Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2020/ДШМ/1498

 

 

 

 

 

                

2020           12            17                                           2020/ДШМ/1498

 

Б.Дөд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Марал,

хохирогч Ч.Бадмаарагийн өмгөөлөгч Ц.Амар,

иргэний хариуцагч Д.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, 

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/896 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ч.Бадмаарагийн өмгөөлөгч Ц.Амарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Дөд холбогдох 201725021401 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв;

Дэлгэрхаан овгийн Б.Д, 1986 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 5 дугаар гудамжны 104 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ЧН86062471/;

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

            Б.Д нь 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бөмбөгөр” худалдааны төв дотор хохирогч Р.Энхбаяраас “Оросын Холбооны Улсаас ирсэн чихрийг хямд үнээр авч өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 12.314.000 төгрөг залилан авсан,

            2017 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд “Оросын Холбооны Улсаас Алпен Голд шоколад хямд үнээр оруулж ирж байгаа” гэж худал хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ч.Бадмаарагаас 106.840.000 төгрөгийг залилан авч, бусдад нийт 119.154.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх “залилах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Дэлгэрхаан овогт Б.Дийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б.Дийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Б.Дөд оногдуулсан 4 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Б.Дийн цагдан хоригдсон 346 /гурван зуун дөчин зургаа/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Дөөс нийт 117.357.000 төгрөг гаргуулж, хохирогч Р.Энхбаярт 12.237.000 төгрөг, хохирогч Ч.Бадмаарагт 105.120.000 төгрөг тус тус олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүйг дурдаж, нэр бүхий 6 иргэний өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Г-2205001830 дугаартай Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 5 дугаар гудамжны 104 тоот газрын шилжилт хөдөлгөөнийг зогсоосон шийдвэрт өөрчлөлт оруулахыг, түүнчлэн Б.Ганбаатарын нарын 4 иргэний өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205034142 дугаартай Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 59/1 байрны 75 тоот орон сууц зэрэгт хориг тавьсанд өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, Иргэн Д.Бат-Эрдэнийг “Иргэний хариуцагчаар татах тухай” мөрдөгчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолыг шүүх хүчингүй болгож, түүнийг иргэний хариуцагчаас чөлөөлж шийдвэрлэжээ.

Хохирогч Ч.Бадмаарагийн өмгөөлөгч Ц.Амар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтаар “иргэн Д.Бат-Эрдэнийг “Иргэний хариуцагчаар татах тухай” мөрдөгчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолыг шүүх хүчингүй болгож, түүнийг иргэний хариуцагчаас чөлөөлсүгэй” гэж шийдвэрлэсэн.

Шийдвэрийн үндэслэх хэсэгтээ: “...Иргэн Д.Бат-Эрдэнэ нь өөртөө тодорхой ашиг олох зорилгоор Б.Ганбаатараас авсан бүтээгдэхүүнээ шүүгдэгч Б.Дөд өгч байсан болохоос биш Б.Дийг цааш нь бусдыг залилсан, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байна гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй нөхцөл байдалтай байсан гэж үзэхээс гадна, хохирогч Ч.Бадмаараг нартай холбоотой асуудлыг сүүлд мэдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно. ...Нөгөөтэйгүүр шүүгдэгч Б.Дийн хэлсний дагуу иргэн Д.Бат-Эрдэнийн данс руу хохирогч Ч.Бадмаараг 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр АТМ-ээр 1.100.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 16.200.000 төгрөг, иргэн Хишигдүүрэн 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 6.000.000 төгрөг буюу нийтдээ 23.300.000 төгрөг шилжүүлснийг иргэн Д.Бат-Эрдэнэ хүлээн авсан байдаг.

Улмаар иргэн Д.Бат-Эрдэнэ нь дээрх 23.300.000 төгрөгнөөс 21.988.000 төгрөгийг “Си Би Эйч Кэйр” ХХК-ийн борлуулагч Б.Ганбаатар руу шилжүүлсэн талаарх дансны хуулгууд хавтаст авагдсан байна. Харин зөрүү 1.312.000 төгрөг дээр ямар нэгэн маргаан гараагүй бөгөөд иргэн Д.Бат-Эрдэнийн хувьд шүүгдэгч Б.Дөөс 5.620.000 төгрөгийн авлагатай гэх тул тэдгээр нь асуудлаа жич шийдвэрлүүлбэл зохино.” гэж дүгнэсэн.

Ийнхүү Д.Бат-Эрдэнийг иргэний хариуцагчаас чөлөөлж шийдвэрлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарласан, Иргэнийг хуулийг хэрэглээгүй буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй болох нь илэрхий байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно. ...” гэж заасан. Мөн хуулийн 36.3, 36.4, 36.5 дугаар зүйлүүдэд шүүх тогтоол гаргах үед иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх журмыг зааж өгсөн.

Иргэний хариуцагч гэдэг нь тухайн гэмт хэргийг хамтран үйлдээгүй хэдий боловч гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээдийг хамааруулан ойлгодог.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн дүгнэлтээр Д.Бат-Эрдэнэ нь шүүгдэгч Б.Дтэй хамтран гэмт хэрэг үйлдээгүй болохыг нотолсон. Мөн прокурорын зүгээс Д.Бат-Эрдэнэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг иргэний хариуцагчаар татсан байдаг. Иргэний хариуцагч Д.Бат-Эрдэнэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсоор хариуцах ёстой эсэх талаар шүүхээс дүгнэхдээ түүнийг гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцоогүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан байна. Д.Бат-Эрдэнэ нь гэмт хэргийг хамтран үйлдээгүй учир энэхүү хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан юм.

Хавтас хэрэгт авагдсан баримтаар Д.Бат-Эрдэнийн данс руу хохирогч Ч.Бадмаараг 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр АТМ-ээр 1.100.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 6.000.000 төгрөг буюу нийт 23.300.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогддог. Хохирогч Ч.Бадмаараг иргэний хариуцагч Д.Бат-Эрдэнэ нарын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй байдаг. Энэхүү 23.300.000 төгрөгийг иргэний хариуцагч Д.Бат-Эрдэнэ нь яллагдагч Б.Дөөс авах ёстой байсан төлбөр гэж тайлбарладаг. Хохирогч Ч.Бадмаараг нь шүүгдэгч Б.Д болон Д.Бат-Эрдэнэ нарын хооронд байгуулсан гэрээний төлбөрийг хариуцах ёстой этгээд биш болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанд түүний өгсөн мэдүүлгээр давхар нотлогдоно. Иргэний хуулийн 492 дугаар зүйлд бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн талаар зохицуулсан. Үүнд:

492.1 Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй,

492.1.1.хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж зохицуулсан.

Дээр дурдсанчлан хохирогч Ч.Бадмаараг нь Д.Бат-Эрдэнэд 23.300.000 төгрөгийг шилжүүлсэн боловч хохирогч Ч.Бадмаараг, Д.Бат-Эрдэнэ нарын хооронд анхнаасаа үүрэг үүсээгүй, эрх зүйн ямар нэгэн харилцаанд ороогүй болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос иргэний хариуцагч Д.Бат-Эрдэнэ нь 23.300.000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул уг хохирлыг хууль ёсоор хариуцах ёстой этгээд юм.

Харин Д.Бат-Эрдэнэ нь 23.300.000 төгрөгөө Б.Дөөс холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй байсан. Анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзалгүй орхигдуулсан нь шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй болжээ. Бусад төрлийн гэмт хэргүүдэд ч дээрх зохицуулалтын дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж мэдэлгүй авсан эд хөрөнгийг тухайн этгээдээс гаргуулан авч хохирогчид олгож, тухайн эд зүйлийг авсан этгээдийг иргэний нэхэмжлэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулдаг.

            Мөн шийтгэх тогтоолын 6 дахь заалтад “...нэр бүхий 6 иргэний өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Г-2205001830 дугаартай Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 5 дугаар гудамжны 104 тоот газрын шилжилт хөдөлгөөнийг зогсоосон шийдвэрт өөрчлөлт оруулахыг, ...Нийслэлийн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай. ...” гэж шийдвэрлэсэн.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна. ...” гэж заасан. Эрхийн бүртгэлийн Г-2205001830 дугаартай Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 5 дугаар гудамжны 104 тоот газар нэр бүхий 6 хүний нэр дээр бүртгэлтэй, үүнд Б.Дийн нэр бичигдсэн байдаг. Тухай газрын Б.Дөд холбогдох хэсгийг албадан гаргуулах хууль зүйн боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5, 6, 7 дугаар заалтуудад зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү. ...” гэв.

            Иргэний хариуцагч Д.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудал байхгүй. 23.300.000 төгрөгөөс 21.988.000 төгрөгийг Ганбаатарын данс руу шилжүүлж 1.312.000 төгрөг нь надад үлдсэн. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Прокурор А.Марал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатын шүүх Д.Бат-Эрдэнийг иргэний хариуцагчаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 5 дугаар гудамжид байрлах газрын шилжилт хөдөлгөөнийг зогсоох шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, шүүгдэгч Б.Дөд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол  хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна.

Тодруулбал, прокуророос Б.Дийн 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бөмбөгөр” худалдааны төв дотор хохирогч Р.Энхбаяраас “Оросын Холбооны Улсаас ирсэн чихрийг хямд үнээр авч өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 12.314.000 төгрөг залилан авсан,

 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд “Оросын Холбооны Улсаас Алпен Голд шоколад хямд үнээр оруулж ирж байгаа” гэж худал хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ч.Бадмаарагаас 106.840.000 төгрөгийг залилан авч, бусдад нийт 119.154.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Б.Дийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б.Дийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэжээ.

Гэвч, Б.Д нь урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан байна.

Б.Д нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоол гарахаас өмнө буюу 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бөмбөгөр” худалдааны төв дотор хохирогч Р.Энхбаяраас “Оросын Холбооны Улсаас ирсэн чихрийг хямд үнээр авч өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 12.314.000 төгрөг залилан авсан,

 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд “Оросын Холбооны Улсаас Алпен Голд шоколад хямд үнээр оруулж ирж байгаа” гэж худал хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Ч.Бадмаарагаас 106.840.000 төгрөгийг залилан авч, бусдад нийт 119.154.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Б.Дийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгэх үед түүний үйлдсэн гэх дээр дурдсан хэрэг илрээгүй, шүүхээс мэдэх боломжгүй байжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно. ...” гэж, мөн зүйлийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно. ...” гэж тус тус заасан байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Дөд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан хохирогч Ч.Бадмаарагийн өмгөөлөгч Ц.Амарын гаргасан давж заалдсан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Дийн 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл 148 хоног /2хх 88-89/, 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс /5хх 55/ 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 259 хоног нийт 407 хоног цагдан хоригдсон байх бөгөөд шүүх шийтгэх тогтоолдоо цагдан хоригдсон хоногийг буруу тооцож бичсэн тул хэргийг дахин хэлэлцэхдээ анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/896 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Дөд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Б.Дөд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.БАТСАЙХАН

 

                                  ШҮҮГЧ                                                              Л.ДАРЬСҮРЭН

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ