| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 101/2019/03578/и |
| Дугаар | 191 |
| Огноо | 2020-01-24 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 191
“СМК” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/03383 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “СМК” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ОТС” Боловсрол сургалтын байгууллагад холбогдох
Түрээсийн төлбөр, алданги, хохирол нийт 187 303 640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баатарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Төр-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Ү.Амарбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баатарсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “СМК” ХХК нь Оюуны төв ерөнхий боловсролын сургуультай харилцан тохиролцож тэдний хүсэлтийн дагуу 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Байр ашиглалтын гэрээг байгуулсан болно. Энэхүү гэрээний 2, 3, 10 дугаар зүйлд заасны дагуу талууд харилцан тохиролцож байр ашиглалтын хугацаа болон төлбөрийг 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэл байхаар тохиролцсон. Мөн гэрээний 2 дугаар зүйлд заасны дагуу байр ашиглалтын сарын төлбөр 9.711.780 төгрөг байхаар заасан. Хариуцагч нь тус компанийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дөл хотхоны 5 давхар барилгын хоёр давхрыг бүхэлд нь подвалын хамт буюу нийт 2100.19 м.кв талбайг 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн харилцан тохиролцсоны дагуу ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж эхэлсэн байсан. Ийн ашиглах явцдаа Оюуны төв ерөнхий боловсролын сургууль, түүний удирдлагууд нь банкны зээл гармагц уг ашиглаж байгаа үл хөдлөх хөрөнгөө худалдаж авна хэмээн бидэнтэй тохиролцсон боловч банкны зээлийн асуудал нь бүхэлдээ худлаа байсан болох нь сүүлд тодорхой болсон. Харин бид энэ хугацаанд тэдний үгэнд итгэн үйл ажиллагааг нь дэмжин байраа ашиглуулж, удаа дараагийн хүсэлтийнх нь дагуу байр ашиглалтын төлбөрийг авах хугацааг хойшлуулж ирсэн, гэвч хариуцагч нь өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ биелүүлж байр ашиглалтын төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байна. Хариуцагч нь 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байр ашиглалтын төлбөрт 10.000.000 төгрөг төлсөн бөгөөд өөрөөр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд огт байр ашиглалтын төлбөрөө төлөөгүй байна. Бидний зүгээс удаа дараа байр ашиглалтын төлбөрөө төлөхийг шаардаж байсан боловч хариуцагч нь төлбөр төлж барагдуулах талаар ямар нэг арга хэмжээ авсангүй. Талууд хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу хариуцагч нь байрыг 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ашиглахаар заасан боловч хариуцагчийн хүсэлтийн дагуу байр чөлөөлөх хугацааг сунган 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл буюу нийт 13 сарын турш бид тус сургуульд байраа эзэмшүүлж, ашиглуулсан. Гэрээний 2 дугаар зүйлд заасны агуу 13 сарын байр ашиглалтын нийт төлбөр 126.253.140 төгрөг болно. Харин үүнээс тэдний төлсөн 10.000.000 төгрөгийг хасаад байр ашиглалтын төлбөрийн үлдэгдэл 116.253.140 төгрөг болж байна. Мөн гэрээний 10 дугаар зүйлд заасны дагуу байр ашиглалтын төлбөрийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр заасан. Тиймээс байр ашиглалтын төлбөрийн үлдэгдэл 116.253.140 төгрөгийн 0.5 хувь нь 581.265,7 төгрөг ба үүнийг төлбөрийг төлж барагдуулж дууссан байх ёстой 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаа буюу 329 өдөрт үрүүлбэл 191.236.415,3 төгрөг болно. Гэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар 50 хувиар тооцвол 58.126.570 төгрөгийн алданги гарч байна. Үүнийг үндсэн байр ашиглалтын төлбөрийн үлдэгдэл дээрээ нэмж тооцвол нийт 174.349.710 төгрөг болно. Мөн хариуцагч нь дээрх хугацаанд байрыг ашиглах явцдаа эд хөрөнгүүдэд хохирол учруулж биет байдлын доголдолтой болгосон. Эдгээрийг дахин засаж сайжруулах, шинээр солих ажлын зардал нийт 12.923.930 төгрөг болно байна. Тэгэхээр энэхүү эд хөрөнгөд учруулсан хохирлын төлбөрийг байр ашиглалтын төлбөрийн үлдэгдэл, алданги дээр нэмж тооцвол нийт 187.303.640 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулахаар байна. Иймд талууд хооронд байгуулсан Байр ашиглалтын гэрээний 2, 3, 10 дугаар зүйлд заасныг, Иргэний хуулийн 288 дугаар зүйл, 289 дүгээр зүйлд заасныг тус тус үндэслэн манай “СМК” ХХК-д хариуцагч Оюуны төв ерөнхий боловсролын сургуулиас нийт 187.303.640 төгрөгийг гаргуулж биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэний хэрэг маргааныг шийдвэрлэхийн тулд хэргийг харьяаллын дагуу шийдвэрлэх зүйтэй байдаг. Тус нэхэмжлэлийг Д.Оюундэлгэр миний оршин суух хаяг буюу Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 412, 174 тоот гэх гэргийн хаягаар гаргажээ. Дээрх хаяг нь Оюуны төв ерөнхий боловсролын сургуулийн хаяг биш, харин хариуцах эрхгүй этгээд буюу Д.Оюундэлгэр миний гэрийн хаяг болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана гэх заасан байдаг. Мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Иймд “СМК” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Төр-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “СМК” ХХК-тай 2018 оны 4 дүгээр сард гэрээ байгуулсан. Гэхдээ үйл ажиллагаа эхлээд байраа үзүүлээд явж байх хугацаанд гэрээ хийсэн. ОТС 18 жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан туршлагатай байгууллага юм. Иймээс үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд өөрсдийн гэсэн байртай болохоор байр хайхад “Хаан банк” ХХК-ийн ажилтан н.Билгүүндарийн санал болгосноор Дөл хотхоныг түрээсэлсэн. 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл н.Наранбулаг гэх хүн түрээс төлөөгүй гэх үндэслэлээр хаалга түгжиж явсан. Ингээд манайхаас 40.000.000 төгрөг өгье, 20.000.000 төгрөгийг нь элсэлтээ авсны дараа өгье гээд лацадсан хаалгаа онгойлгож өгөхийг удаа дараа шаардсан бичиг явуулсан. 6 дугаар сараас 8 дугаар сар нь Оюуны төв сургуулийн элсэлт авдаг үе байсан. Нэхэмжлэгч талд тухайн үед төлбөр төлье гэхэд аваагүй байж одоо нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Манайх байрны 1 давхрыг нь ашиглаж байсан боловч зоорины давхрыг нь огт ашиглаагүй. Мөн манай зүгээс байрыг засварлахад 7.000.000-10.000.000 төгрөгийн төсөв гарсан.Түүнээс ямар нэгэн доголдол үүсгээгүй. Бид Дөл хотхоны 1 давхар болон зоорины давхрыг худалдан авах зорилготой байсан. Гэтэл 1 сарын төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр байрыг битүүмжилсэн үйлдэл нь анхнаасаа зохион байгуулалттай мэт харагдаж байна. Мөн манай Оюуны төв сургуулийн 10 гаруй багш Дөл хотхоны байранд нүүж орсон асуудал байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс жижиг шалтгааны улмаас байрнаас хөөж гаргаж, үйл ажиллагааг зогсоож, мөн 40.000.000-60.000.000 төгрөгийн асуудлыг 187.303.640 төгрөг болгон нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Манайх удаа дараа 40.000.000 төгрөг өгье гэх албан бичиг явуулж байсан бөгөөд үүнийг нотлох баримтад хавсаргасан байгаа. “Хаан банк” ХХК-ийн зүгээс Дөл хотхоныг санал болгосон захирал н.Сэргэлэн, ажилтан н.Билгүүндарь нар нь сүүлдээ холбоогүй болсон. Бид “Хаан банк” ХХК-иас зээл гаргуулах байсан бөгөөд энэ талаар н.Билгүүндариас асуухад удаа дараа зээл удахгүй бүтнэ, яарах хэрэггүй, би гадаадад явж байна, дараа 7 хоногт уулзъя гэж мэйл илгээж байсан. Манай компанийн зүгээс “СМК” ХХК-д зээл бүтвэл байрыг худалдаж авах талаар албан бичиг явуулж байсан. Ингээд бизнесийн үйл ажиллагаа зогссоны улмаас 18 ажилчин, 30 гаруй сурагчдын эрх ашиг хөндөгдөж байгаа тул манай компани өөрсдөө алдагдалд ороод байна. Иймд манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Мөн сар бүрийн түрээсийн төлбөр 9.711.780 төгрөгөөр тохиролцсон гэж байна. Гэхдээ анх Байр ашиглалтын гэрээ-г байгуулах явцад “СМК” ХХК үнийг нэмсэн асуудал байгаа юм. Мөн 2 сарын хугацаатай манай байрыг түгжиж явсан нь 18 жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан сургуулийн эрх ашгийг хөндөж байгаа нь зохисгүй үйлдэл юм. Иймээс нэхэмжилж буй 187.303.640 төгрөг нь манай байгууллагад хамааралгүй, үндэслэлгүй юм. Мөн манай компани зоорины давхрыг ашиглаж байгаагүй гэдгийг жижүүр мэдэж байгаа. Манай компани байрыг ашиглаж байх явцад паар задарч багш нар цэвэрлэж байсан бөгөөд анхнаасаа доголдолтой байсан юм. Манай зүгээс байр түрээсэлсэн гэдэгт маргахгүй. Нэхэмжлэгч талаас 40.000.000 төгрөг өгье гэхэд авсан бол ийм асуудал үүсэхгүй байсан. Хаалга лацдаж түгжсэн асуудал нь манай үйл ажиллагааг санаатай зогсоох гэсэн санаа байсан гэж харагдаж байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 227 дугаар зүйлийн 227.3 дугаар зүйлүүдэд тус тус заасныг баримтлан хариуцагч ОТС Боловсрол сургалтын байгууллагаас 121.036.975 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “СМК” ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 66.266.665 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.094.469 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ОТС Боловсрол сургалтын байгууллагаас 763.134 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “СМК” ХХК-нд олгохоор шийдвэрлэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Төр-Эрдэнэ давж завж заалдах гомдолдоо: Оюуны төв ерөнхий боловсролын сургууль 18 жил тогтвортой үйл ажиллагаа явуулсаар ирсэн байгууллага. Гэвч "Снек монгол констрашн" ХХК-ийн үйлдлээс болж, тогтвортой үйл ажиллагаа явуулж байсан үйл ажиллагаа зогсож хохирсон. Тус компаний барилгыг ашиглаж байх хугацаанд 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 8 дугаар сарын 27-нд хаалгаа түгжин гацаасаар манай орлогыг хаасан мөртлөө 187.303.640 төгрөгийг гаргуулахыг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь нотлох баримтыг шинжлэн судлаагүй, хэргийн нэг талыг барьж шийдвэрлэсэн байна. 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр "Снек монгол консракшн" ХХК-тай "Байр ашиглалтын" гэрээ байгуулж, тус компаний өмчлөлд байдаг Дөл хотхоны 1,2 давхар, подвалийн хамт талбай бүхийг байрыг түрээсэлсэн. Бодит байдал дээр энэ байрыг анхнаасаа худалдан авах зорилгоор талууд тохиролцсон. Явцын дунд манай зүгээс банкны зээл хүлээгдэж байсан нь удааширсан учраас нөгөө тал "Байр ашиглалтын гэрээ"-г нөхөж байгуулахыг санал болгож байгуулсан. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн харилцаанд хамаарах юм. Тус хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан байдаг. Гэхдээ энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул тус хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дах хэсэгт заасны дагуу анхнаасаа хүчин төгөлдөр бус юм. Гэтэл анхан шатны шүүхээс уг шийдвэрийг хүчин төгөлдөр хэмээн үзэж дүгнэсэн төдийгүй тус гэрээг үндэслэн төлбөр гаргуулах болон, алданги ногдуулах шийдэр гаргасан нь үндэслэлгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хангаагүй. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралд биечлэн оролцох эрхийг хязгаарлаж, процессийн алдаа гаргасан. Мөн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн. 2019 оны 12 дугаар сарын 02-ны шүүх хуралд хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралд оролцоогүй болон өмгөөлөгчөөсөө татгалзах үндэслэлийг авч хэлэлцээгүй нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчиж байгаа. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч “СМК” ХХК нь хариуцагч ОТС Боловсрол сургалтын байгууллагад холбогдуулан Түрээсийн төлбөр, алданги, хохирол нийт 187.303.640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.
Хариуцагч ОТС Боловсрол сургалтын байгууллага нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Дөл хотхон 97б байранд болон Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол гэсэн хаягааар үйл ажиллагаа явуулдаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.
Мөн зохигчдын хооронд байгуулсан 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Байр ашиглалтын гэрээ-ний 13-т тус гэрээтэй холбоотой маргааныг Арбитрын шүүхээр, эсхүл Монгол улсын шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн арбитрын хэлэлцээртэй боловч нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй тул шүүх хэргийг хянан шийдэрлэсэн нь Арбитрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
Зохигчдын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Байр ашиглалтын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ”СМК” ХХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дөл хотхоны 97б байрны 1, 2 давхар, подвалын хамт нийт 993,85 м.кв талбай бүхий байрыг ашиглуулах, ОТС нь 1,2 давхрын нийт 624.79 м.кв талбайг ашигласны төлбөрийг 1 м.кв-ыг сарын 12.000 төгрөгөөр тооцож нийт 7.497.480 төгрөгөөр, харин подвалын 369.05 м.кв талбайг 1 м.кв-ыг сарын 6.000 төгрөгөөр нийт 2.214.300 төгрөгөөр тус тус тооцож, нийт 9.711.780 төгрөгийн төлбөрийг сар бүр төлөхөөр харилцан тохиролцсон гэрээг бичгээр байгуулсан. /х.х-ийн 9-10/
Анхан шатны шүүх гэрээний агуулга, гэрээ хэрэгжсэн үйл баримтыг үндэслэн зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээний гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлтэй байна.
Түрээсийн гэрээний зүйл нь Дөл хотхоны нийт 2100,19 м.кв талбай бүхий 5 давхар 97б байрны тодорхой хэсэг буюу 1, 2 давхар, подвалын хамт нийт 993.85 м.кв талбай байх тул талуудын хооронд бичгээр хийгдсэн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй болно.
Иймд хүчин төгөлдөр гэрээний үүргийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 232 дугаар зүйлийн 232.6, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй.
Талууд гэрээний 3 дахь хэсэгт “байр ашиглах гэрээний хугацаа нь 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болно” гэж гэрээний агуулгыг хуулийн хүрээнд өөрсдөө тодорхойлсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцсэн байна.
Хариуцагч нь түрээсийн төлбөрт 10.000.000 төгрөгийг төлсөн боловч гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй ба подвалыг ашиглаагүй гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.4 дэх хэсэгт зааснаар түрээсийн төлбөр төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтаар 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Байр ашиглалтын гэрээ-ний хугацааг сунгасан гэж дүгнэх үндэслэлгүй гэж үзэж, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 11 сарын хугацаанд түрээсийн төлбөр тооцож, нийт 106.829.580 төгрөг төлөхөөс хариуцагчийн төлсөн 10.000.000 төгрөгийг хасаж, 96.829.580 төгрөгийн түрээсийн төлбөрийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй болно.
Зохигчдын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 10-т заасан анзын тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй байна.
Анхан шатны шүүх алдангийн хэмжээг багасгахдаа Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөв хэрэглээгүй, уг заалтыг хэрэглэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй боловч нэхэмжлэгч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй тул хариуцагчаас алдангид 24.207.395 төгрөгийг гаргуулсныг хэвээр үлдээнэ.
Түүнчлэн нэхэмжлэгч түрээсийн зүйлийг гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирол гэж засварын зардал 12.923.930 төгрөг гаргуулах шаардлага гаргасан боловч ийнхүү зардал гаргасан болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй тул уг шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзсэн шүүхийн шийдвэр зөв болжээ.
Хариуцагчийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахаар удаа дараа шүүх хуралдаан хойшлогдож байсан, хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ямар нэгэн хүсэлт бичгээр ирүүлээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/03383 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Төр-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 763 135 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Н.БАТЗОРИГ