| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2017/0044/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/48 |
| Огноо | 2017-09-25 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Д.Бат-Өлзий |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2017/ШЦТ/48
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Батцог,
Улсын яллагч: Д.Бат-Өлзий,
Шүүгдэгч: О.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Хишигсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Б-т холбогдох эрүүгийн 1727000050010 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум, 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2001 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Сум дундын шүүхийн 83 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, О.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Б нь 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутагт байх “Баруун сөдөтийн Шар хад” гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдсон. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр мод бэлтгэх гээд хөрөө сүхээ авч гэрээс гараад Архангай аймаг явах унаанд суугаад Бат-Өлзий сумын Баруун Сөдтий “Шар хад” гэх газар мод бэлтгээд 2 хоносон. Модоо бэлтгэж дуусаад замаар явж байсан Г-г гуйж бэлтгэсэн модоо машин дээр ачиж яваад цагдаад баригдсан. Тэгээд модоо хураалгасан. Би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Б-ийн өгсөн “...2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутагт байх “Баруун сөдөтийн шар хад” гэх газрын ойгоос тус сумын иргэн О.Б нь хууль бусаар ургаа мод унагааж, бэлтгэж баригдсан юм. Зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн байна. Хэзээ ч цуудас модонд эрхийн бичиг Баримт олгодоггүй. Цуудас модыг мод унагааж байж цуулж хийдэг. Байгаль экологид учирсан хохирлоо барагдуулчихвал гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Улсын тусгай хамгаалалтанд ороогүй, орчны бүсэд хамаарагддаг газар нутаг байгаа юм....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр хуудас/
Гэрч Б.Г-ын өгсөн: “...Сургуулийн хүүхдийн жижиг гэр хүргэж өгөөд явж байтал О.Болдбаатар таарч сумын төв явах гэж байгаа бол бичиг баримттай мод байна ачаад дөхүүлээд өгөөч гэхээр нь тухайн модыг нь ачиж сумын төв явж байгаад цагдаатай таарч саатуулагдсан. О.Б-аас асуухад бичиг баримт нь асуудалгүй байгаа гээд байсан. Найз нөхөд болохоор байгаа байх гэж бодсон. Тэгээд цагдаатай таарч бичиг баримтгүй гэдгийг нь мэдсэн. О.Б-аас сайн асуусан. Миний эзэмшлийн 69-41 ӨВА улсын дугаартай пургон маркийн тээврийн хэрэгсэл байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр хуудас/
Гэрч Д.Ж-ийн өгсөн: “...Хүнтэй эвтэй сайхан харилцаатай, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, өөрийн гэсэн хашаа байшин байхгүй 5 ханатай гэрт амьдардаг хүн байгаа юм . Өөрийн гэсэн эрхэлсэн тодорхой ажилгүй хүн байгаа юм. Элдвийн зан араншин байхгүй. Гэр бүлээ авч яваа хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62 дугаар хуудас/
Гэрч Ц.Ц-ийн өгсөн: “...Гэрээсээ гарахдаа хөдөө явлаа гэж байсан. Тэгээд 2 хоногийн дараа гэртээ ирэхдээ модтой явж байгаад цагдаад баригдлаа гэж байсан. Тэгээд л мод хийснийг мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65 дугаар хуудас/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 01 дүгээр хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 дүгээр хуудас
Иймд О.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.
Шүүгдэгч О.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нь тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн 120.000 төгрөгийн үнэ бүхий 166 ширхэг 2 метр 40 см-ийн хэмжээтэй шинэс мод, 60.000 төгрөгийн үнэ бүхий 2 метрийн хэмжээтэй 68 ширхэг шинэс мод, 50.000 төгрөгийн үнэ бүхий 2 метр 30 см-ийн хэмжээтэй 1 ширхэг хуш мод, нэг бүр нь 20.000 төгрөг нийт 100.000 төгрөгийн үнэ бүхий 50 см-ийн урттай 4 ширхэг хуш модыг битүүмжилсэнийг улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Б-ыг хууль бусаар мод бэлтгэсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ыг 241 /хоёр зуун дөчин нэг/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 20.000 төгрөгийн үнэ бүхий цүц хөрөө, 10.000 төгрөгийн үнэ бүхий модон иштэй сүх зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн О.Б-ын 1.500.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн хазаарыг битүүмжилсэн, 2.000.000 төгрөгийн үнэ бүхий 69-41 ӨВР улсын дугаартай Пургон маркийн автомашиныг битүүмжилсэн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн хэрэгт эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн 120.000 төгрөгийн үнэ бүхий 166 ширхэг 2 метр 40 см-ийн хэмжээтэй шинэс мод, 60.000 төгрөгийн үнэ бүхий 2 метрийн хэмжээтэй 68 ширхэг шинэс мод, 50.000 төгрөгийн үнэ бүхий 2 метр 30 см-ийн хэмжээтэй 1 ширхэг хуш мод, нэг бүр нь 20.000 төгрөг нийт 100.000 төгрөгийн үнэ бүхий 50 см-ийн урттай 4 ширхэг хуш модыг битүүмжилсэнийг улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч О.Б нь хохирогч Ж.Б-д 783.072 төгрөгийг төлсөн, иргэний бичиг баримт ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.
8 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА