүртэл олон жил уг газрыг зориулалтын дагуу ашиглах шат дараатай олон ажлуудад зарцуулсан хөрөнгө мөнгө эдийн засгийн хохирол, түүний ард маш олон иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байгаа тул Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны А/210 дугаар захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”, 106.3.12 “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах” гэж заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий захиргааны актаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан “******* *******т солюшн” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна. Харин Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг яагаад үндэслэл болгосон нь ойлгомжгүй байгаа. Хэрвээ газар эзэмшүүлэх захирамж нь анхнаасаа хууль бус байсан гэж үзээд газар олгосон захирамжийг хүчингүй болгож байгаа бол Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг үндэслэх нь зүйтэй байсан. Тиймээс захиргааны акт хууль зүйн хувьд ойлгомжгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч компани 96 га газрыг төсөл сонгон шалгаруулах зарчмаар эзэмшсэн нь гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэл нь Засаг даргаас авсан газрын төлбөрийн талаарх лавлагаа, гэрээ дүгнэсэн актаар үгүйсгэгдэнэ. Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэлийг Монгол Улсын Дээд шүүхийн Газрын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарласан тайлбартай холбож үзнэ. Тус тайлбарт хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт гэнэтийн давагдашгүй хүчин зүйл тохиолдохыг ойлгоно гэсэн байгаа. Давагдашгүй хүчин зүйлд ковид-19 цар тахлын нөхцөл байдал хамаарна гэж ойлгож байна.

Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн  39 дүгээр тогтоолоор бичигт боомтод хөл хорио тогтоосон. 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, 2020 оны  07 дугаар сарын 31-ний өдрийн 159 дүгээр тогтоол, 2020 сарын 12 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хилийн боомтын үйл ажиллагааг зогсоосон байсан. Энэ хугацаанд хил дээр үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан. Захиргааны акт нь тодорхой, ойлгомжтой, бодит нөхцөл байдалд нийцсэн байх ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан зарчмыг баримталж, сонсох ажиллагааг үндэслэж актыг гаргах ёстой байсан. Маргаан бүхий захиргааны актыг бодит нөхцөл байдалд тохироогүй, зорилгодоо нийцээгүй, хууль бус акт гэж үзэж байна. Иймд хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

7. Хариуцагч ******* сумын Засаг дарга Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/210 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгох шаардлага бүхий “******* *******т солюшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Дээрх маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан Газрын төлбөрийг төлөөгүй, 40.1.6-д заасан Газраа зориулалтын дагуу ашиглаагүй, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан төсөл сонгон шалгаруулах зарчмаар олгогдоогүй гэсэн үндэслэлээр сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/159 дүгээр захирамжаар “Интеллект-Инвест” ХХК-д олгогдсон бичигт боомтоос хойш 4 км зайд байрлах 96 га газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг явуулсан мөн Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 01/297 дугаартай албан бичгээр “******* *******т солюшн” ХХК-ийн газрыг хүчингүй болгохоор сонсох ажиллагаа хийж тайлбар саналыг авсан байсан.

Аймгийн Засаг дарга болон Газрын албанаас маргаан бүхий газрыг хүчингүй болгох тухай чиглэлийг Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 01/315 дугаартай албан бичгээр манай байгууллагад ирүүлсэн тул газрын зөрчлийг хянан шалгах зорилгоор дотооддоо ажлын хэсэг байгуулсан.

Тухайн газрыг судлан үзэхэд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Сүхбаатар аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 08 дугаартай тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулж, Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/159 дүгээр захирамжаар “Интеллект-Инвест” ХХК-д бичигт боомтоос хойш 4 км зайд 96 га газрыг эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээг олгосон байдаг.

“Интеллект-Инвест” ХХК нь 2017 онд оноосон нэрээ “******* *******т солюшн” ХХК болгож өөрчилсөнтэй холбогдуулж сумын Засаг даргад хүсэлт ирүүлсний дагуу тус хүсэлтийг шийдвэрлэж ******* сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/68 дугаар захирамж гарч “******* *******т солюшн” ХХК-тай гэрээ байгуулж газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна.

2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/210 дугаар захирамж нь хууль эрх зүйг баримтлан гаргасан захиргааны хүчин төгөлдөр акт тул нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож  өгнө үү гэжээ.

 

  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Бичигт боомт орчимд газар эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгээд Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас Засаг даргад чиглэл өгсөн. Үүнийг үндэслэж Засаг даргын А/210 дугаар захирамж гарсан гэж ойлгож байгаа гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг төсөл шалгаруулах зарчмын дагуу манай компанид эзэмшүүлэх сумын Засаг даргын 2014 оны А/159 дүгээр захирамж гарсан. Манай компани 2014 оноос хойш газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлж байсан, 2018 он буюу газар эзэмшүүлэх гэрээ байгуулснаас хойших хугацаанд өөрийн эзэмшлийн 96 га газраа зориулалтын дагуу ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан ... ” гэж, хариуцагчаас “ ... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “газрын төлбөрийг төлөөгүй”, 40.1.6-д заасан “газраа зориулалтын дагуу ашиглаагүй”, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан “төсөл сонгон шалгаруулах зарчмаар олгогдоогүй” гэсэн үндэслэлээр сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/159 дүгээр захирамжаар “Интеллект инвест” ХХК-д олгогдсон 96 га газрыг эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн сумын Засаг даргын 2023 оны А/210 дугаар захирамж хууль зүйн үндэслэлтэй ...” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.

 

3. Сүхбаатар аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар зохион байгуулалтын 2014 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай” 08 дугаар тогтоолоор аж ахуйн нэгжид 96 га газрыг эзэмшүүлэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулан шийдвэрлэж улмаар сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/159 дүгээр захирамжаар тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Бичигт боомтоос хойш 4 км-ийн зайд, тосны замын зүүн талд 96 га газрыг гаалийн хяналтын талбай, үйлчилгээний зориулалтаар “Интеллект инвест” ХХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/68 дугаар захирамжаар газар эзэмшигч компанийн нэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан “******* *******т солюшн” ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгожээ.

 

4. Маргаан бүхий Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/210 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн дуудлага худалдаа, төсөл хөтөлбөр сонгон шалгаруулах зарчмаар олгогдоогүй гэх үндэслэлээр тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Бичигт боомтод газар эзэмшигч “******* *******т солюшн” ХХК-д гаалийн хяналтын зориулалтаар эзэмшүүлсэн 96 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгож, сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/159 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцжээ.

 

  1. Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/210 дугаар захирамжийн үндэслэл бүрд дүгнэлт өгвөл;

 

5.1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор хуульчилсан.  

Хэрэгт авагдсан “******* *******т солюшн” ХХК-ийн газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэсэн актад /хх-ийн 51-рт/ газрын төлбөрийг гэрээний дагуу төлсөн гэж дүгнэсэн, ******* сумын Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1/193 дугаар албан бичигт /хх-ийн 116-рт/ “нэхэмжлэгч компанитай 2017 онд газар эзэмших эрхийн гэрээг байгуулснаас хойших газрын төлбөр төлсөн баримтыг төрийн сангаас шүүн үзэхэд 2023 оны хоёрдугаар улирлын байдлаар төлбөрийг төлсөн, төлбөрийн үлдэгдэлгүй байна” гэсэн атлаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг зөрчсөн, үндэслэлгүй шийдвэр болсон байна.

 

5.2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалттай бөгөөд дээрх заалтын агуулга нь урьдчилсан гурван нөхцөлтэй, эдгээр нөхцөлүүд нэгэн зэрэг хангагдсан тохиолдолд уг заалтын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэж үзнэ.

Тодруулбал, газраа зориулалтын дагуу ашиглаагүй байх, ийнхүү ашиглаагүй хугацаа нь дараалсан 2 жил байх, ашиглаагүй шалтгаан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байхаар урьдчилсан нөхцөл заасан, энэхүү маргааны үйл баримтын тухайд эдгээр шаардлагыг хангаагүй, захиргааны байгууллага шийдвэр гаргахын өмнө нөхцөл байдлыг тодруулах, холбогдох нотлох баримтыг цуглуулах ажиллагааг бүрэн дүүрэн хийгээгүйгээс захиргааны акт үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолын 1.10 дахь хэсэгт “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг, “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж тус тус тайлбарлажээ.

Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/68 дугаар захирамжийг үндэслэн газар эзэмшүүлэгчийг төлөөлж сумын газрын даамал Д.Батмандах, газар эзэмшигчийг төлөөлж “******* *******т солюшн” ХХК-ийн захирал Д.******* нар “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан байна.

******* сумын Засаг даргаас нэхэмжлэгч компанид хандан тухайн компанийн эзэмшлийн 96 га газрын 60 орчим га талбайг экспортын өвс ачиж буулгах зориулалтаар 2 жилийн хугацаатай ашиглахыг хүсч, нийгмийн хариуцлагын хүрээнд Засаг даргын санал санаачилгыг дэмжиж ажиллахыг уриалсан албан бичгийг 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүргүүлж,  /хх-ийн 44-рт/ улмаар суманд бүтээн байгуулалт хийж буй иргэд, аж ахуйн нэгжүүдийн экспортод зориулж хадсан өвсийг буулгах, ачиж тээвэрлэхэд зориулж 96 га гаалийн хяналтын талбайн 30 га талбайг Засаг даргын Тамгын газрын ашиглалтад 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг дуустал 26 сарын хугацаатай түр шилжүүлсэн түрээсийн гэрээ байгуулж ашиглуулж байсан /хх-ийн 46-47-рт/ болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Гэрч Ө.Батсайханы “... Намайг ажиллаж байх хугацаанд тухайн компанийн газар дээр 2019-2020 онуудад буюу ковидын үед аймгийн болон сумын Засаг дарга нарын хамтын шийдвэрээр тээврийн машинуудыг парклах асуудлыг шийдвэрлэж байсан. Одоо компанийн газар дээр хуучин өвс хураасан байдалтай байгаа ...”, гэрч С.Амартайваны “... БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн зүүн үзэмчин хошуутай хийсэн гэрээний дагуу ******* суманд баригдсан зочид буудал, засмал замын үнэ хөлсөнд өгөхөөр бэлтгэсэн өвсийг хураах талбай хэрэгтэй байсан тул уг компанид хүсэлт явуулж хадлангийн өвсийг хураах, хадгалах зориулалтаар тухайн компанийн эзэмшлийн газрыг ашиглаж байсан ...” гэх мэдүүлгээр нэхэмжлэгч компанийн эзэмшлийн талбайг өнөөдрийг хүртэл чөлөөлөөгүй, газар эзэмшигч нь өөрөөс үл хамаарах шалтгаанаар үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байдалд байсан болох нь давхар нотлогдож байна гэж үзлээ.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн Газраас 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоолоор БНХАУ-д гарсан шинэ коронавирусийн халдвар (COVID-19)-ын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж хил, гаалийг хааж, гаалийн хяналтын талбайг зориулалтын дагуу ашиглах ямар ч боломжгүй байдалд орсон, энэ нь 2022 оны 03 дугаар сар хүртэл үргэлжилсэн, нөгөө талаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн төлөөлөгч Д.******* нь 2022 онд хагалгаанд орсны улмаас үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгааныг хариуцагч шийдвэр гаргахдаа харгалзан үзэх ёстой байсан.

Дээрх хүндэтгэн үзэх шалтгаанаар “******* *******т солюшн” ХХК нь газар эзэмшигчийн үүргээ биелүүлж чадаагүй байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл үгүйсгэгдэж байна.  

 

5.3. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараах журмыг баримтлан шийдвэрлэнэ:”, 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаар бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно.” гэж заасан.

Хариуцагчаас 96 га газрыг дуудлага худалдаа, төсөл хөтөлбөр сонгон шалгаруулах зарчмаар олгогдоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болсонд тооцож, сумын Засаг даргын 2014 оны А/159 дүгээр захирамжийг хүчингүй болгож байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх” зарчимд нийцээгүй байна.

Учир нь “******* *******т солюшн” ХХК нь төсөл шалгаруулалтад оролцох хүсэлтээ 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ******* сумын Засаг даргын Тамгын газарт гаргаж, холбогдох материалыг хүргүүлж байсан /хх-ийн 68-79-рт/ баримт хэрэгт авагдсан, тухайн үеийн сумын Засаг даргаар ажиллаж байсан гэрч С.Амартайваны “ ... 2014 онд бичигт боомтод байрлах 96 га газрыг олгохдоо төсөл сонгон шалгаруулалт явуулсан бөгөөд уг газар дээр олон компани материалаа ирүүлээгүй байсан санагдаж байна. Ирүүлсэн материал дотроос “Интеллект инвест” ХХК-ийн ирүүлсэн хүсэлт, төслийг шалгаруулж газар олголтоо хийсэн ...” гэх мэдүүлэг зэргээс /хх-ийн 88-89-рт/ дүгнэвэл уг 96 га газрыг төсөл шалгаруулах зарчмаар олгогдсон байна гэж үзэхээр байна.

Нөгөө талаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.”, 66.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно.”, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж тус тус зааснаар Засаг дарга нь өөрийн гаргасан шийдвэр нь хууль тогтоомжид нийцээгүй гэж үзвэл өөрөө хүчингүй болгох эрхтэй.

Хариуцагч ******* сумын Засаг дарга дээрх хуулийн заалтын хүрээнд өмнө нь гаргасан шийдвэрээ буюу 2014 оны А/159 дүгээр захирамжаа хууль бус байсан гэж үзээд өөрөө хүчингүй болгож байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийг баримтлах бөгөөд эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлүүдийг 48.2-т, “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн”-ээс бусад тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болохоор 48.3-т тус тус заасан.

Өөрөөр хэлбэл, эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно гэж заасан ба ******* сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/159 дүгээр захирамж нь нэхэмжлэгч “******* *******т солюшн” ХХК-ийн хувьд газар эзэмшүүлэхээр эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байна.

Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гаргасан өдрөөс хойш 5 жилийн дотор хүчингүй болгох эрхийг захиргааны байгууллагад өөрт нь олгосон.

Тухайн тохиолдолд, “******* *******т солюшн” ХХК-д 2014 онд газар эзэмшүүлсэн А/159 дүгээр захирамжийг хүчингүй болгосон маргаан бүхий 2023 оны А/210 дугаар захирамжийн үндэслэлд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан үндэслэлийн аль нь хамаарч байгаа нь тодорхойгүйгээс гадна хариуцагч сумын Засаг даргаас өмнөх шийдвэрээ хүчингүй болгох боломжтой 5 жилийн хугацааг хэтрүүлсэн байна гэж шүүх үзлээ.

 

  1. Мөн нэхэмжлэгч компани нь захиргааны байгууллагаас төсөл шалгаруулах зарчмаар газар эзэмших эрх олгосныг үндэслэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр багагүй хэмжээний хөрөнгө оруулалт оруулсныг анхааралгүй, үндэслэлгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчимд нийцээгүй байна.

 

7. Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах ажиллагааг бүрэн дүүрэн хийлгүй нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн байх тул Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/210 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 48 дугаар зүйлийн 48.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг  тус тус баримтлан нэхэмжлэгч “******* *******т солюшн” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдийн А/210 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ЦЭРЭНХАНД