Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 192

 

Ш.А-ийн нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2019/03371 дүгээр шийдвэртэй, Ш.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБ ТЗ-д холбогдох

Сайншанд татах хэсэгт илчит тэрэгний машинчийн ажилд эгүүлэн тогтоолгох,  ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, баталгаажуулах тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалсайхан шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж шүүх хуралдаанд тайлбарлахдаа2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр тус татах хэсэгт илчит тэрэгний туслах машинчаар орж ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр 2019 оны  8 дугаар сарын 01-ний өдрийн 796 дугаар тушаалын дагуу хөдөлмөрийн гэрээний тушаалыг цуцалсан. 55 нас хүрсэн, эрх үүссэн боловч хувийн бичиг баримтаа бүрдүүлэхэд хугацаа шаардлагатайн улмаас өөрийн биеэр явах боломжгүй, мөн байгууллагаас чөлөө өгөх боломжгүй байсан. Ажлаас халагдсаны тэтгэмжийг аж ахуйн нэгж байгууллага бус нийгмийн даатгалын сангаас олгодог. Миний бие ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн. 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ цуцласан тухай шийдвэрийг 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан. Хөдөлмөрийн гэрээний эх хувь байгууллагад байгаа болно. Ш.А- миний бие хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай өргөдлөө өөрийн сайн дурын үндсэн дээр бичээгүй, ажил олгогчийн шахалт шаардлага, хөндлөнгийн оролцоотойгоор тэтгэвэрт гарах эрх үүссэн тул гэдэг үгийг бичсэн. Энэхүү тушаал хууль эрх зүйн үндэслэлгүйн улмаас миний эрх ашиг хохирч байх тул илчит тэрэгний машинчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ажлаас халагдсан өдөр болох 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл гаргуулж өгнө үү. Нийгмийн даатгалын байцаагч уг тушаалыг хүчингүйд тооцон, тэтгэвэр тогтоолгох материалыг хүлээж авахгүй, бүртгэхгүй байгаа болно гэжээ.

 

Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүх шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэхүү тушаал нь хууль, эрх зүйн хувьд алдаагүй. 55 нас хүрсэн, 15 жил хүнд нөхцөлд машинчийн ажил хийсэн учир ажлаас чөлөөлж өгнө үү гэх утгатай өргөдөл Ш.А- бичиж өгсөн. Аливаа байгууллага нь тэтгэвэрт гарах гэж буй ажилтантай 60 нас хүрсэн тохиолдолд ажил олгогч өөрөө санаачилгаараа гаргах үндэслэлтэй. Хууль зөрчиж байж тэтгэвэрт суулгах үндэслэл байхгүй. Хоёрдугаарт, тэтгэвэрт гарах хүсэлттэй холбогдуулж, МТЗ болон 2019 оны хамтын гэрээний дагуу эрх үүссэн ажилтнуудад нэг удаагийн тэтгэмж олгодог. Ш.А-д 3 сарын тэтгэмж 8.068.022 төгрөг гаргаж өгсөн. Энэхүү төлбөрийг авахгүй байх боломж байсан. Ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаа бол энэ мөнгөө авахгүй байх эрх байсан. Мөн нийгмийн даатгалын байцаагчтай уулзсан гэж хэлсэн. Өөрийг нь хүчээр, шууд тэтгэвэрт гаргах гэсэн зүйл байхгүй. 55 нас хүрсэн, хүнд нөхцөлд ажиллаж байсан тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан хөнгөлттэй нөхцлөөр болзол хангасан байсан тул өөрийнх нь хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй шийдэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБ ТЗ-д холбогдох ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай гомдол гаргагч Ш.А-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн    41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалсайхан миний бие нь шүүх хуралдаан эхлэхийн өмнө шүүгчид хандаж зайлшгүй шаардлагатай нотлох баримт буюу нэхэмжлэгч Ш.А- нь тус дүүргийн Ниймгийн даатгалын хэлтэст хандаж уг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тушаалын заалтыг ямар шалтгаанаар яагаад хууль бус хэмээн үзэж өөрийнх нь тэтгэвэр тогтоолгох материалыг хүлээж авахгүй байгаа шалтгааны талаар албан ёсны бичиг баримтыг шаардсан өргөдлийг гаргасан богөөд уг өргөдлийн хариуг 1 сарын дотор шийдвэрлэнэ гэсэн тул энэхүү баримтыг гаргаж иртэл шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү? гэсэн албан ёсны хүсэлтийг гаргасан боловч энэхүү хүсэлтийг шийдвэрлээгүй. Энэхүү нотлох баримт нь хэрэгт зайлшгүй шаардлагатай чухал ач холбогдолтой баримт байдаг бөгөөд тус дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс Улаанбаатар Төмөр замын Сайншанд татах хэсгийн 756 дугаар тушаалын заалт буруу учраас таны өндөр насны тэтгэврийг тогтоох боломжгүй байна уг тушаалаа зөвтгөөд ир гэсэн үндэслэлээр материалыг хүлээж авдаггүй учраас энэ талаархи баримтыг зайлшгүй авч байж хэргийн нөхцөл байдалд бодитой дүн шинжилгээг хийж чадах боломж нөхцөл бүрдэх байсныг анхаарч үзээгүй болно. Хариуцагч талын шаардсанаар тус шүүхээс дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст Ш.А-ийн өндөр насны тэтгэвэр тогтоогдсон эсэхийг шалгуулж албан ёсны хариуг авсан бөгөөд гэтэл энэхүү нотлох баримтыг ч уг хэрэгт харьцуулан үзэж дүгнээгүй болно. Өөрөөр хэлбэл энэ албан тоотод Ш.А- нь өндөр насны тэтгэвэр тогтоогдоогүй болохыг тодорхойлсон баримт байгаа болно. Уг нэхэмжлэлийн гол шаардлагатай холбоотой Сайншанд татах хэсгийн 756 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дах заалт буюу ажилтанд хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг халагдсан өдөрт нь өгнө гэсэн заалт зөрчигдөж улмаар уг тушаалын сар өдөр нь засвартай байдаг ба Хөдөлмөрийн тухай хуулийн 39.2 дах хэсэгт заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан боловч мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан үндэслэлийг барьсан нь 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэх заалттай зөрчилдөж хуулийг буруу хэрэглээнээс болж хүний эрхийн асуудал ноцтойгоор зөрчигдөж болохыг анхаарна уу. Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дах хэсэгт заасан ажлаас халагдсан өдрийг уг шийдвэрт тодорхой зааж тухайн ажилтны ажилласан хугацаанд нь олгогдвол зохих ээлжийн амралт, бусад тогтоовол зохих хууль зүйн шаардлагыг тусгаж өгөөгүйн гадна Улсын Дээд шүүхийн 2012 он 6 дугаар сарын 12-ны өдрийн Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхарах зарим асуудлын талаархи зөвлөмжийн 2.3 дах хэсэгт заасан хууль зүйн шаардлагаар энэ бүгдийг нягталж  анхаарч үзэж чадаагүй болно. Иймд энэхүү үндэслэлээр уг иргэний хэргийг дахин хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ш.А- нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-д холбогдуулж тус нийгэмлэгийн харъяа Сайншанд татах хэсэгт илчит тэрэгний машинчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, баталгаажуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Улаанбаатар төмөр зам Сайншанд татах хэсгийн даргын 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 756 тоот  тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2, Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам, МТЗ-дын ҮЭ-ийн холбооны 2018-2019 оны хамтын гэрээний 3.11.1-д заасныг  тус тус үндэслэн  өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн, хувийн хүсэлтийг харгалзан Ашиглалтын цехийн 7 дугаар цувааны илчит тэрэгний машинч Ш.А-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг  цуцалжээ.

 

Нэхэмжлэгч Ш.А-  нь 1964 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 55 настай, хөдөлмөрийн хэвийн бус хүнд нөхцөлд 1982 оноос хойш хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргасан, хамтын гэрээнд заасан тэтгэмж 8.068.022 төгрөгийг Ш.А- хүлээн авсан зэргээс үзэхэд  ажил олгогчийн дээрх тушаал нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дах хэсгийн 3 дах заалтыг болон Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг зөрчөөгүй байна.

 

Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дах заалтыг баримталсан нь оновчтой биш боловч энэ нь ажилтны нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн,  55 нас хүрсэн бодит үйл баримтыг болон “өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн тул ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн” ажилтны өөрийн хүсэл зоригийн илэрхийллийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм. /хх-ийн 33/

 

Нэхэмжлэгч нь “...миний бие хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай өргөдлөө өөрийн сайн дурын үндсэн дээр бичээгүй, хүний нөөцийн дарга Б.Одсүрэнгийн шахалт шаардлагаар тэтгэвэрт гарах эрх үүссэн тул гэдэг үгийг бичсэн...” гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт зааснаар нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь “...нийгмийн даатгалын байцаагч уг тушаалыг хүчингүйд тооцон бүртгэхгүй байгаа болно...”  гэж тайлбарлаж байх боловч  хөдөлмөрийн эрх зүйн харилцаа дуусгавар болсны дараа даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгохтой холбогдох харилцаанаас үүссэн асуудал нь ажил олгогчийн тушаалын хууль зүйн үндэслэлийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

 

Нийгмийн даатгалын байгууллагаас тавьсан хууль ёсны шаардлагаар ажил олгогч  тушаалыг өөрчилж залруулах  боломжтой гэж тайлбарлаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь уг асуудлаар ажил олгогчдоо хандах боломжтой байхаас гадна нийгмийн даатгалын байгууллага, түүний албан тушаалтын шийдвэр, үйл ажиллагааг зөвшөөрөхгүй байгаа бол дээд шатны байгууллага, албан тушаалтанд, улмаар тэдгээрийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохих шүүхэд нь гомдлоо гаргах боломжтой.

 

Хариуцагч байгууллага нэхэмжлэгч Ш.А-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул Ш.А-ийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 595 тоот албан бичгээр Ш.А- нь тэтгэвэр авдаггүй болохыг тодорхойлсон байх бөгөөд хуульд заасан хугацааны дотор өндөр насны тэтгэврээ тогтоолгон авах эрх зөрчигдсөн эсэх асуудал нь энэ хэргийн маргааны зүйл биш тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2019/03371 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалсайханы гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                                                                                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ЗОЛЗАЯА

                              ШҮҮГЧИД                               Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                         Н.БАТЗОРИГ